| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0174/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 177
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002460185 дугаартай, 163/2019/0174/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж Өршөөлийн хуулиар ялаас чөлөөлөгдсөн, З овогт Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “С” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 1264260 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 28, 29-ны аль нэг өдөр байх. Бэлдсэн модоо тээвэрлэж явж байгаад цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1915002460185 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч А.Ганшагайгийн өгсөн: “...Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны иргэн манай Сэлэнгэ сумын “Гурван давааны ам” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн байсан. Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг ... гэх газраас хууль бусаар мод тээвэрлэсэн байсан. Энэ газар нь 2019 онд тайлбайн тусгаарлалт хийгдээгүй бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар бол биш юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Д.Г ын өгсөн: “...манай нутгийн Б гэх залуу мотоцикльтой ирээд “та орой хүүтэйгээ хамт мод ачилцаад өгөөч би мөнгийг нь бэлнээр нь өгнө гэсэн. Тэгэхээр нь би “за за тэгье” гэсэн. Ингээд 23 цаг өнгөрөөгөөд бараг шөнийн 00 цагийн үед Б өөрийнхөө Зил-131 машинтай, ардаа чиргүүл чирсэн манай гэрт ирээд би, хүү Г.Б ийн хамт суугаад явсан. Машинд суухад Б жолоо барьж явсан бөгөөд тэрээр төрсөн дүү болох Ш, Д нарын хамт явсан, ингээд бид 5-уулаа явсан. Тэгээд Хялганатаас гарч Сэлэнгэ сумын 3-р баг руу явсан бөгөөд яг юу гэдэг газар очсоныг нь мэдэхгүй байна ямар ч байсан явсаар байгаад модон дунд очиж зогссон бөгөөд үүрийн 05 цагийн үед мод байгаа газарт очсон. Тухайн газар нь нэг уулын ам байсан бөгөөд цагаалаад бэлдсэн 3 метрийн урттай хуурай 70-80 гаруй тооны нарс мод байсан. Ингээд бид 5 тухайн моднуудыг машин болон чиргүүл дээрээ ачаад 16 цаг өнгөрч байхад Хялганат руу буцсан. ... ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Г.Б ий өгсөн: “... Б ах өөрийнхөө Зил-131 машинтай, ардаа чиргүүл чирсэн манай гэрт ирээд аав, бид хоёрыг модонд яваад өгөөч гэсэн. Ингээд би аав Д.Г ын хамт суугаад явсан. Машинд суухад Б ах жолоо барьж явсан бөгөөд бид гурав Хялганатаас гарч Сэлэнгэ сумын “Атар” баг руу явсан. Тэгээд “С” гэх газарт өглөө очсон. Тухайн газар нь нэг уулын ам байсан бөгөөд цагаалаад бэлдсэн 3 метр болон 2 метрийн урттай хуурай 100 гаруй тооны нарс мод байсан. Ингээд бид 3 тухайн моднуудыг машин болон чиргүүл дээрээ ачаад үдээс хойш Хялганат руу буцсан. ...тус моднуудыг “Атар”-ын “С” гэх газраас ачсан. Б ах бэлэн мод байгаа, ачаад өг гэсэн. Яг ямар учиртаймод гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Г.О ын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 06 дугаарс сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед миний төрсөн ах Б.Б залгаж “ахынх нь машины дугуй хагарчихлаа, чи гэрээс очоод дугуй аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа гэрээсээ гарч өөрийнхөө цагаан өнгийн Бонго Жи-2 машинтай Хялганат орж Г.Б ахынд очиж түүний эхнэр А эгчтэй уулзан тэндээс 2 ширхэг Зил-131 маркийн машины дугуйг ачаад авга ах С ынд очсон. Тэднийхээс ах Д.Э ыг авч бид 2 Сэлэнгэ сумын 3-р баг “Д” гэх газарт очсон. Тэнд очиход Б ах, Г ах, түүний хүү Б гурав байсан бөгөөд Сэлэнгэ сумаас Хялганат руу чиглэлтэй Зил-131 машин болон чиргүүл дээрээ 3 метрийн урттай хуурай нарс мод ачсан байсан. Ингээд дугуйгаа сольчихоод би хагарсан дугуйг нь ачаад буцаж явсан. Тэгээд Б ахын гадаа дугуйг нь буулгаж байтал араас Б ах машинтайгаа гэрийнхээ хажуугаар явсан бөгөөд Э бид хоёрт хандан “араас очоод чиргүүл залгаад өгөөрэй” гэж хашгирсан. Тэгэхээр нь Э бид 2 машинаа Б ахын гадаа үлдээчихээд явган М ахын хөрөө рамм дээр очсон. Очиход тэр 3 модоо буулгаад дуусч байсан бөгөөд бид нар чиргүүлийг нь холбох гэж байтал цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Ж.М ын өгсөн: “...Одоогоос 2-3 хоногийн өмнө Г.Б той дэлгүүрт тааралдахад “та мод авах уу?” гэхэд нь би “авна” гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр над руу манай хөрөө раммны манаач Ч гуай над руу залгаад “манай хашаанд мод буусан байна, тэгээд цагдаа нар ирчихлээ” гэж ярьсан. Одоо буусан мод миний мод биш, Б ийн л мод байх. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Гэрч М.Н ын өгсөн: “...Г.Б ийн хууль бусаар мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн нутаг “Ц” гэдэг газар байгаа юм. Энэ газар нь 2019 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тухайн газарт мод бэлтгэх боломжгүй. Цэвэрлэгээний мод байхгүй. Хусан ой байгаа юм. Хөгшрөлттэй, хорхой идсэн, нар салхинд унасан газруудад л тусгаарлалт хийгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч Н.Д ий өгсөн: “...Тээврийн хэрэгсэл хэнийх гэдгийг сайн мэдэхгүй. Г.Б ийг чиргүүл худалдаж авсан талаар нөхрөөсөө сонсож байсан. Гэрийнх нь хашаанд байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч Э.М ий өгсөн: “...**-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь Г.Б ахын аавын эзэмшлийнх юм. Машиныг Б ах унадаг. Харин Г.Б ахад чиргүүл байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч Б.Г.өгсөн: “...**-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, би эзэмшигч нь юм. 2012 онд 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,
Гэрч А.О ийн өгсөн: “...**-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл бол нэгдсэн бүртгэлийн сангаас гарч ирээгүй харин **-** БУА улсын дугаарын эзэмшигч нь М.Ч гэж хүний нэр буюу “Ехсel” маркийн тээврийн хэрэгсэл дээр гарч ирсэн учраас тухайн лавлагааг гаргаж өгсөн. ...Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр бүртгэлийн мэргэжилтэн нь Г тар нэр шилжүүлсэн байгаа учраас Г.эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш гэх үндэслэл байхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрөө тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн гэдгийг нотлох ганц баримт юм. Тухайн бүртгэлийн мэргэжилтэн нь Замын цагдаагийн картанд тэмдэглэгээ хийгдээгүйн улмаас **-** БУА улсын дугаарын давхардал хийгдсэн байх магадлалтай. ... **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Г.эзэмшилийнх гэж үзэж болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрөө тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн гэдгийг нотлох ганц баримт юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженер О.З ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №9 дугаартай: 1. Дээрхи модыг Г тар овогтой Б 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнггэ сумын 4 дүгээр багийн нутаг “С” гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн байна. 2. С багт талбайн тусгаарлалтууд хийгдсэн болно. 3. Шинжлэгдэж байгаа моднууд нь нарсан төрлийн хэрэглээний хуурай мод 129 ширхэг, түлээ 27 ширхэг мод байна. 4. С багийн хойд хилийн эцсээр тусгай хамгаалалттай газар орчны бүс хамаарагддаг. 5. Энэ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1264260 төгрөг болж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-18 дугаар хуудас/, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, мод битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-23 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг “С” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Г.Б ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 1264260 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б ийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1264260 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 3792780 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Б ийн хууль бусаар бэлтгэсэн 156 ширхэг нарс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өөрийн өмчлөлийн чиргүүлийг тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулахаар улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Харин гэмт үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байх ба уг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Б.Г тарт буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Г.Б ийг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Б оос 3792780 /гурван сая долоон зуун ерэн хоёр мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн хуурай мод 156 ширхэг модыг улсын орлогод тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чиргүүлийг шүүгдэгч Г.Б оос тус тус албадан гаргуулж, хохирол төлбөрт тооцуулахаар улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, **-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б ид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН