| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0151/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 148
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Ж.Д , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д ид холбогдох 163/2019/0151/Э индекстэй, эрүүгийн 1915003290171 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ж.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг “Б” гэх газарт хохирогч Д.Т ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915003290171 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.Т ын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сум “Б” гэдэг газар М гэдэг айлд Н ын хамт очсон. М ахынд би ганц шил архитай очсон. Архиа М ах, Д , Н бид 4 хувааж уусан. Д намайг гэдэс идэж байхдаа гуйлгачин гээд байсан. М ах гэрээс гараад явсан. Тэгсэн чинь Д гэдэс идэж байсан хүрэн иштэй хутгаар гарын буглага булчин луу нэг удаа зүссэн. ...Бид 2 тухайн үед хэрүүл маргаан хийгээгүй ба Н бид 2-ыг М ахынд очиход Д тэднийд байж байсан. Хэзээ очсон тухай мэдэхгүй. Д бид 2 өмнө нь бие биенээ таньдаг ба бидний дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа байгаагүй. Юунаас болж яагаад хатгасан гэдгийг мэдэхгүй. ... Надад санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.С ийн өгсөн:...Т ах заазуураар далайсан. Д ах Т ахыг “боль” гэж хэлээд гарыг нь татах шиг болсон. Т ах Д ахын барьж байсан хутганд зүсэгдэх шиг болсон . ....” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Т.О ийн өгсөн:...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг болж байсан байхаа манай аав Т хөдөө ... “Б” гэдэг газар айлд зүүн гарын булчин хэсэгт хутгалуулсан байдалтай гэрт ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..., аавыг Д “гуйлгачин” гээд байхаар нь нуруу луу нь гараараа цохисон гэж байсан. Тэгсэн Д мах идэж байсан хутгаараа аавыг хутгалсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Н.Н ын өгсөн:...Д ах яах гэж яваа гуйлгачин бэ гээп Т тай яриад байсан. Тэгээд гэрт байсан хүүхэд гаднаас савтай хонины гэдэс оруулж ирсэн..., гэдэс идээд зэрэгцээд сууж байсан..., тэгээд л хоорондоо маргалдаж байгаад Д гэдэс идэж байсан хутгаараа Т ын баруун гар луу хатгах шиг болсон..., би Т ыг салгаад Булган аймаг руу оруулж ирж эмнэлэгт үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед би Булган аймгийн Бугат суманд байдаг нагац ах М ийн гэрт нь байж байхад танил Т , түүний найз нар 0.5 граммын 1 шил архитай ирээд бид нар уусан. Т ирэхдээ согтуу ирсэн. Тэр үед би хонины гэдэс түмпэнд хийгээд гэрт оруулаад тавьчихаад гарсан. Намайг гэрийн гадаа байж байхад С “Өвөө архи уухгүй гэж байна, та архинаас хуваалцаад уучих, тэгээд явна” гэж байна гэхээр нь би гэрт ороод архинаас нь хувааж уусан. Архи нь талдаа орж байсан чинь М ах “манай Б чинь сайхан цохидог хэвээрээ юу?” гэсэн чинь Б хочтой Т миний зүүн гарын буглага руу гараа зангидаж байгаад 1 удаа цохихоор нь би “пиздаа яагаад байгаа юм” гэсэн чинь миний баруун гарын буглага, эрүү, толгойн зүүн дагз хэсэг рүү гараараа 1,1 удаа цохисон. Намайг цохиход би газар явган сууж байсан, намайг сууж байхад Т гэдэстэй түмпэн дотор байсан заазуур аваад намайг яг заазуурдах гэж далайхад нь би өөрийгөө хамгаалж мах, гэдэстэй түмпэн дотор байсан хүрэн иштэй хутга аваад хойш нь хатгасан чинь Т ын зүүн гарын бугалганд хүрсэн. Тэгээд Т “чи намайг хутгалчихлаа” гэхээр нь би “харин чи намайг заазуур бариад алах гэж байна ш дээ, энд байсан хүмүүс бүгдээрээ л харлаа” гэж хэлсэн. Би Т ын найзад нь “чи гэрч болно шүү, наад хүн чинь заазуур бариад хүн алах гэж байна, би өөрийгөө хамгааллаа шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 204 тоот: 1. Д.Т ын биед зүүн бугалганд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Д.Т ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/, яарарлтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45, 52 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Т ыг зүүн гарын булчинд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д.Т ын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч М.С , гэрч Н.Н нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д.Т ын биед зүүн бугалганд оёдол, шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Д ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ж.Д ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ж.Д ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Т нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Д ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгах, Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ж.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д ид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажлыг Булган аймгийн Булган сумын “Тохижилт үйлчилгээний ангид” хийлгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Д ид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгах, Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН