Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 31

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 03-02 тоотод оршин суух Боржигин овгийн Нямын Баярсайханы /РД:АГ69032303/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 1999 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Архангай үнэн сонины хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр тасралтгүй ажилласан. 1994 оны 12 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гар үсэг өрөгчөөр ажиллаж байсныг архивын нотлох баримт, ажилд орсон тушаал, энэ хугацаанд чөлөө авч байсан онуудын баримтыг үндэслэн Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1988 оны 07 сарын 08-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд гараар үсэг өрөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нямын Баярсайхан нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт 1988 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гараар үсэг өрөгчөөр тасралтгүй ажиллаж байсан. Гараар үсэг өрөгч нь хүнд хортой нөхцөлд хамаарч байгаа тул заавал албан тушаалаар нь ажиллаж байсан байдлыг нь тогтоолгох хүсэлттэй байна. Н.Баярсайханыг ажиллаж байх үед одоо үеийнх шиг техник хөгжөөгүй байсан учир гараар үсэг өрдөг байсан. Хэдийгээр хөдөлмөрийн дэвтэрт нь зохих бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Н.Баярсайханы 1988 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Баярсайхан нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр 1988 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Соёлын  яамны 1988 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 202 дугаар тушаалаар томилогдон ирсэн Ням овогтой Баярсайханыг 1988 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гар өрөгчөөр авч ажиллуулсугай гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 07 сарын 29-ний өдрийн 47 тоот тушаал,

1.2. Линотипч Н.Баярсайханд хүүхдээ асрахад нь зориулж, 1989 оны 11 дүгээр сарын 25-наас 1990 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай гэсэн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1990 оны 01 сарын 11-ний өдрийн 02 тоот тушаал,

1.3. Нямын Баярсайханд хүүхэд асрах чөлөөг 1992 оны 4 дүгээр сарын 22-оос 7 дугаар сарын 22 хүртэл эхний 3 сарын чөлөөг олгосугай гэсэн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1992 оны 07 сарын 06-ны өдрийн 25 тоот тушаал,

1.4. Н.Баярсайхан хүүхдээ 1 нас хүртэл асрах чөлөөг 6-9 дэх сар 1993 оны 1 дүгээр сарын 22-оос 4 дүгээр сарын 22 хүртэл олгосугай гэсэн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1993 оны 01 сарын 20-ны өдрийн 03 тоот тушаал,

2. Гэрч Д.Ганчулууны: “Би Архангайн Үнэн сонины газарт гараар үсэг өрөгчөөр 1986 оны 09 сараас тус сонины газрыг хувьчлагдах хүртэл ажилласан. Н.Баярсайхан нь ТМС-ийг линотипч мэргэжлээр төгсөж ирээд 1988 оны зун Архангайн Үнэн сонины газарт линотипчоор ажиллаж байгаад удалгүй гараар үсэг өрөгчөөр ажилласан. Би Н.Баярсайхантай хамт ажиллаж байсан учир түүнийг 1988 оноос 1999 он хүртэл Архангайн Үнэн сонины газарт гараар үсэг өрөгчөөр ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,

3. Гэрч Р.Вандандоржийн: “Би Архангайн Үнэн сонины газарт 1975 оноос 1990 он хүртэл гэрэл зургийн сурвалжлагчаар, 1990 оноос 1999 он хүртэл мастераар ажилласан. Архангайн Үнэн сонины газар нь 1999 оноос Буман үсэг хэвлэлийн компани болоход би захирлаар ажиллаж өнөөдрийг хүртэл тус хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байна. Намайг Архангайн Үнэн сонины газарт гэрэл зургийн сурвалжлагчаар ажилладаг байхад Н.Баярсайхан нь хэвлэлийн ажилтан бэлтгэдэг ТМС-ийг төгсөөд 1988 онд Архангайн Үнэн сонины хэвлэх үйлдвэрт гараар үсэг өрөгчөөр ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Н.Баярсайхантай 1999 он хүртэл хамт ажилласан. Н.Баярсайхан нь гараар үсэг өрөгчөөс өөр ажил хийж байгаагүй, тасралтгүй гараар үсэг өрөгчөөр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

4. 1988 оны 07 сарын 08-ны өдөр гар өрөгчөөр авч ажиллуулав, Архангайн үнэн сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар тушаалаар гэсэн бичилт бүхий Н.Баярсайханы 277654 тоот хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.

                                                                                                                  

Шүүх хүсэлт гаргагч Н.Баярсайханы хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Ганчулуун, Р.Вандандорж нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Мөн Н.Баярсайханы хөдөлмөрийн дэвтрийн ажлын мэдээ хэсэгт түүний ажилд орсон он, сар, өдөр болон тушаалын огноо, дугаар Архангай аймгийн архивын тасгаас ирүүлсэн Н.Баярсайханыг гар өрөгчөөр ажилд авсан Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 07 сарын 29-ний өдрийн 47 дугаар тушаалтай тохирдог, хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсгийн бичилтэд тухайн байгууллагын тамга дарагдсан тул уг хөдөлмөрийн дэвтрийг хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзлээ.

 Хүсэлт гаргагч Н.Баярсайханы Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр ажиллаж байсан нь Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 07 сарын 29-ний өдрийн 47 тоот, 1990 оны 01 сарын 11-ний өдрийн 02 тоот, 1992 оны 07 сарын 06-ны өдрийн 25 тоот, 1993 оны 01 сарын 20-ны өдрийн 03 тоот тушаал, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Ганчулуун, Р.Вандандорж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Н.Баярсайханы Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр 1988 оны 7-р сарын 8-ны өдөр ажилд орсон болох нь “Ажилд авах тухай” Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 07 сарын 29-ний өдрийн 47 тоот тушаалаар тогтоогддог.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “Би 1988 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 1999 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Архангай үнэн сонины хэвлэх үйлдвэрт гар үсэг өрөгчөөр тасралтгүй ажилласан” гэх тайлбар, гэрч Д.Ганчулуун, Р.Вандандорж нарын 1988-1999 он хүртэл гар үсэг өрөгчөөр ажилласан гэсэн мэдүүлэг, 1993 оны 01 сарын 20-ны өдрийн 03 тоот тушаалыг үндэслэн Н.Баярсайханыг Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Н.Баярсайханы Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр 1988 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигин овгийн Нямын Баярсайханыг Архангай аймгийн “Архангайн үнэн” сонины газарт гар үсэг өрөгчөөр 1988 оны 07-р сарын 08-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА