| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0154/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 154
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Хохирогч М.Т,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б т холбогдох эрүүгийн 1915003030164 дугаартай, 163/2019/0156/э индэкстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Б,
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт М.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ийн өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай цэцэрлэгийн хамт олон Булган аймгийн Булган суманд байдаг А амралтын газарт амарсан юм. Хичээлийн жил дуусаад хамт олноороо салхинд гарах болоод уг зугаалгыг Т эмч зохион байгуулсан. Би Т т би ажил ихтэй байна, та нар сайхан амарчихаад ир, би явж амжихгүй гэж хэлсэн чинь Т дарга “та явахгүй бол болохгүй заавал авч явна, ажлыг чинь дуусахаар явъя” гэсээр байгаад намайг авч явсан. Бид нар амралтын газарт 19-20 цагийн үед очоод хоноод маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн үед би сэрсэн. Намайг сэрсэн чинь хоол, ундаа ч хийгээгүй, бэлэн гоймон идсэн бололтой хайрцаг нь хөглөрчихсөн байсан ба хүмүүсийг хартал гол дээр архи ууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хүмүүс дээр очоод зугаалгыг зохион байгуулж явсан Т т “та нар наад архидалтаа боль, бэлэн гоймон идэж, архи уудаг амралт, зугаалга гэж юу байсан юм бэ? хоол ундаа хий, одоо архидалтаа боль” гэсэн шаардлага тавьснаар энэ маргаан эхэлсэн юм. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Уг нь Т бид 2 маш сайн харилцаатай найзууд байсан л даа би ээжийнх биеийг муу байхад нь их тусалж дэмждэг байсан шүүх хурал болохоос өмнө бид 2 хэд хэдэн удаа уулзсан маш олон удаа уучлалт гуйсан би Т тай эвлэрсэн гэж бодож байгаа гэхдээ нэгэнт ийм зүйл болсон учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн Т аасаа дахин уучлалт гуйж байна хохирол төлбөрийг барагдуулна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т ын өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6-р багт байрлах “А ” амралтын газар би хамт олонтойгоо амраад байж байтал манай ажлын эрхлэгч болох Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүй намайг “балай пиздаа авгай би чамд дургүй, ална шүү, эхийг чинь үхсэн байхад би чамд чөлөө өгсөн, би чамайг ажилд авсан, зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад маргааш өглөө нь намайг амралтын газрын гэрт унтаж байтал Б орж ирээд дээрээс дарж хэвтээд миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хазсан тэгээд би “та яаж байгаа юм бэ?” гээд босоод иртэл миний бөгс рүү нэг удаа өшиглөөд намайг ална гээд гараад явсан. Тэгээд бид нар даргыг аргалаад гэрт нэг цаг гаран унтуулсан ба бид нар голын эрэг дээр хөзөр тоглоод сууж байтал гэрээс гарч ирээд бид нараас жаахан хол голын эрэг дээр ирээд суусан тэгээд би ажлынхантайгаа яваад очтол шууд миний өөдөөс ууж байсан ундаагаа шидсэн боловч оноогүй ба шууд ирээд миний хоолойг боогоод эрүү рүү нэг удаа цохиод нүүр маажсан ба бид хоёрыг манай ажлын Б , С нар салгаж намайг авч явсан юм. Тэгээд би “даргаа та намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэсэн чинь “би чамайг ална чамд дургүй гэдгээ илэрхийлсэн тэгээд манай ажлын хүний бие нь гэнэт өвдөөд би анхны тусламж үзүүлээд Булган аймгийн эмнэлэг рүү авч яваад үзүүлэхэд зүгээр байна анхны тусламжийг авч чадсан байна хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тэгээд явах гэтэл эмч нь намайг эгчээ та өөрийгөө үзүүлэхгүй юм уу та яасан юм бэ гэхээр нь үзүүлтэл шүднүүд гэмтсэн нүүрний хэсэгт маажсан байсан. Буцаж очоод та намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ гээд хэлсэн чинь чи өөрөө намайг зодсон биздээ гээд машиныхаа хаалгыг шууд хаагаад явсан ажлын газрын хүмүүсийн хажууд миний өнгөрсөн амьдрал нас барсан ээжийг минь ярьж доромжилсон би гомдолтой байна гэв.
1915003030164 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч М.Т ын өгсөн: “…2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6-р багт байрлах “А ” амралтын газар би хамт олонтойгоо амраад байж байтал манай ажлын эрхлэгч болох Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямарч шалтгаангүй намайг “балай пиздаа авгай би чамд дургүй, ална шүү, эхийг чинь үхсэн байхад би чамд чөлөө өгсөн, би чамайг ажилд авсан, зайл” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өглөө би амралтын газарт байрлах гэрт унтаж байтал Б орж ирээд дээрээс дарж хэвтээд миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хазсан тэгээд би “та яаж байгаа юм бэ?” гээд босоод иртэл миний бөгсрүү нэг удаа өшиглөөд намайг ална гээд гараад явсан. Тэгээд бид нар даргыг аргалаад гэрт нэг цаг гаран унтуулсан ба бид нар голын эрэг дээр сууж байтал гэрээс гарч ирээд бид нараас жаахан хол голын эрэг дээр ирээд суусан тэгээд би ажлыхантайгаа яваад очтол шууд миний өөдөөс ууж байсан ундаагаа шидсэн ба шууд ирээд миний хоолойг боогоод эрүүний хэсэг рүү нэг удаа цохиод нүүр маажсан ба бид хоёрыг манай ажлын Б , С нар салгаж намайг авч явсан юм. Тэгээд би “даргаа та намайг яагаад цохиж байгаа юм бэ?” гэсэн чинь “би чамайг ална” гэж хэлсэн ба би цагдаад өргөдөл гаргаж эмнэлэгт үзүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Ж.Б гийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш байсан 13 цагийн үед Булган сумын 6 дугаар баг Буриадын хороонд байрлах “А ” амралтын газрын ойролцоо манай ажлынхан модны хаяад сууж байсан тэгээд би голоос гараад иртэл Б , Т нар нь хоолноос болоод маргалцаад байж байтал Т нь шууд Б ийн зүүн талын чих рүү нэг удаа цохисон чинь Б нь зөрүүлээд нэг удаа цохиж байгаа харагдсан ба би цаашаа яваад өгсөн юм. ...Миний харснаар бол Т нь Б ийг нэг удаа цохисон чинь Б нь зөрүүлээд нэг удаа цохисон ба Т ыг би цааш нь холдуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч П.Н гийн өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12-13 цагийн үед Булган сумын 6 дугаар баг Буриадын хороонд байрлах “А ” амралтын газрын ойролцоо гол дээр байж байтал манай дарга болох Б нь гэрт унтаж байгаад ирээд “Туулаа чи энэ сарын ажлыг зохион байгуулж байгаа биздээ би хоол идмээр байна” гэж хэлээд дарга гэрлүүгээ явсан ба манай ажлынхан бид нар гол дээр хэсэг байсан. Нэг хартал дарга болох Б нь бид нараас арай холхон гол дээр сууж байхаар нь бид нар дарга дээр очоод хамт гол дээр сууя гэж хэлээд очоод сууж байсан ба нэг хартал Т , Б хоёр нь юунаас болж маргалдсан юм бүү мэд Б нь Т ын нүүрийг маажсан байх тэгсэн чинь Т нь Б ийг яг маажахыг нь хараагүй Б ийн чихнээс нь цус гоожсон байсан. Тэгээд бид нар очоод салгасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
Гэрч Б.Ч ийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-нд манайх хамт олноороо “А ” амралтын газарт очиж хоносон. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өглөө манайхан сэрээд бэлэн гоймон идчихээд голын эрэг орсон . Би архи уусан болохоор зарим юмыг санахгүй байгаа. ...Надад мэдэх юм байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
Гэрч Б.Д гийн өгсөн: “...Бид нарыг гол дээр архи уугаад байж байхад дарга Б ирээд “бэлэн гоймон идэж, архи уух гэж ирсэн юмуу та нар хоолоо хийгээч” гэж Т эмчид хэлээд цаашаа явсан. Бид нар голын эрэг дээр байж байгаад модны тэнд сууж байсан дарга Б дээр очсон. Тэгтэл Б Т тай муудалцаад барилцаад авахаар нь би “салгаачээ” гэж орилоод Т эмчийг салгаад авсан чинь амнаас нь цус гарч байсан. ...Б орж ирээд Т эмчийн цээжин дээр нь 1 удаа хазсан чинь Т эмч орилсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаартай
1. Магадлуулагч М.Т ын биед зүүн доод 2-р шүдний ёзоорын хугарал доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод зовхи, хацар, дээд уруул, зүүн хөх, мөрөнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5%-р алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-08 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69 тал/, гэрэл зураг /хх-19-15 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Т ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч М.Т , гэрч Б.Ч , Б.Д , Ж.Б , Т.Н нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул нотолгооны ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч шинжилгээний болон шүд суулгасны төлбөр нийт 1675000 төгрөг нэхэмжилж үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Дээрхи нотлох баримтуудын агуулга болон хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж үзэхэд хохирол 1675000 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч Д. Б нь хохиролд 200000 төгрөг төлсөн талаар хохирогч хүлээн зөвшөөрч байх тул хохирол 1475000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Т т олгох нь зүйтэй байна.
Д.Б нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийг сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Б ээс 1475000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Т -т олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ