Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 155

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Т.М , Г.О , Д.М , тэдний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.Б ,

мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М , Т.М , Г.О  нарт холбогдох эрүүгийн 1815000360029 дугаартай, 163/2018/0085/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ч.Б,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, А овогтой Д.М ,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б  овогтой Т.М,

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, У овогтой Г.О ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б ийг зодож гар утсыг нь авч 180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

1815000360029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Шүүгдэгч Ч.Б  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

Хохирогч Д.Э гийн....хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй…, миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагаад босоод ирэхээр хавсарч унагаад байсан. Би унахдаа толгойгоороо юм мөргөж унасан бололтой өвчин орчихсон үүдэн 1 шүд хөдөлж өвчин орсон байсан…, миний тархины баруун талд цус хуралт үүсч хагалгаанд орж авахуулсан…, миний толгой их өвдөж мартамхай болсон байна. Уналт таталтын эсрэг эм тариа байнга хэрэглэж байна. Өвчин намдаах эм байнга хэрэглэж хүнд юм өргөж болохгүй хүчтэй босч, сууж болохгүй гэх мэт зовиур ихтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.А  ий…Д.Э  манайд 18 цагийн үед Эрдэнэтээс ирэхдээ согтуу ирээд бид 2 гэрт нь очиж нэг том пиво хувааж уугаад нилээн согтсон байсан. Би гараад сууж байтал Д.Э  хэсэг байж байгаад араас орж ирээд Б  манай хүүхдийг аваад явчихлаа хойноос нь явж авчирнаа гэхээр нь “чи согтуу байгаа юм чинь тэгэлгүй яахав” гэж хэлтэл цааш яваад өгөхөөр нь би харих гээд машинаас нь буугаад алхаад явсан…, Э  маргааш нь хот яваад манай эхнэр О  рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Б д зодуулсан” гэж хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Ц.У ийн...Орой 22 цагийн үед гэртээ А  а, Э  нарын хамт очоод 3-н настай охин Н ийг авч гарах гээд байхаар нь манай дүү Ч.Б  та хүүхдээ дагуулж архи уух гэлээ одоо боль гэж хэлтэл өөдөөс нь “би хүүхдээ яах нь чамд хамаагүй” гэж хэлэхээр нь манай дүү Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Г ийн...орой манай хүргэн ах Д.Э  архи уучихсан согтуу байх үедээ өөрийн хүүхэд болох 3-н настай охин Э.Н ийг оройн цагаар хүйтэнд авч гарах гэхэд нь манай ах Ч.Б  нь “согтуу байж хүүхэд авч явах гэлээ гэж” хэлээд хүүхдийг нь авсан байсан. Би тухайн үед гадаа машинд сууж байсан.Тэгээд хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд А  а ах ярьж байсан..., А  а ах машинд орж ирэхдээ Ч.Б  хүргэн ах Д.Э г хавсраад унагаачихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч О.Э гийн...манай хамаатны дүү болох Ч.Б  гарч ирээд Д.Э г согтуу байж хүүхэд авч явах гэлээ гээд маргалдаад хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан. Маргалдаад л чанга чанга дуугаралдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч  Х.Э ын...хүргэн ах Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн. Ирэхэд ах хэвийн зүгээр сууж байсан. Тэгээд гэрт байсан жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Д.С ийн...тухайн үед нь би Б  руу утсаар залгаж холбогдоход “юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз” гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр: ... Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эмнэлгийн бичиг  баримт шинжилгээнүүдээс үзэхэд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч  эмчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр: ...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

2. Шүүгдэгч Ч.Б , Д.М , Г.О , Т.М  нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар Ч.Б  нь иргэн Б.Б ийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Б ийн...бид хоёрыг маргалдаад байж байтал 6 дугаар микрийн урд талын аюулгүйн тойрог талаасаа 3-н мотоцикльтой залуучууд худалдааны гудамжаар орж ирсэн. Тэр залуучууд зэрэгцэж зогсож байгаад С  бид хоёр луу гэрлээ тусгаад байсан. Тэгэхээр нь би тэр залуучууд руу” яасан бэ” гэж асуусан чинь нэг мотоцикль нь ойртож ирээд яадаг юм бэ гээд нэг эрэгтэй хүн миний нүүр рүү цохисон. Тэр үед нөгөө хоёр мотоцикльтой залуучууд нь ч гэсэн над руу шахаад байсан. Тэгж байгаад нөгөө залуучууд мотоцикль дээрээсээ бууж ирээд намайг тал талаас цохиж зодсон. Би зодуулж байгаад баруун тийш зугтаасан. Зугтааж байгаад хогийн сав сандал хоёрын хооронд орж зогссон. Хоёр мотоцикльтой залуу хоёр талаас ирэхээр нь нэгийг нь өшиглөх гэж байгаад өөрөө газарт унасан. Намайг босох гээд эргэх үед араас нэг мотоцикль нь ирээд миний нурууг дайрсан. Дайруулаад газар хэвтэж байсан чинь дээрээс зодож байгаад нэг залуу нь миний гарт барьсан байсан гар утсыг маань хүчээр мулталж аваад мотоциклоо унаад баруун зүгт зугтаасан. Гурван мотоцикльтой 5-6 залуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Гэрч Ж.С гийн...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б тэй муудалцаад байснаа санаж байгаа  юм.  Нэг хэсэг согтсон  байсан.  Нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан. Тэгээд гэртээ харьсан. Энэ хэргийн улмаас Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан байсан. Гар хөл нь халцарсан байсан. Маргааш өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 213 дугаар хуудас/,

Гэрч Б.Б гийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 дугаар хуудас/,

Гэрч Б.Э ы...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад “хаана байна” гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.М ын…2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд М , О ,  Б , М ий найз гэх нэг залуу бид 5 хамт 3 мотоцикльтой орж ирсэн. Худалдааны гудамжинд очсон чинь тухайн гудамжинд нэг ах нэг эмэгтэй хүн зодож байсан. Тэгэхээр нь бид нар 3 мотоцикльтой яваад очоод Б  ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М  болон М ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон…, тэр үед Б  ах нэг гар утас дээлнийхээ өврөөс гаргаж ирсэн. Тухайн үед би хэний гар утас вэ гэж асуухад “саяны зоддог хүний гар утас” гэж хэлж байсан. Би Б  ахын мотоцикльтой хамт ард нь сууж явсан. М  ганцаараа мотоцикльтой явсан. О ын мотоцикльтой М ий найз гэх залуу би яг одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна…, миний харснаар О  хохирогч дээр түрүүлж очоод хохирогчийг цохих гэж байгаад өөрөө цохиулаад газарт унаад босч ирээд хохирогчийг нэг удаа цохиж байсан. Үүний дараа М тэй барицалдаж яваад М  хохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. М эс салаад хохирогч ах М той барицалдаж аваад М  түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан. Б  ах хохирогчийг хавсарч унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б  ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан…, О  нэг удаа хохирогч ахын нүүр рүү цохисон. Б  ах хохирогчийг цохиж унагаад дээрээс нь цохиод байсан. Харин М , М  хоёр намайг харж байхад хохирогчийн гар луу цохиод байсан…, замын цагдаа ирж байхад Б  ах цаашаа хэсэг яваад нөгөө гар утсаа шидсэн. Б  ахын авсан гар утас Самсунг маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

Гэрч Г.О ын...Б  нэг залуутай маргаж байсан чинь М ий найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан…, Б  ах,  М  болон  М ий  найз гэх залуу гурав зодоод байсан…, сүүлд М тай утсаар ярьсан чинь М  Б  ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан…, бид нарыг “Тайгер” баарны хойд талд зогсож байхад нэг эмэгтэй хүн орилоод хажууд нь байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг чирээд байсан. М  бид хоёр мотоцикльтой урд нь орж явж байгаад эргээд харсан чинь Б  орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод М  мотоциклоороо Б  ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон…, намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. М  хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 220-222 дугаар хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр: “...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 235 хуудас/,

Яллагдагчаар Ч.Б ын...тухайн орой би гэртээ байж байтал манай хүргэн ах Д.Э , Д.А  а, О.Э  нарын хамтаар гэртээ ирж гаднаа машиныхаа урд талыг янзалж байгаад архи ууж эхэлсэн. Тэгээд тэр 3 гарч яваад Д.А  а ахынд очиж архи ууж байгаад гэртээ ирээд бага охин болох Э.Н ийг тэврээд гарах гэхээр нь би хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ гээд хавсраад унагатал эргээд босоод ирэхээр нь дахиад нэг хавсарч унагаад хашааны гадна зууралдаж гараад урд талд байх худаг хүртэл зууралдаад хувцаснаас нь чирж очоод “эгчийг минь бага дээрлэхээрэй би сонссон шүү гэж хэлтэл” юу сонссон гэж хэлэхээр нь та намайг мэдээгүй гэж бодоо юу гэж хэлтэл намайг хүмүүс хүнтэй явалдсан гэж яриад байгаа юм гэж хэлсэн байсан. Би Д.Э  ахад хандаад та аятайхан байгаарай би таны аясар чинь л байлгаад байгаа шүү гэж хэлсэн. Та манайд ирээд юугаар ч дутаагүй шүү гэж хэлээд буцаад явцгаасан. Тэгээд намайг гэртээ ортол машинаа асаагаад яваад өгсөн. Тэгтэл Д.А  а ахынд архи ууж байгаад Эрдэнэт явна гэж гараад нуурын толгойн орчимд машин нь эвдрээд зогссон байсныг манай дүү болох Ч.Г  Ж  ахтай хамт очиж авчирсан байсан. 01 цагийн үед унтах гээд байж байтал манай хамаатны ах болох О.Э  ах гаднаас Д.Э гийн бага охин болох Э.Н ийг тэврээд ороод ирэхээр нь манай ээж О.Цогзолмаа уурлаад гэр орондоо галаа түлээд наад хүүхдээ оруул гэхэд эргээд аваад гарахаар нь би араас нь гараад дүүг аваад эргээд гэртээ оруулж ээжийн өвөрт хийчихээд Д.Э  ахын гэрт ороод яасан юу болов гэтэл Д.Э  ах мод ачиж яваад машин эвдэрчихлээ гэхээр нь гоожин өгөөгүй байхад мод ачиж явж болохгүй би явж машиныг чинь авчирья гээд Н.М  ахыг портер машинтай нь авч очоод машиныг нь чирээд хашаанд авчирсан. Маргааш нь буюу 2018 01 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн орчимд Д.Э  ах Эрдэнэт орно гээд Э  ахтай хамт яваад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хот руу яваад эмнэлэгт хэвтсэн гэж сонсогдсон.

....Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед М , О , М , М  бид нар Бугат сумын Баян айраг дэлгүүрийн гадаа тааралдсан. Тэгээд М  би эмнэлэг ороод ирье та нар манайд очоод байж бай гээд явсан. Тэгээд М , О , М  бид мөнгөө нийлүүлж байгаад 2.5 литрийн Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво аваад М ийд очиж уусан. Тэгээд хоол хийж юм ярьж сууж байгаад 01 цагийн үед Эрдэнэт орох уу гэж нэг нь хэлсэн тэгэхээр нь тэгье гээд би өөрийнхөө мотоциклыг унаад хойноо  О ыг суулгаад, М  өөрийнхөө мотоциклотой ганцаараа 5 уулаа явсан. Тэгээд Бугат сумаас Эрдэнэт хот руу Их залуу гэсэн бичигтэй уулзвараар нийлээд их замаар явж байгаад аюулгүйн тойрог өнгөрөөд худалдааны гудамжны зогсоол дээр мотоциклнуудаа тавьчихаад “Tiger” нэртэй баар луу орохоор бид нар очиж явтал баар хааж байсан. Тэгэхээр нь эргээд мотоцикль дээрээ очиход үл таних нэг залуу нэг эгчийг зодож байсан. Тэгэхээр нь бид мотоциклнуудаа унаж авчирч ирээд нөгөө ахыг би эмэгтэй хүнийг болиоч та гэж хэлсэн. Тэгтэл чамд ямар хамаатайн гэж хэлсэн. Тэгтэл О  салгах гээд очтол О ыг цохиод унагаачихсан. Тэгээд О  газар уначихаад босож ирээд нөгөө ахыг цохиод автал тэр ах газар унасан. Тэгээд тэр ах босоод ирэхээр нь М  очоод тэр ахын мөрөнд нь өшиглөсөн тэгтэл тэр ах хогийн сав налаад зогссон. Тэгээд тэр ах М ийг мотоцикль унаад явж байхад нь түлхээд унагаагаад биенээс нь зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд манай хэдийн нэг нь тэр ахыг унагаагаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би мотоцикль дээрээсээ бууж очоод салгасан. Тэгээд би эргээд мотоцикль руугаа очиж явтал газар хар өнгийн гар утас байсан. Тэгэхээр нь би аваад өвөртөлчихсөн. Тэгээд мотоцикль дээр ирэхэд М  миний мотоциклны хажууд байсан. Тэгээд би хамгийн эхэнд мотоцикль унаад хойно М ийг суулгаад 50 метр хэрээтэй яваад зогссон. Удалгүй араас М  ирээд хажуугаар гараад явчихсан. Араас нь М , О  2 ирээд хажуугаар гараад явчихсан. Би нөгөө ахыг хартал босоод явчихсан. Тэгээд би хамт явсан хэдийнхээ араас нь явсан. Тэгээд би “ЖАСТ” шатахуун түгээх станцын ойролцоо явж байхад миний түлш дуусаад зогссон. Тэгээд би М аас хэний гар утас бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл цагдаагийн алаг машин ирээд намайг цагдаа нар машиндаа суулгаад үлээлгэсэн. Тэгээд миний мотоциклийг ачлагийн машинаар ачаад явсан. Араас М  бид хоёрыг алаг машинд суулгаад Цагдаагийн газарт аваачсан. Тэгээд тэндээс М ыг явуулж намайг эрүүлжүүлсэн. Мотоцикль түлшгүй болоод зогсох үед би нөгөө гар утасыг М д өгчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 46-47 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.М ийн...тэр хавиар хайж байгаад буцаад иртэл Б , М , М  нар нэг хүнтэй муудалцаад байж байсан. Тэгээд би мотоциклтойгоо явж очтол тэр ах өөдөөс ирсэн. Тэгэхээр нь би хажуугаар нь гарсан тэгээд зогсоод эргээд хартал М ийн мотоциклын түлхүүрийг авах гээд булаацалдаж байсан. Тэгэхээр нь би М ийг юун хүн бэ наадахаа тавиулаач явья гэж хэлсэн. Тэгээд М  тэр хүний гар луу нь гараараа хоёр удаа цохиод салгасан. Тэгээд тэр ах над дээр ирээд миний унаж явсан мотоциклний түлхүүрийг авах гээд булаацалдсан тэгэхээр нь гар луу цохиж холдуулсан. Тэгээд мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл миний урдуур орж ирээд хааж зогссон. Тэгэхээр нь би хажуу талаар нь тойроод гарах гэтэл тэр ах өөрөө ирээд мотоцикльнд шүргүүлээд газар унасан. Би нэлээн зайтай явж байгаад эргээд хартал Б  нь тэр ахын дээр нь гарчихсан зодож байсныг харсан. Тэгээд М , Б  нар мотоциклио түрж асаагаад М ийн хамт ирсэн. Тэгээд бид нар Бугат сум орох гээд явж байгаад эргээд харсан Б , М  нар байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь М , О  бид 3 хэсэг хүлээж байгаад явсан. Тэгээд Бугат суманд М ийнд байж байхад М  утсаар М тэй яриад бензин дуусаад зогсчихлоо тэгээд цагдаа нар ирээд Б ыг аваад явчихсан бас Б  нөгөө хүний утсыг нь авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь О  яваад өгсөн. Тэгээд нэг өдөр хичээл дээр сууж байхад Орхон аймгаас цагдаа нар ирээд М  бид хоёрыг аваад Орхон аймгийн цагдаагийн газарт аваачсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Яллагдагчаар Т.М ий...бид нар манайд 20 цагаас 01 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгээд 01 цагийн үед Б , Эрдэнэт явах уу гэхээр нь бид нар яасан ч яахав гээд бүгд явахаар болсон. Явахдаа би өөрийнхөө мотоцикльтой ганцаараа, Б  өөрийнхөө мотоцикльтой хойноо М ыг суулгачихсан, О ын мотоциклийг М  жолоодоод хойно нь О  суугаад нийт 5-уулаа явсан..., “Tiger” баарны хашааных нь гадаа үл таних нэг эрэгтэй эмэгтэй хүнийг зодоод байсан. Бид нар бүгд харчихаад яах уу гээд ярилцаж байтал Б  “хөөе та болиоч” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах чи дуугай бай гэж хэлсэн. Тэгтэл О  салгах гээд яваад очтол нөгөө ах О ын шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд О  газар унасан. Тэгээд О  босож ирээд нөгөө ахыг цохиод авсан хаашаа нь цохисоныг санахгүй байна. Тэгээд Б  ах тэр ах руу очиж яваа харагдсан. Тэр үед миний унаж явсан мотоцикль унтарчих гээд байсан болохоор тэр хавиар тойроод зогсохгүй явж байсан яг юу болсныг сайн харж чадаагүй. Тэгээд тойрч байгаад иртэл нөгөө ах намайг мотоцикль дээрээс татаад унагаачихсан. Тэгээд миний урдаас ирээд хоёр мөрнөөс барьчихаад тавихгүй байсан. Тэр үед М  наадахаа тавиулаач гэхээр нь би барьж байсан хоёр гарны тохой хэсэг рүү нь тавиулах гээд 3 удаа цохисон тэгтэл тавьсан. Би гялс мотоцикль руугаа гүйгээд мотоцикль босгоод эргээд хартал нөгөө ах М ийн унаж байсан мотоциклийн рүль хэсгээс нь барьчихаад тавихгүй байсан. Тэгээд нэг хартал М  мотоциклоо унаад миний хажууд ирээд явах уу гэхээр нь тэгье гээд бид хоёр нилээн зайтай холдоод зогсоод Б , О  М  3-ыг явья гэж дуудсан. Тэгээд тэд нар мотоцикль дээрээ суугаад шууд Бугат сум орох гээд явсан. Тэгээд би “Жаст”  шатахуун түгээх станц өнгөрөөд эргээд хартал Б  М  нар байхгүй байсан. Тэгэхээр нь эргээд Б , М  нар дээр очтол замын цагдаа ирчихсан байсан болохоор бид нар тэр хоёрыг хаяад Бугат суманд манайд ирсэн. Ирээд удаагүй байтал М  залгаад Б ыг аваад явчихлаа намайг үлдээчихлээ би одоо яах уу гэхээр нь наанаа чи ахындаа хоночихоо болохгүй бол би очоод авья гэж хэлсэн. Тэгтэл М  за за гэж хэлээд бас Б  нөгөө ахаас гар утсыг нь авчихсан байна гэж хэлсэн өөр юм яриагүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Яллагдагчаар Г.О ын...бид нар Эрдэнэтийн “Тiger”  нэртэй баарны гадаа очиход араас Б  ах дуудсан. Тэгэхээр нь би М  бид хоёр яваад очиход Б  ах нэг танихгүй ахтай заамдалцаж барьцалдаад зогсож байсан. Тэгээд би бууж очоод болиоч гээд салгах гээд тэр танихгүй ахыг бариад авсан чинь шууд намайг шанай хэсэгт гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би босч ирээд зөрүүлээд нүүр лүү нь цохиод авсан. Тэр үед газарт нэг танихгүй эгч хэвтэж байхаар нь газраас босгож ирээд хажуугийн  сандал дээр суулгаж байгаад юу болсон юм бэ гэж асуухад уйлаад юм ярихгүй байсан. Тэгээд удаа ч үгүй байж байхад Б  ах явья, явья гэж хэлсэн. Ингээд бид нар мотоцикльтой сундалдаад тэр газраас явсан. Тэгээд замаар явж байхад эргүүлийн цагдаа таарч араас хөөж байхад Б  ахын мотоциклийн шатахуун дуусч эргүүлийн цагдаа нарт баригдсан. Ийм л зүйл болсон. Тэр газраас би М , М  бид гурав цаашаа мотоцикльтойгоо яваад өгсөн. Харин Б  М  хоёр цагдаад баригдаад үлдсэн. Тэгээд намайг шөнийн 04 цагийн орчимд гэртээ ирээд байж байхад М  надтай хамт байсан М  рүү залгаад Б  ах хүний утас авсан байна гэж хэлсэн. Ингээд би Эрдэнэт рүү М ыг очиж аваагүй. Хөдөө гэрлүүгээ өглөөний 06 цагийн орчимд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26 ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр: Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн гэх /хх-ийн 243-246 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 51, 2-р хх-ийн 21-27 дугаар хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутагт хүргэн ах Д.Э тэй маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ын өгсөн:...надтай барьцалдаж аваад хэрэлдэж, маргалдаад салахгүй болохоор нь “та одоо яах гээд байгаа юм бэ? харанхуй, ийм хүйтэн шөнө энэ хүүхэд хөлдөнө шүү дээ” гэж хэлээд хавсарч унагаасан гэх, хохирогч Д.Э гийн...хадам дүү болох Ч.Б тай маргалдаад хашааны гадна гартал намайг хэд хэдэн удаа толгойн тус газарт цохиод 2-3-н удаа хавсарч унагасан. Би согтуу байсан учраас өөдөөс нь ямар нэгэн байдлаар эсэргүүцэж чадаагүй гэх, гэрч Д.А  ий…Э  маргааш нь манай эхнэр О  рүү залгаад “би хот явж байна өчигдөр хадам дүү Б д зодуулсан” гэж хэлсэн байсан гэх, гэрч Ц.У ийн...манай дүү Б  уурлаж 2 удаа хавсарч унагаад манай хүүхдийг аваад үлдсэн байсан гэх, гэрч Ч.Г ийн...хүргэн ах Д.Э г Ч.Б  хавсраад унагаачихлаа гээд А  а ах ярьж байсан гэх, гэрч О.Э гийн...хоёулаа зууралдаж аваад хашаанаас гараад урд талд байдаг худаг хүрээд буцаад ирсэн. Тухайн үед Д.Э  надад хандаад “Ч.Б  намайг зоддог болчихсон” юм байна сая намайг цохиж зодлоо гэж хэлж байсан гэх, гэрч Х.Э ын...хүргэн ах Э  Булган аймгийн Бугат сумаас орой 20 цагийн үед ирсэн…, жимсний дарс хийж өгөөд бид хоёр хувааж уугаад сууж байтал ах гэнэт таталт өгөөд эхэлсэн. Тэгээд шууд ухаан алдаад унасан. Эмнэлэгт үзүүлээд тархины зураг авахуулсан тархиндаа хүнд гэмтэлтэй хагалгаанд орох шаардлагатай гэж үзээд хагалгаанд орсон гэх, гэрч Д.С ийн…тухайн үед нь би Б  руу утсаар залгаж холбогдоход юун сүртэй юм бэ, хоёр л алгадаа биз гэж юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хандсан…, Бугат суманд байж байхдаа өөрийнхөө хашаан дотор Б тай маргалдаад тэгээд миний дүүгийн тархи руу цохисон гэсэн гэх мэдүүлэгүүд болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр... Д.Э гийн биед баруун зулай чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх , шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 566 тоот дүгнэлтээр...Д.Э гийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай зулай хэсгийн хатуу хальсан доорх хуванцар цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо…, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун ар хэсэг рүү гар, хөлөөр цохих, цохигдох, толгойн баруун ар хэсгээр газар унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэнэ…амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ч.Б  нь Д.М , Г.О , Т.М  нартай бүлэглэж хохирогч Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар түүний эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Б ын...зодож байхдаа одоо болно, явцгаая гэж хэлээд явах гээд мотоцикль руугаа очих замд газарт нэг гар утас хэвтэж байсныг аваад өвөртөө хийсэн. Газарт хэвтэж байхад утасны дэлгэцийн гэрэл нь ассан байсан гэх, хохирогч Б.Б ийн...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон. Энэ үед би гар утсаа нэг гартаа барьчихсан, хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалаад хэвтэж байсан. Тэгэхэд нэг нь миний гараас чангаасаар байгаад миний утсыг авсан. Утас аваад л тэр зодоон дууссан гэх, гэрч А.М ын...Б  ах явж очоод унагаагаад дээрээс нь цохиод байсан. Тэгж байхдаа хохирогчийн гарнаас  Б  ах утсыг нь авсан..., цагдаа таарахад Б  ах сууж байсан газартаа хохирогч ахын гар утсыг орхисон гэх, гэрч Ж.С гийн...бид хоёр маргалдаад худалдааны гудамжаар явж байсан чинь гэнэт мотоцикльтой залуучууд гарч ирээд Б тэй муудалцаад байснаа санаж байгаа юм. Нэг хэсэг согтсон  байсан.  Нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан.  Энэ хэргийн улмаас Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан байсан. Гар хөл нь халцарсан байсан. Маргааш өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх, гэрч Б.Б гийн...баарнаас гарч яваад хөдөөний мотоцикльтой залуучуудад зодуулаад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьж байна лээ..., Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх, гэрч Б.Э ы... баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх, насанд хүрээгүй гэрч А.М ын…Б  ах мотоцикльноосоо буугаад шууд нөгөө ахыг зодсон. Тухайн үед араас нь бас М  болон М ий найз гэх залуучууд буугаад тэр ахыг хамт зодсон…, миний харснаар О  хохирогч дээр түрүүлж очоод хохирогчийг цохих гэж байгаад өөрөө цохиулаад газарт унаад босч ирээд хохирогчийг нэг удаа цохиж байсан. Үүний дараа М тэй барицалдаж яваад М  хохирогчийн гар луу нь хоёр, гурван удаа цохисон. М эс салаад   хохирогч ах М той барицалдаж аваад М  түүний гар, мөр луу нь мөн цохиж байсан.  Б  ах хохирогчийг хавсарч унагаагаад дээрээс нь цохиж өшиглөөд зодож байгаад Б  ах хохирогчийн гарт байсан гар утсыг аваад эргэж ирээд бид нар зугтаасан … замын цагдаа ирж байхад Б  ах цаашаа хэсэг яваад нөгөө гар утсаа шидсэн. Б  ахын авсан гар утас Самсун маркийн гар утас байсан гэх, гэрч Г.О ын... Б  нэг залуутай маргаж байсан чинь М ий найз гэх залуу нь миний мотоциклоор тухайн залууг мөргөж унагасан…, Б  ах,  М  болон  М ий  найз гэх залуу гурав зодоод байсан…, сүүлд М тай утсаар ярьсан чинь М  Б  ах нөгөө залуугийн гар утсыг нь авсан байна гэж хэлж байсан…, бид нарыг "Тайгер" баарны хойд талд зогсож байхад нэг эмэгтэй хүн орилоод хажууд нь байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг чирээд байсан. М  бид хоёр мотоцикльтой урд нь орж явж байгаад эргээд харсан чинь Б  орилоод байсан эмэгтэй хүний хажууд байсан эрэгтэй хүнтэй барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь эргэж очоод М  мотоциклоороо Б  ахтай барьцалдаад байсан залууг хальт шүргээд цаад талд нь зогссон. Тэгсэн чинь нөгөө ах хүрээд ирсэн. Намайг мотоциклоос буусан чинь нөгөө ах миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би газарт унасан. Босч ирээд нөгөө ахын нүүрний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохисон…, намайг мотоцикль дээр суух үед хохирогч ах газар хэвтэж байсан. М  хохирогчийг газар хэвтэж байхад нь нэг хоёр удаа өшиглөсөн гэх, эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/7-0166 тоот дүгнэлтээр…Самсунг Жи прайм маркийн гар утсыг 180000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч  Д.М , Г.О , Т.М  нар нь Ч. Б тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Б ын...хохирогч уначихаад босож ирээд М ийн мотоциклиос зууралдаад байсан. М  мотоциклиосоо бууж ирээд өшиглөхөд унасан. Унахад нь М , О , М  бид хэд нийлж зодсон гэх, шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б ийн...намайг унахад бүгдээрээ нийлж зодсон, доошоо хараад зодуулаад хэвтэж байхад миний гарнаас гар утасыг чангаасаар байгаад аваад явсан гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.С гийн...нэг ухаан орсон чинь Б  хүмүүст зодуулсан гээд нүд, нүүр нь гэмтсэн байсан…, Б ийн толгой хавдаж, баруун талын нүдний доод зовхи нь урагдсан…, гар хөл нь халцарсан..., өглөө нүд нь хавдаж хөхөрсөн байсан гэх, гэрч Б.Б гийн...Худалдааны гудамжинд явж байсан чинь мотоцикльтой залуучууд тал талаас гэрэл тусгаж байгаад хоёр гурвуулаа зэрэг зодож байгаад гарт байсан гар утсыг минь аваад явсан гэж ярьсан гэх, гэрч Б.Э ы...худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад...найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэгүүд болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 358 тоот дүгнэлтээр...Б.Б ийн биед зүүн нүдний доод зовхинд язарч урагдсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн завжинд зөөлөн эдэд 2 тооны хуралт, зүүн тохой, зүүн шилбэнд 4 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, салтын цус харвалт доод зовхины язарч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн завжны цус  хуралт зүүн тохой, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Харин тухайн үйл баримт болсон орой шүүгдэгч нар мотоцикльтой хөдөөнөөс орж ирэх үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт байрлах худалдааны гудамжинд орилох, хашгирах эмэгтэй хүний дуу гарсан газарт очиход эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан ба эрэгтэй нь эмэгтэйгээ чирч гулдарч, зодож байна гэсэн шалтгаанаар  шүүгдэгч Ч.Б  бусадтай бүлэглэн хохирогч Б ийг зодож, гарт атгаатай байсан гар утсыг хүч хэрэглэн авсан.

Шүүгдэгч  Д.М , Г.О , Т.М  нар Ч.Б тай бүлэглэн хохирогч Б ийг  зодсон нөхцөл байдлыг  дүгнэхэд  шөнийн 03 цагт “худалдааны гудамжны ойролцоо байдаг олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан” иргэд унтаж амарсан байх цаг хугацаанд гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл  Олон  нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл байдаг бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь нийтийн хэв журмыг зөрчөөгүй эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулахыг ойлгоно.

“Нийтийн хэв журам зөрчсөн” гэдэг нь нийгэм дэх хүмүүсийн харилцаа, олон нийтийн амгалан тайван байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, олон нийтийн хэвийн үйл ажиллагаанд халдсан байдаг.

  Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь гэрч Б.Э ы "...баарны үүдэнд зогсож байсан чинь бараан захын хойд талд байдаг худалдааны гудамжинд хүмүүс орилолдоод тус гудамжны баруун талаас гурван мотоцикльтой залуу их хурдтай давхиж гарч ирээд тойроод урагшаа төв зам руу нийлээд явсан…, Б  танихгүй дугаараас залгаад хаана байна гэхээр нь гэртээ харих гээд явж байна чи хаана байна гэж асуусан чинь Б  найз нь танихгүй хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар хохирогчийн гар утас газарт унасан байсныг болон хараагүй маргааш нь Ч.Б  авсан байсан талаар хамт явсан гэрч А.М аас мэдсэн талаар өгсөн мэдүүлэгүүдээр үгүйсгэгдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх,  шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 180000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

 Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.

Харин шүүгдэгч Ч.Б , Д.М , Г.О , Т.М  нар нь бүлэглэн хохирогч Б.Б ийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М , Г.О , Т.М , Ч.Б  нарт холбогдох “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ч.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч Ч.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэни бичиг баримтгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ч.Б ын цагдан хоригдсон 247 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

шүүгдэгч А овогтой Д.М , Б  овогт Т.М , Улаан овогт Г.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А овогтой Д.М , Б  овогт Т.М , Улаан овогт Г.О  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ч.Б , Д.М , Г.О , Т.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийг хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялын 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б ын цагдан хоригдсон 247 /хоёр зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М , Г.О , Т.М  нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН