Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 20

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,392,775,024.08 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Б.*******, хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК-ийн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч “Говийн гурван уул” ХХК нь *******наас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулан 1,250,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 413,5 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 629,7 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 623,3 мкв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 416,7 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн хүүнээс 124,767,123.82 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 1,250,000,000 төгрөг, үндсэн хүү 15,369,863 төгрөг, нийт 1,265,369,862.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Говийн гурван уул” ХХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн хурал эзэмшдэг, 49 хувийг “Говийн хан уул” ХХК нар эзэмшдэг тул компанийн үүсгэн байгуулагчид оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхийн хувьд “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нарыг хариуцагчаар татсан болно.

Иймд зээлийн нийт төлбөр 1,265,369,862.46 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,484,799 төгрөгийн хамт зээлдэгч “Говийн гурван уул” ХХК, батлан даагч Б.*******, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, “Говийн хан уул” ХХК нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагадаа: “*******наас тус шүүхэд зээлдэгч Говийн гурван уул ХХК, батлан даагч Б.*******, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Говийн хан уул” ХХК нарт холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1.Үндсэн хүү – 154,250,518.70 төгрөг,

2.Нэмэгдүүлсэн хүү – 1,152,308.92 төгрөг,

3.Зээлийн үлдэгдэл – 1,222,002,333.45 төгрөг,

Нийт 155,402,827.62 төгрөгийн хүүний төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал хэргийн материалтай танилцсан бол үндсэн хүүнээс төлөгдсөн дүн байгаа. 1,265,369,862 төгрөгөөр анх нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2016 оны 08 дугаар сард үндсэн төлбөрөөс 27,997,666 төгрөг, үндсэн хүүнээс 25,180,060 төгрөг гээд нийтдээ 80,301,013 төгрөг төлөгдөөд хасагдсан байдлаар бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргасан зээл хүүний тооцооны нэмэлт хуудсанд бодолтыг тодорхой бичиж ирүүлсэн байгаа. Манайх 80 саяын барилт хийсэн нь үнэн. Гэхдээ энэ нь ийм, ийм дүнгээр зээлнээс хасагдсан байгаа гэдгийг сайн ойлгоогүй юм шиг байна. Дээрх 80 сая төгрөгөө үндсэн зээлнээсээ хассан дүнгээр зөвшөөрнө гэж байх шиг байна. Тэгвэл хүүгээ хэрхэн тооцсоноо нотолж чадахгүй байна. Манайхаас хүү зогсоогоогүй. 1,1 тэрбум төгрөг дээр эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч тал гэрээнээс татгалзсан, цуцлагдсан гэж яриад байна. Гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээг цуцлахаас өөр ойлголт. Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сард уулзахдаа уулзалтын тэмдэглэлээр мэдэгдснээр гэрээ цуцлагдсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч зээлийн төлбөр буюу түүний хүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Танай барьцаа хөрөнгө шатсан гэдэг нь үнэн. Бид өөрсдөө ирж танилцсан. Хэдийгээр барьцаа хөрөнгө устсан байсан ч танайх зээлийн төлбөр, хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Говийн гурван уул ХХК нь Чингэлтэй дүүргийн Ард бизнес, *******ны салбартай 2015 оны 12 сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөгдөж эхлээгүй, үндсэн хүүг хуваарь ёсоор төлж байсан. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байх үед 2016 оны 5 сарын 10-ны өдөр үйлдвэрийн барилгад гал түймэр гарсан. Тухайн өдөр салхи ихтэй байснаас гал түргэн хугацаанд нэмэгдэж өөрсдийн болон гал унтраах хүч бүхэлдээ ажиллаад ч галыг зогсоож чадалгүй үйлдвэр бүхэлдээ шатсан харамсалтай явдал гарсан. Зээлийн гэрээний барьцааны зүйл устсан тухай тэр даруй банкинд утсаар, албан бичгээр мэдэгдсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 05 сарын 23-ны өдөр Тусгай активын газрын дарга Амарсанаа нь албаны бусад хүмүүстэй газар дээр нь ирж танилцаад, *******ны Өмнөговь аймгийн салбар дээр уулзалт хийгээд явсан. Тухайн үед бид зээлийг төлөх боломжгүй боллоо, зээлийн хүүг зогсоогооч хүсэлтийг ч өгч байсан. Мөн энэ үед 2016 оны 05 сарын 17-ны өдөр 109000058120 тоот дансанд орж ирсэн 79,988,500 төгрөгийн гүйлгээг банк саатуулан барьсан ба тухайн өдрийн дансны бодит үлдэгдэл 80,042,028 төгрөг байсан. Иймээс Иргэний хуулийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө гэрээнээс татгалзаж болно гэсний дагуу банкийг зээлийн гэрээнээсээ татгалзаж байна гэж ойлгосон. Иймд Зээлийн гэрээний 6.2.3-т заасан барьцааны зүйл устсан тохиолдолд гэрээ дуусгавар болохоор заасан тул 2016 оны 5 сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж үндсэн хүү 15,369,863 төгрөгийг хүлээн зөвшөрөөхгүй. Харин үндсэн зээл 1,250,000,000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80,042,028 /наян сая дөчин хоёр мянга хорин найм/ төгрөгийг хасч тооцох ёстой. 2. Хариуцагч хуулийн этгээдийн хүлээх хариуцлагын талаар: “Говийн Гурван уул” ХХК нь 2016 оны 5 сарын 10-ны байдлаар 30-аад ажилчидтай, 3,267,610,815,5 төгрөгийн үндсэн, 496,862,911 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 45,727,380 төгрөгийн бэлэн бүтэгдэхүүн болон түүхий эд материалтай махан махан бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орон нутгийн хэрэгцээг бүрэн хангадаг, үйл ажиллагаа нь тогтворжсон компани байсан. Гэтэл 2016 оны 5 сарын 10-ны өдрийн 15 цагийн үед гал түймэр гарч дээр дурдсан хөрөнгө, бүтээгдэхүүн, санхүүгийн болон бусад бүх бичиг баримт устсан. Гал түймэрийн шалтгааны талаар Гамшиг судлалын хүрээлэн, гамшгийн туршилт шинжилгээний төвийн 9/143 тоот дүгнэлт 2016 оны 5 сарын 27- ны өдөр гарсан. “Говийн Гурван уул” ХХК-нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 51%, “Говийн хан уул” ХХК 49 %-ийн оролцоотой орон нутгийн өмчит компани байсан тул дээрх хувь нийлүүлэгч нарт өөрт оногдох хөрөнгийг данснаас хасах саналыг ТУЗ-ийн 2016 оны 6 сарын 15-ны өдрийн 004 тоот тогтоолоор уламжилсан. Одоогоор Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байна. Хэдийгээр “Говийн Гурван уул” ХХК татан буугдаагүй, дампуураагүй боловч үйл ажиллагаа нь түр зогссон байгаа тул 1,169,957,972 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК хариуцах болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Говийн гурван уул” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******наас 1090/23 тоот гэрээгээр авсан 1,250,000,000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80,042,028 төгрөгийг хасч 1,169,957,972 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК хариуцах болно гэдгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тайлбарт тодорхой гаргаж өгсөн болно.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ дүнгээр эвлэрэх боломжгүй. Манай зүгээс 1,169,957,972 төгрөг дээр эвлэрэх боломжтой. 2016 оны 05 сарын 10-ны өдөр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гал түймэр гарсан. Барьцаалсан зүйл устсан бол барьцааны эрх дуусгавар болно гэж Иргэний хуулийн 160.1.5-д заасан байгаа. Иргэний хуулийн 221.1-т заасны дагуу нэхэмжлэгч ******* гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Гал гарснаас 3 хоногийн дараа *******инд  35 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа. Үүний дагуу *******ны төлөөлөл өөрсдийн биеэр ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан. *******наас манай компанийн данс дахь 80,042,028 төгрөгийн зарлагын гүйлгээг бүрэн зогсоосон. Эдгээр үндэслэлүүдээр манайх *******ыг гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа учраас дээрх хасагдах үнийн дүнгээр банктай тохиролцох боломжтой юм. Иргэний хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар гэрээнээс татгалзсан гэж үзээд барилт хийгдсэн 80 сая төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна.” гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Буяндэлгэр овогтой ******* би ******* ХХК-ийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 1090/23 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнд:

1.Говийн гурван уул ХХКомпанийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 002 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Аймгийн ИТХуралд нэр дэвшихээр чөлөөлөгдсөн.

 2.Говийн гурван уул ХХКомпанийн 49 хувийг эзэмшигч Говийн хан уул ХХКомпанийг 2016 оны 05 сарын 16-ны өдөр иргэн Аптанцэцэг овогтой *******т шилжүүлсэн тул Говийн хан уул ХХКомпанийн өмнөөс тайлбар хүргүүлэх боломжгүй.

3.Иргэн Б.******* би 2015 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан 1090/23 тоот гэрээнд Говийн гурван уул ХХКомпанийн гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан тул энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг холбогдох хуулийн этгээдүүдэд хүргүүлнэ үү.” гэжээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Буяндэлгэр овогтой ******* би ******* ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Б.******* би энэхүү 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хувьд биелүүлэх боломжгүй болно.” гэжээ.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд иргэний зүгээс хариуцахаас татгалзаж байна. Миний бие Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байгаа. Тухайн үед Гүйцэтгэх захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурж байсан, харин иргэнийхээ хувьд гэрээгээр ямар нэг үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Тийм учраас иргэний хувьд оролцох боломжгүй гэж үзэж байна. “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК нар зээлийг хариуцна гэсэн ойлголттой байна.” гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Говийн гурван уул” ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоо 51 хувь, хувийн хэвшлийн оролцоо 49 хувь байхаар тогтоосны дагуу “Max махан бүтээгдэхүүн боловсруулах, хөргөх, хадгалалт” гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагааны, “Таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа”, “Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Гадаад, дотоод худалдаа”, “Үр тариа болон бусад ургамал тариалалт” гэсэн туслах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор дүрмийн сан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн а/87 дугаар захирамжаар 49 хувийн хөрөнгө оруулагчаар “Говийн хан уул” ХХК-ийг шалгаруулан хөрөнгө оруулалтын асуудлыг тус тус хийж “Говийн гурван уул” ХХК-ийг 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа эхлүүлэн ажилласан. Аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн а/271 захирамжаар орон нутгийн хөрөнгө оруулалтыг 1 600 000 000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтын дагуу Өмнөговь аймгийн орон нутгийн өмчөөс 2014 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаар “Говийн гурван уул ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах саналыг Төрийн өмчийн хороонд хүргүүлж, Төрийн өмчийн хороо 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 426 дугаар тогтоолоор хувьчилж худалдах зөвшөөрөл гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах ажлын бэлтгэл ажлыг хангах, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд тайлангаа танилцуулсан ба уг танилцуулгад “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.6 дахь заалтад аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд “орон нутгийн өмчийн эд хөрөнгийг Төрийн өмчийн хорооны мэргэжил арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “б”-д “тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж зааснаар аймгийн Засаг дарга хувьчлах тухай санал боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэхийг үүрэг болгох саналыг оруулж байна.” гэсэн санал оруулсны дагуу аймгийн Засаг даргаас хувьчлах тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд танилцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн эзэмшлийн 51 хувийг хувьчлах, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж “Хөрөнгө хувьчлах тухай” 98 дугаар тогтоол гаргаж хөрөнгө хувьчлах, худалдах тухай асуудлыг аймгийн Засаг даргад зөвшөөрч аймгийн Засаг дарга уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1-1405 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг тогтоосон доод үнээр худалдан авах эсэх талаар мэдэгдлийг “Говийн гурван уул” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч болох “Говийн хан уул” ХХК 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг худалдан авах боломжтой гэсэн санал ирүүлж 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан “Говийн хан уул” ХХК нь худалдан авсан нийт үнэ болох 1651000000 /нэг тэрбум зургаан зуун тавин нэгэн сая/ төгрөгийг гэрээний хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр багтаан орон нутгийн төсөвт төлөх үүрэг хүлээсэн. Мөн “Говийн гурван уул” ХХК нь *******тай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан банкнаас 1 250 000 000 төгрөгний зээл авсан байгаа нь “Хөрөнгө хувьчлах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн хийгдсэн “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах тухай гэрээг “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Говийн хан уул” ХХК-ийн төлөөлөл нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дараа хийгдсэн үйлдэл байх тул Өмнөговь аймаг нь “Говийн гурван уул” ХХК-ийн *******наас авсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Иймд дээрх тогтоол шийдвэрийг үндэслэн “Говийн гурван уул” ХХК нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, орон нутгийн өмчийн нэгдсэн тайланд нэгтгэгдээгүй, орон нутгийн төсөвт 1,651,000,000 /нэг тэрбум зургаан зуун тавин нэгэн сая/ төгрөгийн өглөгтэй, орон нутгийн өмчийн оролцоотой бус компани юм. Ийм учраас худалдах, худалдан авах ажиллагаа хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж явагдсан тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал *******ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас хасаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянан шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрэх саналын хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хасаад, банк нь зээлдэгчтэй эвлэрсэн тохиолдолд бидний зүгээс ямар нэг нэмэлт тайлбар хэлэхгүйгээр болгох боломжтой. Манайх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид *******тай гэрээ байгуулаагүй, хуулиар болон гэрээгээр банкны өмнө үүрэг хүлээгээгүй. “Говийн гурван уул” ХХК-ийн 51 хувийг 2011 оноос 2015 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл  Аймгийн ИТХ эзэмшиж байсан. Үүнийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 51 хувийг “Говийн гурван уул” ХХК-д хувьчлахаар шийдвэрлээд, гэрээ байгуулж, төлбөрөө 2023 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар төлөхөөр тохиролцож “Говийн гурван уул” ХХК-д шилжүүлсэн байсан. Үүнээс хойш зээлдүүлэгч нь зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байсан учраас ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь үндсэн зээлд 1,222,002,333.45 төгрөг, үндсэн хүүд 169,620,381.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,152,308.92 төгрөг нийт 1,392,775,024.08 төгрөгийг хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Б.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулахаар шаарджээ. Хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК-ийн төлөөлөгч А.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.******* болон Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдүүлэгч *******ыг төлөөлж Ард бизнес төвийн захирал Х.Алтанзагас, зээлдэгч “Говийн гурван уул” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.******* нар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 дугаар зээлийн гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 1,250,000,000 төгрөгийг зээлдэгчид 36 сарын хугацаатайгаар, сарын 2,2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан баримтаар /хх-20-23/ нотлогдож байх бөгөөд энэ тухай нэхэмжлэгч болон  хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК-ийн  төлөөлөгч  А.******* нар маргахгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, ... /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “...банк,... нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч /зээлдэгч/ “Говийн гурван уул” ХХК нь зээлийн үндсэн хүүд 124,767,123.82 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлэн төлж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр компанийн үйлдвэрийн байранд гал түймэр гарч, тоног төхөөрөмж, үл хөдлөх эд хөрөнгө устсан болох нь 2 дугаар хавтаст хэрэг дэх Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тогтоолын хуулбар, Гамшиг судлалын хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/143 тоот Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар /хх-444-446/ тогтоогдож байна.

1 дүгээр хавтаст хэрэг дэх зээлийн эргэн төлөлтийн хуваариас /хх-22/ үзэхэд “Говийн гурван уул” ХХК нь 1,250,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар заажээ. Зээлийн гэрээний 4.1.2-т “Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй ... бол банк уг зээлийг хугацаанаас өмнө төлөхийг шаардах”, 6.2.2-т “зээлдэгч зээлийг өөр зориулалтаар ашигласан”, 6.2.3-т “... зээлдэгчийн болон Батлан даагч этгээдийн ... төлбөрийн чадвар муудсан, барьцааны зүйл үрэгдсэн, ... ашиглах боломжгүй болсон” нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлах,  6.3-т “Банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэн даруй шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Говийн хан уул” ХХК нь Хадгаламж банкнаас 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэсэгчилсэн нөхцөлтэйгээр 900,000,000 төгрөгийн зээл авч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Говийн гурван уул ХХК гэсэн нэрээр *******наас авсан 1,250,000,000 төгрөгийн зээлээс Говийн хан уул ХХК-ийн зээлийг хааж барагдуулсан байна.” гэж дурджээ. Эндээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ ******* нь хариуцагч /зээлдэгч/-ийг зээлийг өөр зориулалтаар ашигласан, барьцааны зүйл үрэгдсэн, ашиглах боломжгүй болсныг мэдмэгц зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах ёстой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэй юм.

Гэрээг цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгодог. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйл нь гэрээг цуцлахтай холбоотой хуулийн зохицуулалт юм. 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал ... гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.”, 221.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлыг ... хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч талын үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гал түймрийн улмаас устаж үгүй болсон нь хүндэтгэн үзэх үндэслэл бөгөөд хугацаа харгалзахгүйгээр гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул гал түймэр гарсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг зээлийн гэрээг цуцалсан хугацаа гэж тооцохоор байна. Гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох тул нэхэмжлэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй юм. Хариуцагчийн төлөөлөгч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “үндсэн зээл 1,250,000,000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80,042,028 төгрөгийг хасч тооцох” тухай тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тус мөнгийг банк зээлд суутган тооцсон тухай тайлбар гаргасан байх ба талууд энэ тухайд маргахгүй байна.

Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч *******ны хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан үндсэн зээл 1,222,002,333.45 төгрөг, үндсэн хүү 169,620,381.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,308.92 төгрөг нийт 1,392,775,024.08 /нэг тэр бум гурван зуун ерэн хоёр сая долоон зуун далан таван мянга хорин дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож үндэслэлгүй нэхэмжилсэн 222,817,052 төгрөгийг хасч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.******* нараас 1,169,957,972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.******* нь хэдийгээр“Говийн хан уул” ХХК-нд  эзэмшдэг  хувьцаа болон эрхийг хариуцагч А.*******т шилжүүлсэн, “Говийн гурван уул” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь баримтаар /хх-422-424/ тогтоогдож байх боловч *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даагчийн /хх-6-7/ хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хариуцагч “Говийн гурван уул” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцааны 51 хувийг эзэмшдэг /хх-431/ байсан боловч өөрийн өмчлөлд ногдох хэсгийг хувьчлах шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан, улмаар Төрийн өмчийн хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тухайн компанийн орон нутгийн өмчид ногдох хэсгийг хувьчлахыг зөвшөөржээ. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-20-23/-нээс үзэхэд зээлдэгч нь “Говийн гурван уул” ХХК болох нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд нэг талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зээлийн гэрээг байгуулахаас өмнө тухайн компанийн өөрт ногдох хэсгийг хувьчилсан, нөгөөтэйгүүр зээлийн гэрээний нэг тал бус болох нь нотлогдож байх тул гэрээний дагуу үүрэг хүлээхгүй, хамааралгүй этгээд байна.     

1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Батлан даалтын гэрээ /хх-6-7/, Барьцааны  гэрээг /хх-23-24/ шинжлэн судлахад *******ийг төлөөлж Ард бизнес төвийн захирал Х.Алтанзагас, иргэн Б.******* болон “Говийн гурван уул” ХХК-ийг төлөөлж захирал Б.*******  нарын хооронд байгуулсан батлан даалтын болон барьцааны гэрээ нь 1090/23 тоот зээлийн гэрээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах харилцааг зохицуулжээ. Батлан даалтын гэрээний 2.2-т “Батлан даагч нь Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцаж барагдуулна.” гэж, 2.2.1-т “Батлан даагчийн *******ин дахь бүх ... данс, бусад банкин дах ... дансны орлого” гэж, 2.2.2-т “Талуудын харилцан тохиролцсон үнэлгээгээр дараах эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх” гэж тус тус заасан байна. Барьцааны гэрээний 2.2-т барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн нэрийг жагсаажээ. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 413,5 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 629,7 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 623,3 мкв талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Цагаан булаг 0 гудамж, малчны хорооллын урд талд байрлах 416,7 мкв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газар эзэмших эрх зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх” гэж дурджээ.  Дээр дурдсан барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь гал түймрийн улмаас устаж үгүй болсон нь баримтаар нотлогдож байх тул нэр бүхий үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгайлан дурдах боломжгүй юм. Харин ******* нэхэмжлэлээ шүүхэд гаргах үед үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гал түймрийн улмаас устаж үгүй болсон нь нэхэмжлэгч талд нэгэнт илэрхий байсан тул зээлийн барьцааны зүйл болох обьект, тоног төхөөрөмж, газрыг нийтэд нь бус зөвхөн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх тухай хүсэлт гаргасан бол шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах боломж үүснэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан зээл, хүүний тооцооны хуудас, батлан даалтын гэрээний хуулбар, 1090/23-02 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, “Говийн гурван уул” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Говийн хан уул” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Б.*******ын зээлдэгчийн анкет, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1090/23 тоот Зээлийн гэрээний хуулбар, 1090/23-01 барьцааны гэрээний хуулбар, нэхэмжлэгчээс Г.*******, Б.Амарсанаа нарт олгосон итгэмжлэл, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 77 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, Статистикын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/277 тоот албан бичиг, “Говийн гурван уул” ХХК болон хариуцагч Б.******* нарын өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 214 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.гийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн а/162 дугаар захирамжийн хуулбар, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.*******ын хариу тайлбар, хариуцагчийн төлөөлөгч А.*******, хариуцагч Б.******* нарын хариу тайлбар, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолуудын хуулбар, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 426 дугаар тогтоолын хуулбар, Өмнөговь аймгийн 2014 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1-1254 тоот мэдэгдлийн хуулбар, нэхэмжлэгчээс З.д олгосон итгэмжлэл, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас М.*******т олгосон итгэмжлэл, “Говийн хан уул” ХХК, “Говийн гурван уул” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх-422/, компанийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар /хх-423/, “Говийн гурван уул” ХХК-ийн ТУЗ-ын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 002, 003  дугаар  тогтоолууд, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б/2481 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/400 тоот албан бичиг, “Говийн гурван уул” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тогтоолын хуулбар, Гамшиг судлалын хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/143 тоот Шинжээчийн дүгнэлтийн хуулбар,  “Говийн гурван уул” ХХК-ийн ТУЗ-ын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 004 дүгээр тогтоолын хуулбар, үйлдвэрийн гэрэл зураг, “Говийн хан уул” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.*******ийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 35 тоот мэдэгдэл, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 43 тоот, 44 тоот хүсэлт гаргах тухай, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 45 тоот албан бичгүүдийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, зээл, хүүний тооцооны нэмэлт хуудас, хариуцагч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч А.******* нарын хариу тайлбар “Говийн гурван уул” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 007 дугаар тогтоол, *******ны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/12436 дугаар албан бичиг, Голомт банкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 516 тоот албан бичиг, “Говийн гурван уул” ХХК-ийн Голомт банк дахь 5205013514 тоот дансны 2010.01.01-2014.07.11 өдрийг хүртэлх хуулга, Б.*******ын Голомт банк дахь 5205001308 тоот, 5205004921 тоот, 1109357162 тоот, 52092666673 тоот данснуудын 2010.01.01-2016.08.18 өдрийг хүртэлх хуулга, Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 7-414/408 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банк дахь  “Говийн хан уул” ХХК-ийн 414000062 тоот, “Говийн гурван уул” ХХК-ийн 414000059 тоот, Б.*******ын 414000479 тоот, 414000069 тоот данснуудын 2010.01.01-2016.08.19 өдрийг хүртэлх хуулга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаар албан бичиг, , Капитал банкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 305 тоот албан бичиг, “Говийн гурван уул” ХХК-ийн Капитал банк дахь 2032005123 тоот дансны 2010.01.01-2016.08.22 өдрийг хүртэлх хуулга, Капитал банкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/294 тоот албан бичиг, Хасбанкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 18/537 тоот албан бичиг, Хасбанк дахь Б.*******ын тоот, тоот, “Говийн гурван уул” ХХК-ийн тоот, тоот данснуудын 2010.01.01-2016.08.25 өдрийг хүртэлх хуулга, Хаанбанкны Өмнөговь салбарын захирлын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1111 тоот албан бичиг, Хаанбанк дахь “Говийн гурван уул” ХХК-ийн тоот дансны 2013.06.27-2014.12.31 өдрийг хүртэлх хуулга, Б.*******ын тоот, тоот, 5585165006 тоот данснуудын 2010.01.01-2016.08.19 өдрийг хүртэлх хуулга зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Хэрэгт авагдсан “Говийн гурван уул” ХХК-ийн Орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах гэрээний хуулбар нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.                  

Нэхэмжлэгч ******* 1,392,775,024.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа 7,419,763 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөнийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1,169,957,972 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,077,040 төгрөгийг хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.******* нараас гаргуулан нэхэмжлэгч *******инд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.******* нараас 1,169,957,972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгож, 222,817,052 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг зээлийн гэрээгээр төлбөрийн үүрэг хүлээхгүй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,419,763 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.******* нараас 6,077,040 төгрөгийг гаргуулан *******инд олгосугай.

4.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШЗ2016/01655 дугаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР