Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 163

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч Г.Г ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн

насанд хүрээгүй хохирогч Ц.А , түүний хууль ёсны төлөөлөгч Б.А , тэдний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г т холбогдох 163/2019/0160/Э индекстэй, эрүүгийн 1915003080167 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ял шийтгэлгүй, Л  овогт Г.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.А ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.                     

         Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн өгсөн: Би зодуулснаасаа хойш ойр ойрхон толгой өвддөг болсон. Хүмүүстэй ярихаар шүдний хугарсан хэсэг муухай харагдах байх гээд өөрийн мэдэлгүй амаа дардаг болсон. Г  надаас уучлалт гуйгаагүй болохоор үүнд нь гомдож байна. Хохирол төлбөрт 1680000 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнд хоол, унаа болон бусад зардал ороогүй гэв.

1915003080167 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчимд Могод сумын 3 дугаар баг “Сант” гэх газраас Могод сумын төв рүү О  гэх найзтайгаа сумын төв рүү орж ирсэн. О  бид хоёр дэлгүүр ороод гарч иртэл С  гэх хүүхэд мотоцикльтой бид хоёр дээр ирсэн. О , С  2 юм яриад байж байтал Г , А  2 хүрээд ирсэн.Тэгэхэд Г  согтуу байсан. О  Г тай мэндлэхээр нь би бас Г тай мэндлэх гэсэн чинь “чи хэн бэ, надтай мэндэлдэг хэн бэ, би чамайг таних билүү” гээд томроод байсан. ...Намайг мотоцикльноос Г  түлхэж унагаагаад миний мотоциклийг булааж унаад “С гийн ард суугаад ир” гэсэн. Би С  гэх хүний ард суугаад дэлгүүрийн зүүн урд талыг хашаа тойроод очсон. ... Г  намайг мотоциклиос татаж буулгаад нүүр рүү гараараа нэг цохиод, хавирч унагаан, толгой руу 2 удаа өшиглөсөн. Үүнээс болж миний шүд хугарсан байсан. Би босож ирээд “шүдийг маань хугалчихлаа” гэж хэлсэн чинь толгой руу 2 удаа цохисон. Дахин гудамжны үзүүрт очоод 2 удаа элэг рүү цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.О ын өгсөн: ...Г.Г  мотоцикльноос буугаад Ц.А ийг шууд цохин, хавирч унагааж, толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ц.А  босож ирээд “шүд уначихлаа” гэж хэлэхэд Г.Г  түүнийг дагуулаад цаашаа хашааны булан руу аваад явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц ийн өгсөн:...Намайг гэртээ байж байхад манай саахалт айлын Наранбат гэх залуу танай хүү Ц.А  хүнд зодуулсан байна гэж хэлсэн. ...тэгээд би хөдөө гэрээсээ гарч хүүхдээ аваад шууд сумын цагдаа дээр очсон. Цагдаагийн хамт зодсон гэх хүүхдийг хайгаад олоогүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Б.С ийн өгсөн:...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг өнгөрч байхад О  гэрт орж ирсэн. Тэр надад хэлэхдээ “Цоож зодуулчихлаа, байхгүй болчихлоо” гэсэн. Тэгэхээр би айгаад араас нь яв гэж хэлсэн.  О  гарч яваад удалгүй Ц.А ийг дагуулаад орж ирсэн.  Ц.А  ирэхдээ зүүн шанаа хэсэг нь халцарсан, хамарнаас нь цус гарсан, үүдэн 1 шүд нь хугарсан байсан. Би хэнд зодуулсан юм бэ гэхэд О  Г , А , Сандаг нартай таараад Г  А ийг зодсон гэж хэлсэн. ... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.А ын өгсөн: ... Г  дэлгүүрийн урд талын гудамжны зүүн булан луу явъя гэхээр нь бид 5 хамт явсан. Тэгээд тэнд Г , А  нар маргалдсан. Тухайн үед харанхуй байсан мөн би утсаа оролдож байсан болохоор юу болсныг сайн хараагүй.  Гэтэл Ц.А  шүд уначихлаа гэж хэлж байх шиг байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Яллагдагчаар Г.Г ын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн үед Булган аймгийн Могод сумын төвд байдаг дэлгүүрийн урд А той тааралдаад дэлгүүрийн урд гудамжны үзүүрт А ийн шүд рүү 1 удаа гараараа цохиж унагасан, унахад нуруу хавьд нь 1 удаа өшиглөсөн. Миний буруу. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 194 тоот: 1. Магадлуулагч Ц.А ийн биед баруун дээд шүдний хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Магадлуулагч Ц.А ийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 50-54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51 дүгээр хуудас/, хохирогчийн Ц.А ийн хохиролтой холбоотой баримт /хх-ийн 56-58 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.А ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч Б.У , Ц.Б  нарын  өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Ц.А ийн биед баруун дээд шүдний хугарал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

  Шүүгдэгч Г.Г ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Г т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Г.Г ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Г  нь энэ хэргийн улмаас гарсан зардал 1680000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Шүүх нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай эсэх, нотологооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардалд 120000 төгрөг /шүдний сувгийн эмчилгээний төлбөр/, эмчилгээ болон замын зардалтай холбоотой 166000 төгрөг, мөн 305150 төгрөг, нийт 591150 төгрөгийг шүүгдэгч Г.Г аас гаргуулан хохирогчид олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 1088850 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Г.Г  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Г  нь үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, Г.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Л  овогт Г.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчид 600000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.  Шүүгдэгч Г.Г ын 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт хийлгэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН