Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 157

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Ш.Н ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Н ад холбогдох 163/2019/0149/Э индекстэй, 1915002630151 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, туслах жолооч ажилтай, ам бүл 7, урьд ял шийтгэлгүй, М овогт Ш.Н 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “А” гэх газраас Б.У ийн 2 тооны ямаа 2 тооны хонь хулгайлж, түүнд 560000 /таван зуун жаран мянга / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н ын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хамаатны айлаас 2 хонь, 2 ямаа хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

1915002630151 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.У  өгсөн:...тухайн үед тоолоход хонь 120, ямаа 406, хурга ишиг нийлсэн 249 байсан. Тухайн өдөр өглөө 07 цагийн орчимд Н  нь Булган аймгийн төвийн хашаанаасаа уячихсан байсан ямаагаа алдчихлаа гэсээр ирсэн. Тэгээд манайхаас морь унаад гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хоосон ирэхээр нь яасан гэж асуухад олчихлоо тэр доороос уячихлаа гэсээр ирсэн. Тэгээд тухайн үед хонь гаргах хүн олдохгүй болохоор нь Н аас би хонь гаргаад өгөхүү гэж асуухад тэгье гэж хэлээд 1 хонь, 1 ямаа гаргуулж янзлуулсан. Тэгээд гэдэс толгой шийрийг нь Н ад өгөөд гэрлүү нь манай нөхөр хүргэж өгчихөөд ирсэн. Тэгээд 17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг руу гэр бүлийн хамтаар явсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай үнээг саахаар үлдсэн эгчийн гар утсаар Н  нь залгаад та хаана байгаа юм би цамцаа орхичихож гэж хэлэхээр нь  цамцыг нь хийсэн газраа зааж өгсөн. Тэгээд чи юутай яваа юм бэ гэж асуухад машинтай явж байгаа гэж хэлсэн. Тэгээд холбоогоо тасалсан. Тэгээд би 3 хоночихоод буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд тухайн үед хонь, ямаа харж үлдсэн Т  ах нээх юм яриагүй. Харин маргааш өглөө нь баларсаан хонь, ямаа дутчих шиг боллоо гэж хэлэхээр нь хонь ямаагаа тоолж үзэхэд 4 ямаа, 2 хонь дутсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,   

Гэрч Д.Т ын өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сум “А” гэх газарт зусаж байсан Б , эхнэр нь У  нарын малыг харж байсан... тэгсэн чинь 2019 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 23 цагийн үед Н  ирээд цамцаа авсан хэдийч гэрт утсаар яриад суугаад байсан... Тэгээд би хонио хашихад Н  бас хашилцсан. Н  шөнө 1 цагийн үед явсан. Би хонь алга болсон талаар маргааш өглөө нь мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр хойно овоолготой байсан өтгөн дээр нохой эргээд байхаар нь яваад очсон чинь хонь, ямааны шинэ нойтон хоргол байсан. Тэгээд сайн хартал өтгөн дээр хар өнгийн хутга байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Яллагдагчаар Ш.Н ын...2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр М  гэх айлд очсон ... М  эхнэр У  нар нь цэргийн алба хааж байгаа хүүхэд дээрээ очихоор явах гэж байна “чи хонь ямаа 2 гаргаад өгчих” гэхээр нь би гаргаж төхөөрсөн. Тэгээд М  ах намайг өөрийнхөө мотоциклоор гэрлүү маань хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ харьсныхаа дараа цамцаа М  ахынд үлдээснээ санаад орой 23 цагийн орчимд М  ахынд очсон. Тэгээд тухайн үед хонь хашиж өгчихөөд нааш гэрлүүгээ алхсан. Тэгээд нааш алхаж байгаад эргэж очоод 2 ямаа, 2 хонийг хашаанаас аваад өтгөний дээр аваачиж голыг нь таслаад уруудаж жалганы адагт аваачиж нуусан..., тухайн үед Улаанбаатар хотоос ирчихсэн байсан манай эхнэрийн хамаатан С  ахтай утсаар яриад би нэг ахаасаа хонь ямаа зээлээр авчихлаа цаг оройтчихлоо унаа олддоггүй та ирээд аваач гэж хэлтэл за гэж хэлээд удалгүй ирээд намайг авсан...тэгээд С  ахын машинд голыг нь тасдсан 2 хонь, 2 ямаагаа хийж ачаад гэртээ буусан... тэгээд маргааш өдөр нь махыг нь гулуузаар нь зарсан... тэгээд би удалгүй цагдаад баригдсан. Учир нь 2 ямаа 2 хонины голыг тасалсан газар болох өтгөн дээрээ өөрийн авч явсан хар өнгийн иштэй хутгыг орхичихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 06 дүгээр сарын 13-ны өдрийн алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 560000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н  нь 2019 оны 6 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутаг “А” гэх газраас Б.У ийн 2 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Ш.Н ын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Н  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч Ш.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ш.Н ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н ыг 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ш.Н  зан үйлээ засах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН