Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 51

 

Д.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0034

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Д.Э нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.О-ийн эсэргүүцлээр Д.Н-т холбогдох эрүүгийн 1739000090002 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн  хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, 1-30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд 1. 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн гэх Д.Н /РД: СЗ88120411/, 
Д.Н нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Өлзийтийн 16-01 тоот хашаанд байсан Н.Э-ын эзэмшлийн 30-78 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Хэнтий аймгийн Прокурорын газраас Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Насан-Очирыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 300 /гурван зуун/ цагийн  нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулж тус тус шийдвэрлэжээ.
Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одгэрэл эсэргүүцэлдээ: “... Д.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-01 тоот хашаанд байсан иргэн Н.Энхбаатарын эзэмшлийн 30-78 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Хэнтий аймгийн прокурорын газраас Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Н-ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т шүүгдэгчид оногдуулах ялын төрлүүд тодорхой, сонгож хэрэглэхээр байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалтыг журамлан ял оногдуулж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.
Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 16-01 тоот хашаанд байсан Н.Э-ын эзэмшлийн 30-78 ХЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Оюунбаатар болон эхнэр Эрдэнэчимэгийн хамтаар 23 цаг өнгөрөөгөөд гэрт иртэл манай найз Оюунбаатарын Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 16-01 тоот хашааны хаалга нь онгорхой Оюунбаатарын гэрийн урд байсан 30-78 улсын дугаартай улбар шар өнгийн мотоцикль маань хулгайд алдагдсан. Би Насан-Очир гэдэг хүнийг сэжиглэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Э, М.О, Д.Д нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулалгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан зөрчил байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, шүүх хуралдаанд оролцогчид анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тусгайлан санал гаргаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Д.Н-ын хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан гэсэн нь буруу бөгөөд энэ нь техникийн шинжтэй бус харин хуулийг буруу хэрэглэсэн гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан” гэснийг хасч, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА
           ШҮҮГЧИД                                            С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                                 Б.СҮХГОМБО