| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0172/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 173
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга
Улсын яллагч Д.Сүрэнхор
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.О ад холбогдох 163/219/0172/Э индекстэй, эрүүгийн 1915003490182 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, У талхны цехэд борлуулагч ажилтай, ам бүл 4, ял шийтгэлгүй, С овогт Б.О,
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Б.О нь 219 оны 07 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О өгсөн: мөрдөн байцаалтын шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
1915003490182 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Б.О өгсөн: 2019 оны 07 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн ... гэх газар явж байгаад хүний унаж явсан мотоцикльтой мөргөлдсөн. Тэгээд нэг машин ирж зогсоод Э гэж хүн ганцаараа согтуу бууж ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод би газар унасан ба тэгсэн миний дээр гарч суугаад баруун гарын дунд болон долоовор 2 хурууг маань хазаад тавихгүй байхаар нь би түүнийг гараараа нүүр лүү нь 1-2 удаа цохиж гараа салгаж авсан. Тэгээд салсанаас хойш над руу дайраад салахгүй байхаар нь би машинаа унаад зугтаасан, тухайн үед болсон үйл явдлыг би гар утсан дээрээ бичлэг хийж авсан. Гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-41-43 тал/
Хохирогч Р.Э өгсөн: “...2019 оны 07 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 2-р баг Бөөрөлжүүт гэх газар мотоцикль, машин 2 хоорондоо мөргөлдсөн бөөн хүмүүс байхаар нь би юу болсон юм бол гээд машинаасаа буугаад хүн амьтан зүгээр үү гэж асуутал бөөн хэрүүл дээр орсон. Би хоорондоо тохирч болдоггүй юм уу машин тэрэг чинь зүгээр байна шдээ гэж хэлэхэд машины жолооч О үг хэл авахгүй дайраад байсан. О гэх залуу миний дээр гарчихаад гараараа нүүр ам руу цохиж хоёр нүд хавдаж, хөхөрсөн гэх мэдүүлэг /хх-13-16 тал/,
Гэрч Р.Г өгсөн: “.2019 оны 07 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 2-р баг Бөөрөлжүүт гэх газар Орхон аймаг руу явж байсан. Урдаас гэнэт мотоцикльтой хүн гарч ирээд бидний сууж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд хэрүүл маргаан болж байхад машинтай хүн ирсэн. Удалгүй О , Э нар хоорондоо харилцан зодоон хийсэн...О Э ыг гараараа толгой руу нь цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч О.Одонтунгалагийн өгсөн: “...Э , О нар хоорондоо маргалдаад, барьцалдаж аваад газар дээр доороо ороод байсан юм. Харанхуйд хэн хэнийгээ яаж цохиж зодсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Булган аймаг дахь Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт,
1. Б.Э ын биед баруун, зүүн зовхи, өвдгөнд цус хуралт, дух уруул, баруун мөр, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Б.Э ын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 27 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2019 оны 07 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Э ын эрүү мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Р.Э , гэрч Р.Г , О.Одонтунгалаг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймаг дахь Шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчийн гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв нотолгооны ач холбогдолтой гэж үзлээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О ад ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнчлэн шүүгдэгч Б.О ад холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан орлого олох боломжийг харгалзан торгуулийн ял оногдуулж, торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О ын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох торгуулийг сар бүр 150.000 /нэг зуун таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгууль биелүүлэх хугацааг 3 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ