Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0208/З |
Дугаар | 221/МА2021/0434 |
Огноо | 2021-08-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0434
“Х” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.1 дэх заалтыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Н.Д нарын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Х” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “үндэслэх нь” хэсгийн:
Нэгд нэхэмжлэгчийг “О ...” ХХК-ийн 0014070741 тоот падаанаар 374,545,454.55 төгрөгийн үнэ бүхий бараа материал худалдан авалт хийснээ “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан ... хуулийн шаардлагыг хангаагүй ...” гэсэн дүгнэлт хийхдээ хариуцагч нарын “... О ... ХХК-ийн 0014070741 тоот падаантай холбоотой шинжээчийн дүгнэлт гараагүй болно” гэсэн тайлбар, нийслэлийн Прокурорын газрын тогтоолд “О ...” ХХК-ийн 0014070741 тоот падаантай холбоотой асуудал хөндөгдөж байгаагүй зэргийг харгалзан үзээгүй.
Хоёрт “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д “суудлын автомашин, түүний эд анг, сэлбэг” худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй гэж заасан” гэж дүгнэхдээ энэ бариад байгаа хуулийн зүйлийн заалт буюу 14.6 дахь хэсэг нь зөвхөн бараа, ажил, үйлчилгээг “импорт”-оор оруулах, худалдан авахтай холбоотой зохицуулалт гэдэгт анхаарлаа хандуулаагүй.
Гуравт “... татварын улсын байцаагч ... нар нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25170900815 тоот томилолтын дагуу ... шалгалт хийж, ... төлбөр ногдуулсан” гэж дүгнэхдээ татварын улсын байцаагч нар татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгах томилолт авснаасаа хойш бүтэн 2 жил шахам хугацаанд юу хийсэн, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр огноолсон маргаан бүхий шийтгэх хуудсыг хэзээ, хэнд, хэрхэн гардуулсан, гардуулахаасаа өмнө сонсох ажиллагааг яаж хийсэн гэх мэт гомдол гаргагчийн үндэслэлээ болгоод байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл болон 7.2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа, ер нь татвар төлөгчийн эрх бүхий этгээдтэй уулзалдсан эсэх нь ч тодорхойгүй байхад захиргааны акт гаргах үйл ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан мэтээр асуудалд хандсан зэргээр маргаан болон үйл баримтыг дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасан нь ийнхүү гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2021/0346 дугаар шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийн 2012-2016 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “О ...” ХХК-аас худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичсэн 374.545.454.60 төгрөгийн худалдан авалт хийсэн нь баримтаар тогтоогдохгүй худалдан авалт хийсэн мэтээр хасалт хийсэн, мөн суудлын автомашин худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан гэх 2 зөрчилд 47,707,937.0 төгрөгийн нөхөн татвар, 14,312,381.20 төгрөгийн торгууль, 9,541,587.50 төгрөгийн алданги, нийт 71,561,906.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөрчил тус бүрт дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Давж заалдах гомдолд “О ... ХХК-ийн 0014070741 дугаартай 374,545,454.55 төгрөгийн үнэ бүхий падааны талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, Нийслэлийн прокурорын газрын тогтоолд “О ...” ХХК-ийн уг падаантай холбоотой асуудлыг хөндөж байгаагүй зэргийг харгалзан үзээгүй” гэх боловч уг падаанд ямар бараа материалыг хэчнээн хэмжээтэй авсан талаар заагаагүй, тухайн бараа материалыг худалдан авч өөрийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан талаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй, татварын улсын байцаагчид болон анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй бол хасаж тооцохгүй гэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Тухайн зөрчлийн талаар заавал эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд татварын улсын байцаагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт явуулж, нягтлан бодох бүртгэлийн баримтуудтай танилцах, татвар төлөгч нь холбогдох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй атал гаргаж өгөөгүй, /шүүхэд ч ирүүлээгүй/ байх тул гомдлын энэ хэсгийг хүлээн авч хангах үндэслэлгүй.
Мөн гомдолд “суудлын автомашинтай холбоотой Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2016 оны/ хуулийн 14.6 дахь хэсэг нь зөвхөн бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахтай холбоотой зохицуулалт гэдэгт шүүх анхаарлаа хандуулаагүй” гэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;” гэж заасан.
Уг хуулийн 14.6 дахь хэсэгт заасан “импортоор оруулах, худалдан авахад төлсөн” гэж заасан нь 2 тусдаа ойлголт буюу “худалдан авах” гэдэгт зөвхөн импортоор оруулсан барааг “худалдан авах” гэж ойлгохгүй, Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан барааг худалдан авахад төлсөн татвар гэж ойлгохоор байх тул анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй, дээрх давж заалдах гомдлыг мөн хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
Гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу явуулаагүй 2 жил шахам хугацаанд үргэлжилсэн нь тодорхойгүй, татвар төлөгчтэй уулзсан эсэх, зөрчлийг ямар нотлох баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй гэж дурдсан боловч татвар төлөгчийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд татварын улсын байцаагчийн зөрчил гэж үзсэнийг үгүйсгэсэн баримтуудаа гаргаж өгөх боломжтой байхад өгөөгүй байх тул дээрх зөрчилд төлбөр ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2021/0346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ