| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0158/Э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 160
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ж. Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А д холбогдох 163/2019/0158/Э индекстэй, 1915002710181 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 26 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С.А.
Шүүгдэгч С.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн Л.Г гийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг завшиж 559000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А ын өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1915002710181 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.Г гийн өгсөн: "...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн 5 дугаар багийн нутагт орших “У ” дэлгүүрээс гараад гэртээ харих зорилгоор такси барьсан. Тухайн үед би такси дуудах гээд утсаараа залгатал таксины дугаар холбогдохгүй байхаар нь гараа өргөтөл Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явдаг Б гэх хүн Алтан дэлгүүрийн ойролцоо замын эсрэг талд зогсохоор нь би очоод хойд талын суудал дээр суусан тухайн үед жолоочийн хажууд нэг ахимаг насны эмэгтэй сууж явсан, хойд талын суудал дээр надаас өөр хүн байхгүй байсан. ...Тэгээд би гэрийн гадаа очоод гар утсаа хажуудаа тавиад цүнхнээсээ мөнгө гаргаж өгөөд буухдаа гар утсаа үлдээсэн байсан. Тэгээд би гэртээ ороод ойролцоогоор 7-8 минутын дараа гар утсаа үлдээснээ мэдээд өөрийн гар утасруугаа залгатал холбогдож байсан. Гэхдээ хүн авахгүй байхаар нь таксины жолоочийн дугаарыг олоод залгатал үзээд өгий байхгүй байна гэсэн. ...Тэгээд жолоочийг дуудаад уулзахад чамаас хойш 3 хүн авсан эхний 2 хүн урдаа суусан чамайг залгахад миний хойд талд 2 хүн сууж явсан уг хүмүүс мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд би цагдаагийн газарт хандсан ...”гэх мэдүүлэг /хх-15-17 тал/,
Гэрч Н.Б ы өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны 11 цагийн орчим 3 дугаар баг руу хүн хүргэж өгөх гээд явж байтал “У ” сэлбэг зардаг эмэгтэй нэрийг нь мэдэхгүй гараа өргөхөөр нь аваад явсан. ...Тэгээд сүүлд авсан хүмүүсийг суулгаад явж байхад “У ” дэлгүүрийн сэлбэг зардаг эмэгтэй надруу залгаад “би утсаа хаясан байна, дуудаад байна” гэхээр нь хойно байгаа хүмүүмт “хүмүүсээ утас байна уу” гэхэд “байхгүй байна” гэсэн. Тэгээд утсаа хаясан эмэгтэйтэй уулзаад хаагуур явсанаа хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Т.Н ийн өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын дундаас эхлэн яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна шаргал өнгийн Huawei Y-6 маркийн гар утсыг ашиглаж байна. Уг гар утсыг би өөрийн эхнэрийн хамаатан А гэж дуудаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна эмэгтэйгээс өөрийн гар утсаараа сольж авсан. ..” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт “HUAWEI Ү6” утас 559000 төгрөг” гэх дүгнэлт /хх-26-28 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-34-35 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-10-11 талд/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-40-42 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт иргэн Л.Г гийн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг завшиж 559000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Л.Г гийн өгсөн: “.... Би гэрийн гадаа очоод гар утсаа хажуудаа тавиад цүнхнээсээ мөнгө гаргаж өгөөд таксинаас буухдаа гар утсаа үлдээсэн байсан. Гэртээ ороод ойролцоогоор 7-8 минутын дараа гар утсаа үлдээснээ мэдээд өөрийн гар утасруугаа залгатал холбогдож байсан гэхдээ хүн авахгүй байхаар нь таксины жолоочийн дугаарыг олоод залгатал үзээд өгий байхгүй байна гэсэн...Тэгээд жолоочийг дуудаад уулзахад чамаас хойш 3 хүн авсан эхний 2 хүн урдаа суусан чамайг залгахад миний хойд талд 2 хүн сууж явсан уг хүмүүс мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. ...” гэх, гэрч Н.Б ы өгсөн: “... Хүмүүсийг суулгаад явж байхад У дэлгүүрийн сэлбэг зардаг эмэгтэй надруу залгаад би утсаа хаясан байна дуудаад байна гэхээр нь хойно сууж явсан хүмүүсээс утас байна уу гэхэд байхгүй байна гэсэн...тэгээд утсаа хаясан эмэгтэйтэй уулзаад хаагуур явсан аа хэлсэн. ..” гэх, гэрч Т.Н ийн өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын дундаас эхлэн яг хэндний өдөр гэдгийг нь санахгүй байна шаргал өнгийн Huawei Y-6 маркийн гар утсыг би өөрийн эхнэрийн хамаатан А гэж дуудаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна эмэгтэйгээс өөрийн гар утсаараа сольж авсан. ...” гэх мэдүүлгүүд, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээний: “...“HUAWEI Ү6” утас 559000 төгрөг. ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна гэж шүүх үнэлж шийдвэрлэлээ.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайрхамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.А нь “HUAWEI Ү6” гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа санаатай үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч С.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь гэм буруугийн талаар маргаагүй, “Huawei Y6” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгснөөр хохирогч Л.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч С.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч С.А д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үлйдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс,бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 559000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг шүүгдэгч С.А д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ