Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 50

 

А.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2017/0033/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Д.Э нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.О-ийн эсэргүүцлээр А.Э-ад холбогдох эрүүгийн 1739000500012 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булгийн 5-00 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ходого овогт А.Э (РД: СО91112026), 

А.Э- нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 37-73 улсын дугаартай “Т.Витз” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн  1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс иргэн Д.Э-ийн баруун хөлөн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газраас А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А.Э-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Э-ыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 2 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож тус тус шийдвэрлэжээ.

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.О эсэргүүцэлдээ: “... А.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт 37-73 улсын дугаартай Т.Витз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 1.5-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж иргэн Д.Э-гийн баруун хөл дээгүүр нь тээврийн хэрэгслээр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Хэнтий аймгийн Прокурорын газраас А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Э-ыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 2 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож шийдвэрлэхдээ А.Э- нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх заалтыг журамлан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/109 дугаартай шийтгэх тоггоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 1.5 дугаар заалтуудыг зөрчиж бусдад хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурор яллах дүгнэлтдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаар тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ. 

Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхөөр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хууль хэрэглээний алдааг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар техникийн шинжтэй гэж үзэн залруулсан нь үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО

          ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                              Б.ДЭНСМАА