| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0172/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 172
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ж. Ариунжаргал
Улсын яллагч Д.Сүрэнхор
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Т т холбогдох 163/219/0172/Э индекстэй, эрүүгийн 1915003750200 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгэлгүй, Х овогт Г.Т,
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Г.Т нь 219 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Г гийн толгойн тус газар нь модоор цохиж, цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
195003750200 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Г.Т өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн ...гэх газарт Х гэх айлд гэрийн эзэн, Г , Д , нэрийг нь мэдэхгүй 1 ах бид нар архи ууж байхад Г , Д нар согтчихоод над руу чи муу ганцаараа машинтай юм уу гөлөг минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө сууж байсан хус модны тайрдасыг аваад Г руу шидэж толгойг нь оноод, машинд явсан тухайн үед талх зүссэн хутгаар Д ыг айлгах маягтай хутга аваад түүн рүү далайтал дундуур эхнэр нь орж ирээд хөхнийх нь дээд талд хатгачихсан. Нөхөр нь миний хутгыг булааж авах гээд ноцолдож байхдаа ар нуруунд нь исгэчихсэн юм. Тэгээд би айгаад тэр хоёрыг өөрийнхөө машинаар Атарын эмнэлэгт хүргэж өгсөн юм. Ийм л зүйл болсон. Тухайн үед бид гурав архи уучихсан согтуу байсан гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Хохирогч Ж.Г өгсөн: Би 2019 ны 8 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад найз Т , Н , Х ах, У ах, нөхөр Д нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багт Х ахын гэрт архи ууж байсан юм. Тэгтэл Т машинаа асаагаад явлаа гээд байхаар нь манай нөхөр Д нь түүнд хандан чи жоохон бензинтэй байж яах гээд холхиод байгаа юм бэ гэтэл Т манай нөхрийг цохисон. Тэгэхээр нь би нөхрөө өмөөрч дундуур нь ортол Т нь миний толгой руу цохисон, нэг мэдэхэд баруун хөхний орчмоос цус гарсан. Тэгэхээр нь би намайг хутгалчихлаа гэхэд нөхөр маань яаж байгаа юм бэ гэтэл нөхрийг маань бас хутгалах гээд дайрсан. Тэгтэл нөхрийн биенээс бас цус гарч байсан. Тэгтэл Н эмч руу явъя гээд бид нарыг Т машинаараа хүргэж өгчихөөд зугтсан. Тэгээд багийн эмчид үзүүлэхэд Хялганат тосгоны эмнэлэгт үзүүлэхэд миний баруун хөхний орчим 2.5 см хэмжээтэй гүн шарх үүссэн байсан, толгой минь хагарсан байсан. Т өөрийнхөө ногоон өнгийн эвхэгддэг хутгаар намайг хутгалсан. Бид нар бүгд нилээн согтуу байсан гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч Б.Н өгсөн: Би 219 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад найз Ж.Г , түүний нөхөр Д , тэгээд Т , Х ах, У ах, мөн танихгүй 2-3 залуугийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багт Х гэх ахын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Гэхдээ би огт уугаагүй бөгөөд бусад маань ууж байсан. Тэгтэл Т нь Д тай маргалдаж цохисон.Тэгэхээр Ж.Г нөхрөө өмөөрч тэр хоёрын дундуур нь ортол Т нь түүнийг модоор толгой руу цохисон. Ж.Г нь буцаад тэр 2 дээр очоод удалгүй газар унасан. Би түүн дээр очиход түүний баруун хөхний орчмоос цус гарч байсан. Д ч гэсэн намайг хутгалчихлаа гэж байсан. Ингээд эмч руу Т машинаараа хүргэж өгчихөөд зугтаасан. Багийн эмчид үзүүлчихээд Хялганат тосгоны эмнэлэг рүү бүгдээрээ явсан. Т нь өөрийнхөө биедээ авч явдаг ногоон өнгийн жижиг эвхэгддэг хутгаар хутгалсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Б.Д өгсөн: “...Би Т ыг машинаа асаагаад явлаа гээд машинтайгаа нааш цааш холхиод байхад нь жаахан бензинтэй байж яах гээд байгаа юм бэ гэхэд Т уурлаад намайг цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь цохисон. Ж.Г бид хоёрын дундуур салгах гэж орсон бөгөөд удалгүй намайг хутгалчихлаа гээд орилсон. Би хутгыг нь булааж авах гэтэл миний өөдөөс дайрч миний зүүн далан дээр зүссэн. Ингээд эмч рүү Т нь хүргэж өгчихөөд зугтсан....” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч Б.У өгсөн: “...Т нь хутга барчихсан Д руу дайрч байсан. Тэгээд би дайрч тэр хоёрыг салгах гэтэл миний гар зүсэгдсэн. Ингээд эмч нар луу явсан...” гэх мэдүүлэг /хх-20 тал/,
Гэрч О.Х өгсөн: “...гэрт хоол хийж байхад гадаа хүн орилох чимээ гарсан, гараад хартал уг эмэгтэй баруун хөхний орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч З.Ч өгсөн: “...Г гэх эмэгтэйн баруун хөхний дээд талд хатгагдсан байсан ба толгой нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 540 дугаартай/,
1. Ж.Г гийн биед зулайн хуйханд шарх, цээжинд шарх гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүдийн зулайн хуйханд шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цээжинд шарх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 26-27 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь 2019 оны 08 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Г гийн цээжинд тус газар хутгалж, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.Г , гэрч Б.Н , Б.Д , Б.У , О.Х , З.Ч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 340 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв нотолгооны ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Г гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч 500,000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирогч нь 500,000 төгрөг нэхэмжилсэн ба баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч Г.Т нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 470.000 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, баримтаар тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн байна.
Шүүгдэгч Г.Т т ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч Г.Т т холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг тайрдас мод зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Т ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Т т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Засаг даргын Тамгын газарт эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй эвхэгддэг 1 ширхэг хутга, 1 ширхэг тайрдас мод зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ