| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0152/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 150
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Ч.Е , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Е өд холбогдох эрүүгийн 1915002620147 дугаартай, 163/2019/0152/Э индэкстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа таксинд явдаг, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, М овогт Ч.Е.
Холбогдогсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Е нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Булган аймгийн ...од хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж иргэн О.Н ын цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Е ийн өгсөн: Манай найз Э надад хонь авж ирж өгсөн. Би гэртээ хонио авч ирээд 16 цагийн үед цэцэрлэгийн манаач Т ар төхөөрүүлсэн. Э бид 2 манайд 1 шил архи авч уусан, Т ажилтай гээд хонь төхөөрчихөөд яваад өгсөн. 18 цагийн үед танил Н Заамараас ирсэн гээд над руу утасдаж байгаад орж ирсэн. Н ыг ирэхэд Э бид 2 архи ууж байсан ба тэр архинаас Н уусан. Архи ууж дууссаны дараа Н 1 шил архи аваад гэрт орж ирээд бид нар уусан. ...Архи ууж байгаад Э архиндаа согтоод унтсан. Н гарч яваад шөнө 01-02 цагийн үед байх орж ирээд архи байна уу? гэсэн байхгүй гэсэн тэгвэл манайд очиж ууя гээд намайг дагуулаад явсан тэгээд гэрт нь тал шил архи байсан тэрийг уучихаад агсан тавьж эхэлсэн Э ын толгой дээр гарч суучихаад “ална тална би 2-3 төрлийн зодооноор хичээллэж байсан та нар намайг барахгүй шүү” гээд. Тэгээд би зөндөө гуйсан миний дүү болно хариад амарчих гээд тэгсэн чинь надруу дайрч үсрээд хамарлуу цохисон тэгээд би юу болсон гэдгийн мэдэхгүй байна гэв.
1915002620147 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч О.Н ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнө ...од Ч.Е гэх айлд Хараа нэртэй архийг Е ийн хамт ууж дуусчихаад байж байсан чинь Е ах “намайг Булганыхан бүгд мэднэ” гэх зэргээр үгээр идээд байхаар нь “би таныг мэдэхгүй юм” гэж хэлээд гэрээс нь гарах гээд босоод гэрийн үүдэн хэсэгт гарч зогсоод байж байтал миний араас гарч ирээд “чи муу баньд намайг мэдэхгүй юу? намайг Булганыхан бүгд мэднэ” гээд байхаар нь “би Булганых биш чамайг таних хүмүүс нь мэдэх байх” гэсэн чинь “чамайг хутгалчихна шүү” гэхээр би “та яаж чаддаг юм” гэж хэлсэн чинь гэнэт биенээсээ нэг юм гаргаж ирээд зүрхний хавьцаа хатгах шиг болохоор нь цээжнээс хутгыг аваад газар шидсэн. Тэгээд Е ахыг “та яаж байгаа юм” гэсэн чинь Е ах хутгаа газраас аваад гэрлүүгээ орсон... Тэгээд би өмсөж явсан фудволкоо сөхсөн чинь цус гоожоод байсан. Тэрнээс цааш юу болсоныг санахгүй байна. ...Надад санал гомдол , нэхэмжлэх зүйл байхгүй. Е ах хохиролд 1 сая төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 63-65 хуудас/
Гэрч Ж.Э ын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11-12 цагийн үед танил Е надаас 100,000 төгрөгөөр шүдлэн хонь аваад бид хоёр Е ийн гэрт нь очсон. Е ийн гэр нь Булган суманд байдаг. Е ийн гэрт хонь төхөөрөхөөр танихгүй 30 гаран насны залуу ирээд хонийг нь төхөөрч өгсөн. Хонь төхөөрч байхад Е 1 шил 0,5 граммын архи задалж бид 3 уусан. Бид нарыг архи ууж байхад 15-16 цагийн үед танихгүй 30 гаран насны 1 залуу ирсэн ба уг залуу 1 шил архитай ирээд бид нар уусан. 17 цагийн үед байх Е ийн эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ ирсэн. Тэгэхэд Е чи яасан эрт ирдэг юм, эрт ирэх ёсгүй дээ гээд үг хаях маягтай ярьсан чинь Е ийн эхнэр нь надад пийшингийн дэргэд гудас дэвсэж өгөөд гэрээсээ гарч явсан. Би гудсан дээр хэвтээд унтсан, намайг Е дуудаад архи өгөхөөр нь би уучихаад буцаад хэвтээд унтсан. ...Шөнө 03-04 цагийн үед байх Е сандарсан байдалтай намайг сэрээгээд “юман дээр уначихлаа” гэж хэлэхэд нь би гэр доторхыг харахад сүүлд ирсэн залуу үүдний цонхны доор байдаг ширээний харалдаа толгой нь үүд рүү чигтэй, цээжээрээ доошоо харсан байдалтай газар шалан дээр хэвтэж байсан. Тэр хүнээс цус их гарсан юм байгаагүй, би Е өд хурдан түргэн дуудаач гэж хэлсэн чинь Е түргэн тусламж руу утасдан, түргэн тусламжийн эмч маш хурдан ирээд насилканд хэвтүүлээд аваад гарсан. Е “ээ пиздаа зүгээр байдаг байгаа даа” гэж хэлж байсан. Е эхнэртэйгээ утсаар “чи хүрч ирж машин ав, би асуудалд орчихлоо” гэж ярьсан. Е бид хоёрыг эмнэлэг дээр байж байхад цагдаа ирээд авч явсан. Сая эрүүлжүүлэхээс гарахаар хувцасаа өмсөж байхад Е надад “цаадах чинь цагдаад бүх үнэнгээ хэлчихжээ, чи өөрийнхөө харсан үзсэнээ үнэнээр нь хэлнэ биздээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуудас/
Гэрч Ч.Е ийн өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Э аас шүдлэн хонь авсан. Би Булган аймгийн ... гэртээ хонио авч ирээд 16 цагийн үед цэцэрлэгийн манаач Т ар төхөөрүүлсэн. Э бид 2 манайд 1 шил архи авч уусан, Т ажилтай гээд хонь төхөөрчихөөд яваад өгсөн. 18 цагийн үед танил Н гэрийн түлхүүр байхгүй танайд байж байя гээд манайд орж ирсэн. Н ыг ирэхэд Э бид 2 архи ууж байсан ба тэр архинаас Н уусан. Архи ууж дууссаны дараа Н 1 шил архи аваад гэрт орж ирээд бид нар уусан. ...Архи ууж байгаад Э архиндаа согтоод унтсан. Н гарч яваад шөнө 01-02 цагийн үед байх Стандартын тал шил архитай орж ирээд уусан.Би архинаас нь уухгүй “амармаар байна” гэсэн чинь Н “би 2,3 зодооноор хичээллэж байсан, зодолдож чадна” гээд янз бүрийн юм яриад дээрэлхээд агсам тавиад над руу гар далайгаад хальт хамар руу гараараа цохихоор нь би айлгах санаатай ширээн дээр түмпэнтэй махан дотор байсан хар иштэй ойролцоогоор 15-18 сантиметр урттай хутгыг аваад чичсэн чинь цээжний зүүн талд нь хүрчихсэн, тэгээд цус бага зэрэг гарахаар нь би Э ыг сэрээгээд түргэн тусламж руу утасдаж эмч дуудсан. Түргэний эмч их хурдан ирээд Н ыг авч явсан. Би айж сандрахдаа хашаан дотор байдаг модон жорлон руу Н ыг хатгасан хутгаа шидээд, түргэн тусламж руу дуудлага өгөхдөө “хүн төмөр зүйл дээр уначихлаа” гэж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуудас/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 12-ний өдрийн 155 дугаартай
1. О.Н ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушигны уналт, зүүн уушгинд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. О.Н ын биед цээжний хөндийн нэвтэрсэн шархны хэмжээгээр баримжаалбал 2.0 см өргөнтэй ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
4. Магадлуулагч О.Н ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 75 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-3 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 8-15 тал/, хутга, болон төмрөнд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хх 21-51/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 78-79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84-85/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 88/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 93-105/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Е нь оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Булган аймгийн ...од хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж иргэн О.Н ын цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э бид 2 архи ууж байсан ба тэр архинаас Н орж ирж уусан. Архи ууж дууссаны дараа Н 1 шил архи аваад гэрт орж ирээд бид нар уусан. ...Архи ууж байгаад Э архиндаа согтоод унтсан. Н гарч яваад шөнө 01-02 цагийн үед байх Стандартын тал шил архитай орж ирээд уусан.Би архинаас нь уухгүй “амармаар байна” гэсэн чинь Н “би 2,3 зодооноор хичээллэж байсан, зодолдож чадна” гээд янз бүрийн юм яриад дээрэлхээд агсам тавиад над руу гар далайгаад хальт хамар руу гараараа цохихоор нь хөгжлийн бэрхшээлтэй хөгшин намайг дахин гэмтээчихнэ гэж айж чочирдсоноос болоод ширээн дээр түмпэнтэй махан дотор байсан хар иштэй ойролцоогоор 15-18 сантиметр урттай хутгыг аваад цээжний зүүн талд хатгасан түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа юм. Э ыг сэрээгээд түргэн тусламж руу утасдаж эмч дуудсан байсан. Би айж сандрахдаа хашаан дотор байдаг модон жорлон руу Н ыг хатгасан хутгаа шидээд, түргэн тусламж руу дуудлага ”өгсөн гэх мэдүүлэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.Н ын ... 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнө ...од Ч.Е гэх айлд Хараа нэртэй архийг Е ийн хамт ууж дуусчихаад байж байсан чинь Е ах “намайг Булганыхан бүгд мэднэ” гэх зэргээр үгээр идээд байхаар нь “би таныг мэдэхгүй юм” гэж хэлээд гэрээс нь гарах гээд босоод гэрийн үүдэн хэсэгт гарч зогсоод байж байтал миний араас гарч ирээд “чи муу баньд намайг мэдэхгүй юу? намайг Булганыхан бүгд мэднэ” гээд байхаар нь “би Булганых биш чамайг таних хүмүүс нь мэдэх байх” гэсэн чинь “чамайг хутгалчихна шүү” гэхээр би “та яаж чаддаг юм” гэж хэлсэн чинь гэнэт биенээсээ нэг юм гаргаж ирээд зүрхний хавьцаа хатгах шиг болохоор нь цээжнээс хутгыг аваад газар шидсэн. Архи ууж байгаад муудалцсан, би нтлээн согтсон болохоор сайн санахгүй байна. Е ах намайг явж амар гээд байх шиг байсан.Тэрнээс цааш юу болсоныг санахгүй байна. ...Надад санал гомдол , нэхэмжлэх зүйл байхгүй. Е ах хохиролд 1 сая төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 63-65 хуудас/
Гэрч Ж.Э ын өгсөн: “..“...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ч. Е , О.Н нартай архи уусан. Архи ууж байхдаа О. Н нь чанга, чанга 2-3 төрлийн зодооноор хичээллэдэг, та 2 юу ч биш, цагдаа надад юу ч хэлэхгүй гээд агсараад байсан. Тэгснээ миний дэргэд ирээд чамайг алчихна шүү гээд гараа зангидаад далайхаар нь би хөнгжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хөдөлгөөнгүй хэвтсэн намайг цохиогүй. Н ыг агсарч байхад хүний урманд Ч. Е юм хэлээгүй ахыйн дүү одоо гэртээ хариад унтчих , наад тал архиа аваад явчих гээд байсан. Тухайн үед бид 2-г зодчих вий гэж л айж байсан, тэр залуугийн авир эвгүй дийлдэхгүй байсан учир Е хурдан явуулах гээд л оролдоод байсан. Би хэвтэж байгаад хэсэг унтсан байхад Е сэрээгээд аймаар сандарчисан байхаар нь эмч түргэн дууч гэж хэлээд утсаар ярьсан .гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/ хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт, эмчлүүлэгч О.Н ын өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан ба хэргийн бодит байдалтай нийцсэн хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлж шийдвэрлэлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, аймгийн Хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор шүүгдэгч Ч.Е ийг хохирогч О.Н тай архи ууж, хохирогч хэл амаар доромжилж , биед нь халдсаны улмаас махтай түмпэн дотроос хутга авч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж иргэн О.Н ын цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Е ийг сэтгэл санаа нь цочрон давчидсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Е ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч эмнэлгийн ор хоног болон компьютер томографид харуулсан болон бусад эмчилгээний төлбөрт 1000000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Е өд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн мөн учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Е нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Е нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Ч.Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч Ч.Е ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.Е ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт шүүгдэгч Ч.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Е өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Е өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ