| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0112/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 156
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч М.Ч , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ч ад холбогдох 163/2019/0112/Э индекстэй, эрүүгийн 1915001710105 дугаартай хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Мөн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
Мөн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт М.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ч нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 5 дугаар сараас эхлэн 4 удаагийн үйлдлээр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ахмад настан, аав Ц.М тэй харгис хэрцгий харьцаж агсам тавьж, хэл амаар доромжилж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915001710105 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ц.М.өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр бид хоёр лангуун дээрээ байхад манай том хүү М.Ч ганцаараа согтуу орж ирээд хашгираад над руу дайрах гэхээр нь би лангууны жижиг хаалгыг хаачихсан чинь онгойлгож чадахгүй байсан. Тэгээд уурандаа лангууны жижиг шилийг хагалахаар нь ээж нь гарч гүйгээд л цагдаад хандсан юм билээ. Тухайн үед манай хүү эхнэр бид хоёрыг цохиж зодсон асуудал байхгүй. Архи уусан үедээ намайг “ална, лалар пизда” гэх мэтээр элдэв үгээр харааж зүхэж орилж хашгирч амьдардаг. Өнгөрсөн 2018 онд 3 удаа агсарч цагдаад хандаж байсан. Үүний дагуу баривчлах шийтгэл эдэлсэн байх. Мөн 1 зодуулж хөнгөн гэмтэл авч эрүүгийн хэрэг үүсгэж ял шийтгэгдсэн. Би өөрөө 2017 оны 2 сард тал цус харваад одоо гэртээ байдаг хүн…, архи уухаа боль гэж хэлдэг түүнээс өөрөөр хэрүүл маргаан хийх шалтаг шалтгаан байхгүй. Архи уусан үедээ авир гаргаад асуудал үүсгэдэг хүн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Л ын өгсөн:...манай хүү М.Ч ганцаараа согтуу орж ирээд нөхөр бид хоёр луу агсараад тэгээд дэлгүүрийн лангууны 2 жижиг шилийг цохиод хагалчихсан юм. Тэгээд аав руугаа дайраад “пизданууд” гээд орилж хашгираад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Лангууныхаа шилийг янзлаад бүтэн болгосон. Түүн дээр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.Ч нь өөрөө ажил эрхэлдэггүй. Албан ёсоор манай хаяг дээр бүртгэлтэй. Гэрээсээ гараад явахаараа архи уудаг. Уугаад явчихвал хэд л бол хэд хоногоор уугаад явдаг. Тэгээд согтчихоороо ааш авир нь өөрчлөгдөөд их догшин ширүүн зан авиртай болдог. Манай нөхөртэй буюу аавтайгаа таарамжгүй болдог. Аав нь өөрөө тал харвачихсан хүн байдаг ба архи уугаад ирэхээр нь угаасаа таарамжгүй учраас “эрүүлдээ ир битгий согтуу ирж бай” гэдэг асуудлаас болоод л энэ 2 таарч тохирохгүй хэрүүл маргаан хийдэг. Ажилгүй учраас гадуур гараад л найз нөхөдтэйгээ нийлээд л архи уучихдаг болсон. Ер нь бол их уудаг байсан. 2018 оны эхээр болов уу бага зэргийн харвалт өгчихсөн ба түүнээс хойш уухаар 2-3 хундага уугаад л ухаан мэдрэлээ алдталаа согтчихдог болсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Д.Н гийн өгсөн:...аавтайгаа жаахан таарамж муутай л байдаг билээ. Ээж нь л архи дарс уучихаараа аавтайгаа таарахгүй хэцүү юм л гэж ярьдаг юм…, аав нь өвчтэй гэртээ хэвтэрт байдаг болохоор согтуу ирэхээр нь л хэцүү байдаг болоод л хэрүүл маргаан үүсдэг байх гэж бодож байна. М.Ч бол их олон жил архи дарс хэрэглэж байгаа байх. Архины эмчилгээнд өмнө нь 2 ч удаа байх явж байсан санагдаж байна. Нэг хэсэг их архинаас гарчихсан гээд уухгүй аятайхан байсан тэгээд ажилгүй учраас л архи дарс хэрэглэдэг байх гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Б.М ын өгсөн:...цагдаагийн газрын жижүүрээс Булган сумын 5 дугаар багийн нутагт М.Ч нь ээжийнхээ дэлгүүр дээр агсан тавиад байна гэсэн дуудлага ирүүлсэн тул Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Баянтохой” гэдэг нэртэй газар очиход М.Ч нь согтуууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дэлгүүрийн үүдэнд ганцаараа сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Яллагдагчаар М.Ч ын өгсөн:...би бол аав ээж дээрээ ороод л учиргүй агсараад зодож нүдээд байсан зүйл байхгүй. Манай аав, ээж 2 нэг өрөөнд би тусдаа нэг өрөөнд байдаг. Тэгээд аавын өрөөнд ороод зурагт харах гэхээр нэг бол сувгаа солиод, нэг бол хүүхэлдэйн кино тавьчихаад л юм үзүүлдэггүй. Тэгээд л юм ярихаараа миний эсрэг юм ярина, ялгаагүй ээж нэг кино үзэх гэхээр аав өөр юм үзэх гээд л тэгээд зөрөлдөнө. Би ийм байдлаас нь болоод өрөө рүү нь бараг ордоггүй. Заримдаа ээжийгээ өрөвддөг. Хажууд нь хамт байхад л өөрөө хэцүү хүн байхгүй юу. Тэгээд л би архи уучихсан үедээ ороод л би буруутан л болж байгаа юм. Энэ зүйл ангийн хувьд яг юу гэж хэлэхээ бол мэдэхгүй байна. Яг шалтгаан нь бол ийм л юм байгаа юм. Манай нэг найз заамарт намайг ирж машин барь гээд ажилд дуудаад байгаа юм. Энэ асуудал гайгүй шийдэгдчихвэл би тийшээ явж ажилд орох санаатай л байгаа. ...Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй, өмгөөлөгч авахгүй. Миний архи уучихдаг буруу ч байгаа л байх гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 30-37 дугаар хуудас/, шийтгэх тогтоол, шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 46-50 дугаар хуудас/, зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаарх баримт, шийтгэвэрийн хуулбарууд /хх-ийн 51-55 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч ын 2018 оны 5 дугаар сараас эхлэн 4 удаагийн үйлдлээр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох ахмад настан, аав Ц.М г хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь байнгын шинжтэй болсон хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.М.өгсөн мэдүүлгийн эх сурвалж гэрч Ц.Л , Д.Н , Д.Цолмон нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаарх баримт, шийтгэвэрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч М.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох аав Ц.М г хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай байх бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий хүн” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарах юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Ч ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Ч ыг гэр бүлийн хүчирхийлэлийг ахмад настны эсрэг үйлдэж төрсөн эцэг Ц.М г хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ц.М нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч М.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хохирогчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мөн шүүгдэгчийн зан араншин, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч нь энэ хэрэгт нийт 79 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М.Ч ыг гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ч ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч М.Ч ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч ын цагдан хоригдсан 79 хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ч ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН