Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч М.Ц , Ч.Н , тэдний өмгөөлөгч Ж.Шинэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915002660141 дугаартай, 163/2019/0139/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ял шийтгүүлж байгаагүй, Х  овогт М.Ц. 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Ч.Н .       

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц , Ч.Н  нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Г” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 76950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц  өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манайх гал түлэх модгүй болчихоод Ч.Н д хандаж манайд модонд яваад ирье, би бинзен тосыг нь хийж өгнө гэж гуйгаад дагуулж явсан. Тэр үед явах газар нь шавар шавхай ихтэй хэцүү байсан. Тухайн орой болсон учир гялс гэгээ тасархаас өмнө модоо ачаад буцахдаа Бугат сум орж гоожингоо авна гэж бодсон. Тэгээд модоо ачаад буцаж явахдаа байцаагчид баригдсан. Би ийм асуудалд орсондоо гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н  өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Ц  “манайх түлшний модгүй болчихлоо, надтай хамт модонд яваад өгөөч” гэж гуйхаар нь хамт явсан. Тэгээд Бугат сумын нутгаас модоо ачаад явж байгаад байцаагчид баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915002660141 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.П гийн өгсөн: “... 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймагт оршин суух Ч.Н , М.Ц  гэх хүмүүс Бугат сумын 1-р баг “Г” гэдэг газраас ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн байсан. Тухайн мод нь хуурай шинэс төрлийн түлээний зориулалтаар ачсан байсан. Тухайн мод бэлтгэсэн газар ойн ашиглалтын бүсд хамаарна. Ямар нэгэн мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.А ын өгсөн: “...Энэхүү хэрэгт хураагдаад байгаа **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Би 2019 оны 6 сарын эхээр Увс аймагт ажил явдал гарахаар нь өөрийнхөө тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн ах Ц ад хүлээлгэн өгч “намайг иртэл ачаа олоод мөнгө төгрөг олуул олохгүй юу” гэж хэлээд тээврийн хэрэгслийг үлдээсэн. Тэр хугацаанд манай ах Ц  мод бэлтгэх эрхийн бичигүй мод бэлтгэж ачиж явж миний тээврийн хэрэгслийг хураалгасан байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б ий өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Бугат сумын 1-р “Гүенгийн аманд” эргүүл шалгалт хийж явхад Ч.Н , М.Ц  гэх хүмүүс нь ойгоос зөвшөөрөлгүй **-** ОРА, **-** ОРБ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр түлээний хуурай шинэс төрлийн мод бэлтгээд тээвэрлэж явахад нь зогсоож шалгасан. Зөвшөөрөлгүй байсан учир дээрх хоёр хүнийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Булган аймгийн Булган суман дахь ойн ангийн инженер Б.Ж гийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №10 дугаартай: 1.Булган аймгийн Бугат сумын 1-р Гахайн давлан гэх газар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй болно. 2. Уг мод нь шинэс төрлийн мод байна. 3. Уг модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн бөгөөд хуурай мод байна. 4. Болц гүйцэж буй, хуурай мод байсан. 5. Уулнаас огтолж авсан 8 ширхэг модны нийт эзэлхүүн нь 2,7м3 мод байна. Уг модны нийт төлбөр нь 76950 төгрөг байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8, 12-13 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11, 15-16, 19-20, 23-24, 27-28 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18, 21-22, 25-26 дугаар хуудас/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 66, 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84, 90 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн  93 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 94-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц , Ч.Н  нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар 31-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Г” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 76950 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч М.Ц , Ч.Н   нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 76950 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Ц , Ч.Н   нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх төдийгүй гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тэдний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 76950 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 231000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн төлсөн ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч М.Ц , Ч.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Ц , Ч.Н  нарын хууль бусаар бэлтгэж 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 33 ширхэг шинэс мод болон 36 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хурааж улсын орлогод тооцон албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** ОРА, улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байх ба уг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч М.А т буцаан олгох нь зүйтэй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** ОРБ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Н ын эзэмшлийнх болох нь хавтас хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа хэдий ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хор уршиг, хэр хэмжээг харгалзан тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Ч.Н д буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Ц , Ч.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт М.Ц , Н овогт Ч.Н  нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Ц , Ч.Н  нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ц , Ч.Н   нарт хууль зөрчдөг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ц , Ч.Н   нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 33 ширхэг шинэс мод болон 36 ширхэг шинэс  мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нэг ширхэгийг шүүгдэгч М.Ц , Ч.Н  нараас тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРА улсын дугаартай “Портер” маркийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Орхон аймгийн ... оршин суух, Х  овогт М.А-т, **-** ОРБ  улсын дугаартай “Портер” маркийн тээврийн эзэмшигч Орхон ... оршин суух Н овогт Ч.Н-д тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц , Ч.Н   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ц , Ч.Н  нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ДЭЛГЭРМӨРӨН