Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 112

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Т-ийн Б-д холбогдох 163/2019/0111/Э индекстэй, эрүүгийн 1915001900102 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, эхнэрийн хамт Булган аймгийн ...нд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, У овогт Т-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед Б аймгийн Т сумын нутагт ховор амьтан буюу “Тул” загас барьж, байгаль экологид 211000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б: Моринд явж байгаад загас барьсан. Тул загас гэж мэдээгүй. Би загас сонирхоод байдаггүй. Тэр өдөр л дэгээг авч гарсан. Хот руу хүүхдүүддээ хүргэж өгөх гэж явж байгаад Эгийн голын гүүрэн дээр цагдаагийн шалгалттай таарч баригдсан гэв.

1915001900102 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч М.Д-ийн өгсөн: “...Нэн ховор болон ховор амьтны жагсаалтанд орсноос бусад загасанд агнах зөвшөөрлийг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өгдөг. Тул загасыг агнах хориотой байдаг тул зөвшөөрөл өгөхгүй. Тул загас нь Монгол улсын ховор амьтны загсаалтанд байдаг тул хохирлыг бүрэн барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Х.Х-ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хөдөө айлд очно гэж хэлээд ганцаараа явсан юм. Тэгэхдээ замаараа гол орж загас барьсан байсан. Би ямар нэр төрлийн загас гэдгийг мэдэхгүй. 1 ширхэг том загас барьсан байсан ба гэртээ авч ирээд хөлдөөгчинд хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас /,

Гэрч Б.Г-ын өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 4 зорчигчтой Орхон аймгийн чиглэлд явж байгаад Тэшиг сумын Эгийн голын гүүрэн дээр цагдаа зогсоож шалгахад манай нутгийн ах Т.Б 2 цаасан хайрцагтай эд зүйл авч явсны 1 хайрцаг дотроос нь загас гарч ирсэн ба би тухайн үед ямар эд зүйл авч явааг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ...т байрлах өөрийн гэрээсээ гараад морио харахаар Тэшиг сумын 3 дугаар баг “Э” гэх газар луу явсан. “Э” гэх газар луу  очихын тулд гол гардаг юм. Тухайн үед би гол гарч чадаагүй ба гэр лүүгээ буцах замдаа голоос загас барихаар авч явсан дэгээгээ голд тавьсан. Хэсэг хугацааны дараа дэгээнд загас орсон байсан. Тэгээд татаж гаргаж ирэхэд 50 см орчим Зэвэг загас байсан ба шууд аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод загасаа хөргөгчинд хийсэн. Загасаа байлгаж байгаад 04 дүгээр сарын 28-ны өдөр хөргөгчнөөсөө гаргаж Улаанбаатар хот руу хүүхдүүддээ аваачиж өгөх гэж яваад Эгийн гол дээр баригдсан. Тэнд шалгалт хийж байсан хүмүүс миний авч явсан загасыг “Тул” загас байна гэж хэлээд хурааж авсан. Би хүүгээ хуушуур хийж идэг гэж бодоод авч явсан  юм. ...Би загасны төрөл ангилал мэдэхгүй. Тухайн үед надад ямар нэг загас барих зөвшөөрөл байгаагүй. Би идэх гэж л загас барьсан. Түүнээс бол борлуулах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би урьд өмнө нь “Тул” загас харж байгаагүй. Би бодохдоо “Тул” загасыг их л том гэж боддог байсан. Тухайн үед “Тул” загас гэж мэдсэн бол би юу гэж авч явах юм, шууд усанд нь тавих байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Булган аймгийн Тэшиг сумын Байгаль орчны хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “...Тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211000 төгрөг,  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар /1*211000*2/ нөхөн төлбөр нь 422000  төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн, шинжээч Г.Баяржаргалын: 1. 1915001900102 дугаартай хэрэгт хамаарч буй 1 тооны загас нь толбо, дээд эрүү, ам, сүүл зэрэг шинж тэмдгээр Тул загас мөн байна. 2. Уг загас нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд багтсан гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зураг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зураг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай баримт /хх-ийн 12-13 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Булган аймгийн Тэшиг сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Рагчаагийн илтгэх хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан “Тул” загас, загас барих хэрэгсэл болох уурга зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед Булган аймгийн Тэшиг сумын нутагт ховор амьтан буюу “Тул” загас барьж, байгаль экологид 211000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, загас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, барьсан гэдэгт уг амьтныг агнах, барих зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, “ховор амьтан” гэдэгт тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг тус тус ойлгох бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ыг гаргасан байх ба уг жагсаалтын загасны төрөлд “Тул” загас орсон байна.

Шүүгдэгч Т.Б-гийн “Ховор амьтны жагсаалт”-д орсон “Тул” загасыг  барьсан үйлдэл нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Тул” загасны экологи эдийн засгийн үнэлгээ болох 211000 төгрөгийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр дахин өсгөж, 422000 төгрөгийг төлснөөр хохирогч М.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл болон ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадгалалтын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй нэг ширхэг “Тул” загас болон 1 ширхэг загас барих уурга, дэгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч У овогт Т-ийн Б-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Б-г 6 сарын хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Б-г хууль зөрчдөг зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл болон ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус  тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг “Тул” загас, 1 /нэг/ ширхэг “загас барих уурга, дэгээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН