Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лоолгойн Нямдорж |
Хэргийн индекс | 204/2017/00005/и |
Дугаар | 06 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 06
2017 оны 01 сарын 24 өдөр Дугаар 204/МА2017/00006 Өвөрхангай аймаг
Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хархорин сумын Сум дундын шүүхийн тамгын газарт холбогдох
“Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Г.Норлохсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ганбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Г.Норлохсүрэн миний бие нь Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 1996 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар cap хүртэл 20 жил бичиг хүргэгчээр ажилласан. Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлөвлөсөн мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 31-нд надад өгсөн. Би цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ тамгын газрын даргад бичиж өгсөн боловч надад амаар хариу өгөхдөө та хүсэлтээ өгч тэтгэвэртээ гар, эсхүл таныг цомхотголд оруулж ажлаас чөлөөлнө. Цаашид орон тоо батлагдвал таныг эргүүлэн ажилд авч болно гэсэн хариу өгсөн. Миний нас 50 хүрч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн нь ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болж байна. Ер нь 50 нас хүртэл тухайн хүн нь өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах эрх нь үүсэх байтал ажлаас албадан гаргасан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тамгын газрын даргын тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-нд авсан. Манай шүүхэд 9 төрийн үйлчилгээний албан хаагчдаас намайг цомхотголд оруулж ажлаас чөлөөлж бичиг хүргэгчгүй шүүх боллоо. Шүүхийн бичиг хүргэгч нь шүүхийн нүүр царай болон шүүн таслах үйл ажиллагааны гол хөшүүрэг баймаар санагдах юм. Орон тооны цомхотгол нь зөвхөн тухайн хүнийг ажлаас чөлөөлөх биш тэр албан тушаал, цалин нь ч гэсэн цомхотгогдож байхгүй болмоор санагдах юм. Би хөдөлмөрийн гэрээг цуцлагдсаны дараа 2016 оны 07 дугаар сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд гомдол гаргасан. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/899 тоот албан бичгээр ирсэн гомдлын хариуг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шуудангаас гардан авсан. Тэгээд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан аваад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан. Тус шүүхэд бичиг хүргэгчээр 20 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байсангүй. Ажлаас халагдснаас болоод миний амьдрал их доройтсон цалингийн зээлээ төлж чадахаа больсон. Мөн миний нэр хүнд хүртэл маш их унасан. Иймд миний тэтгэвэрийн нас болоогүй байхад ажлаас минь цомхотголоор халсанд би маш их гомдолтой байна. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат миний бие тус шүүхэд бичиг хүргэгчээр ажиллаж байсан Г.Норлохсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ...нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр татгалзаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалаар Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай "Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны тухай" албан бичгийг анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны төсөв УИХ-аар батлагдахдаа цалин. Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад зардал 2015 оны төвшнөөс буурч батлагдсан. Төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, шүүхийн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, зардлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны урсгал төсвийн хуваарь, 2016 оны бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоож 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Үүнд: Тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 4, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 2, төрийн үйлчилгээний албан хаагч 8, нийт 21 орон тоо баталж, тус шүүхийн 2015 оны нийт цалингийн зардлын төсвөөс 25,3%-иар бууруулж 21 хүний цалингийн төсвөөр баталсан бөгөөд жилийн төсөв нь 4-н шүүгчийн цалинд 145,727,600 төгрөг төрийн захиргааны 9-н ажилчдад 74,939,155 төгрөг, төрийн үйлчилгээний 8-н ажилчдад 53,104,845 төгрөг, нийт 273,771,600 төгрөгийн цалингийн сан баталсан байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийг цалингийн сандаа багтаан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, хавсралтаар хүргүүлсэн төсвийн хуваарь, бүтэц, орон тооны хязгаарыг баримтал гэсэн чиглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх албан бичгээр өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан бүтэц, орон тооны дагуу Тамгын газрын дарга Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйл, Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд бүтэц орон тоог нягтруулах замаар төрийн үйлчилгээний албан хаагчийн 9 орон тооноос 1 /бичиг хүргэгч/ орон тоо хассан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар үндэслэлээр Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа Г.Норлохсүрэнд сарын өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Г.Норлохсүрэн нь 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 645,854 төгрөг, 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар cap хүртэл ажиллахдаа нийт 2,902,177 төгрөгийн цалин, болон ээлжийн амралт, бодогдож шимтгэл суутгалыг хасаад цэвэр цалин 1,983,402 төгрөг нийт 2,629,256 төгрөг гар дээр авч байсан. Харин ч Г.Норлохсүрэнд 2016 оны 03 дугаар сараас 2016 оны 07 дугаар саруудын цалинг илүү олгож, бичиг хүргэгчээр ажиллуулсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 дугаартай тушаалаар Г.Норлохсүрэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж буюу 563,580 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Г.Норлохсүрэн удаа дараа дээрх тэтгэмжийг авах талаар тус шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч болон Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр хандсан байдаг. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, "Ажлаас чөлөөлөх тухай" тушаал гаргасан нь үндэслэлтэй тул Г.Норлохсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнд 45 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд Г.Норлохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдлоо гаргасан байна. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг зөрчсөн байна. Тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Энэ албан бичигт юуг үндэслэж баталсан юм бэ гэвэл төсөв санхүүгийн байдалтай холбогдуулаад энэ журмыг баталсан байна. Төсвийн хуваарь шүүхийн шүүн таслах ажиллагааны урсгал төсвийн хуваарь үүнийг үндэслэж тушаал гаргасан. Энэ батлагдсан төсөв санхүүгийн хүрээнд тамгын газар цомхотгол хийсэн. Таны хувийн байдал аж амьдрал зэргийг харж үзээд таныг би 7 cap ажиллуулсан. 45 дугаартай тушаалыг эсэргүүцэж 3 сараас 7 cap хүртэл ажиллуулж байхад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсөв батлагдснаас илүү цалин олгоод байна гэж шаардлага тавьсан учраас тушаал гаргаж таныг ажлаас халсан байгаа. Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бичиг манайд ирээгүй. Тэр бас эргэлзээтэй юм. Манай цалингийн сан 13 хүнд батлагдсан бол би аваад ажиллуулж болж байна. Дахиад цалингийн сангаас хассан учраас баталсан төсвийн хүрээнд таныг ажлаас чөлөөлсөн байгаа гэж ойлгож болно. Ажлаас чөлөөлсөн 45 дугаартай тушаалыг Норлохсүрэнд 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулж өгсөн байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл рүү гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Дээрх хугацааг сэргээн тогтоосон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймээс энэ гаргаад байгаа нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бүрэн овгийн Гүрсэдийн Норлохсүрэнг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн бичиг хүргэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Г.Норлохсүрэнгийн “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат миний бие тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан болно. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай "Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны тухай" албан бичгийг анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нарт хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны төсөв УИХ-аар батлагдахдаа цалин. НДШ болон бусад зардал нийт 5,8 тэрбум төгрөгөөр 2015 оны түвшнээс буурч батлагдсан.
Төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, УИХ-ын 2015 оны "2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 108 дугаартай тогтоолд “...бүх шатны төрийн байгууллагын ажил үүргийг оновчтой хуваарилах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх, үүнтэй холбогдуулан ажлын цагийг уян хатан тогтоож үр дүнг цагаар тооцох, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цалингийн зардлын 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлын хэмнэлт бий болгох", төсвийн хуваарь болон "Шүүхийн тамгын газрын бүтэц орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг батлах" тухай ШЕЗ-ийн 2013 оны 08 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг алдагдуулахгүй байлгах, шүүхийн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, зардлын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны урсгал төсвийн хуваарь, 2016 оны бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоож тус тус баталсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн 1, 2 дугаар хавсралтаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны төсвийн хуваарь, бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоосон бөгөөд өмнөх төрийн үйлчилгээний албан хаагчийн 9 орон тооноос 1 орон тоо хасагдсан үндэслэлээр Г.Норлохсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт
1."Шүүхийн ерөний зөвлөлийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №39 тоот "Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолоор төрийн үйлчилгэний албан хаагчийн орон тоог 13 буюу бичиг хүргэгчийн орон тоо 1 гэж баталсан бөгөөд тус шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 тоот тушаал нь энэ тогтоол гарснаас хойш гарсан байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй" гэжээ.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тус шүүхийн тамгын газрын дарга тухайн шатны шүүхийн төсвийн захирагч бөгөөд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй. ШЕЗ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №39 дугаартай "Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" тогтоолын хавсралтанд дурдагдсанаар тус шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоо буюу төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоог 13 хүртэл баталсан боловч, энэ тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалын 13 орон тооны цалингийн сан 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар батлагдаж ирээгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгээр батлагдсан цалингийн сан болон тус шүүхийн тамгын газрын төрийн үйлчилгээний албан хаагчийн 8 орон тоонд уялдуулан цалингийн сан батлагдсан.
ШЕЗ-ийн даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №39 дугаартай тогтоол болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичигт ...батлагдсан төсөвт уялдуулан шүүхийн тамгын газрын тухайн жилийн орон тооны хязгаарыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтал гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл батлагдсан төсөвт уялдуулан төрийн үйлчилгээний 8 албан хаагчийг цалингийн сандаа багтаан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, хавсралтаар хүргүүлсэн цалингийн төсвийн хуваарь, бүтэц, орон тооны хязгаарыг баримталж зохицуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн 1, 2 дугаар хавсралтаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын 2016 оны цалингийн төсөв 296,360,600 төгрөгөөр, 2016 оны бүтэц, орон тооны дээд хязгаар буюу төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог 8 хүртэл тогтоож баталсан. ... 2016 оны 1-р сард төсвийн хуваарьт үндсэн цалингийн сан 296,360,600 төгрөгөөр баталсан боловч 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төсвийн хуваарь дахин баталж хагас жилийн байдлаар цалингийн санг 273,771,600 төгрөгөөр батлан өөрчлөлт оруулсан бөгөөд 22,589,000 төгрөгөөр бууруулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн санхүү, хөрөнгө орлуулалтын хэлтэс буцаан татаж авсан. 2016 оны хагас жилийн байдлаар цалингийн сан 273,771,600 төгрөгөөр батлагдсан ба 2015 оны 312,514,000 төгрөгийн цалингийн сантай харьцуулбал өмнөх оныхоос 38,742,400 төгрөгөөр багасаж батлагдсан. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийг үндэслэсэн бөгөөд тус шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №45 дугаартай тушаал нь үндэслэлтэй юм.
2 “...Хариуцагч дээрх тушаалынхаа үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар "...орон тоо хасагдсан..." үндэслэлээр ажлаас халсан бол тухайн байгууллагад ажиллах бичиг хүргэгчийн орон тоог хасах болсон шалтгаан болон ямар зарчим, шалгуураар хассан болохыг нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно..." гэжээ. Тус шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай тушаалынхаа үндэслэлийг нотолсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичиг болон 1, 2 дугаар хавсралт болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хх-ийн 21-22, 29-32, 62-70, 79-82 талд авагдсан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар \..орон тоо хасагдсан.../ үндэслэлээр Г.Норлохсүрэнг бичиг хүргэгчийн ажлаас чөлөөлөхдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 дугаартай албан бичгийн 1-д зааснаар “ ...шинээр шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын орон тоо нэмэхгүй, орон тоо нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ одоогийн бүтэц, орон тоог нягтруулах замаар шийдвэрлэх, төрийн үйлчилгээний албан хаагчийг цалингийн сандаа багтаан тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх...." гэсэн зарчмыг баримталж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласан.
3. " ...нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан байдаг ба нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар зохих шатны байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлж байсныг буруутгах боломжгүй юм. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ..." гэжээ. Нэхэмжлэгч Г.Норлохсүрэнд 45 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд энэ өдрөөс эхлэн гомдол гаргах хугацаа тоологдсон. Г.Норлохсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор буюу 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажлаас буруу халсан гэх гомдлоо гаргах байсан. Гэтэл Г.Норлохсүрэн нь уг тушаалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдлоо 2016 оны 07 дугаар сарын 20-нд гаргасан байдаг ба гомдлын хариуг нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авсан. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдлоо тус шүүхэд гаргасан байна. Энэ нь дээрх байгууллагуудад хандаж байгаа нь урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Г.Норлохсүрэн нь үр дүнгийн гэрээ байгуулдаг, төрийн захиргааны албан хаагч биш, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч юм. ШЕЗ-ийн байгууллага нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу Г.Норлохсүрэнгийн хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэхгүй, энэ асуудлаа харьяалалын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг ШЕЗ-ийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3/899 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. Тиймээс Г.Норлохсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан байна. Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тайлбарт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлйин 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг xaмарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж тайлбарласан байдаг. Г.Норлохсүрэн нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар уг хугацааг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандах ёстой байсан. Эмнэлгийн байгууллагын акт, иргэний хамгаалалтын газрын тодорхойлолт гэх мэтээр нотлох ёстой. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх "хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ" гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Г.Норлохсүрэн нь нэхэмжлэлээ тогтоосон журмын дагуу биш харьяаллын бус шүүхэд, эсхүл шүүхэд бус өөр байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлж байсан нь нэхэмжлэгч Г.Норлохсүрэнгийн хувьд буруутай үйлдэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй юм. Иймд тус шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа: ...Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 тоот албан бичигт тамгын газрын бүтэж орон тоог 17 хүний орон тоогоор баталсан албан бичиг ирсэн юм билээ. Үүнийг үндэслэн намайг 50 нас хүрч 4 хүүхэд төрүүлсэн гэж хөдөлмөрийн гэрээг минь цуцалж ажлаас чөлөөлсөн. Иймд би 55 нас хүртэл ажиллаж хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж, тус шүүхэд тасралтгүй 20 жил ажилласан ажлын ямар нэгэн алдаа дутагдал ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй байхад намайг чөлөөлсөнд би гомдлоо Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхэд гаргасан.
1. Төрийн үйлчилгээний 9 албан хаагчдаас хамгийн олон жил ажилласан. Цөөн хэдэн жил ажиллаад л гарахын хооронд одоо намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би шүүхэд 20 жил ажиллахдаа халуунд халж, хүйтэнд хөрч дандаа явганаар гадуур гүйж шүүн таслах ажиллагааг тасалдуулж зөрчил гаргахгүй ажилласаар байтал ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байдаг. Намайг ажлаас төсөв санхүү хүрэлцэхгүй гэдгээр халсан атлаа одоогоор 2 галч шинээр авч шүүх 4 галчаар ажиллаж байна.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын бүтэц орон тоог 25 хүнээр баталж 2016 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөх тогтоол гарсан байтал намайг ажлаас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалаар чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Үүнд: (Бичиг хүргэгч нэг батласан).
3. Тамгын газрын дарга Д.Ганбат нь намайг хугацаа хэтэрсэн гэж үзэж байгааг би эс зөвшөөрч байна. Би шат дараалан хандсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/50 тоот албан бичигт үндэслэн гаргасан тус шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 тоот тогтоолоор хүчингүй болж байгаа тул би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 тоот шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Г.Норлохсүрэн нь уг тушаалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдлоо 2016 оны 07 дугаар сарын 20-нд гаргасан байдаг ба гомдлын хариуг нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авч Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардан авч 82 хоногийн дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-нд шүүхэд гомдлоо гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зохицуулсан байдаг. Ажлаас халагдсан ажилтан нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, шүүх хугацааг сэргээн тогтоогоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу хугацаа сэргээлгэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР