Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр                              Дугаар 204/МА2017/00007                              Өвөрхангай аймаг

 

                              Т.Доржцэрэнгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                 хэргийн тухай

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 514 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Доржцэрэн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Маналд холбогдох

 “Гэм хорын хохирол 659211 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Т.Доржцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                       

           Нэхэмжлэгч Т.Доржцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Б.Манал нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мотоцикльтой явж байгаад У.Түвшинбаярыг дайрч амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан тул тархи толгой, нүд, шүд, хамар, бөөрөнд удаа дараагийн эмчилгээ, курс эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор хүүхдийн маань биеийн байдал толгой их өвддөг, хүчтэй эм уулгадаг. 5 хоногийн хичээлд суух хүндрэлтэй байгаа.

Эмчид үзүүлэхээр тархины доргилт их байна гэдэг. У.Түвшинбаяр нь хичээлийн цүнхээ үүрч чаддаггүй. Эмчилгээний зардлаа гарсан үед нь нэхэмжилнэ. У.Түвшинбаярын эмчилгээний зардал болох 659211 төгрөгийг Б.Маналаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Манал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Аюуш баатарын хөшөөний ард мотоцикльтой явж байгаад У.Түвшинбаярыг мөргөж биед нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Би энэ болсон явдалд харамсаж шаналж явдаг. У.Түвшинбаярын эмчилгээний зардлыг тухай бүр төлж явж байсан. Тархины зураг авахуулахад нь 313000 төгрөг, эм тарианд 127500 төгрөг өгсөн. 2015 оны 08 дугаар  сарын  11-ний  өдөр  эмчилгээнд  явах  гэж  байна  2000000  төгрөг шаардлагатай байна гэхэд нь өгсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1200000 төгрөг нэхэмжилснээс 1000000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2016 оны 03 сард 550000 төгрөгийг төлсөн. Би өөрөө тусдаа гараагүй. Ажил хийдэггүй, тэтгэвэрт байдаг ээжийн хамт айлын мал маллаж амьдардаг. Энэ бүх мөнгийг малыг нь маллаж байгаа айлаасаа малчны зээл авхуулж өгч байсан. Би түрүүчийнхээ айлын өр зээлийг дарж дуусаагүй, айлд зарагдаж байгаа. Нөгөө талаас дахин эмчилгээний төлбөр нэхэмжилснийг төлөх ямар ч боломжгүй байна. Миний энэ хүүхдийн төлөө сэтгэл гарган хичээсэн зүтгэлийг ойлгож хүлээн авна уу гэжээ.

           Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Маналаас 83711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Доржцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 575500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Доржцэрэн давж заалдах гомдолдоо:

Б.Манал нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мотоцикльтой явж байгаад Ц.Түвшинбаярыг дайрч биед нь болон амь насанд аюултай хүнд гэмтэл (тархи толгойд 7 хугарал, нүд, шүд, хамрын гэмтэл, бөөрний доргилт) учруулж удаа дараагийн маш их эмчилгээ шаардагдаж Улаанбаатар хотын Эх нялхасын төвд очиж үзүүлж эмчилгээ авч хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш эмчлүүлсэн эмчилгээний зардлаа 3 удаа нэхэмжилсэн.     

           Ингээд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 2108700 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр 1000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 550000 төгрөг, нийт 3658700 төгрөг нэхэмжилж авсан.

Манал нь 4000000 гаруй төгрөг эмчилгээнд явахад л зүгээр мөнгө өгөөд байсан гэж ярьдаг. Ингэж худлаа гүтгэж ярьж баймааргүй байна. Нялх хүүхдийн эрүүл мэндийг хохироочихоод бие нь яаж байна гэж асуух нь байтугай танихгүй хүмүүс шиг явдаг. 2016 оны 07 дугаар сард эмчийн хяналтандаа үзүүлж ирээд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Маналаас 659211 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан. ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл дээр Манал нь Түвшинбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн байна. ...амь насанд аюултай хүнд гэмтлийг яагаад хүндэвтэр гэж дүгнэв.

Шүүх бүрэлдэхүүн өөрсдийн дотоод итгэлээр худлаа зардал нэхэмжилсэн гэж үзсэн нь илт байгаа учраас гомдолтой байна. Одоо манай хүүхдийн бие муу толгой нь байнга өвдөж, дотор нь муухайрч бөөлждөг, хичээлдээ явж чадахгүй байна. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр зардал 52900 эмийн үнэ 30811 нийт 83711 төгрөгийг Маналаас гаргуулж бусад эмийн 36000, 19000 төгрөг, буудлын зардал 400000 төгрөг, хоолны үнэ 119700  төгрөг нийт 575500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ эмийн үнэ, буудалд байсан хугацаа бүгд эмчилгээний карттай нийлж байгаа.

Улаанбаатар хотод Гачууртад нэг айл байдаг би тэндээс хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд явж чадахгүй. Улаанбаатар хотыг сайн явж мэдэхгүй учраас эмнэлгийн ойролцоо буудалд байсан. Яагаад буудалд байж болдоггүй юм бэ? үүнээс гадна өч төчнөөн зардал гардаг. Тэр болгоныг нэхэмжлээгүй.

Бага насны хүүхдийн амь насанд аюултай хүнд гэмтэлтэй учруулж эрүүл мэндийг нь хохироочихоод ирээдүйд тархи толгой ой санамжинд ямар өөрчлөлт орохыг хэлж мэдэхгүй. Эмч нар хожуу хойно өөрчлөлт гарна гэсэн. Одоо миний хүүхэд байнгын эмчилгээтэй байгаа тул нэхэмжилсэн зардлыг гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00514 дугаартай иргэний хэргийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулахаар хуульчилсан байдаг бөгөөд энэ хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд...хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан...байдлыг бичнэ” гэж заасан байдаг.

 Шүүх хуралдааны тэмдэглэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагдсан эсэх, зарим тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржцэрэн нь Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явсан зардал 30400 төгрөгний, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан зардал 22500 төгрөгний, 69511 төгрөгний эм авсан болон зочид буудал хоолны зардалд 519700 төгрөг төлсөн баримтуудыг нотлох баримт болгон шүүхэд өгчээ.

         Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн “...эмчилгээний зардал, эмийн мөнгө 120000 төгрөг, буудалд байрласан 400000 төгрөг, замын зардал 30000 төгрөг байгаа байх...” /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ гэсэн тайлбар өгснөөс өөрөөр нотлох баримтуудын талаар асууж тодруулаагүй, шинжлэн судлаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд өгсөн баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтуудыг тухайлбал замын зардал 52900 төгрөг, “Монос-Мойл ФМ” эмийн сангаас авсан эмийн үнэ 30811 төгрөгийг шинжлэн судлагдсан нотлох баримт гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн байна.

    Хэрэгт авагдсан баримтаас үзвэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ насанд хүрээгүй хохирогч У.Түвшинбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Пүрэвжаргал нь өөрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Т.Доржцэрэнд итгэмжлэл олгожээ.

      Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Доржцэрэн нь төлөөлүүлэгч Э.Пүрэвжаргалаас татгалзаж байгаа тухай хүсэлт гаргажээ /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т төлөөлөгч нь төлөөлүүлэгчээсээ хэдийд ч татгалзах эрхтэй боловч Т.Доржцэрэн нь У.Түвшинбаярын хууль ёсны төлөөлөгч мөн эсэх нь тодорхойгүй байхад түүнийг нэхэмжлэгч гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн байна.

      Бусдын эрүүл мэндэд  учирсан гэм хорын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх тухайн харилцааны оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Хэдийгээр хариуцагч Б.Маналын хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/ тогтоогдож байгаа боловч У.Түвшинбаяр хаана, хэдийд, ямар эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн эмчилгээнд гарсан зардал мөн эсэх талаар бодитой дүгнэлт хийх боломжгүй байгааг шүүх анхаараагүй байна.

Б.Манал нь насанд хүрээгүй хохирогч У.Түвшинбаярын биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүх хүндэвтэр гэмтэл гэж дүгнэсэн нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2016/00514 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Нэхэмжлэгч Т.Доржцэрэнгийн давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй болохыг дурдсугай.

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                      ШҮҮГЧИД                    Л.НЯМДОРЖ

                                                                          Г.УЛАМБАЯР