| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0155/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 151
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Э д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915002910170 дугаартай, 163/2019/0155/Э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “Н” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 109900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
1915002910170 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч С.Э ы өгсөн: 2019.06.19-ний өдөр би ааруул хатаах зориулалтаар саравч хийхээр төлөвлөсөн. Тэгээд манай гэрт саравчний яс мод байхгүй болохоор нь тус өдөр орой 18 цагийн үед би Ц гийн бага оврын тракторыг гуйж аваад Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх газар луу саравчны яс мод бэлтгэхээр ганцаараа явсан. Ууланд трактортойгоо очоод би гэрээс авсан хятад улсад үйлдвэрлэсэн хөрөөгөөр гурван ширхэг босоо нойтон шинэс модыг унагааж үзүүрийг нь тайрч үлдээгээд гурван босоо модыг 4 метрийн урттай 8-н ширхэг мод болгоод бага оврын трактороор гэрлүүгээ чирч аваачсан тэгээд би модыг чирч явж байгаад уулын бэлд сумын цагдаа Д д баригдсан....Би цагдаад баригдах үедээ унагаасан 3-н ширхэг босоо модондоо ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан гэх мэдүүлэг /хх-60-62 тал/
Хохирогч Д.Н ийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орой С.Э манай гэрт ирээд түлээний модны гоожин бичүүлээд аваад явсан. Тэгэхдээ л мод уулнаас чирч гэр рүүгээ явж байгаад сумын цагдаатай таарчихлаа гэж хэлсэн. Надаас өмнө нь шинэс төрлийн мод бэлтгэх гоожин аваагүй. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э нь орон нутагт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 24-28тал/
Гэрч Д.Д гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ сумын 5 дугаар баг Ингэтийн гол гэдэг газар албан ажлаар явж байхад уулын амнаас С.Э гэдэг хүн улаан өнгийн бага оврын трактороор 4 м урттай нойтон мод чирчихсэн уруудаж орж ирсэн. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн. С.Э нь 3 ширхэг ургаа мод хөрөөдөж унагаасан талаар ярьж байсан. ...Шинэс төрлийн 4 м урттай 8 ширхэг мод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 тал/,
2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 0,636 м3 шинэс төрлийн модны үнэлгээ 109900 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 41 тал/,
2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн С.Э ы зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 0,636м3 модонд Булган сумын байгаль орчны байцаагч Б.Бямбаагийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 109900 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 329700 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-44 тал/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-06, бага оврын тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 09-10/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 19/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх 58-59/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 71/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 42-43, 45-46, 53-54/ Ашидбилгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн болон автомашин, техникийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-48/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг “Н” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 109900 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Н , гэрч Д.Д нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 71/, Ашидбилгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйлийн болон автомашин, техникийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-48/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Э ы дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 109900 төгрөгийн шууд хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 329700 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч , гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э ы ойд хууль бусаар бэлтгэж 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 8 ширхэг буюу 0,636м3 түлээний модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн /моторт/ цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна.
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Улаан өнгийн бага оврын трактор, ногоон өнгийн 2 дугуйтай чиргүүлийн өмчлөгч, эзэмшигч нь Л.Ц болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч С.Э ыг 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн шинэс төрлийн 8 ширхэг буюу 0,636м3 мод, болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн цахилгаан /моторт/ хөрөөг шүүгдэгч С.Э аас тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Улаан өнгийн бага оврын трактор, ногоон өнгийн 2 дугуйтай чиргүүл тус бүрийг битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч Л.Ц д буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ