| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0173/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 180
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
улсын яллагч Д.Сүрэнхор,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н , түүний өмгөөлөгч Г.Гочоо,
хохирогч П.Б ,
шүүгдэгч Ш.А , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0173/Э индекстэй, эрүүгийн 1915002240169 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ш.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт **-** УБТ улсын дугаартай “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.С гийн амь насыг хохироож, П.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 5 дугаар сарын 20-21 нд шилжих шөнө 2214 цагийн орчим П.Б над руу залгасан. Өмнө нь би охинтойгоо гэрт нь очиж хонохоор ярьсан байсан. П.Б ийн гэрт нь очиход 3 охин нь унтаж байсан ба охиноо машинаас оруулж гэрт нь унтуулсан. Тэгээд П.Б тэй пиво ууж сууж байгаад 0210 минутанд дахин нэмж юм авахаар ярилцаад “Жигүүр Гранд” гэх ресторан руу явсан. Тэндээс бид хоёр 0.5 шилтэй архи, 2 пиво, нэг ундаа авч гарч ирээд талийгаачийн гэрт очсон. Очиход гэрийнхэн нь унтаж байсан ба хаалгыг нь нүдсэн. Би П.Б т “хоёулаа явах уу, айл унтаж байна” гэж хэлсэн. Гэтэл П.Б “зүгээрээ одоо босчихно” гэж хэлсэн. Удалгүй гэрэл нь асаж талийгаач хаалгаа онгойлгосон. Орохдоо би уучлалт гуйгаад орсон. Урьд нь би нэг л удаа очиж байсан. Гэрт бид 3 архи уунгаа юм ярьж суусан. П.Б сүүлд нөхөр лүү нь агсам тавих гээд байхаар нь түүнийг аваад гарсан. Машинд бид 3 суугаад юм ярьж сууж байгаад рашаан явахаар болсон. Рашаан дээр очоод нилээн юм ярьж сууж байгаад хөдөлсөн. Нүд ирмэхийн зуур л гэнэт түс гээд л юм болсон түүнээс хойших юмыг санахгүй байна гэв.
Хохирогч Б.Н н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид 5 өнчин хүүхэдтэй үлдсэн. Хамгийн бага 2 настай, том нь 20 настай. Талийгаач маань гэр бүлээ оёдол хийж тэжээдэг байсан. Банкны зээлтэй байсан учир нөхөр охин нь төлж чадахгүй байна. 4 өнчин хүүхдийг 18 нас хүртэл тэжээх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Шүүгдэгч талын саналыг сонсъё. Хохирлоо шүүх хуралдаанаас өмнө авмаар байна. Оршуулгын зардалд 24500000 гаруй төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн нөхөн олговрыг авах хүсэлтэй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоолгож авах хүсэлтэй байна. Талийгаач охин маань сард 500000 төгрөгийг оёдол хийж олдог байсан. Жилээр тооцвол 6000000 сая төгрөг олдог байсан. Гомдолтой байна гэв.
Хохирогч П.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед болсон ослоос болж биед маань гэмтэл учирсан. Дунд чөмөгийн хугаралтай, хүзүүний зөөлөн эд гэмтсэн, толгойд харвалт өгч, цус хурсан гэх оноштой. Шүүгдэгчээс нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Биеийн байдлын хувьд байнгын эмнэлгийн хяналтад байгаа гэв.
Эрүүгийн 1915002240169 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Гэрч Ө.Х ын өгсөн: “..Би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр орой эхнэр /талийгаач Б.С / болон хүүхдийнхээ хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд байрлах гэртээ байж байсан. Тэгээд маргааш өглөө нь эхнэрийн хамтаар өөрийн хүүхдийг дагуулан Орхон аймаг явахаар ярьж тохирсон байсан. Тэгээд оройн 22 цагийн орчимд миний ******** гэсэн дугаар луу Б гэх эмэгтэй залгасан тэгтэл манай эхнэр талийгаач Б.С нь авахад “хүрээд ир” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би “маргааш өглөө явах гэж байж яах гэсэн юм” гэж хэлэхэд манай эхнэр явах талаар юм яриагүй шууд унтахаар болсон. Тэгээд Б гэх эмэгтэй нь хэд хэдэн удаа залгахаар нь гар утасаа өөрийнхөө хүүхдээр авахуулаад “унтаж байна” гэж хэл гэж хэлүүлээд гар утасаа унтраасан. Тэгээд унтах гээд орондоо ороод унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад Б , А гэх эмэгтэй нар саарал өнгийн “Эстима” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд Б , А нар нь манайд орж ирээд “та хоёр яагаад гар утсаа унтраадаг юм” гэж хэлсэн. Тэр үед тэр хоёр нилээн согтуу байх шиг байсан. Тэгээд надад хэлэхдээ “2 шил архи уучихаад ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд манайд 1 шил 0.75 литрийн “Экс” гэх нэртэй архийг талийгаач манай эхнэр С , Б , А нар уусан. Тэгээд хоорондоо юм ярьж дуулж байгаад үүрээр буюу 05 цаг өнгөрч байхад манайхаас “архи авчихаад хүрээд ирье” гэж хэлээд эхнэр талийгаач Б.С , Б , А гурав явсан. Тухайн үед А нь тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал ойролцоогоор 20-30 минутын дараа манай эхнэр С над руу залгаад “энэ хоёр чинь Их булагын /Сахарын/ рашаан явчихлаа, их хурдтай яваад байна би айгаад байна” гэж хэлтэл Б гэх эмэгтэй гар утсыг нь булааж аваад надад хандан “бид хэд гэртээ байна чаддаг юм бол хүрээд ир” гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд би 06 цаг өнгөрч байхад Сахарын рашаан орох зам дагуу явж хайж эхэлсэн. Тэгээд нилээн явж байхад замын баруун талд нэг машин онхолдчихсон байсан хажууд нь түргэний машин байсан. Тэгэхээр нь би нээх юм бодоогүй цааш явж эхнэрийгээ хайсан. Тэгээд олдохгүй болохоор нь буцаж явахад нөгөө онхолдчихсон байсан тээврийн хэрэгсэл нь мөн байсан ба манай эхнэр замын хажууд талд нас барсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Э.Б ын өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гэрээсээ явсан. Тэгээд өчидөр буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн эхнэр П.Б рүү залгахад “дэлгүүрээ хаагаад явж байна, бензин хийчээд харьлаа” гэж байсан. ...Тэгээд ойролцоогоор 21 цаг 50 минут орчимд эхнэртэйгээ ярихад аавынд хоол идэж байна, 3 хүүхдээ бас авчихлаа. А г хүүхэдтэй нь авч харьж хонох гээд гэрийнх нь гадаа ирчихсэн байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Н.Э ын өгсөн: “.. Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үед Улаанбаатар хотоос эхнэр А хүүхэд Х нарийн хамтаар ирсэн. Тэгээд би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хутаг-Өндөр сумаас явж “Хантай” гэх газраас ачаа олоод тэр газар луу явахаар болсон. Тэгээд ойролцоогоор 21 цагийн үед манай эхнэр А намайг сумын төвөөс гаргаж өгөөд салсан. Түүнээс хойш би болсон явдлын талаар мэдэхгүй дахин холбоо бариагүй. **-** УБТ улсын дугаартай, саарал өнгийн “Эсмита” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос 2019 оны 05 дугаар сарын 08-ны үед хувь хүнээс худалдаж авсан. Оношлогоонд сая 2019 оны 05 дугаар сард орох ёстой байсан. Орж амжаагүй байсан. Уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын таван шард байрлах “LUX OIL” гэх газарт очиж эд ангийн оношлогоонд оруулсан. Тэгэхэд “гурван бул гэх зүйлийг солих шаардлагатай байна” гэж хэлэхээр нь тэр зүйлийг нь солиулсан өөр эд ангиуд нь хэвийн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Л.Б ын өгсөн: “...Миний санаж байгаагаар гадны дугаартай тээврийн хэрэгсэл ирж байхаар нь би мөнгө хураах гээд бостол миний очиж байсан талд С саарал өнгийн “Эстима” маркийн тээврийн хэрэгслийн урд суудал дээр суучихсан ирсэн. Цаад талд нь жолооч нь сууж явсан ба сайн харагдаагүй. Тэгээд тэд нар яваад өнгөрсөн. Тухайн үед хөгжим чангаар тавиагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мэт харагдаж байсан. Өөр сэжиг бүхий зүйл харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.С эм” гэж хаягласан цусанд 2.3% спиртийн зүйл илэрсэн нь согтолтын “дунд” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн “П.Б 5/21 08 ...” гэж хаягласан цусанд 3.2% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын “хүнд” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 24-ний өдрийн 82 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Ш А 5/21 08:55” гэж хаяглан ирүүлсэн цусанд 3.3% спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын “хүнд” зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай: 1. 2. Талийгаач Б.С гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэг, нойр булчирхайн кадрал, хурц цус алдалт /2500мл/, дотор эрхтний доргилт, баруун дунд чөмөгний хугарал, зүүн мөрний үений мултрал, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлээс хурц цус алдалтанд орж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 5. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай: 1. Магадлуулагч П.Б ийн биед аалзан хальсан дахь цус харвалт, хүзүүний 2-р нугаламын ялтасны шугаман хугарал, зүүн дунд чөмөгний хөндлөн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. 4. Магадлуулагч П.Б ийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай: 1. Жолооч Ш.А нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын ****** тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2. Жолооч Ш.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөчрсөн байна. “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Шүүх шинжилгээний албаны шинжилгээний албаны 82 дугаартай дүгнэлтээр Ш.А нь 3.3% согтолын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх шалгаж тогтоох журмын мөн заалтанд “2.5” Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амвсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /%/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль /%/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ/. 3. Осол гарах болсон шалтгаан нь: Жолооч Ш.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10 дугаар хуудас/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн “Estima” маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5568000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 98-104 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 109-110 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 117-123 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/, эд мөрийн хураагдсан 3 ширхэг гэрлийн хугархай зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт **-** УБТ улсын дугаартай “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.С гийн амь насыг хохироож, П.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Б.Н , П.Б , гэрч Ө.Х , Э.Б , Н.Э , Л.Б нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон дүгнэлт, амь хохирогч Б.С гийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан, хохирогч П.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Ш.А нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/..согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Б.С гийн амь нас хохирсон, хохирогч П.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх ба Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.А ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсонг нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н оршуулгын зардалд 24.597.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг төлсөнийг хасаж, үлдэх 14.613.359 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн шаардлага хангаагүй 9.983.641 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н ар гэрт нь 5 өнчин хүүхэд үлдсэн. Насанд хүрээгүй хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлж сар бүр нөхөн олговор гаргуулах хүсэлтэй байна гэж мэтгэлцэж байгаа хэдий ч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоохдоо түүний хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг гэрлийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ш.А ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан ялыг шүүгдэгч хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг гэрлийн хагархайг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А ээс 14613359 /арван дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н д олгож, үлдэх 9983641 /есөн сая есөн зуун наян гурван мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Н энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН