| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0185/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 183
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г д холбогдох эрүүгийн 1915004460220 дугаартай, 163/2019/0185/Э индэкстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... сумын ерөнхий боловсролын 9-н жилийн дунд сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, Д овогт Г.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ... сумын нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн охин Б.Х г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
1915004460220 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Х гийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө гэртээ ээж Г бид хоёр унтаж байхад гаднаас хоёр ах орж ирээд манай гэрт ээж тэр гурав 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад тэр 2 ах гараад явсан. Дараа нь ээж намайг дагуулаад Од гэх хүүхдийн гэрт очсон. Тэнд архи, пиво ууж байсан. Ээж тэр хүмүүстэй хамт пиво уугаад эргээд ээж бид хоёр гэртээ ирсэн. Ээж унтаад би зурагт үзээд байж байтал ээж босож ирээд түрийвчээ хайгаад олохгүй болохоороо уурлаад “танай аавын найзууд ийм ш дээ, танай аавын найзуудыг цагдаад өгнө” гээд намайг зодох гээд ширээн дээр байсан утасны цэнэглэгчээр намайг ороолгосон. Тэгээд би гарах гээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход үснээс зулгаагаад миний нүүр лүү цэнэглэгчээр ороолгож, гараараа цохиод байсан. Тэгээд ээжийг ширээ янзалж байхаар нь би гараад зугтаасан. Намайг зодож байхдаа миний хувцасыг урсан. Би гарч зугтахдаа дээгүүрээ ганцхан цамцтай байсан. Би Н гэх айлд орсон. Тэднийд Н ахын эхнэр байсан ба С багшийг дуудсан. С багш ирээд намайг гэртээ аваачиж, хүүхдийнхээ хувцаснаас намайг хувцасласан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Г.Б ны өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 цаг 46 минутанд сургуулийн дуу хөгжмийн багш Б.С “хүүхэд үзүүлэх шаардлагатай байна” гэж манай сувилагчаар дуудуулсан. Тэгээд үзэхэд Б.Х гэх 7 настай хүүхэд байсан бөгөөд биед нь үзлэг хийхэд нүүр, хацар, цээж, бие, нуруу зоо, хэсгээр гөвдрүүтэж улайж хүрэнтсэн олон тооны шарх байсан. Тэгээд өвчин намдаах тариа тарьж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ө.У ийн өгсөн: “...Өмнө нь зодож байсан талаар хэлж байгаагүй. Ээжийнх нь байдал хамт ажилладаг хүний хувьд хүүхдээ тоодоггүй. Ямар нэгэн зүйл хийхээр загнаж зандардаг. Ер нь зан араншин муутай хүн. Амралтын өдрүүдэд байнга архи уудаг. Ер нь хүмүүс архи уудаг гэж ярьдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э ийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр 07-ны өдөр би сумын төвд гэртээ хувцас угаагаад байж байтал Х гэх хүүхэд уйлчихсан дээгүүрээ ганц цамц өмсчихсөн өөр хувцасгүй хөл нүцгэн ирээд “та надад туслаач” гэсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “ээж намайг мөнгө авсан” гээд зодсон. Тэгээд ээж чинь эрүүл байна уу, согтуу байна уу гэхэд архи уусан гэж хэлсэн. ...С эгч ирээд эмчид үзүүлнэ гээд авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Н.Б ын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би сумын төвд гэртээ байж гэрийнхээ цонхоор харсан чинь Н гэх айлын гадаа нүцгэн хүүхэд уйлаад байхаар нь сайн хартал манай үйлчлэгч Г гийн охин Х байсан. Тэгэхээр нь очоод яагаад уйлж байгааг асуухад “...ээж мөнгө алга болсон гээд намайг зодсон” гэсэн. Гар хөлийг нь харахад товруутсан, шалбарсан байсан. Цамцыг нь сөхөж харахад мөн тийм байсан. Тэгээд С багшийг дуудахад С багш ирээд Х гийн ах нар луу яриад Х г эмнэлэг рүү авч явсан. Х “намайг хот руу манай ах руу явуулаад өгөөч, би ах дээрээ очмоор байна” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.С ийн өгсөн: “...Э ийн гэрч очиход манай сургуулийн үйлчлэгч Г гийн охин Х уйлчихсан дээгүүрээ цамцтай нүцгэн, юмаар ороолгуулсан байдалтай байсан. Тэгээд хэнд зодуулсан талаар асуухад “ээж намайг түрийвчнээс мөнгө авсан” гэж зодсон гэж хэлсэн. Тэгээд “ээж чинь эрүүл байна уу согтуу байна уу” гэхэд “архи уусан” гэж хэлсэн. Х “би ээж дээр очихгүй ахтайгаа ярьмаар байна” гэж байсан. Тэгээд ах Ч тэй нь яриулаад эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Ч.А гийн өгсөн: “...Г нь анх ... суманд ирэхдээ дагавар хүүхэдтэй ирсэн. Тэгээд ... суманд ирээд Ч гэх хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон. Тэгээд удалгүй нөхөр нь нас барсан. 2011 онд Б гэх хүнтэй сууж, 2012 онд охин Х гэх охин нь төрсөн. Нөхөр Б нь 2018 онд өвчний улмаас нас барсан. Одоо 3 хүүхэд нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Бага охинтойгоо ... суманд байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ч ийн өгсөн: “...Өмнө нь дүүг зодож байгаагүй. Миний ээж дүү 2 хоёулахнаа байдаг. Ямар нэгэн зодсон гэх асуудал гарч байгаагүй. Тухайн үед мөнгө алга болсон байна гэж зодсон байсан. Өөр ямар нэгэн асуудал бол байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 289 дугаартай дүгнэлтээр: 1. Магадлуулагч Б.Х гийн биед баруун дээд зовхи, баруун бугалга, гуянд цус хуралт, дух, баруун хацар, эрүү, тохой, нуруу, хоёр бугалга, гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.5. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 55-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хүүхдийн Эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “хүүхэд эсэн мэнд амьдрах эрх”-тэй бөгөөд мөн хуулийн 5.2. дах хэсэгт зааснаар “хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж хуулчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэлийн нэг хэлбэр болох “бие махбодын хүчирхийлэл” гэдэг нь “хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуулчилсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн ... сумын нутагт өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж охин Б.Х г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн насан хүрээгүй хохирогч Б.Х , гэрч Г.Булган, Ө.Уугсанцэцэг, Ж.Э , Н.Б , Б.С , Ч.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа шүүгдэгч Г.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г г нь “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Г гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршгийн талаар хохирол нэхэмжлээгүй ба түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Г г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цэнэглэгчний утас нэг ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г.Г г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Г д оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 75000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цэнэглэгчний утас нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН