Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 146

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Х.Ж ,

иргэний хариуцагч О.Н , Б.Ц ,

шүүгдэгч Ч.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т т холбогдох 1915000410092 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 20 жилийн хорих ял болгосон Б овогт Ч.Т.  

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Ч.Т  нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Мааньт” гэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай хорих 439 дүгээр ангийн түлээний мод бэлтгэх ажилд **-** ОРХ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоригдол Х.Ч ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгч Ч.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр намайг шалган дээр ахлах ахлагч М  дуудаж Портер маркийн машинтай модонд явна гэж хэлсэн. Аюулгүй ажиллагааны баримтад гарын үсэг зуруулсан. Би **-** ОРО улсын дугаартай “Портер” маркийн машиныг авч, нээлттэй дэглэмд хоригдож буй хоригдлуудаас авч модонд явсан.  Ингээд Орхон сумын Мөргөцөг гэх газар явж байтал машин гэнэт хүч алдаж эхлэхэд энэ тухай хүмүүстээ хэлж, хүмүүс машинаас нэг нэгээрээ үсэрч бууж харагдсан.  Би машины толинд харсан. Машин жалга уруу өнхөрч би эсрэг талын хаалгаараа бууж амжсан. М  ахлагч станцаараа осол болсон тухай хэлж, эмч эмнэлгийн ажилчдыг дуудаж байх шиг байсан. Тэгтэл машин доор Э  хоригдол авраарай гэж орилж байсан. Бид машинаа өргөж, дарагдсан хоригдлыг гаргаж авсан. Энэ үед М  ахлагч Ч  хоригдол хөдлөхгүй байна гэсэн. Биеийн байдлыг очиж хартал нүд нь хараатай, бие нь хөхөрсөн байсан. Албан хаагч ангийн удирдлага, эмч нар ирээд Ч ыг нас барсан байна гэж хэлсэн. Өглөө ажилд гарахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж үзсэн ба ажиллагаа нь зүгээр байсан. Уг газарт элс, хайрга ихтэй байсан тул тоормос гишгээд тогтохгүй байсан. Тэгээд жалга уруу унаснаас болж энэ хэрэг болсон гэв.

Хохирогч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүүгээ алдсан. Амь хохирогчийн ар гэр болон хохирогч миний зүгээс Т  гэдэг хүнд гомдол санал байхгүй. Ял эдэлж байхад нь дахин нэмж ял эдлүүлэх бодол байхгүй. Амь хохирогч нь шоронгоос гарахад 20 гаруй хоног үлдсэн байсан. Шүүгдэгч нь шүүхэд мэдүүлэхдээ “тухайн өдөр машин техник бүрэн бүтэн байсан” гэж байна. Модонд явсан гэх машиныг бид очиж үзэхэд хулдаасан цонхтой, харагдах байдлаараа техник тоног төхөөрөмж нь бүрэн бүтэн харагдаагүй. Т ыг жолооч гэж байна. Гэтэл энэ хүн эрх чөлөөтэй байхдаа хэдэн жил жолоо барьсан, ямар тээврийн хэрэгсэл барих ангилалтай,  шоронд ороод хэдэн удаа машин барьсан зэргийг анхаарах ёстой байсан. Тухайн өдөр хорих ангийн удирдлагууд машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой байсан гэтэл тэгээгүй. Уг машины тэвшинд хөрөө, хувин, сав бусад зүйлийг ачсан байсан. Тэнд хүн сууж явсан гэхэд итгэхэд бэрх. Шилээд хэдэн хүний амь авч явах боломжтой нөхцөл байдал байсан. Талийгаач дүү маань тэнгэр сахиустай хүн байсан болохоор 3 хүний амийг өөрийнхөө амиар сольсон гэсэн. 3 том хайрханыг аргаддаг байсан ба бид 2019 оны 03 дугаар сараас 06 дугаар сарыг хүртэл уул, ус аргадаж, зан үйлийн олон шинжтэй үйлдэл хийсэн. Зардал ч их гарсан. Энэ тухай Н  даргад учир байдлаа гаргаж хэлж байсан. Хорих ангиас авсан мөнгийг талийгаачийн буяны ажилд зарцуулсан. Одоо нэхэмжилж буй мөнгө маань 2019 оны 03 дугаар сараас хойших талийгаачийн буяны ажил, зан үйл, уул ус аргадахад зарцуулсан мөнгө юм. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Даяндээрхийн агуйг очиж аргадсан. Талийгаачийг нутаглуулахад 2 том лам аваачсан. Сүнс нь яваагүй байна гэсэн болохоор хаана сайн лам, бөө, удган нарыг судалж аваачсан. Хорих ангийн удирдлагаас дээрх гарсан зардлууд болох 22969847 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч О.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ болсон явдалд манай хамт олон харамсаж байгаа. Хохирогч хорих ангийн дарга Энхтайвантай уулзаж хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ талийгаачийн 7, 21, 49 хоногийн хоног хураах зардал болон бусад зардалд  12137800 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан.  Талийгаачийн ээжид уг мөнгийг бэлнээр олгосон. Талийгаачийн оршуулгын зардалд 9000000 гаруй төгрөг, зан үйлтэй холбоотой зардалд 3700000 гаруй төгрөгийг төлсөн. Хорих ангийн зүгээс 2000000 гаруй төгрөгийн зардал өмнө нь гаргасан. Энэ нь талийгаачийн буяны хөшөө, хөдөөлүүлэх газарт 3 машин явсан зэрэг зардалд дээрх мөнгө нь зарцуулагдсан. Талийгаачид хорих ангийн зүгээс олгосон мөнгийг миний бие алдаа гаргасан гэх үндэслэлээр би хувиасаа гаргасан. Талийгаачийн буяны ажилд зарцуулагдсан  бодит зардлыг нөхөн төлсөн гэж миний хувьд ойлгож байна. Амь хохирогчийн гэр бүлд эмгэнэлээ илэрхийлж байна. Төрийн байгууллагын ажлыг цалгардуулахгүй гэсэн үүднээс ийм хэрэгт өөрөө орчихоод байна. Ажлын хариуцлага алдсан алдаагаа ойлгоод ажиллаж байна. 2 цол буурч ахлах дэслэгч цолтой болсон.  Өмнөх 12137800 төгрөгийг өөрөөсөө төлөөд явж байгаа. Дахин 22969847 төгрөгийг  төлөх боломж байхгүй. Мөн зан үйлтэй холбоотой зардал тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэний хариуцагч Б.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машин тухайн үед бүрэн бүтэн байсан. Одоо машин хорих ангид байгаа. Хохирогчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй гэв.

1915000410092 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Ц.Э ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12 хоригдолыг модонд явна гээд аваад явсан. Тэгээд явж байтал машин хүч алдаад унасан. Машинд явж байхад “үсэр” гээд байх шиг байсан би амжаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Д.Н гийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө хорих ангид ял эдэлж байгаа нэр бүхий ялтан нарын хамтаар мод хийхээр Цэнхэр өнгийн давхар кабинтай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч яваад замд автомашины хүч алдаад улмаар хойшоогоо ухраад осол гарч ялтан Х.Ч  нас барсан. Тээврийн хэрэгслийг тухайн үед хорих ангид ял эдэлж байсан Т  жолоодож явсан. Талийгаач автомашины тэвшин дээр сууж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч Ц.Р гийн өгсөн: “...Э , О , М  бид дөрөв хойд талд, урд талд Д , М , жолооч Т  нар сууж явсан. Тэгээд өгсөж явж байхад машин хүч алдан ухарсан…, М , М  ахлагч, Д  нар үсэрч амжсан юм. …” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Т.П гийн өгсөн: “...модонд давхар кабинтай Портер машинтай явсан. Тэгээд өгсүүр өөд өгсөж яваад машин хүч алдаад хойшоо уруудсан. Бүгд амжих нь амжаад үсэрсэн зарим нь амжаагүй машинтай унасан…, хурдан болж өнгөрсөн, машин өндөрлөгөөтэй болохоор ч тэрүү зарим нь үсэрч амжаагүй байх…, Автомашин замын жалга руу хойш ухарч 2-3 удаа тэнхэлгээрээ хөрвөөсөн..., бид нар очоод автомашиныг босготол автомашины доор Э  хөл нь дарагдчихсан байсан. Талийгаач Ч  автомашинаас холгүй уулынхаа дээд талд хажуу тйишээгээ харсан байдалтай газар хэвтэж байсан…, Осол гардаг өдөр амралтын өдөр байсан тул ялтан Т  жолоодож явсан. Т ын биеийн байдал хэвийн ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 49-50, 52-53 дугаар хуудас/,

Гэрч В.Д гийн өгсөн: “... тормос дарсан чинь тухайн зам нь хайргатай байсан учир машин гулгаад жалга руу орох гэтэл миний хажууд сууж явсан ахлах ахлагч М  буугаарай залуучуудаа гэж хэлсэн…, Тэгээд ахлах ахлагч М  үсрээд буухаар нь би араас нь үсрээд буусан чинь машин жалга руу өнхөрсөн. Би машинаас буугаад араас нь харсан чинь талийгаач Ч , Б  нар машины тэвшин дээр байсан. Бусад нь бол үсрээд буусан. Мөн бүхээг дотроос ахлах ахлагч М  болон надаас гадна М  амжиж буусан. Ингээд машин жалга руу гулгаж ороод цаашаагаа өнхөрөх үед Ч  машин доор дарагдаад үлдсэн ба машин цааш нэг өнхөрөөд машин жолооч талаараа буюу хажуу хэсгээрээ тогтсон. Машин зогсонгуут машин дотроос “авраарай” гэж орилох шиг болохоор нь гүйгээд очсон чинь хоригдол Э  машины хаалганд хөлөө даруулчихсан байсан. Бид нар очоод машиныг өргөөд Э ыг татаж rapгаад машиныг 4 дугуй дээр нь буулгаад газар хэвтэж байсан Ч  дээр очтол ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан..., хоригдол Т  жолоодож явж байсан..., бид нар ангиас машинтайгаа хөдлөөд явахад машин бол зүгээр явсан. Жолооч Т  машин тэрэг болохгүй байна гэж юм яриагүй. Машины тормос бол ангиас гараад явахад хэвийн ажиллаж байсан. Бид нар ангиас гараад явахад өгсөөд уруудаад явахад зүгээр байсан ба тэр уул руу өгссөн зам дээр явж байх үед хүч алдлаа гээд жолооч хэлээд тоормос гишгэхэд машин гулгаад яваад байсан. Тэр газар өөрөө өгсүүр огцом налуу байсан ба гадар нь чулуу, хайрга сул шороо их учир шууд машин тоормостой хэрнээ гулгаад явчихсан. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-57 дугаар хуудас/,

Гэрч Б.М ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр 26-ны өглөө ахлах ахлагч М  “модондоо явъя” гээд цэнхэр өнгийн Портер маркийн машиныг ялтан Т  гээд ахаар бариулж ирсэн. Машин дотор Д , М  3 суугаад арын суудалд О , Р , Э  бид 4 суусан. Харин машины тэвшин дээр У , Ч , Ө , Д , П , Н  бид нар суусан. Нэг огцом даваа өөд өгсөж яваад машин хүч алдсан. Ингээд машин хойшоо ухрахад ахлах ахлагч М  машины бүхээгнээс түрүүлж бууж ирээд бид нарыг “бууцгаа” гэж хэлсэн. Ингээд бид нар машин дотроос ахлах ахлагч М ы араас Д  буугаад араас нь би захад сууж байсан болохоор түрүүлж буугаад нөгөө хэд бууж амжаагүй. Харин тэвшин дээрээс Д , П , Н  нар лав бууж харагдсан. Тэгээд машин жалга руу уначихсан байсан..., тэгээд жалга руу харахад наана нь Б , Ч  2 газар унасан байсан бөгөөд машин жолооч талаараа хажуулдаад унасан байсан. Тэгэхэд Э  “туслаарай” гээд орилж байсан. Ингээд бид нар очиж машиныг өргөж дөрвөн дугуйн дээр нь босгоод доороос нь Э ыг авсан. Тэгэхэд Ч  огт хөдлөхгүй байсан. Б  босоод хүрээд ирсэн. Тэгээд ахлах ахлагч М  хорих анги руу станцаар “аваар гарчихлаа” гээд дуудсан..., осол гарахын өмнө бол машин зүгээр байсан. Өчигдөр манай хүмүүс энэ машинтай модонд зүгээр яваад ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б ы өгсөн: “...машиныг ялтан Т аар бариулж ирсэн. Ингээд модонд явахаар бид нар гарсан…, замд уулын аманд огцом өгсүүр газар байдаг бөгөөд тэр огцом өгсүүр газар луу гарах гээд өгсөөд явж байгаад нилээн дээхэн талд нь гараад машин хүч алдаад урагш явж чадахгүй, хойшоо ухарсан…, Ч  бид 2 жолооч талд байсан болохоор үсэрч амжаагүй бөгөөд машин жалга руу ороход нь би өөрөө доошоогоо нүүрээ дараад хэвтчихсэн. Харин Ч  яасанг анзаарч харж амжаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц ын өгсөн: “....**-** ОРХ улсын дугаартай Потер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. …Би машинаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анги дээрээ оношлогоонд оруулсан. Булган аймгаас оношилгооны хүмүүс ирж манай албаны машинуудыг оношилж өгдөг. Би өөрөө уг тээврийн хэрэгслээ сая өнгөрсөн 2 дахь өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр асааж хэрэглэсэн. Тэгэхэд миний машин техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...Миний машинаар модонд явж байгаад өгсүүр замд хүч алдуулж жалга руу унагаж эвдэлсэн байна. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67 дүгээр хуудас/,

Гэрч О.Ө ын өгсөн: “...би тухайн үед манарсан ба нэг харсан чинь эмч ангийн дарга ирчихсэн байсан. Машиныг ялтан Т  ах жолоодож явж байсан. …Т  ах түлхүүр багажаа бариал яваад байсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан талаар сайн мэдэхгүй…, автомашины тоормос бол ангиас гарахад хэвийн байсан. ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Д ы өгсөн: “…огцом даваа өөд өгсөж яваад машин хүч алдаад хойшоо ухарсан бөгөөд тэгэхэд урд талаас 2 хүн “үсрээчээ, буугаачээ” гээд орилох сонсогдсон. Ингээд би өөрөө үсрээд буусан. Яг тухайн үед юу болсныг мэдэхгүй, маш богинохон хугацаанд уг асуудал болсон бөгөөд Портер машин жалга руу өнхрөөд орчихсон. Тэгээд удаагүй “авраарай” гээд хүн орилохоор нь харахад машины жолооч талаараа өнхөрч тогтсон байсан бөгөөд машин доор Э  ах хөлөө даруулсан байсан. Ингээд бид нар машиныг өргөж 4-н дугуйн дээр нь босгож доороос нь Э  ахыг авсан. Машины наад хэсэгт О , У  хэвтчихсэн байсан бөгөөд машины наад хэсэгт Ч  ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Б.У ын өгсөн: “...Ч  машины цаад талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ямар ч хөдөлгөөнгүй. Машиныг хоригдол Т  жолоодон явж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Гэрч П.О ын өгсөн: “...Замаараа өгсөөд явж байтал машин хүч алдаад хойшоо ухарсан чинь урд талын суудал дээр сууж байсан М  ахлагч, хоригдол Д  хоёр хаалгаа онгойлгоод үсэрсэн. Тэр хоёр үсрэх үедээ “хурдан буугаарай” гэж хашгирсан. Миний баруун гар талд сууж явсан Д  хаалгаа онгойлгон үсэрсэн би араас нь үсрэх гэтэл амжаагүй, машин эргэлдэх шиг болсон би хэсэг ухаан балартсан байсан..., тээврийн хэрэгслийг Т  жолоодсон. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Гэрч Б.М ы өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 10 цаг 15 минутад Хорих ангийн дэд дарга а/х О.Н ын зөвшөөрлөөр түлшний модонд нээлттэй 12, хаалттай дэглэмийн 1 хоригдол хариуцан ногоон өнгийн давхар кабинтай **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд өөд газар өгсөж явахад хүч алдаад хойшоо ухарсан. Би урд талд сууж явсан жолооч бид хоёрын дунд Д  сууж явсан. Ялтан Т  жолоодож явсан. Арын суудалд М , О  нөгөө хоёрын нэрийг санахгүй байна. Э  байсан. Дээр тэвшинд 7 хоригдол сууж явсан. Ч , П , Д , Н , Р  нар байсан. Тэгээд л машин ухрахад би үсрэн бууж “буугаарай” гэж хашгирсан. Тэгээд үсрэх нь үсэрч машин доошоо унасан. Тэгээд 20 м гүйгээд станциар төв рүү хэлсэн. …” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Гэрч О.Н ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө ээлж хүлээлцэхээр харуул хамгаалалтад гарах алба хаагч нарт үүрэг даалгавар өгч байхад шалган нэвтрүүлэх алба хаагчаас ууланд Портер маркийн машин осолд орсон талаар станцаар надад мэдэгдсэн. Тэгээд би ангийн байрлалд байсан алба хаагч нарыг ангид цуглуулан ангийн эмчийн хамтаар осол болсон газар очиход Нумтын ам “Мөргөцөг” гэх газар машин өөд өгсөж яваад уулын жалга руу унасан байдалтай уг машины ойр орчим 3-аас 4 хоригдол газар хэвтэж байсан. Тэгээд эмч сувилагч нарын хамтаар очтол сувилагч Ч ыг яаралтай биеийг үзэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд эмч Ч д анхан шатны эмчийн яаралтай тусламж үзүүлж байсан. Би зам тээврийн осолд дээр байгаа алба хаагч нарт үүрэг чиглэл өгөөд ангийн байрлал руу буцаад аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч цагдаа болон прокурорт утсаар танилцуулан дуудлага өгч мөн дээд шатны удирдлагуудад утсаар танилцуулаад байж байтал хэргийн газарт очсон эмч сувилагч нар хүрч ирж байсан. Би эмчээс юу болсон талаар асуутал хоригдол Ч  нас барсан талаар надад танилцуулсан. Би алба хаагч нарыг цагдаагийн бүрэлдэхүүн иртэл хэргийн газрын хамгаалалтыг зохион байгуулан ажилласан. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Ангийн мөсөн зойр хийх гээд хучилтны шургааг бэлтгэх гэж явж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88 дугаар хуудас/,

Гэрч С.Ц гийн өгсөн: “...Модны хэсэг рүү явж очтол цэнхэр өнгийн Портер маркийн машин замын хажуу талын жалгаруу унасан байдалтай харин өвчтэй гэх хоригдлууд нь машины хажуу талд хэвтчихсэн хоригдол Ч  жалганы налуу хэсэг дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь эхлээд шууд Ч ын биеийн байдалд үзлэг хийхэд хоригдол Ч  нь амин үзүүлт үгүй ухаангүй нүд нь аниастай судасны цохилт үгүй зүрх цохилохгүй гүрээний артеригүй нас барсан байдалтай байхаар нь ангийн дэд даргад танилцуулаад бусад бэртэж гэмтсэн хоригдлуудад эмчийн анхан шатны тусламж үзүүлээд өвчтөнүүдээ
ангийн байрлалд шилжүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн чинь аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар бүрэлдэхүүний хамтаар анги дээр ирээд бэртэж гэмтсэн гэх хоригдлуудыг бүгдийг нь үзээд анхан шатны тусламж үзүүлээд хоригдол П.О, Б.У нарыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхээр авч явсан. Хоригдол Ч  намайг очих үед ослын улмаас нас барсан байдалтай байсан. Намайг биеийн байдлыг үзэх үед зүрх нь зогссон байсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89 дүгээр хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай:  1. Талийгаач Х.Ч ын биед баруун уушгины хатгагдсан шарх, элэгний эдийн язрал, баруун бөөрний няцрал, нойр булчирхайн хальсан доорх цус хуралт, олон хавирганы хугарал, дотор эрхтний доргилт, дух, баруун хөмсөг, чих зүүн хацарт зулгаралт, зүүн тохой, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.  3. Дээрх биед ил харагдаж байгаа дух, баруун хөмсөг, чих, зүүн хацарт зулгаралт, зүүн тохой, нуруунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  4. Дээрхи учирсан гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна.  5. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь цээж хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /1 хх-ийн 100 дугаар хуудас/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн:  1. Жолооч Ч.Т  нь тээврийн хэрэгсэл жолоодох BCD ангиллын 50746 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2. Жолооч Ч.Т  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн 23.1-д заасан Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 23.5-д заасан Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно. 3. Осол гарах болсон шалтгаан нь: Жолооч Ч.Т  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн  осол гарсан байна гэх дүгнэлт /1 хх-ийн 174 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 1-5 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 12 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 13-14 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 15-18 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 19-21 дүгээр хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т  нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Мааньт” гэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хаалттай хорих 439 дүгээр ангийн түлээний мод бэлтгэх ажилд **-** ОРХ улсын дугаартай Huyndai Porter маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоригдол Х.Ч ын амь насыг хохироосон хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон хэрэг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Х.Ж , гэрч Ц.Э , Д.Н , Ц.Р , Т.П , В.Д , Б.М , Ж.Б , Б.Ц , О.Ө , Э.Д , Б.У  нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Т ын МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, Х.Ч ын амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                             

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаарх дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Ч.Т ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд иргэний хариуцагчаар татагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай Хорих 439 дүгээр ангиас хохирогч Х.Ж д 12.137.800 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ж  нь гэм хорын хохиролд амь хохирогчийн 49 хоног хураахад гарсан зардал 847.000 төгрөг, уул ус аргадах, овоо тахилганы зан үйл үйлдэхэд гарсан шатахууны болон бусад зардалд нийт 22.969.847 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэдийгээр хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй боловч уул ус аргадах, овоо тахилганы зан үйл үйлдэхэд гарсан шатахууны болон бусад зардал нийт 22.969.847 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар амь хохирогчийн 49 хоног хураахтай холбоотой гарсан 847000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Х.Ж  нь шүүгдэгч Ч.Т аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

           Шүүгдэгч Ч.Т  нь энэ хэрэгтээ 97 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Ч.Т ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ын цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 жил, 1 сар, 8 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 /арав/ жил, 01 /нэг/ сар, 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Т т оногдуулсан 10 /арав/ жил, 01 /нэг/ сар, 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Ч.Т  нь бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай Хорих 439 дүгээр ангиас 12.137.800 төгрөгийг хохирогч Х.Ж д төлсөн болохыг тус тус дурьдсугай.

8. Хохирогч Х.Ж гийн нэхэмжилсэн 22.969.847 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 49 хоног хураасан гэх 847 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хаалттай Хорих 439 дүгээр ангиас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН