Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн дүгнэлттэй,

        Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-д холбогдох,

      Хяналтын улсын байцаагч Ц.Н-ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор Я.Д, хариуцагч хяналтын улсын байцаагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н нь "...шинэ жилийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Тэнгэр хүнсний дэлгүүр нь хадгалалтын хугацаа дууссан хүнсний эд зүйл худалдсан" гэх зөрчлийн материалд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага ногдуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх хуудсыг хянахад:

       Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н нь “...шинэ жилийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад Улаангом сумын 3 дугаар багт байрлах "Тэнгэр" хүнсний дэлгүүр нь хадгалалтын хугацаа дууссан хүнсний эд зүйл худалдсан" гэх зрчил илрүүлж, тухайн хүнсний дэлгүүрийн худалдагч Ч.Д-г 2017 оны 12 дугаар сарын 27- ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалгасан материалыг хянахад Мэргэжпийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н нь Улаангом сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр” хүнсний бөөний төв нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, үйлчилсэн зөрчил гаргасан байхад "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй" гэх зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тухайн дэлгүүрийн худалдагч Ч.Д-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь иргэн Ч.Д нь Тэнгэр хүнсний бөөний худалдааны төвд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх албан тушаал эрхэлдэг хүн биш байна. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцдаа Тэнгэр хүнсний бөөний худалдааны төвд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлэх үүрэгтэй субъект нь хэн болохын шалгаж тогтоогоогүй байна. Түүнчлэн хяналтын улсын байцаагч Ц.Н-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүтээгдэхүүнийг хураан авах актанд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хяналтын улсын байцаагч Ц.Н нь “Тэнгэр” бөөний төв нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, үйлчилсэн зөрчил гаргасан нь илт байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийг оногдуулаагүй, шийтгэл оногдуулах үндэслэлгүй хуулийн заалтаар хөнгөрүүлж шийтгэлийг оногдуулсан, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн аль нь зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Мэргэжпийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-ын "...шинэ жилийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад Улаангом сумын 3 дугаар багт байрлах Тэнгэр хүнсний дэлгүүр нь хадгалалтын хугацаа дууссан хүнсний эд зүйл худалдсан" зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл /Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих/-ийн 1.2 дахь хэсэгт зааснаар иргэн Ч.Д-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсаар 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

       Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “.....Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолыг үндэслэн З/Г-ын 2014 оны 05 дугаар сарын 17 өдрийн 157-р тогтоолоор “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам” батлагдаж, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа, хариуцсан ажилтны эрх, үүрэг, хариуцлага тодорхой болгосон.

       2. Мягмаржав овогтой Золбаярыг 2017 оны 11-р сарын 20 өдөр захирлаар томилж, “МДЗМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байсан.

       3.2017 оны 11 дүгээр сарын 25 өдөр худалдагч Ч. Д-г дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнаар томилсон тушаал гаргаж дотоод хяналтын журам баталсан.

        4.Дотоод хяналт шалгалтын журмын 4.1-д хариуцлагын тогтолцоог тусгасан байна.

        5.Иргэн Ч. Д нь худалдааны газрын худалдагч ажилтай.

     6.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13-р зүйлд тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоод хяналтын журамд заасны дагуу өдөр тутмын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулж ажиллаж байх, хэрэгжилтэнд МХГ-аас хяналт тавьж ажиллахаар тусгасан.

       7.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 -д Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ногдуулах заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан болно...” гэжээ.

        Гуравдагч этгээд буюу зөрчилд холбогдогч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн МХГ-ын хяналтын байцаагч Ц.Н нь манай Тэнгэр хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж,миний биеийг хуулийн дагуу 100.000 төгрөгөөр торгож хугацаа дууссан бараануудыг хураасан нь үнэн болно. “МДЗМ” ХХК нь 2017 оны 11 сард миний хүү М.Золбаярын нэр дээр албан ёсоор шилжсэн. Миний биеийг дотоод хяналт хариуцсан ажилтнаар томилсон байсан. Би мөн энэ дэлгүүрийн худалдагчаар ажилладаг. Дотоод хяналт шалгалтын журамд зааснаар хугацаа дууссан бараа, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг асуудалтай холбоотой зөрчлийг би хариуцдаг. Тухайн үед хугацаа дууссан бараануудыг худалдаалж байсан нь би дотоод хяналтаа дутуу хийснээс болсон. Хугацаа дууссан болон зөрчилтэй бараануудыг захиралд мэдэгдэж лангуунаас буцаан татуулж агуулахад тавих ёстой байсан.

       Иймд миний бие нь дотоод хяналтын ажилтан,иргэн хүний хариуцлагыг хүлээн зөвшөөрч торгуулын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс МХГ-ын улсын байцаагч илт хөнгөрүүлсэн хуулийн заалт бариагүй, Ч.Д-г иргэн гэдгийг тогтоогоогүй гэж прокурорын үзсэнтэй санал нэгдэхгүй байгаа болно” гэжээ.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

       Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, гуравдагч этгэдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч,хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

        Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, “Тэнгэр” бөөний төв нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан,худалдсан,үйлчилсэн зөрчил гаргасан нь илт байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэлийн оногдуулаагүй, үндэслэлгүй хуулийн заалтаар хөнгөрүүлж шийтгэлийг оногдуулсан, хүн,хуулийн этгээдийн аль нь зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  тайлбар гаргаж оролцов.

      Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-аар дотоод хяналт хариуцсан ажилтны эрх,үүрэг,хариуцлага тодорхой болсон, худалдагч Ч.Д нь дотоод хяналт хариуцсан ажилтнаар томилогдсон байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шийтгэл оногдуулсан” гэх тайлбар гаргав.

     Гуравдагч этгээд буюу зөрчилд холбогдогч Ч.Д “Миний бие дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнаар томилогдсон байсан ба тухайн үед хугацаа дууссан бараа худалдаалж байсан нь дотоод хяналт дутуу хийснээс болсон” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

        Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-ын үйлдсэн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ч.Д-г төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд гэж үзэн дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлийг гаргасанд тооцон Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

    Хяналтын улсын байцаагчийн зүгээс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

      Зөрчлийн хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,үзлэг хийсэн тэмдэглэл,холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргээр 2017 оны 12 сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийх явцад хадгалалтын хугацаа дууссан 10 нэр төрлийн 123 ширхэг,401900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зарж байсан гэсэн нөхцөл байдлыг тогтоож,энэ талаар зөрчилд холбогдогч маргаагүй байна.

        Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх,эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж,хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол,нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,хуулийн этгээдийг таван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заажээ.

         Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр,хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.

       Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолын хавсралтаар “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ыг баталсан байх ба уг журамд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэхүү журамд нийцүүлэн дотоод хяналтын журам баталж,дотоод хяналтыг төлөвлөгөө,удирдамжийн дагуу тасралтгүй,тогтмол хийж хэвшүүлэхээр зааж, дотоод хяналтыг зохион байгуулах нэгж, ажилтны эрх үүргийг тодорхойлон, дотоод хяналтын ажилтан нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн шууд удирдлагад харьяалагдаж, үйл ажиллагаагаа түүнд тайлагнахаар зохицуулсан байна.

       Өөрөөр хэлбэл дотоод хяналтын ажилтан албан үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой хариуцлагыг удирдлагын зүгээс шийдвэрлэхээр байна.

     Улсын байцаагчийн “МДЗМ” ХХК-ийн захиралд хандсан 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 20/01 дугаартай актаар хадгалалтын хугацаа дууссан бараа зарсан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн 123 ширхэг 401900 төгрөгийн үнэ бүхий хүнсний барааг хураан авчээ.

       Эдгээрээс дүгнэхэд “Тэнгэр” хүнсний дэлгүүрт илэрсэн хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан,хадгалсан зөрчилд хүнсний үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураахын зэрэгцээ хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, шийтгэл оногдуулах нь зүйтэй байсан байна.

     Харин Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх зөрчлийн хувьд зохих этгээдийн зүгээс хууль, журамд нийцүүлэн дотоод хяналт,шалгалтын журмыг батлаагүй,эсхүл баталсан боловч журмын дагуу дотоод хяналт хариуцсан нэгж, ажилтныг томилоогүй үйлдэл, эс үйлдлийг ойлгоно.

       “Тэнгэр” хүнсний дэлгүүрийг ажиллуулагч “МДЗМ” ХХК-ийн хувьд дотоод хяналт шалгалтын журмыг баталж,дотоод хяналт хариуцсан ажилтныг томилсон байсан талаар улсын байцаагч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцох зөрчил гараагүй байна.

      Иймд хариуцагч Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан,хадгалсан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарахгүйн зэрэгцээ маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хөндсөн байх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг хангаж, Хүнсний чанар,стандартын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

       Цаашид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл  оногдуулахдаа тухайн хүн,хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх,тухайн үйлдэл,эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл,хэсэг,заалтад нийцэж байгаа эсэх,Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх,нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол,нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох зэрэг нөхцөл байдлыг тогтоосон байх ёстойг цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсий чанар,стандартын хяналтын улсын байцаагч Ц.Н-ын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ