| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0140/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 133
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Хохирогч Ч.О ,
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ж.Т д холбогдох 163/2019/0140/Э индекстэй, эрүүгийн 1915002800157 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Ж.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хохирогч Ч.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Т өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ажлын газрын хамт олонтойгоо хохирогчийн гэрийн гадаа цайлсан. Би жаахан архи уусан байсан. Хүргэн хохирогчтой маргаад байхаар нь хүргэнээ өмөөрөөд хохирогчийг цохисон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Нөхөрлөлийн гишүүдтэйгээ цугласан байсан. Бид хоёрын дунд маргаан болсон нь үнэн. Ж.Т г уучилж байна. Надаас өмнө нь уучлалт гуйсан бол шүүхийн танхимд бид хамт зогсохгүй байсан. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
1915002800157 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ч.О гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Нөхөрлөлийн гишүүд гол цэвэрлэсэн юм. Гол цэвэрлээд манай гадаа цайлсан. Манайд байхдаа Б ах руу Х гэдэг залуу “муу цагаачин минь зайлаарай хүн дандаа матаж явдаг би нутагтаа байна шүү” гэж маргалдаад байсан. Миний толгойг хагалдаг Т гэдэг эмэгтэй “дандаа хүний муу үздэг чадахгүй байж битгий тэгж бай муу сайнууд” гэхээр нь би “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлсэн юм. Та нар ярих газраа ярьцгаа гэсэн. Т тэгэхэд “дуугуй байгаарай чамд хамаа байхгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “больцгоо” гэж хэлсэн. Т чи бас хүн матдаг шүү гэж хэлэхээр нь “би матдаг хүн биш, харин чи хүн матдаг хүн шүү” гэж хэлэхэд Т миний нүүрийг гараараа маажаад банзаар толгой хэсэгт нэг удаа цохиод “ингээд үх” гээд миний толгойг хагалсан. Тэгээд Бугат сумын Эрүүл мэндийн төвд толгойдоо 4 оёо тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Л.Х ын өгсөн:...О гын толгойноос цус гарчихсан миний ард зогсож байсан. О хэлэхдээ “Т д цохиулчихлаа” гэж ярьж байсан. Би юунаас болж маргалдаж цохих болсныг мэдэхгүй. О г Т цохьсоныг хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б гийн өгсөн: “...О , Т хоёр хоорондоо маргалдаж байгаад О гийн толгойноос цус гоожсон байхыг харсан. ...Т намайг сум орон нутаг руу матаж өргөдөл гаргадаг гээд байсан. ...О намайг өмөөрөөд “хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлсэн ба үүнээс болж хоорондоо маргалдсан. Т , О гийн нүүрийг маажсан, модон шахмал хавтангаар толгой руу нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч Г.Э гийн өгсөн: “...О , Т хоёр хоорондоо барьцалдаад авсан байсан. О гийн шанаа руу цус урсаж харагдсан. Цохисоныг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ч ын өгсөн: “...О , Т хоёр хоорондоо маргалдаад Т О гийн толгой руу юмаар цохичих шиг болсон. О гийн толгой нь цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Ц.У ийн өгсөн: “...Мааньтаас оройны 21 цагийн үед О гэдэг эмэгтэй “толгойруугаа банзаар цохиулчихлаа” гээд орж ирсэн. Тэгээд О гийн толгойд мэс заслын оёдол тавьсан. О гийн духнаас их хэмжээгээр цус гарчихсан байсан. Үс нь тэр чигээрээ цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаартай: 1.Магадлуулагч Ч.О гийн биед духанд шарх, зүүн, баруун хацар, эрүү, зүүн шуу, баруун чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 46-47 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуудас/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 60-61 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хохирогч Ч.О гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ч.О гийн мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ц.Б , Г.Э , Ч.Ч , Ц.У нарын мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 162 дугаартай дүгнэлт нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ж.Т гийн хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 185000 төгрөг төлсөн ба хохирогч Ч.О ы биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон хавтан 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ж.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Т д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон хавтан нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН