Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: 1990 онд төрсөн, ажилгүй, Архангай аймгийн Булан сумын Тусгалт багт оршин суух Буурал овгийн Наранцэцэгийн Азжаргалын /РД:АЯ90042263/ хүсэлттэй     

             Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Н.Азжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Нөхөр маань Баянхонгор аймгаас иргэний үнэмлэхээ шилжүүлж ирж гэрлэлтээ батлуулна гэж байсан боловч шилжүүлж чадаагүй байж байгаад 2016 оны 09 сарын 15-нд авто ослын улмаас нас барсан. Охин Уранчимэг, Урантогос нарын төрсний гэрчилгээний хуулбар бусад нотлох баримтуудыг үндэслэн Н.Азжаргал намайг Д.Бат-Ирээдүйтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Намайг Д.Бат-Ирээдүйтэй хамт амьдарч байсан талаар сайн мэдэх гэрч З.Дашдондог, Ө.Наранчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Н.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бат-Ирээдүйтэй 2011 онд танилцаад 2012 онд нэг гэрт орж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 05 сарын 19-ний өдөр том охин А.Уранчимэг, 2015 оны 03 сарын 15-ны өдөр бага охин А.Урантогос нарыг төрүүлсэн. Д.Бат-Ирээдүй бид хоёр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багт хадам аавын гэрийн хаяанд амьдарч байгаад хот руу явж ажил хийж, тэндээ 2 жил гаран амьдарсан. Хотод амьдрах хугацаандаа хадам аав дээр хоёр охиноо үлдээгээд явж байсан. Бид хоёр 2016 оны 06 сарын 25-ны өдөр хурим хийж тусдаа гарсан цагаас хойш хадам аав бид хоёрт хэдэн тооны мал өгсөн учраас малаа маллаж, зуны улиралд цагаан идээ борлуулж байсан. Би Д.Бат-Ирээдүйтэй гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байхад 2016 оны 09 сарын 15-ны өдөр Д.Бат-Ирээдүй автомашины ослоор нас барсан. Иймд намайг Д.Бат-Ирээдүйтэй 2012 оноос 2016 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Н.Азжаргал нь Д.Бат-Ирээдүйтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дашдондог овогтой Бат-Ирээдүйг 2016 оны 09 сарын 15-ны өдөр нас барсныг бүртгэсэн №0000186024 тоот нас баралтын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Азжаргал овогтой Уранчимэгийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Азжаргал овогтой Урантогосын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

4. Азжаргал овогтой Уранчимэг, Азжаргал овогтой Урантогос нар нь тэжээгчээ алдсан хагас өнчин хүүхдүүд мөн болно гэсэн Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Засаг даргын 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 298 тоот тодорхойлолт,

5. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар нь охин Урантогос, Уранчимэг нарын хамт Тусгалт багт 2012-2016 онд амьдарч байсан нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Засаг даргын 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 229 тоот тодорхойлолт,

6. Тус сумын Тусгалт багийн харьяат Наранцэцэг овогтой Азжаргал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Дашдондог овогтой Бат-Ирээдүй нар нь 2012-2016 оны хооронд гэр бүл болж А.Уранчимэг, А.Урантогос нарыг төрүүлж амьдарч байсан нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 179 тоот тодорхойлолт,

7. А.Уранчимэг, А.Урантогос нар нь өрхийн эмчийн хяналтанд эрүүл бойжиж байгаа гэсэн Ар-Энхжин өрхийн эмнэлэгийн тодорхойлолт,

8. Гэрч Ө.Наранчимэгийн: “Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2012 оноос хамт амьдарсан. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал хоёр Улаанбаатар хот болон Архангай аймагт ирэн очин амьдардаг байсан. Улаанбаатар хотод амьдарч байхдаа Н.Азжаргал нь зах дээрээ наймаа хийж, Д.Бат-Ирээдүй барилга дээр ажилладаг байсан. 2012 онд гэр бүл болсноос хойш Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал хоёр 2 жил орчим хотод амьдраад Архангай аймагт ирсэн. Архангай аймагт ирээд Булган сумын Тамирын эх гэдэг газар Д.Бат-Ирээдүйгийн аавынд амьдарч байсан. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар нь 2016 оны 06 сарын 25-ны өдөр Архангай аймгийн төвд хуримаа хийсэн. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал хоёрын дундаас Уранчимэг, Урантогос гэсэн хоёр охин төрсөн. Д.Бат-Ирээдүй Баянхонгор аймгийн харьяалалтай учир иргэний үнэмлэх дээрх хаягаа шилжүүлгэ хийлгэсний дараа гэр бүлээ батлуулна гэж байсан боловч батлуулж амжаагүй. Д.Бат-Ирээдүй 2016 оны 09 сарын 15-ны өдөр нас барсан. Би Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нарыг 2012 оноос Д.Бат-Ирээдүйг нас барах хүртэл хамт амьдарсныг мэднэ” гэх мэдүүлэг,

9. Гэрч З.Дашдондогийн: “Би Д.Бат-Ирээдүйгийн аав нь. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2012 оноос эхлэн Улаанбаатар хотод 2 жил орчим хамт амьдраад Архангай аймагт ирж манайд амьдарсан. Улаанбаатар хотод байхдаа манайхаар ирэн очин л байдаг байсан. Манайх Булган сумын Урд тамирын эхээр нутагладаг байсан. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2016 оны 06 сард Архангай аймгийн төвд хурим найр хийсэн. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар хурим хийхээсээ өмнө хамт амьдрах хугацаандаа Уранчимэг, Урантогос гэсэн хоёр охинтой болсон. Миний хүү Д.Бат-Ирээдүй 2016 оны 09 сард нас барсан. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2012 оноос Д.Бат-Ирээдүйг нас барах хүртэл хамт амьдарсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх Н.Азжаргалын хүсэлтээр Ө.Наранчимэг, З.Дашдондог нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Засаг даргын 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 298 тоот, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 229 тоот, Архангай аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 179 тоот тодорхойлолт, Д.Бат-Ирээдүйгийн нас баралтын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.

Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2012 оноос 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан нь гэрч Ө.Наранчимэгийн “Д.Бат-Ирээдүй 2016 оны 09 сарын 15-ны өдөр нас барсан. Би Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нарыг 2012 оноос Д.Бат-Ирээдүйг нас барах хүртэл хамт амьдарсныг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч З.Дашдондогийн “Миний хүү Д.Бат-Ирээдүй 2016 оны 09 сард нас барсан. Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нар 2012 оноос Д.Бат-Ирээдүйг нас барах хүртэл хамт амьдарсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч Н.Азжаргалын “Би Д.Бат-Ирээдүйтэй 2011 онд танилцаад 2012 онд нэг гэрт орж Д.Бат-Ирээдүйг нас барах хүртэл хамт амьдарсан. Би Д.Бат-Ирээдүйтэй гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байхад 2016 оны 09 сарын 15-ны өдөр Д.Бат-Ирээдүй автомашины ослоор нас барсан” гэх тайлбар, Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Засаг даргын 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 298 тоот, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 229 тоот, Архангай аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 179 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Д.Бат-Ирээдүй, Н.Азжаргал нарыг 2012 оноос 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                 

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Боржгон Намжил овгийн Дашдондогийн Бат-Ирээдүй /РД:ВТ90032211/, Буурал овгийн Наранцэцэгийн Азжаргал /РД:АЯ90042263/ нарыг 2012 оноос 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                   

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.БАЙГАЛМАА