| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0118/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 125
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Хохирогч Д.Э
Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б холбогдох эрүүгийн 1915002520158 дугаартай, 163/2019/00/Э индэкстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 54 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, В овогт П.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Э-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
1915002520158 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Э-ийн өгсөн: Би нөхөр П.Б-той 1987 онд гэр бүл болж дундаасаа 1 хүүхэд төрүүлсэн. ...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12-13 цагийн үед нөхөр П.Б бид хоёр гэрээсээ мотоцикльтой гараад Б аймгийн С сумын төвд ирээд найз Б-ийн гэрт 0.5 литрийн 2 шил архи аваад Б, Х бид 3 очсон. Б-ийн гэрт хэрүүл маргаан, зодоон болоогүй. Тэднийхээс гараад Б дэлгүүр явахаар нь би “одоо боль, гэртээ харъя, мал хэцүүдлээ” гэж хэлэхэд Б “би мөнгөө мэдэж байна, дахиж архи авна, чи яах гээд байгаа юм, чи өнөөдөр хэрэгтэй хэрэггүй юм авч мөнгө үрлээ, чамайг ална, буудна” гээд уурлахаар нь би ганцаараа түрүүлж яваад найз Г-ийн гэрт орсон. ...Тэгээд удаагүй Б, Х нар Г-ийн гэрт орж ирсэн... Тэгээд Х, Б 2 архиа ууж дуусгаад Г-ийн гэрээс гараад явсан. Х-ыг гараад явсны дараа Б-д би “мал эзэнгүй харъя” гэсэн чинь уурлаад “намайг ална” гээд дахиад хэрүүл хийгээд миний зүүн нүд, баруун талын хацар, толгой руу гараараа 2-3 удаа цохиод би ухаан алдаж унаад сумын эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Гэрч Б.Т-ийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20-21 цагийн хооронд гэртээ байхад Эрүүл мэндийн төвөөс ээлжинд гарч байсан сувилагч Б миний гар утас руу залгаад “манай эмнэлэгийн үйлчлэгч Г ийн гэрт хүн ухаан алдаад уначихлаа гээд” дуудлага өгсөн. Тэгээд би анхны түргэн тусламж үзүүлэх хэрэгслүүдээ аваад очиход Г эгчийн үүдэнд талд 40 орчим насны эмэгтэй хүн ухаан алдаад уначихсан байсан. 2 нүд нь хавдчихсан, ам хамраас нь цус нь гарчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Гэрч Б.Г-ийн өгсөн: “...Манайд хоол идээд байж байхад нөхөр Б нь Сайхан сумын 1 дүгээр багийн Х гэх хүнтэй нилээн халамцуу 1 шил архи өвөртөлчихсөн орж ирсэн..., бид 4 архийг хувааж уусан...., ууж байхад Б нь эхнэр Э хэл амаар доромжлоод “ална тална” гээд байсан тэгээд хэрэлдэж байгаад шууд Э-ийн чих, нүүрлүү алгадаж газар унагаагаад унасан хойно нь дээрээс нь дэвссэн. Тэгээд бид нар салгасан. Э ухаан алдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай дүгнэлтээр 1. Д.Э-ийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн, баруун, бугалга, зүүн дал нуруу, зүүн, сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Д.Э-ийн биед үүссэн гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 36 дугаар тал/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б аймгийн С сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Э-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Э, гэрч Б.Г, Б.Т нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч П.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна..
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овогт П-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН