Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 844

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 2006 00000 0990 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1963 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 11 дүгээр   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 4-нөөс 2020 оны 4 дүгээр сарын 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шавартын ам гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Баясгалантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндвэртэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-7-19/, гэрч Б.Даваадалайгийн өгсөн мэдүүлэг /хх-23-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4352 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, Д.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55-57, 67-69/, Д.Б хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-42/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт /хх-47-50/, Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/, хохирогч Г.Баясгалан, яллагдагч Д.Б  нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 4-нөөс 2020 оны 4 дүгээр сарын 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шавартын ам гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Баясгалантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндвэртэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Баясгалангийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 22 цагийн үед хамтран амьдрагч Булган-Эрдэнэ согтуу орж ирээд надад агсам тавиад миний толгой руу олон удаа цохиод, элэг рүү өшиглөөд би амьсгаа авч чадахгүй газар унасан чинь нуруу руу 2 удаа өшиглөсөн. Тэр үед би босоод ирсэн чинь намайг барьж аваад асаагуураар миний үсийг шатаах гэсэн. Бас чирээд зуухны ам руу чирж очоод толгой хэсгээр зуухны ам руу хийх гэж оролдсон. Хальт хярвас үнэртсэн. Миний нүүр тархи руу их олон цохисон. Би зургтааж нуугдаад айлд ороод цагдаа дуудсан. Булган-Эрдэнэтэй хамт амьдраад 2 жил болж байна. Өмнө нь намайг нэг удаа зодож байсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн байсан. Одоо толгой өвдөж байна. Би амьсгаа авахад хавиргаар хатгуулж өвдөж байна. /хх-8-9/ гэх мэдүүлэг

 

“2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр малаа хашчихаад 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шавартын ам гэх газар байрлах миний хамтран амьдрагч Булган-Эрдэнийн хүү Даваадалайгийн гэрт очиход Булган-Эрдэнийн хүү Даваадалай гэртээ байгаагүй. Тэгээд гараад хайтал хонины хашаан дотор хурга эрхлүүлээд байж байсан. Тэгсэн Булган-Эрдэнэ архи үнэртүүлээд хүрээд ирэхээр нь “чи яагаад архи уучихсан юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Булган-Эрдэнэ “чи яагаад ирж байгаа юм бэ” гэж над руу уурласан. Тэгээд Булган-Эрдэнэ бид хоёр хүү Даваадалайгийнх нь гэрт орсон. Тухайн үед Булган-Эрдэнэ бид 2 л байсан. Өөр хүн байгаагүй. Гэрт ороод Булган-Эрдэнэ над руу уурлаад “чи яах гэж ирж байгаа пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ явлаа гэж хэлээд гарах гэхэд намайг гэрээс гаргахгүй гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаж Булган-Эрдэнэ миний хувцасны ханцуйнаас чирж орон дээр суулгаад өөрөө миний баруун талд сууж байгаад миний нүүр, толгойн тус газар гараараа нилээд хэдэн удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна. Тэгээд миний баруун талын гарыг мушгихаар нь би “битгий гар мушга лдаа” гэж хэлсэн. Тэгээд миний баруун талын гарыг тавьсан. Тэгээд би босох гээд үүд рүү явах гэхэд миний араас намайг татаж өөр рүүгээ эргүүлээд гэрийн хана руу шахаж байгаад миний аюулхайн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би газар унатал миний нуруун тус газар хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би газраас бостол намайг миний зүүн талын гарнаас чирээд зүүн талын орон дээр түлхэж суулгаад миний толгой, нүүрэн тус газар гараараа цохиод байсан. Би “намайг битгий зодооч” гэж гуйтал миний үснээс зулгааж байгаад тамхины асаагуураар миний үсийг түлж шатаасан. Тэгснээ зуухны ам онгойлгож байгаад миний толгойг зуухны ам руу хийх гэж оролдсон. Тэгснээ намайг ор руу дахиад түлхэсэн. Тэгэхээр нь би “Д.Б хандаж 2-уулаа манай гэр рүү явъя” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Булган-Эрдэнийн хүүгийн гэрээс гараад манай гэр рүү явсан. Гэр рүү явж байх замдаа Булган-Эрдэнэ гартаа жижиг чулуу атгаж байгаад өнөөх чулуугаа над руу няслаад байсан. Тэгсэнээ Булган-Эрдэнэ би явлаа гээд хүүгийнхээ гэр рүү иргээд явсан. Би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн. /хх-10-13/ гэх мэдүүлэг,

 

“Би Д.Б зодуулаад миний эрүүл мэндэд хохирол учирч би эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээ хийлгэсэн нийт зардал болох 1.000.000 төгрөгийн хохирлыг Булган-Эрдэнээс нэхэмжилж байна6” гэх мэдүүлэг /хх-14-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваадалайгийн өгсөн: “Тухайн үед би аав, Баясгалан хоёртой хамт байгаагүй. Манай аав надад хэлэхдээ “тухайн өдөр Баясгалан эгч манай аавын гэрт ирээд гадаа хонины хашаанд хургаа хөхүүлж байсан аав дээр ирээд ар нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд Баясгалан аав хоёр маргалдаж байгаад гэртээ ороод Баясгалан гал дээрээ байсан хоолыг хөлөөрөө өшиглөсөн гэсэн. Тэгээд аавын өөдөөс салаавч гаргаад дайраад байсан” гэсэн. Тэгээд манай аавын уур хүрээд Баясгалан эгчийг зодож, цохисон гэж хэлсэн. Миний хувьд өөрийн нүдээр хараагүй. Манай аав ёр нь эрүүл ч бай, согтуу ч бай уурлахаараа биеэ барьж чадваргүй болчихдог юм. Ер нь маш уурлаж бухимддаг хүн.” /хх-23-26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4352 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Ганзоригийн биед дагзны хуйх болон хамрын нуруунд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 24 1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна." /хх-28-29/ гэх дүгнэлт,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б яллагдагчаар өгсөн: “Би 2006 00000 0990 дугаартай хэрэг үүссэн тогтоолтой уншиж танилцлаа. Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал байхгүй байна.” /хх-55-57/ гэх мэдүүлэг,

 

“Надад тогтоолтой холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна. Би хүлээн зөвшөөрч байна” /хх-67-69/ гэх мэдүүлэг,

Д.Б хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-42/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт /хх-47-50/,

Д.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/,

Хохирогч Г.Баясгалан, яллагдагч Д.Б  нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-60-61/

зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 4-нөөс 2020 оны 4 дүгээр сарын 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шавартын ам гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Баясгалантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндвэртэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Баясгалан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т

зааснаар Д.Б д 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б  нь шүүхээс оногдуулсан 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС