Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 23

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суух, Монгол овгийн Ванданжавын Балжиннямын /РД:АР56101912/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч В.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч В.Балжинням шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн төрсөн он, сар засвартай гэсэн шалтгаанаар ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч В.Балжинням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 1956 онд төрсөн. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. 1977 оноос 1980 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлд ажилласан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтрийн он сар засвартай учир шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Иймд намайг 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч В.Балжинням нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. “Мэнд сүрэгтэн энх төлчин” тууз хадгалахын төлөө социалист уралдааныг болзлыг мал онд оролтоор биелүүлсэн 159 суурийг 381.50 төгрөгөөр, уг болзлыг төл бойжуулалтаар биелүүлсэн 52 суурийг 18050 төгрөгөөр тус тус шагнасугай. Хавсралтанд: Суурийн ахлагч-В.Балжинням, том мад хороглуулаагүй сар-3, олгох шагнал-25 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот тогтоол,

1.2. 1986 онд мал тууварлах ажилд идэвхи зүтгэлтэй ажилласан 14 тууварч малчныг тус бүр баярын бичиг, 100 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: В.Балжинням, бригадын нэр-Эрдэнэ-Уул, олгох шагнал баярын бичиг-1, мөнгөн шагнал-100, бүгд олгох-105.50 гэсэн “Тууварч малчдыг шагнах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 58 тоот тогтоол,

1.3. Нэгдэлчдийн баяр цагаагчин туулай жилийн нэгдсэн шинэлгээнд хэрэглэсэн хүнсний зүйлийн үнэ 192 төгрөг 40 мөнгийг зарлага болгосугай. Хавсралтанд: Балжинням гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 24-ний өдрийн 17 тоот тогтоол,

1.4. Нэр бүхий 51 малчинд 1988 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурдснаар холбогдох ажлын өдрөөр бодож тус тус олгосугай. Хавсралтанд: В.Балжинням, хэсгийн нэр-Эрдэнэ-Уул, эрхэлсэн ажил-хоньчин, амралт эхлэх сар, өдөр-VIII/25, амрах хоног-15 гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 07-ны өдрийн 128 тоот тушаал,

1.5. Нэгдэлчдийн баяр шарагчин могой жилийн шинэлэгээнд нэгдлийн анхны гишүүн 75 наснаас дээшхи настай өндөр настнуудтай золгоход зориулан нэг хүнд 15 төгрөгөнд багтаан төсвийг баталсугай. Хавсралтанд: Балжинням, бригад хэсэг-Хан-Оюут, өндөр настан, олгох зүйл аяга-11.50, сахар-2.50, бүгд үнэ-14 гэсэн “Нэгдэлчидийн баярын зардал батлах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 03-ны өдрийн 10 тоот тогтоол,

1.6. Нэр бүхий 54 малчинд 1990 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурдснаар бодож тус тус олгосугай. Хавсралтанд: Балжинням, хэсгийн нэр-Эрдэнэ-Уул, эрхэлсэн ажил-үхэрчин, амрах хоног-15, хэднээс эхэлж амрах-VI/5 гэсэн “Малчдад ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 10-ны өдрийн 36 тоот тогтоол,

2. 1991, 1992 онд татвар төлснийг бичиж, тэмдэг дарсан Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

3. Эрдэнэмандал сумын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөлийн 1984 оны 03 сарын 07-ны өдрийн мэнд сүрэгтэн гэрчилгээ,

4. Гэрч Д.Алтанбаганын: “1980 оны намар намайг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд үхэрчнээр анх очиж ажиллахад В.Балжинням нь тус нэгдлийн фермд эрхлэгчээр ажилладаг байсан. Мөн үхэр хариулдаг байсан. Тэр үеэс эхлэн би В.Балжиннямтай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийг 1991 оны 04 сарын үед хувьчлагдах хүртэл хамт ажилласан. В.Балжинням бид хоёр Хөдөлмөрч нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,

5. Гэрч В.Балжидын: “Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд туслах саальчнаар ажилд ороход В.Балжинням манай фермийн эрхлэгч байсан. Тухайн үед манай ферм 15, 16 орчим саальчидтай байсан. Тэр үеэс эхлэн би В.Балжиннямтай Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийг 1991 онд хувьчлагдах хүртэл хамт ажилласан. Энэ хугацаанд В.Балжинням нь фермийн эрхлэгч хийхээс гадна Хөдөлмөрч нэгдэлд мал маллаж, мал туудаг байсан” гэх мэдүүлэг,

6. В.Балжинямын хөдөлмөрийн дэвтэр,

7. Ванданжавын Балжинням нь Архангай аймгаас НАХЯ-ны сайдын 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 335 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 620 дугаар тушаалаар 07 дугаар сарын 10-ны өдөр халагджээ гэсэн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 22/11306 тоот архивын лавлагаа зэрэг болно.

                                                                                                                                                                          

Шүүх хүсэлт гаргагч В.Балжинямын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Алтанбагана, В.Балжид нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

            Хүсэлт гаргагч В.Балжинямын Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 07 сарын 01-ний өдрийн 42 тоот, 1986 оны 12 сарын 12-ны өдрийн 58 тоот, 1987 оны 03 сарын 24-ний өдрийн 17 тоот, 1990 оны 06 сарын 10-ны өдрийн 36 тоот тогтоол, тус нэгдлийн даргын 1988 оны 08 сарын 07-ны өдрийн 128 тоот тушаал, 1984 оны 03 сарын 07-ны өдрийн мэнд сүрэгтэн гэрчилгээ, гэрч Д.Алтанбагана, В.Балжид нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрчүүд хүсэлт гаргагч В.Балжинямыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд хэзээ ажилд орсон, хэзээ ажлаас гарсан талаар тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан” гэх тайлбарыг үндэслэн В.Балжинямыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд В.Балжинямын Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

“Нэгдэлчдийн баярын зардал батлах тухай” Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 03-ны өдрийн 10 тоот тогтоол нь 75 наснаас дээшхи настай өндөр настнуудад холбогдох тогтоол байх тул хүсэлт гаргагч В.Балжиннямын ажилласан байдалтай хамааралгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт биш гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Монгол овгийн Ванданжавын Балжиннямыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд малчнаар 1980 оны 08 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА