Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 29

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Тариат сумын Хорго багт оршин суух Алаг адуу овгийн Лхамжавын Нүрэнзэдийн /РД:АЗ59110511/  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Нүрэнзэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Нүрэнзэд шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа болон бусад баримтыг үндэслэн намайг Архангай аймгийн Барилга угсралтын конторт мужааны ажлыг 1981 оны 03 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 01-нийг дуусталх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Нүрэнзэд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 1980 оны 8 сард барилгын цэргээс халагдаж ирээд 1981 оноос 1991 оны 4-р сарыг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторын барилгад Бор гэдэг хүний бригадад мужаанаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 2 жил зөрүүтэй байна гээд нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Иймд намайг 1981 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Нүрэнзэд нь Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд мужаанаар 1981 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Нэр бүхий ажилчид 12 сарын 21-ээс хавсралт 1-ээр ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтанд: Нүрэнзэд, албан тушаал-мужаан, үндсэн амралт-15, ажлын нөхцлийн амралт-7, тайлбар-Борын бригад гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 12-р сарын 06-ны өдрийн 186 тоот  тушаал,

1.2. Ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэлтээр зарласан болзолт уралдааны заалт биелүүлсэн 232 хүнийг 2-р хавсралтаар шагнасугай. Хавсралтанд: Борын бригад-Нүрэнзэд-80 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 12-р сарын 26-ны өдрийн 202 тоот тушаал,

1.3. 8 дугаар сард амрах ажилчдыг 1-р хавсралтаар 8 дугаар сарын 20-ноос эхлэн амруулсугай. Хавсралтанд: Борын бригад, мужаан-Нүрэнзэд, амрах хоног-22 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 08-р сарын 10-ны өдрийн 154 тоот тушаал,

1.4. 1988 оны 1 дүгээр сарын амрах ажилчдыг 1 дүгээр хавсралтаар баталж 1 дүгээр сарын 20-ноос эхлэн олгосугай. Хавсралтанд: Нүрэнзэд, эрхэлсэн ажил-мужаан, амралтын хоног үндсэн-22, бүгд-22 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 01-р сарын 13-ны өдрийн 01 тоот  тушаал,

2. 1981 оноос 1986 оны 07 сарыг хүртэл, 1986 оны 09 сараас 1989 оны 12 сарыг дуустал татвар төлж байсныг бичиг тэмдэг дарсан Л.Нүрэнзэдийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 510679 дугаар бат илэрхийлэх,

3. Барилга угсралтын конторын намын үүр, захиргаа, МХЗЭ-ийн үүр, хорооноос Л.Нүрэнзэдийг шагнасан 1982 оны 11 сарын 06-ны өдрийн сайшаалын үнэмлэх,

4. Гэрч Я.Цэцэгмаагийн: “Би 1979 онд Улаанбаатар хотын барилгын ТМС-ийг төгсөж Архангай аймгийн Барилга угсралтын конторт барилгачнаар ажиллаж эхэлсэн. Л.Нүрэнзэд бид хоёр 1980 онд гэр бүл болж, манай гэр бүлийн хүн 1981 оноос Архангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажилд орсон. Тэр үеэс эхлэн Л.Нүрэнзэд бид хоёр Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ 1991 он хүртэл тасралтгүй хамт ажилласан. Энэ хугацаанд Л.Нүрэнзэд тасралтгүй мужаанаар ажилласан. 1991 оноос хойш бид хөдөө гарч Архангай аймгийн Барилга угсралтын контороос /трестээс/ гарсан. Архангай аймгийн Барилга угсралтын контор /трест/ ч тэр үеэр хувьчлагдсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч Т.Уламбаярын: “Л.Нүрэнзэд бид хоёр нэг нутгийнх. Би Л.Нүрэнзэдтэй 1977 онд барилгын цэргийн 021 дүгээр ангид татагдаж, 1980 оны 08 сард цэргээс хамт халагдаж ирсэн. Л.Нүрэнзэд цэргээс халагдаж ирээд Цэцэгмаатай гэр бүл болж 1981 оны хавар Архангай аймгийн Барилга угсралтын конторт барилгачин, мужаанаар ажилладаг байсан. Эхнэр нь мөн Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажилладаг байсан. Л.Нүрэнзэд эхнэрийн хамт Архангай аймгийн Барилга угсралтын конторыг /трестийг/ хувьчлагдах хүртэл ажилласныг би айл саахалт байдаг байсан учраас сайн мэдэж байна. Манайх Д.Нүрэнзэдтэй хэсэг хугацаанд нэг хашаанд хүртэл хамт амьдарч байсан. Би 1981 оноос 1984 он хүртэл Архангай аймгийн Зам барилга ашиглалтын ангид нормчноор ажилласан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Л.Угтаабаярын: “Би 1968 онд ОХУ-д Барилгын техник мэргэжлийн сургуулийг мужааны мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар 1968 оноос 1991 он хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Барилга угсралтын конторт Борын бригадад мужаанаар ажиллаж байхад Л.Нүрэнзэд нь 1980 оны үеэс л тус конторт манай бригадад мужаанаар ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Л.Нүрэнзэдтэй Архангай аймгийн Барилга угсралтын конторыг /трестийг/ хувьчлагдах хүртэл мужаанаар хамт ажилласан” гэх мэдүүлэг,

7. Л.Нүрэнзэдийн 1980 оны 08 сарын 04-ний өдрийн мужааны мэргэжлийн үнэмлэх,

8. 1981 оны 03 сарын 01-ний өдөр мужаанаар авч ажиллуулав, Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 03-р сарын 04-ний өдрийн 41 тоот тушаалаар; 1991 оны 04 сарын 01-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж Тариат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлэв,  Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 04-р сарын 18-ны өдрийн 49-р тушаалаар гэсэн бичилт бүхий Л.Нүрэнзэдийн хөдөлмөрийн дэвтэр,

9. Ламжавын Нүрэнзэд БХЯ-ны сайдын 1977.06.10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Архангай аймгаас 1977.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дүгээр ангид цэргийн алба хааж мөн сайдын 1980.06.20-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980.08.20-ны өдөр халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 01 сарын 17-ны өдрийн 689 тоот архивын лавлагаа зэрэг болно.

                                                                                                                                                                         

Шүүх хүсэлт гаргагч Л.Нүрэнзэдийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Я.Цэцэгмаа, Л.Угтаабаяр, түүний ажиллаж байсан талаар сайн мэдэх Т.Уламбаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, сайшаалын үнэмлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

 Хүсэлт гаргагч Л.Нүрэнзэдийн Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд мужаанаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 12-р сарын 06-ны өдрийн 186 тоот, 1983 оны 12-р сарын 26-ны өдрийн 202 тоот, 1984 оны 08-р сарын 10-ны өдрийн 154 тоот тушаал, Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 01-р сарын 13-ны өдрийн 01 тоот тушаал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 510679 тоот бат илэрхийлэх, 1982 оны 11 сарын 06-ны өдрийн сайшаалын үнэмлэх, гэрч Я.Цэцэгмаа, Л.Угтаабаяр, Т.Уламбаяр нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Барилга угсралтын конторт мужаанаар 1981 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1991 оны 4-р сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан” гэх тайлбар, гэрч Я.Цэцэгмаа, Л.Угтаабаяр, Т.Уламбаяр нарын Л.Нүрэнзэд “1981-1991 онд Барилга угсралтын конторт мужаанаар ажилласан” гэх мэдүүлгийг үндэслэн Л.Нүрэнзэдийг Архангай аймгийн Барилга угсралтын контор, трестэд мужаанаар 1981 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Л.Нүрэнзэдийн Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ мужаанаар 1981 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Алаг адуу овгийн Лхамжавын Нүрэнзэдийг Архангай аймгийн Барилга угсралтын конторт /трестэд/ мужаанаар 1981 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА