| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0127/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 165
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 1915002640163 дугаартай, 163/2019/0161/Э индекстэй хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Т” ХХК-ийн байранд комиссын бараа борлуулдаг ажилтай, ам бүл 1, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 2001 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялыг 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн МУ-ын Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ч овогт Б.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар зам тээврийн осол гаргаж автотээврийн хэрэгсэлд 665 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915002640163 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Б.Г гийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр би дүү Б.Г ийн хонинд явах гэж байсан. Дүү Г миний эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслийг бензин авахаар унаад явсан. ...17 цагийн үед над руу дүү Б.Г залгаад машиныг согтуу хүн барьж зугтаагаад Булган аймгийн Булган сумын Шинэ хороо Ачуут багийн урд асфальтан замын хашлага мөргөөд эвдэлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь удалгүй байгаа газар нь очтол дүү Б.Г тээврийн хэрэгслийн хажууд зогссон, Б.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Б.Б нилээн согтуу миний буруу гээд зогсож байсан. Намайг очиход цагдаа нар ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г ийн өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Од” дэлгүүрийн гадаа **-** БУА улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсоод дэлгүүр ороод гараад иртэл Б.Б зүс таних залуутай миний тээврийн хэрэгсэлд суугаад “явах уу, балгас руу яваад өгөөч” гэсэн. Тэгээд тэр хоёр Балгасын ойролцоо айлын гадаа очоод зүс таних залуу нь “би энэ гэр лүү ороод мөнгө аваад ирье” гэж хэлээд буусан. Б.Б тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр унтаж байсан. Би тэр айлын жорлонд ороод гараад иртэл Б.Б тээврийн хэрэгслийг асаагаад явсан. Тэгэхээр нь цагдаагийн газрын утас руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд зам руу гүйгээд гартал Булган аймгийн Булган сумын 1 дүгээр Ачуут багийн урд асфальтан зам дээр замын хашлага мөргөсөн байдалтай Б жолооны ард сууж байсан. ... Миний тээврийн хэрэгсэл биш эгч Б.Г гийн тээврийн хэрэгсэл. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Р.Б ийн өгсөн: . ...“Би С ах, Б хоёртой 0.75 литрийн савлагаатай архи авч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаан дотор уусан. Тэгээд харих гэтэл С ах гэр ойрхон юм чинь хамт явъя гэхэд Б дагаад байсан. С ах чи үлд гэсэн чинь би наад таксины жолоочийг таньдаг юм, явчихаад эргээд ирье гээд таксины жолоочийн хажууд суусан. Тэгээд манай гэрийн гадаа ирээд би таксины мөнгө аваад гарч ирэх хооронд Б.Б таксины жолоочийн машиныг унаад явсан байсан. Жолооч бид хоёр 2 араас нь гүйгээд зам руу гартал Б.Б замын хажуу мөргөөд зогсчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Б ын өгсөн: “... Машинд яах гэж сууж, яагаад машин барих болсноо санахгүй байна. ...машиныг нь эвдэж сүйтгэсэндээ харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 19/67 тоот: “...тээврийн хэрэгслийн эвдрэлийн зах зээлийн үнэлгээг 665 000 төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 26-30 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7 дугаар хуудас, хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-30/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/, захиргааны журмаар шүүхийн шийтгэвэрээр баривчлагдсан хүний хувийн хэрэг /хх-ийн 52-54 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 59-30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64-69 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар зам тээврийн осол гаргаж автотээврийн хэрэгсэлд 665 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Г гийн мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг үед хамт байсан гэрч Б.Г , Р.Б нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Г гийн **-** БУЛ улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг тогтоосон 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №19/67 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Шүүгдэгч нь хохирогчид учирсан 665000 төгрөгийн хохирлоос 200000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г д 665000 төгрөгийн хохирол учирснаас 200000 төгрөгийг төлж хохирогч нь гомдол саналгүй ба үлдэх хохирол болох 465000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б.Б ыг “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б т сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б аас 465000 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Булган ... оршин суух Ө овгийн Б.Г-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН