Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 067

 

БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,

иргэдийн төлөөлөгч Д.Ё,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид И.Ж, Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас “Хүнийг алах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-н С-д холбогдох 1913004320274 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1971 оны 12 сарын 08-ны өдөр БӨ аймгийн А суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс казах, БӨ аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 1993, 1998, 2009, 2013, 2015 онд тус тус 5 удаа ял шийтгүүлж байсан, Х овогт М-н С, регистрийн дугаар ББ................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ хамт архидаж байсан иргэн Ж.Е-ын хэвлий хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “Тухайн өдөр өглөө нь бэр И.Ж аймагт очно гэж манай гэрт ирээд машины бичиг баримт болон миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Дараа нь 30 минутын дараа талийгаач Ж.Е ирээд И.Ж аймаг руу явсан, таны иргэний үнэмлэхийг авсан уу гэж асуухад аваад явсан, та хоёр хамт ирээгүй юм уу гэж би асуусан. Тэгэхэд хамт ирээгүй, тэр өөр машинаар ирсэн, би алхаад ирсэн гэж хэлээд толгой өвдөөд ирсэн гэж бид нарын өглөө ууж байсан цайнаасаа уучхаад гараад явсан. Дараа нь хэдэн минутын дараа архи аваад ирсэн. “Чи гэртээ явахгүй юм уу, бэр өнөөдөр ирэхгүй юм уу” гэж асуухад эхнэр маргааш ирнэ группээ сунгуулахаар явсан гэж суугаад байсан. Тэгээд бид нар тэр өдөржингөө залгуулаад 3-4 шил архи ууж нэлээн согтсон байсан. Манай эхнэр архинд дуртай хүн. Талийгаач миний эхнэрт архи өгөөд байхаар нь “одоо тэрэнд битгий өг, согтчихно гэж хэлээд” бид хоёр уугаад байсан. Орой болохоор нь бие засахаар гадуур гарч яваад буцаж ирэхэд талийгаач болон манай эхнэр хоёр бэлгийн харьцаанд орж байхыг хараад “юу хийж байгаа юм вэ гэж” Ж.Е бид хоёр зодолдож эхэлсэн. Эхнэр маань согтуу хэвтэж байсан. Талийгаач ширээнд байсан хутгыг над руу шидэх шиг болсон. Би хутгыг яаж яваад гартаа барьснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд хутгалсан байсан. Талийгаач “Та намайг алчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь сандарсандаа  гэрээсээ гарч яваад М.Н-ы гэрт очсон байна. Тэнд яаж очсоноо мэдэхгүй байна. Та бүхний өмнө уучлалт гуйж байна. Үйлдсэн гэмт хэргээ эхнээсээ хүлээн зөвшөөрсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж мэдүүлэхдээ: Талийгаач Ж.Е ямар хүн бэ, чи ямар хүн бэ гэдгийг А сумын иргэд мэдэж байгаа. Архи уух болгондоо надад нэг хүн алах эрх байгаа, ална гэж хэлж байсныг чинь сонсож байсан. Надад хүртэл олон удаа утсаар та нарыг ална гэж хэлдэг байсан. Би одоо 3 нялх хүүхэдтэй хөдөө ганцаараа байна. Одоо байхгүй болсон хүнийг яаж тэгж, гүтгэж чадаж байна. Талийгаач Ж.Е архи уусан ч хүний өмнөөс үг хэлж чадахгүй хүн. Ичихгүйгээр яаж тийм зүйл хэлж чадаж байна. Чиний эхнэр ямар хүн бэ гэдгийг А сумын бүх хүн мэднэ. Бүр 1 дүгээр ангийн хүүхэд хүртэл мэддэг. Та олон удаа ял шийтгүүлж  байсныг бүх хүн мэднэ” гэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж мэдүүлэхдээ: М.С миний дүү байнга архи уудаг гэдгийг бүгд мэднэ. М.С-гийн өмнөх эхнэр нь сайн хүн байсан. Тэрнээс архинаас болж салсан. Одоо архичин эхнэртэй болсон. Чи өөрөө ах хүн байж дүү чинь болох талийгаач Ж.Е-тай хамт архи уух шаардлага байсан уу. Нэгэнт дүүгээ чи өөрийнхөө гараар хутгалж алсан. Казах хүний ичих нүүр гэж байдаг. Дүү чинь чиний эхнэртэй бэлгийн харьцаанд орсон ч тэрийг дуугүй өнгөрөөж болоогүй юу. М.С-гаас авдаг мөнгө ч байхгүй. Миний бодлоор дүү нараас нь мөнгө авна гэж хэлмээргүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Ж.Е-ыг бэлгийн харьцаанд ороогүй гэдгийг тогтоосон байна. М.С-д хандаж хэлэхэд, чи миний хүүг хоёр удаа алсан. Нэг удаа хутгалж алсан, нэг удаа гүтгэж алсан. Энэ хэрэг миний зүрхэнд үлдэж байна. Талийгаач байхгүй учраас үнэн зөвийг мэдэхгүй байна. М.С талийгаач хутга шийдсэн юм шиг байсан гэж хэлсэн. Ухаанаа мэдэхгүй архи уух ямар шаардлага байсан юм бэ. Охиноо хадамд өгсөн, одоо архи уухаа боль гэж олон удаа хэлж байсан. Өөрийгөө барьж чадаагүй өөртөө гомдоорой. Би М-тай ах дүү хүмүүс. Чи эцэг, эхдээ хүртэл гар хүрч байсан. Магадгүй тэд нарын хараал байх. Гэхдээ талийгаачийн эцэг учраас чамайг суллаж өг гэж хэлэхгүй. Би чамд гомдолтой гэж ийш тийшээ гүйж гомдол гаргаагүй. Үүнийг зөв ойлго. Би талийгаачийн эцэг учраас чамайг суллаж явуул гэж хэлж чадахгүй.” гэв.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 239 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 240 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 241 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаартай дүгнэлтүүд /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтууд/

Эрүүгийн 1913004320274 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 7-11/,

6. Цогцост үзлэг хийсэн “цогцсын баруун нүдний дээд зовхи, хамрын зүүн тал, баруун хацар, хэвлий бүхэлдээ, зүүн гарын сарвуу хэсэг, баруун гарын сарвууны хэсэг, бэлэг эрхтэн, баруун, зүүн гуяны дотор тал бүхэлдээ улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон баруун хацарт 1x0,4 см шалбарсан, дээд уруулын зүүн талд 0,3х0,2 см шалбарсан, зүүн гарын чигчий хуруунд 1x0,2 см зүсэгдсэн шархтай, ядам хуруунд 1x0,2 см мөн зүсэгдсэн шархтай, хэвлийн баруун дээд хэсэг /аюулхайн баруун хэсэгт/ 5 см орчим зүсэгдсэн шархтай ба шархнаас 5см орчим дотор эрхтэн, сэмж чацархайн хэсгүүд гадагшилсан байв. Дээрх шарх нь хэвлийн хөндий бүрэн нэвтэрсэн байв.” гэх тэмдэглэл /хх-ийн 22-23/,

7. Шүүгдэгч М.С-н биед үзлэг хийсэн тухай “М.С-н зүүн гарын гарын сарвууны гадна долоовор болон дунд хурууны харалдаа хөндлөн хэлбэрийн 3x1 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай бөгөөд уг шархыг М.С “өчигдөр талийгаач над руу хутга шийдэхдээ зүсэгдсэн” гэж тайлбарлаж байв. Уг шархны гадна хэсэг бүхэлдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 37-41/,

8. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 12 дугаар 30-ны өдрийн 01, 02, 03 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 85-102/,

9. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Х.Б-гийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт /хх-ийн 116/,

10.Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 235 дугаар дүгнэлт /хх-ийн 127/,

11. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.А-гийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 211 дүгээр дүгнэлт /хх-ийн 130-137/,

12. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 58-59/

“...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байсан байх, манай хамаатан болох Ш.А- нь над руу утасдаад “М.С-н гэрт зодоон болсон байна, та хурдхан хүрээд ир" гэж хэлсэн. Тэр үед би өөрийнхөө гэрт байсан юм. Тэгээд би гэрээсээ гарах гэж байтал над руу М.Н утсаар залгаж, “манай гэрт М.С хүрээд ирлээ, Ж.Е-ыг хутгалчихлаа гэж хэлж байна, та хурдхан М.С-н гэр лүү очоорой” гэж сандарсан байдалтай хэлэхээр нь би машинаа асаагаад эхнэр Ж-тай цуг М.С-н гэрт очсон. Тэдний гэрт очоод хашаа руу нь ороод М.С-н байшингийн урд машинаа тавиад машинаасаа буугаад би түрүүлж гэр лүү орсон. Намайг ирэх үед байшингийн гадна М.Н болон М.С хоёр зогсож байсан байна. Харин би тэд нарыг анзаарсангүй, манай эхнэр харсан гэж хэлж байсан. Би сандраад шууд гэр лүү ороод эхлээд гал тогооны өрөө ороход тус өрөөнд ямар нэгэн хүн байгаагүй ба цаашаагаа зочны өрөө лүү ороход баруун талын буйдангийн баруун урд хэсэгт талийгаач хүү маань доошоо харсан байдалтай, баруун талаараа хажуулдаж хэвтэж байхаар нь шууд талийгаачийн судсыг нь нэлээн барьсан. Тэгж байгаад талийгаачийн дээшээ харуулаад хэвтүүлэхэд талийгаачийн доод хэсэгт цус нэлээн хунирсан байсан. Талийгаачийн дээшээ харуулаад хэвтүүлсний дараа судсыг нь мөн барихад судас нь цохилохгүй байсан.” гэх мэдүүлэг,

13. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 63-64/

“Тэр өдрийн өглөө нь талийгаач надад манай ахаас иргэний үнэмлэхийг нь аваад аймаг ороорой гэхээр нь өглөө 10 цагт би М.С-н гэрт очиж түүний иргэний үнэмлэхийг нь аваад аймаг орсон. Талийгаач 2017 онд М.С-гаас бор өнгийн УАЗ-469 тээврийн хэрэгслийг 2 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд машины тооцоонд өөрийнхөө унаж байсан мотоциклийг өгөөд дээр нь нэмж мөнгө өгсөн. Ингээд тооцоо дууссан боловч одоо хүртэл уг машиныг талийгаачийн нэр дээр буугаагүй байсан. Би тэр өдөр сумын таксигаар аймгийн төв ороод орой нь нөхрөө нас барсан талаар сонсож тэр шөнө суманд ирсэн. ...Надад хэрэгт холбогдуулан гаргах санал хүсэлт алга. Гэхдээ энэ мөнгийг талийгаачийн ар гэрийн зүгээс нэхэхгүй гэж бодож байгаа. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

14. Гэрч М.Н-ы  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 65-66/,

“...Өчигдөр орой 19 билүү, 20 цаг билүү сайн мэдэхгүй байна, миний тооцоолсноор 19-20 цагийн үед манай гэрт ах М.С ороод ирсэн. Тухайн хүн манайд орж ирэхдээ зүүн гар нь зүсэгдсэн шархтай, тус шархнаас нь цус гарсан байдалтай согтуу орж ирээд намайг гадаа дуудсан. Тэгэхлээр нь би юу болов гэж асуугаад гадагшаа гартал М.С надад би хүн алчихлаа гэхээр нь би ямар хүн бэ гэхэд “би хүн хутгалчихлаа, хоёулаа очъё” гэхээр нь би гадна хувцсаа өмсөөд М.С-тай цуг гараад явж байгаад түүнээс яг юу болов, тайван хэлээд өгөөч гэхэд надад “дүү Ж.Е-ыг хутгалчихлаа, би гаднаас ороод ирсэн чинь тэр хоёр бэлгийн харьцаанд орж байхаар нь уурандаа хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Соёлын төвийн дарга Ш.А рүү залгаад “М.С- надад Ж.Е-ыг хутгалчихлаа гэж хэлээ, би итгэхгүй байна, та бид хоёр хамт очих уу гэр лүү нь” гэж хэлэхэд тэр хүн надад “чи эхлээд М.А-, Б.Ж нарыг дуудчих” гэж хэлээд утсаа тасалсан. Би замдаа Ш.А ахыг гэрээс нь дагуулж аваад М.С бид гурав М.С-н өвлийн байшинд очсон. Бид гурав байшингийн гадаа нь очиход М.С надад “би гэр лүү орж авгайг ална” гэхээр нь би түүнд та хоёр наана байж бай гэж хэлээд өөрөө ганцаараа М.С-н гэр лүү орсон. Намайг байшин руу ороод гал тогооны өрөөний баруун талд байдаг зочны өрөөнд ороход зочны өрөөний хаалганы үүд хэсэгт, баруун талын хананд байдаг буйдангийн зүүн буланд талийгаач газарт хэвтэж байсан ба зүүн гараараа хэвлий хэсгээ барьж, баруун хажуу талаараа доошоо харж хэвтсэн байдалтай байсан. Яг тухайн үед талийгаач амьд байх шиг санагдсан. Учир нь талийгаачаас өвдөж шаналсан дуу гарч байх шиг байсан ба түүний доод хэсэгт хивсэнд урссан хүрэн улаан өнгийн цус байсан харагдсан. Харин манай бэр Н.Х нь талийгаачийн урд хэсэгт баруун хажуу талаар согтсон байдалтай, өмд нь өвдөгнөөсөө доош шувтлагдсан хэвтэж байсан. Тэгэхлээр нь би талийгаач амьд байгаа юм байна гэж бодоод шууд түргэн тусламж дуудахаар гадагшаа гарахад гадна Ш.А ах болон М.С хоёр зогсож байсан. Ш.А ах надад “би эмч дуудаад ирье” гэж хэлээд яваад өгсөн ба би М.С-н хажууд байшингийн гадна талд зогсож байтал төд удалгүй машинаар талийгаач аав нь Б.Ж, эхнэртэйгээ мөн М.А гурав хүрээд ирсэн. Тэр гурав машинаас буугаад ирэхэд М.С тэд нарт “би алчихлаа, алчихсан” гэж хэлэхэд нөгөө Б.Ж ах, түүний гэргий болон М.А гурав байшин руу орчихсон” гэх мэдүүлэг,

15. Гэрч Н.Х-ын  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 69-70/

“...2019 оны 12 сарын 04-ний өглөө 10 цагийн үед манай хадам дүүгийн эхнэр Ж, жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, бид нар хоч нэрээр нь дууддаг юм. Ж манайд орж ирээд нөхрийн иргэний үнэмлэхийг аваад явсан юм. Тэд нар 2 жилийн өмнө манай машиныг худалдаж авсан бөгөөд тус машинаа нөхөр нь Ж.Е-ын нэр дээр буулгаж авахаар нөхрийн иргэний үнэмлэхийг аваад явсан юм. Тэгээд 11 цаг өнгөрч байхад манай хадам дүү Ж.Е ороод ирсэн. Тэр ирэхдээ эхнэрээ аймаг руу таксинд суулгаад явуулчихлаа гэж хэлсэн ба манайд ирээд аяга цай ууж аваад гараад явсан ба 15 минутын дараа дахин орж ирсэн. Тухайн үед Ж.Е гартаа “Амуу буудай” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи барьж орсон бөгөөд тус архийг манай нөхөр хоёр хувааж ууж дуусгасан. Тус архи 12 цаг өнгөрч байхад дууссан бөгөөд би тухайн архинаас огт амсаагүй. Тэгээд тус архи дууссаны дараа Ж.Е гараад явсан ба араас нь нөхөр М.С гараад явсан. Тэгээд 1 цагийн дараа 14 цагийн үед М.С, Ж.Е нар хамт ороод ирсэн. Тухайн үед тэр хоёр гаднаас бас архи уугаад ирсэн санагдсан, нэлээн халамцуу байсан. Тэр хоёр ороод ирсний дараа би цай хийж өгөөд шөлтэй хоол хийж эхэлж байтал М.С надаас 10000 төгрөг асууж аваад Ж.Е-ыг архинд явуулсан. Ж.Е архинд яваад 5 минутын дараа гартаа “Амуу буудай” нэртэй 0,75 литрийн савлагаатай архи барьж орж ирсэн. Тус архийг М.С, Ж.Е бид гурав хувааж уусан. Тус архи 16 цагийн үед дууссан. Дараа нь 10000 төгрөгөөс үлдэгдэл мөнгөнд талийгаач халааснаасаа мөнгө гаргаж ирээд нэмэн дахин архи авчрахаар гарч явсан. Явах үед би талийгаачийн араас гараад түүнд “чи одоо гэр лүүгээ яв” гэж хэлсэн боловч надад “М.С ах хүлээчих байх” гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй 10 минутын дараа талийгаач гартаа “Амуу буудай” нэртэй 0,75 литрийн архи бариад орж ирсэн ба уг архийг мөн гурвуулаа хувааж ууж дуусгасан ба уг архи дуусах үед би ухаанаа алдаж, тасраад гал тогооны өрөөний буйданд хэвтээд өгсөн байна. Дараа нь нэг мэдэхэд манай гэрт цагдаа нар ирсэн байсан. Энэ хооронд юу болсныг мэдсэнгүй, юу ч санахгүй байна. Манай гэрт нийт 4 ширхэг хутга байдаг. Хоёр хутга ижил загвартай, нэг нь арааны иртэй, нэг нь скочоор ороосон бариултай, нэг хутга нь ногоон өнгийн бариултай жижиг хутга байсан, харин нөгөөдөх нь бор өнгийн модон бариултай, том хутга байсан. Сүүлийн архийг уугаад сууж байхад М.С, Ж.Е нар мах хэрчиж байсан бор өнгийн модон бариултай хутга ширээн дээр байсан юм. Ширээн дээр өөр хутга байгаагүй. Бусад хутганууд гал тогооны шкафын тавиуранд хутганы саванд ил байсан юм. Тус хутга нь гар хийцийн модон бариултай бөгөөд бариул орчим хэсгээрээ төмөр нь хугарч, гагнаж нийлүүлсэн хутга байсан. 2 дахь архийг уугаад сууж байхад М.С нь талийгаачид “би чамд машинаа хямдхан өгчихсөн байна” гэж хэлээд сууж байсан ба тэр үед талийгаач “тэгвэл машинаа буцааж аваад мөнгийг минь өгчих” гэж хэлээд хоорондоо маргаад, нэг нэгэндээ салаавч гаргаад суусан, харин сүүлийн архийг уух үед ямар нэгэн маргаан гараагүй. Тэр хоёр хоорондоо зодолдоогүй. Харин намайг архинд согтож тасарсны дараа юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг.

16. Гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 71-72/,

“...2019 оны 12 сарын 04-ний өдөр миний бие гэртээ унтаж байхад 21 цагийн үед билүү, сайн санахгүй байна, манай дүү М.Н өөрийнхөө 85890099 дугаараас манай эхнэрийн 94986451 дугаарт залгаад “М.С бид хоёр түүний гэр лүү явж байна, манай ах Ж.Е-ыг хутгалчихсан байна, та Б.Ж ахыг дагуулаад М.С-н гэрт хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Б.Ж-н гэрт очиход уг хүн машинаа асааж байсан. Тэгээд тэрний гэрээс Б.Ж ах болон түүний эхнэр Ж бид гурав ахын машинтай М.С-н гэрт очсон. Бид нар гэрийн гадна ирээд зогсоход байшингийн гадна талд М.С, М.Н хоёр зогсож байсан. Харин тэд нарыг Б.Ж ах хараагүй байх, эхлээд тэр хүн шууд гэр лүү орсон. Дараа нь Ж бид хоёр орсон. Ж бид хоёр байшингийн гал тогооны өрөөнөөс дамжаад баруун талд нь байдаг хаалгагүй зочны өрөө лүү ороход талийгаач Ж.Е нь хаалганы баруун талд байдаг буйдангийн зүүн буланд доошоо харсан байдалтай хэвтэж байсан.  Харин Н.Х нь буйдангийн урд хэсэгт буюу өрөөний цонхны урд хэсэгт хивсэн дээр хэвтэж байсан. Тэгээд Б.Ж ах Ж.Е-ын судсыг барьж үзэж байсан ба би М.С-н эхнэр Н.Х-ыг чирээд өрөөний баруун талд шалан дээр байсан орны матрасын хажууд хэвтүүлээд дээр нь одиялаар хучсан. Тэр хооронд Б.Ж ах талийгаачийг байрнаас нь хөдөлгөөд дээшээ харуулж хэвтүүлээд дээр нь нимгэн зүйлээр хучих шиг болсон.” гэх мэдүүлэг,

17. Гэрч М.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 73-74/,

“Намайг гэрт очиход охин маань боорцог хийж байсан. Харин 6 дугаар ангид сурдаг хүү маань байхгүй байхаар нь эгчээс нь дүү чинь яасан бэ гэж асуухад надад “сая нагац ах М.С согтуу ирээд дүүг дагуулаад М.Н-ы гэрт явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хүүгээ хайгаад М.Н-ы гэрт очиход тэднийд М.Н-ы эхнэр Г болон манай хүү хоёулаа сууж байсан ба тэр үед Г надад “та мэдсэн үү” гэж асуухаар нь би юу болсон гэж асуухад надад “сая хадам ах ирээд М.Н-ы дагуулаад явлаа, тэр хүн Ж.Е ахыг хутгалчихлаа гэж хэллээ” гэж хэлсэн гэхээр нь би Г-г дагуулаад шууд М.С-н гэр лүү явсан. Тэднийд очих үед М.С-н гэрт төрөл садангууд цугларчихсан байсан ба үүдний гал тогооны өрөөнд Ж уйлаад сууж байсан. Г тэр хүний хажууд үлдсэн. Харин би шууд гэр лүү ороод зочны өрөөнд ороход Б.Ж ах зогсож байсан ба надад “манай хүн өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэр үед талийгаачийг дээшээ харуулаад өрөөний голд дээр нь юм хучаад хэвтүүлчихсэн байсан. Харин М.С-н эхнэр нь өрөөний хойд талд дээр нь улаан алаг өнгийн бүтээлэг дэвсчихсэн согтуу ухаангүй хэвтэж байхаар нь би бүтээлгийг нь татаж авахад түүний доод мөчинд ямар нэгэн хувцасгүй, шалдан байсан. Тэр үед Б.Ж надад “чи манай хүнийг дагуулаад гараад яв” гэхээр нь би Ж эгчийг дагуулаад гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг,

18. Шүүгдэгч  М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 169-171/

“...Уржигдар буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөө гэртээ байж байтал 10 цагийн үед манай гэрт Ж.Е-ын эхнэр хүрч ирээд миний иргэний цахим үнэмлэхийг асуугаад аймаг руу явж байна гэж хэлээд гараад яваад өгсөн. Би өөрийнхөө үеэл Ж.Е-д урд өмнө машинаа зарсан бөгөөд одоог хүртэл миний нэр дээр байгаа болохоор түүний эхнэр миний бичиг баримтыг аваад машиныг нөхрийнхөө нэр дээр буулган гээд бичиг баримтыг минь аваад явсан юм. Түүний дараа Ж-н Е нь манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед эхнэр бид хоёр өглөөний цайгаа уугаад сууж байсан ба Ж.Е- нь өглөөний цайнаас 1 аяга цай ууж аваад гараад явсны дараа хэсэг хугацааны дараа гартаа нэг шил “Амуу буудай” нэртэй 0,5 литрийн савлагаатай архи барьж орж ирсэн. Тэгээд тус архийг гурвуулаа манай гэрт сууж байгаад өдрийн 12 цаг хүртэл ууж дуусгасны дараа Ж.Е бид хоёр гадагшаа гараад хоёулаа хэсэг ярилцаж байтал Ж.Е надад “та эхнэрээсээ мөнгө аваад өгөөч, дахиад архи уумаар байна” гэхээр нь хоёулаа манай гэр лүү ороод би эхнэрээсээ 5000 /таван мянган/ төгрөг асуугаад аваад өгсөн бөгөөд 5000 төгрөгийг аваад гараад явсны дараа 20 гаруй минутын дараа Ж.Е дахиад 0,5 литрийн савлагаатай “Амуу буудай” нэртэй архи бариад орж ирсэн. Уг архийг мөн гурвуулаа уусан бөгөөд Ж.Е нь манай эхнэрт дахин дахин архи аягалж өгөөд байхаар нь би түүнд манай эхнэрт өгөөд хэрэггүй гэж хэлсэн боловч манай эхнэр ч тоосон юмгүй, түүний хийж өгсөн архийг уугаад байсан ба уг архийг 14 цаг өнгөрч байхад тус архи дууссан. Дараа нь миний бие Ж.Е-д 5000 төгрөг өгөөд дахин 0,5 литрийн савлагаатай мөн нэртэй архи авахуулсан. Тус архийг задлахаас өмнө манай эхнэр шөлтэй хоол хийж байсан ба тэр хооронд тус миний авахуулсан архийг эхнэр, Ж.Е бид гурав хувааж уусан. Энэ архи 17 цагийн үед дууссан ба тухайн үед Ж.Е би явлаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан. Тэр гараад явах үед би араас нь гарч харахад тэр манай хашаанаас гараад явж байхаар нь гэр лүү буцаж ороод сууж байтал хэсэг хугацааны дараа Ж.Е манай гэрт дахин орж ирээд надад “ахаа дахин архи уумаар байна, мөнгө байна уу” гэхээр нь би гэрт байсан мөнгөнөөс 10000 төгрөг гаргаж өгөөд явуулсан бөгөөд Ж.Е 0,75 литрийн савлагаатай “Амуу буудай” нэртэй архи аваад орж ирсэн. Уг архийг мөн гурвуулаа уусан бөгөөд манай эхнэр дундуур нь тасраад гал тогооны өрөөний буйданд хэвтээд өгсөн ба манай эхнэрийн хэвтэж байсан буйдангийн доод талд буйданд Ж.Е сууж байсан, харин би ганц хүний суудалтай буйданд сууж байсан. Тус 0,75 литрийн архи нь бараг дуусах дөхөөд ёроол хэсэг нь жоохон нь үлдсэн байх шиг харагдсан. Тэр үед би нэлээн муудсан байдалтай согтсон байсан. Тэгж байгаад би хүндрэхээр гадагшаа гараад явсан, намайг гараад явах үед Ж.Е буйданд сууж байсан бөгөөд би ч нэг их юм анзааралгүй, гадагшаа гараад явсан. Манай жорлон гэрээс холуур байшингийн зүүн хойд талд хашааны буланд байдаг бөгөөд би ойролцоогоор 15-20 гаруй минут болсон ба тэгээд гэр лүү орж ирэхэд гал тогооны өрөөний буйдан дээр Ж.Е нь манай эхнэрийн өмдийг доошоо шувтлаад, цамцыг нь дээшээ сөхөөд, манай эхнэрийг доошоо харуулж тонгойлгож аваад араас нь өөрийнхөө бэлэг эрхтнээ хийж, бэлгийн харьцаанд орж байсан ба манай эхнэр тасарчихсан доошоо харж унтаж байсан. Тэгэхлээр нь би уурандаа эхлээд Ж.Е-ыг босгож ирээд эрүүнээс нь гараараа цохиж авахад Ж.Е- босож ирээд надтай заамдалцаж, зууралдаж эхэлсэн. Тэгж байтал Ж.Е нь ширээн дээр байсан нэг хутгыг над руу шидсэн. Тэр үед түүний шидсэн хутга нь миний зүүн гарын алганы гадна хэсэгт очсон ба миний гарнаас тухайн үед цус гарахаар нь би Ж.Е-ын над руу шидсэн скочдсон бариултай том хутгыг аваад түүнтэй зууралдаж байгаад түүний хэвлий хэсэгт хутгалж авсан шиг санагдсан ба тэр үед Ж.Е бархираад орилохоор нь би гэрээс гараад зугтаад дүү М.Н-ы гэрт очсон. Би гэрээс гарсны дараа юу болсныг мэдэхгүй, шууд М.Н-ы гэрт очсон гэж ойлгосон боловч замдаа хүргэн хүү С-гийн гэрт ороод гарсан байна. Хоч нэр нь С юм, жинхэнэ нэрийг нь С гэдэг байх, сайн мэдэхгүй байна. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна намайг гаднаас гэрт орж ирэхэд манай төрөл дүү Ж.Е нь өөрийнхөө бэрээ тонгойлгож авсан бэлгийн харьцаанд орж байсныг хараад би өөрийгөө барьж чадалгүй уурандаа энэ асуудал үүссэн юм. Надад тухайн үед гэнэтийн маш их сэтгэл зүйн дарамт үүссэн 4 шил архи уусан гэж бодож байгаа. Эхний гурван шил архи 0,5 литрийн савлагаатай харин сүүлийн архи 0,75 литрийн савлагаатай байсныг санаж байна, За тэр хоёр намайг гаднаас орж ирэх үед үүдний гал тогооны өрөөний буйданд талийгаач манай тасарч согтуурсан эхнэртэй бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд түүнийг үзсэний дараа би талийгаачийг эхлээд цохиж авсны дараа тэр надад хутга шидэх шиг болоод. дараа нь нэг мэдэхэд би талийгаачийг хутгалчихсан байсан ба тэр надад “ахаа та намайг алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед хэвлий тус газраас нь цус гарч эхлэх шиг болохоор би гэрээс зугтаж гараад М.Н-ы гэрт очсон” гэх мэдүүлэг,

18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/14 дугаартай “М.С /ББ.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 189/,

- 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон “РД:ББ............... овог:Х, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1971/12/28, төрсөн газар: БӨ , Алтанцөгц, хаяг:БӨ , Алтанцөгц, 2-р баг, Баянбулаг, бүртгэлийн дугаар:831304711442, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 190/,

- БӨ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаартай “М овогтой С /ББ.............../ нь А сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 23 тоот захирамжаар 2313 м.кв өмчлөлийн газартай байна” гэх албан бичиг, захирамжийн  хуулбар болон холбогдох баримтууд /хх-ийн 192-197/,

- БӨ аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/06 дугаартай “Иргэн М овогтой С 48 настай. Тодорхой эрхэлсэн ажилгүй. Архи, тамхи байнга хэрэглэдэг. Ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2018, 2019 оны жилийн эцсээр мал тоолуулаагүй. Архи хэрэглээгүй эрүүл үедээ харьцааны хувьд сайн, архи хэрэглэсэн үед ямар нэгэн зөрчил гаргах, хэрэгт холбогдох магадлал өндөртэй, нийгэмд сайн төлөвшөөгүй иргэн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 198-200/,

- Шүүгдэгч М.С-д холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 203-207/, 

- Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай лавлагаа /хх-ийн 210/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгч М.С-н гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас өөрийгөө эрүүл саруул ухаанаар удирдан жолоодох чадваргүй болсон байдал, хохирогчийн архи уусан зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийнхөө гэрт архидан согтуурсан үедээ хамт архидаж байсан иргэн Ж-н Е-ын хэвлий хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироосон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 7-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 22-23/, М.С-н биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 37-41/, БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 12 дугаар 30-ны өдрийн 01, 02, 03 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 85-102/, БӨ аймгийн ШША-ны криминалистикийн шинжээч Х.Б-гийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт /хх-ийн 116/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 235 дугаар дүгнэлт /хх-ийн 127/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д.А-гийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 211 дугаар дүгнэлт /хх-ийн 130-137/, хохирогч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...цаашаагаа зочны өрөө лүү ороход баруун талын буйдангийн баруун урд хэсэгт талийгаач хүү маань доошоо харсан байдалтай, баруун талаараа хажуулдаж хэвтэж байхаар нь шууд талийгаачийн судсыг нь барьсан, нэлээн барьсан, тэгж байгаад талийгаачийн дээшээ харуулаад хэвтүүлэхэд талийгаачийн доод хэсэгт цус нэлээн хунирсан байсан. Талийгаачийг дээшээ харуулаад хэвтүүлсний дараа судсыг нь мөн барихад судас нь цохилохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, хохирогч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр сумын таксигаар аймгийн төв ороод орой нь нөхрөө нас барсан талаар сонсож тэр шөнө суманд ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/, гэрч М.Н-ы  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгэхлээр нь би юу болов гэж асуугаад гадагшаа гартал М.С надад би хүн алчихлаа гэхээр нь би ямар хүн бэ гэхэд “би хүн хутгалчихлаа, хоёулаа очъё” гэхээр нь би гадна хувцсаа өмсөөд М.С-тай цуг гараад явж байгаад түүнээс яг юу болов, тайван хэлээд өгөөч гэхэд надад “дүү Ж.Е-ыг хутгалчихлаа, би гаднаас ороод ирсэн чинь тэр хоёр бэлгийн харьцаанд орж байхаар нь уурандаа хутгалчихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/, гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2 дахь архийг уугаад сууж байхад М.С нь талийгаачид “би чамд машинаа хямдхан өгчихсөн байна” гэж хэлээд сууж байсан ба тэр үед талийгаач “тэгвэл машинаа буцааж аваад мөнгийг минь өгчих” гэж хэлээд хоорондоо маргаад, нэг нэгэндээ салаавч гаргаад суусан, харин сүүлийн архийг уух үед ямар нэгэн маргаан гараагүй.Тэр хоёр хоорондоо зодолдоогүй. Харин намайг архинд согтож, тасарсны дараа юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70-р хуудас/, гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж бид хоёр байшингийн гал тогооны өрөөнөөс дамжаад баруун талд нь байдаг хаалгагүй зочны өрөө лүү ороход талийгаач Ж.Е нь хаалганы баруун талд байдаг буйдангийн зүүн буланд доошоо харсан байдалтай хэвтэж байсан, харин Н.Х нь буйдангийн урд хэсэгт буюу өрөөний цонхны урд хэсэгт хивсэн дээр хэвтэж байсан. Тэгээд Б.Ж ах Ж.Е-ын судсыг барьж үзэж байсан ба би М.С-н эхнэр Н.Х-ыг чирээд өрөөний баруун талд шалан дээр байсан орны матрасын хажууд хэвтүүлээд дээр нь одиялаар хучсан. Тэр хооронд Б.Ж ах талийгаачийг байрнаас нь хөдөлгөөд дээшээ харуулж хэвтүүлээд дээр нь нимгэн зүйлээр хучих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/, гэрч М.К-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Харин би шууд гэр лүү ороод зочны өрөөнд ороход Б.Ж ах зогсож байсан ба надад “манай хүн өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэр үед талийгаачийг дээшээ харуулаад өрөөний голд дээр нь юм хучаад хэвтүүлчихсэн байсан, харин С-н эхнэр нь өрөөний хойд талд дээр нь улаан алаг өнгийн бүтээлэг дэвсчихсэн согтуу ухаангүй хэвтэж байхаар нь би бүтээлгийг нь татаж авахад түүний доод мөчинд ямар нэгэн хувцасгүй, шалдан байсан. Тэр үед Б.Ж надад “чи манай хүнийг дагуулаад гараад яв” гэхээр нь би Ж эгчийг дагуулаад гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг хх-ийн 73-74-р хуудас/, шүүгдэгч  М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна намайг гаднаас гэрт орж ирэхэд манай төрөл дүү Ж.Е нь өөрийнхөө бэрээ тонгойлгож авсан бэлгийн харьцаанд орж байсныг хараад би өөрийгөө барьж чадалгүй уурандаа энэ асуудал үүссэн юм. Надад тухайн үед гэнэтийн маш их сэтгэл зүйн дарамт үүссэн 4 шил архи уусан гэж бодож байгаа. Эхний гурван шил архи 0,5 литрийн савлагаатай харин сүүлийн архи 0,75 литрийн савлагаатай байсныг санаж байна, За тэр хоёр намайг гаднаас орж ирэх үед үүдний гал тогооны өрөөний буйданд талийгаач манай тасарч согтуурсан эхнэртэй бэлгийн харьцаанд орж байсан. Тэгээд түүнийг үзсэний дараа би талийгаачийг эхлээд цохиж авсны дараа тэр надад хутга шидэх шиг болоод. дараа нь нэг мэдэхэд би талийгаачийг хутгалчихсан байсан ба тэр надад “ахаа та намайг алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэр үед хэвлий тус газраас нь цус гарч эхлэх шиг болохоор би гэрээс зугтаж гараад М.Н-ы гэрт очсон” гэх мэдүүлэг  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Ж.Е-ыг эхнэрийг нь согтуурсан байсныг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэх хувийн сэдэлтээр шалтаглан, хутгалж алсан байна. Мөн шүүгдэгч М.С-н үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн илрээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т “шүүгдэгч М.С-н санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан байсан. Иймд шүүгдэгч М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” хэмээн тус тус гэм буруугийн талаар маргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С-н үйлдэлд гэнэтийн цочрол буюу хохирогчийн хууль бус үйлдлийн хариу болгож хоромхон зуур үйлдсэн шинж тогтоогдохгүй байна. Ж.Е нь М.С-г хүндээр доромжилсон үйлдэл хийгээгүй буюу түүний дэргэд нь эхнэрийг нь хүчээр бэлгийн харьцаанд ороогүй, харин түүний гарч явсан буюу байхгүйг далимдуулан эхнэртэй нь бэлгийн харьцаанд орсон байна. М.С гаднаас орж ирээд үүнийг хараад Ж.Е-ыг эхлээд зодъё гэж бодож эрүүнээс нь татаж одсон байдаг юм. Эхлээд шууд түүнийг алах санаа сэтгэлийн хүчтэй цочрол явагдаагүй байна.

Шүүгдэгч М.С эхнэртэй нь бэлгийн харьцаанд орж байгааг хараад анхандаа “түүнийг зодъё гэж бодсон” гэж мэдүүлсэн байна. Мөн мэдүүлэгтээ “... Ж.Е босож ирээд надтай зууралдаж заамдалцаж эхэлсэн. Тэгж байтал Ж.Е ширээн дээр байсан нэг хутгыг над руу шидсэн. ...шидсэн хутга миний зүүн алганы гадна талд онож цус гарахаар нь Ж.Е над руу шидсэн хутгыг аваад түүнтэй зууралдаж байгаад түүний хэвлий хэсэгт хутгалж авсан шиг санагдсан... Ж.Е нь өөрийнхөө бэр эгчээ тонгойлгож авсан бэлгийн харьцаанд орж байхаар нь уурандаа энэ асуудал үүссэн” гэсэн байна. Эндээс үзэхэд сэтгэл санааны хүчтэй цочрол буюу тэсрэлт бий болоогүй, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв жолоодох боломжтой байсан байна. Харин Ж.Е-ын шидсэн хутга өөрийнх нь гарыг зүсэж цус гарсан тэр үед уг хутгыг аваад дайрч хэвлийд нь хутгалсан үйл баримт тогтоогдсон зэргээс үзвэл энэ бүх хугацаа нь хоромхон зуур болсон гэж үзэх боломжгүй юм.

Хоромхон зуур гэдэг нь хугацааны маш бага хэмжигдэхүүн бөгөөд хэдхэн секундийн хугацаа байдаг. Өөрөөр хэлбэл дээрх бүх үйл явдал болж, хутгалж дуусах хүртэлх хугацаанд шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд байсан гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч М.С нь амь хохирогч Ж.Е-ыг өөрийнхөө бэр эгчээ тонгойлгож авсан бэлгийн харьцаанд орж байсныг хараад би өөрийгөө барьж чадалгүй уурандаа энэ асуудал үүссэн юм” гэж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т “Иргэн Н.Х-ын гэх ягаан өнгийн дотоож, түүний үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь яллагдагч М.С-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 242 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1-т “амь хохирогч Ж.Е-ын бэлэг эрхтнээс авсан гэх арчдаст цус, үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй” гэх дүгнэлтүүдээр амь хохирогч Ж.Е нь Н.Х-тай бэлгийн харьцаанд ороогүй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.С-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалт тохирч байна. Иймд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинж эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.С нь бусдыг хутгалах нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мэдсэн атлаа Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдаж  бусдын амь насыг хохирсон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас тавгийн чихэрт 1500000 төгрөг, морь 1200000 төгрөг, 11 хонь нэг хонийг 150000 төгрөг, нэг сэрх ямаа гаргасан 150000 төгрөг, нүүрс түлээ 150000 төгрөг, нийтдээ 4800000 төгрөгийн зардлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн тул уг хохирлыг төлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч М.С нь уг хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.С-гаас 4800000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж-д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан цаашид гарах хохирол, төлбөр байгаа гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.С-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс “Миний үйлчлүүлэгч М.С анх хэрэг үйлдсэнээс хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн. М.С-гийн хувьд тухайн 4800000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 -д заасан “Хүнийг санаатай алах” гэсэн заалтыг М.С өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг үндэслэн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэж мэтгэлцсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заажээ. Үүнээс үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг, харин илэрхийлсэн байхыг шаардахгүй. Мөн нөгөө талаар шүүгдэгч М.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С-д Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 210/, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1993 оны 05 сарын 04-ний өдрийн а/7 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор 300 цаг албадан ажил хийлгэх ял, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 сарын 06-ны өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор 4 сараар баривчлах ял, БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 53 тоот шийтгэх тогтоолоор 2 сараар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 174-181/, БӨ аймгийн Прокурорын газрын прокурорын 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/59 дугаартай тогтоол, 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/158 дугаартай тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/05 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 182-185/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нар болон өөрийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүйг дурдаж байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.С-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 90 /ерөн/ хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 90 /ерөн/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.С-гийн БӨ аймгийн А сумын 4 дүгээр багт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2313 м.кв талбайтай өмчлөлийн газрын битүүмжилсэн тогтоолыг хохирогчийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэгдсэн амь хохирогчийн алаг өнгийн даавуун цамц 1 ширхэг, хөх өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, шүүгдэгч М.С-н саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан алаг өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, иргэн Н.Х-аас хураан авсан ягаан өнгийн дотоож 1 ширхэг, шүүгдэгч М.С, иргэн Н.Х нараас авсан цусны дээж 2 ширхэг, амь хохирогчийн бэлэг эрхтнээс бэхжүүлэн авсан арчдас 1 ширхэг, БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалсан хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан дээж 2 ширхэг, гарын мөр 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлүүдэд, 36.3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт М-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 90 /ерөн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч М.С-гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.С-гаас 4800000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ж-д олгож, хохирогч И.Ж нь иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан цаашид гарах төлбөр байгаа гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-гийн БӨ аймгийн А сумын 4 дүгээр багт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2313 м.кв талбайтай өмчлөлийн газрын битүүмжилсэн тогтоолыг хохирогчийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн алаг өнгийн даавуун цамц 1 ширхэг, хөх өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, шүүгдэгч М.С-н саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан алаг өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, иргэн Н.Х-аас хураан авсан ягаан өнгийн дотоож 1 ширхэг, шүүгдэгч М.С-, иргэн Н.Х- нараас авсан цусны дээж 2 ширхэг, амь хохирогчийн бэлэг эрхтнээс бэхжүүлэн авсан арчдас 1 ширхэг, БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалсан хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлэн авсан дээж 2 ширхэг, гарын мөр 5 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шүүгдэгч М.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.