Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 175

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Хохирогч В.С ,

Шүүгдэгч Ч.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0177/Э индекстэй, эрүүгийн 1915003220196 дугаартай хэргийг 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Б  ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3, ял шийтгэлгүй, Н овогт Ч.С.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.С  нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг дэвсгэрт **-** УБЛ улсын дугаартай “Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж зорчигч Л.Л гийн амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Ч.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2019 оны 07 сарын 09-ний өдөр гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл, Архангай аймгийн нутгаар аялахаар гарсан. Аялалын гол зорилго нь ээжийгээ төрсөн нутгаар нь авч явж, нутагтаа сууж байгаа ах, дүү хамаатан садантай нь уулзуулах байсан. Тэгээд “Түлүүгийн даваа “ өгсөж яваад зогсоол дээр зогссон. Учир нь ээж маань зориулалтын суудал дээр сууж бие засдаг байсан. Тухайн үед би өөрийн хайхрам болгоомжгүй үйлдлээс болж замын хажуу талын хашлага мөргөсөн. Машины урд суудал дээр ээж маань сууж явсан бөгөөд осол болох үед ээжийн баруун хөл машины салонд хавчуулагдсан байсан. Хөлийг гаргаж авах боломжгүй байсан тул лоомоор хөшиж хавчуулагдсан хөлийг нь гаргаж авсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийнхан ирсэн. Ээж маань шокын байдалтай Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 хоног эмчлүүлээд Улаанбаатар хот руу ээжийгээ авч явсан. Хотод очоод шинжилгээ хийлгэж, үзүүлтэл хэвлий орчимд дүүрэнгэтэй гэж байсан. 2019 оны 07 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ээжийн царай нь их цонхийж, даралт нь унасан байдалтай байсан. Дээшээ өрөөнд нь оруулаад аппарат залгасан боловч даралт нь ихсэхгүй байсан. Сэхээний тасагт оруулаад эрчимт эмчилгээ хийсэн боловч сэргэхгүй байсаар байгаад өнгөрсөн гэв.

 

Хохирогч В.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 09-ний өдөр дүү машин аваад ээжийгээ Хөвсгөл аймаг үзүүлээд дараа нь өөрийнх төрсөн нутаг болох Архангай  аймаг ороод буцаад ирэх зорилготой явсан. 2019 оны 07 сарын 10-ны өдөр осол болсон талаар утсаар мэдэгдсэн. Тэгээд ээжийгээ Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу авчирсан. Хэд хоног эмчилгээ хийлгэж байгаад  ээж маань нас барсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

1915003220196 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Яллагдагч Ч.С ын өгсөн: 2019 оны 07 сарын 09-ний шөнө Улаанбаатараас ээж Л.Л , эхнэр П , охин Э  бид 4 Хөвсгөл явахаар гарсан. Шөнөжингөө яваад 06 цагийн үед Булган аймгийн төвд орж ирсэн. Бензин авчихаад Хөвсгөлийн чиглэлд хөдөлсөн. Төлүүгийн даваа өгсөхөд эргэлт гарч ирсэн тухайн үед би их хурдтай явж байсан. Тэгээд машин замаас гарчих гээд байгаа юм шиг санагдаад зүүн гар тал руу дарснаар осол болсон. Тэгээд ээжийг машинаас буулгах гэхэд хөл нь машины салонд хавчуулагдсан гаргаж чадахгүй байсан. Бид ард явж байсан протер машинтай ах лоом гаргаж өгч удалгүй ээжийг машинаас гаргасан. Тэгээд байж байхад эмнэлэг, цагдаагийхан ирсэн гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,

Хохирогч В:С ийн өгсөн: “... тухайн үед жолоо барьж байсан хүн нь манай хамаатан учир мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, буяны мөнгийг төрөл садангаараа нийлүүлж байгаад гаргасан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-18-2 тал/,

Насанд хүрээгүй гэрч П.Э  өгсөн: “...Би тухайн үед унтаж сэрээд явж байсан болохоор яг осол болох үеийг санахгүй байгаа. Тэгээд би машинаас буухад миний толгой эргээд байсан. Мөн аав, ээж 2 зүгээр, эмээгийн бие тааруу байсан. Машин маань урд талаараа замын хашлага мөргөсөн байсан. Аав С  жолоо барьж, хажууд нь эмээ Л  сууж, ар талд ээж бид хоёр сууж байсан ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 21 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт:

  1. Л.Л гийн биед баруун дунд чөмөгний доод 3/1-н ташуу  далд зөрөөгүй хугарал, доод булууны хөндлөн хугарал, баруун шаант ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй хугарал, доод 3/1 хэсгийн зөрөөтэй ил хугарал, баруун тахилзуур ясны дээд 3/1 хэсгийн хөндлөн зөрөөтэй болон доод 3/1 хэсгийн ташуу, зөрөөтэй хугарал, 8-р хавирганы хугарал баруун гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
  3. Хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  4. Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултэй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 28 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 сарын 05-ны өдрийн 1592 дугаартай шинжээчийн:

1.Талийгаач Л.Л гийн цогцост баруун шилбэ яснуудын хоёрлосон ил баруун дунд чөмөгний бяцарсан далд хугарал, баруун шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, баруун гуя, зүүн чамархай, зулайн хуйх, ясны хальс, баруун, зүүн зовхи, баруун, зүүн шагайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Талийгаач  нь үхэлд хүргэхгүй ерөнхий судас хатуурах өвчих, зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, нойр булчирхай, бөөрний архаг үрэвсэл өвчтэй байна.

4. Талийгаач нь шилбэ, дунд чөмөгний ясны хугарлын улмаас уушигны артерьд бүлэнт бөглөрөл үүсч амьсгал, зүрх судасны дутагдлаах нас баржээ.

5. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд хийсэн шүүх-химийн шинжилгээгээр 0.9 промилл спирт илэрсэн гэх дүгнэлт /хх 52-55 хуудас/,

 

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 37 дугаартай:

1. Жолооч Ч.С  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б заалт “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

2. Зам тээврийн осол нь жолооч Ч.С  нь замын нөхуөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс /тойрог хөдлөгөөнтэй замд/ тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдах үед хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс замын эсрэг урсгалын гадна талаар хийгдсэн төмөр хашлага руу мөргөсний улмаас зам тээврийн осол гарсан байна.

3. Осол гарахад байгалийн нөхцөл, газрын гадарга, бусад хүчин зүйл нөлөөлсөн зүйл байхгүй байна.

4. Тээврийн хэрэгслийн хурдыг гэрч Ч.С ын мэдүүлэг дээр 130 км/ цагийн хурдтай явж байсан гэх боловч хурдыг тогтоох боломжгүй байна.

5. Осол гарахад техникийн байдал нөлөөлсөн зүйл байхгүй байна.

6. Жолооч Ч.С  нь жолоочийн нэгдсэн сангаас татаж шалгахад В ангилалын ***** дугаарын эрхийн үнэмлэхтэй ба уг үнэмлэх хүчинтэй байна гэх дүгнэлт /хх-45-46 тал/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-10 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 10-11 тал/,  цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 13-16 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-44 тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-45-46 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 сарын 05-ны өдрийн 1592 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, гэрэл зургууд  /хх.52-58 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн **-** УБЛ улсын дугаартай “Corolla Fielder” дугаартай тээврийн хэрэгсэлд 4,520,000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-62-63 тал/, “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 07 сарын 25-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-66-69 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 75-76 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-80-84 тал/, эрүүийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.С  нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг дэвсгэрт **-** УБЛ улсын дугаартай “Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Л гийн амь насыг хохирсон хууль зүйн факт, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч В.С , насан хүрээгүй гэрч П.Э  нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон дүгнэлт, амь хохирогч Л.Л гийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.С ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                

        Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

  Шүүгдэгч Ч.С  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн нэг хүний амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ч.С  нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.С  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, 2019 оны 07 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, **-** УБЛ улсын дугаартай “Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч.С д олгохоор тус тус дурьдаж шийдвэрлэлээ.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Н овогт Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.С д эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.С д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгч Ч.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар шүүгдэгч Ч. С ын ****** дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөрдөн байцаагчийн 2019 оны 07 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, **-** УБЛ улсын дугаартай “Corolla Fielder” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгч Ч.С д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ