Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 164

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох 163/2019/0159/Э индекстэй, эрүүгийн 191500250 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ял шийтгэлгүй, О  овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Т ын эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.                      

191500250 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Т ын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн  13 цагийн үед нөхөр Б.Б  найз Б гийнхаа гэрт согтуу байж байсан. М , Б , Б  нар архи, пиво ууж байхаар нь нөхөртөө явъя гэж хэлээд дагуулаад гарсан. Танихгүй 2 хүнийг гуйж мотоциклиор нь Булган аймгийн ...ийн “Агт” гэх газар амьдарч байсан гэртээ хүргүүлсэн. ... Б.Б  гэртээ орж ирээд намайг “манай гэрээс зайл, сумын янхан биз дээ, манайд юу ч үгүй ирсэн биз дээ” гэхээр нь хадам ах М гийн утас руу залгаж энэ тухай хэлж ээжтэй яръя гэж хэлэхэд М  ах “та хоёр асуудлаа өөрсдөө зохицуул” гэж хэлээд утсаа салгасан. Б  ах М тэйгээ ярих шиг болохоор нь гар утсыг авах гэж байгаад нүүрэнд нь хүртэл “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд намайг гэрт байдаг түшлэгтэй сандал дээр баруун гараараа дарж суулгаад, зүүн гараараа нүүр, хамар луу маань 4-5 удаа цохисон. Ингээд хамарнаас цус гарч сумын цагдаад энэ тухай мэдэгдсэн. Б  3 жилийн өмнө намайг зодож байсан. Тэр үед би цагдаад хэлээгүй уучлаад өнгөрсөн. Тэрнээс хойш надад гар хүрээгүй байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дахин намайг зодсон..., гомдол санал байхгүй. Б гаас замын зардал 130000 төгрөг, зочид буудлын зардал 70000 төгрөг нийт 200000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулна. ...  гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Д.Х ийн өгсөн:... Миний хүү Б  надад хэлэхдээ “Айлд юм уугаад сууж байхад Б.Т  дурангаар намайг цохиод мөн гэрт орж ирсний дараа хамар луу цохисон. Тэгэхээр нь би түүнийг цохисон ” гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6654 тоот: 1. Б.Т ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 38-39, 42-43 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 41 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46 дүгээр хуудас/ хохирлын баримтууд /хх-ийн 47-48 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Т ын эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Т ын мэдүүлгийн эх сурвалж нь гэрч нарын мэдүүлэг болон хохирогч Б.Т ын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл үүссэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6654 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б.Б н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Б н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Б.Т  нь энэ хэргийн улмаас гарсан зардалд 198000 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай эсэх, нотологооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д толгойн зураг авахуулсан 120000 төгрөг, буудлын зардалд 70000 төгрөг, Шүүх шинжилгээний албанд үзүүлсэн 8000 төгрөгний баримт, нийт 198000 төгрөгийг хохирогч нэхэмжлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Б.Б гаас гаргуулан Б.Т д олгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Т ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Очирт марни овогт Б.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501.1-д зааснаар шүүгдэгч Б.Б гаас 198000 /нэг зуун ерөн найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т д олгож, хохирогч энэ хэрэгт холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.    

5. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.    

6.  Шүүгдэгч Б.Б н 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт хийлгэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН