| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0178/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 174
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазны дэд зөвлөх М.Сайнзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 191504270213 дугаартай, 163/2019/0178/э индэкстэй хэргийг 2019 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Д овогт Д.Б ,
Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч Д.Б нь 2019 оны 08 сарын 18-ны өдөр Булган аймгийн ...т байрлах “Ш” гэх газарт иргэн Ш.Э тай хувийг таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
1915004270213 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Д.Б ы өгсөн: 2019 оны 08 сарын 18-ны өдөр 18 цагийн үед Ш.Э тай таарсан. Тухайн үед би архи ууссан байсан. Бид хоёр малаас болж маргалдсан. Ш.Э намайг боогоод тавихгүй болохоор нь тавиулах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн удалгүй бид хоёрыг хүн ирж салгасан гэх мэдүүлэг /хх-28-29 тал/
Хохирогч Ш.Э өгсөн: 2019 оны 8 сарын 18-ны өдөр Булган аймгийн ..., “Ш” гэх газар малаа услаад байж байтал Б согтуу ирсэн. Тэгээд намайг хоолойноос боож унагаагаад толгой руу гараараа 3-4 удаа цохьсон, цээж рүү 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч Э.Б өгсөн: Хишиг-Өндөр сумын орчим явж байтал 2 хүн зодолдож байсан. Тэгээд өнгөрөөд явж байтал нэг нь миний нэрийг дуудсан, очоод хартал хамаатны ах Э байсан. Tанихгүй хүн Ш.Э ахыг өшиглөөд цохиод байхаар нь салгасан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт
1. Ш.Э ын биед зүүн талын 9-р хавирганы зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун чих, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-22 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт /хх -22-23 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 08 сарын 18-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг дэвсгэр “Ш” гэх газар иргэн Ш.Э ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Ш.Э ын мэдүүлэг, гэрч Э.Бын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохиролд 675.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж нотлох баримтын шаардлага хангасан гэх хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Б хохиролыг төлсөн болох нь мөнгөн шилжүүлэг, хохирогчийн мэдүүлэгээр тогтооглож байх тул хохирол төлөгдсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнчлэн шүүгдэгч Д.Б д холбогдох хэрэг хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, орлого олох боломжийг харгалзан торгуулийн ял оногдуулж, торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох торгуулийг сар бүр 166.000 /нэг зуун жаран зургаан мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгууль биелүүлэх хугацааг 3 сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ