Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 188

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Ц.М ,

шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О ад холбогдох 163/2019/0183/Э индекстэй, эрүүгийн 1915004130215 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, урьд ял шийтгүүлж байгаагүй, М  овогт Ж.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О  2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, хөлөн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.М ын өгсөн: Эмчилгээнд 368000 төгрөг өгсөн. Энэ хэргийн улмаас өвс хадлангаа авч чадахгүй, хүн хөлсөлж 2 сая гаран төгрөгийн зардал гарсан. Нэг нутаг усны хүмүүс учир гомдолтой гэх хэцүү, гомдолгүй гэх хэцүү байна. Хөлийг минь сүхээр цохисонд нь гомдолтой байна. Өвс хөлсөөр хадуулсан 2 сая төгрөгийг нэхэмжилж байна.

1915004130215 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч М.Ц ийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би хөлөө бариулах гээд О ын гэрт нь очсон. О  надад нэг шил архи авч өгөөд бид хоёр хувааж уусан. М ын гэрээс архи авч уусан. Орой 18 цагийн үед М  ирсэн. Тэр үед М , О  нар нь хоорондоо маргалдаад байсан. О ын төрсөн эгч нь болох Д  нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй юм. Д  эгч М ыг “гар” гэсэн чинь М  О ад хандаж “эгчдээ юм зааж өглөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл гэнэт л М  О ыг гараараа нүүрлүү 4-5 удаа алгадаад авсан. Тэр үед Э  орж ирээд салгасан. М  өөрийнхөө морио унаад яваад өгсөн.   Би О ын гэрт нь хоносон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Н.Э ын өгсөн: “...О  ах согтуу, М  ах архи уугаагүй хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байхаар нь юу болсон талаар асуухад М  ах 2 хөлний шилбээ харуулаад О   сүхний иртэй талаар хөл рүү минь цохичихлоо гэсэн ба 2 хөл нь шилбэ хэсгээрээ арьс нь язраад ангайчихсан харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 Ж.О  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 3-р баг “Ч” гэх газарт байх манай гэрт манай хөршийн Ц.М  ганцаараа ирээд цэргийн застав орчихоод ирнэ гээд явсан. Тухайн үед Цэндмэд гэж хүн байсан ба бид хоёр 1 шил том хар шилтэй архи хувааж уусан. Тэгсэн Ц.М  оройхон морио барьчихсан гээд манайд ирсэн. Тэгсэн манай төрсөн эгч гэж мэдрэл муутай, хэл амгүй хүн байдаг ба тэр эгч маань Ц.М ыг “балай Мөнхөө манайхаас яв” гэж хөөгөөд, нөгөө Ц.М  намайг “энэ балай гагалдаа үг зааж өглөө” гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд намайг сандал дээр сууж байхад М  намайг цохиж унагаагаад ор луу маань чирээд цохиод сүх бариад түүнийг айлгах санаатай ширвэж байгаад хөл рүү нь хүрчихсэн юм. Тэгээд бид 2 салаад явсан. Ийм л юм болсон. Би түүний биед гэмтэл учруулсан зүйлээ бол хүлээн зөвшөөрч байна. М  надаас маргааш өглөө нь ирээд уучлалт гуйгаад хөлөө харуулаад явсан. Тэгэхээр нь “намайг барьж авч зодсон, балай эгчийг маань элдэвээр хэлсэн” гээд би түүнд уурлаад “ярих юм байхгүй” гээд явуулсан. ...Би түүнд 120.000 төгрөг хохиролын мөнгө наашаа цаашаа явсан зардалд өгсөн. Одоо хохирол бүрэн барагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 251 тоот: 1. Ц.М ын зүүн, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ ясны цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар  хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 12-16 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 40-42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.О  2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, хөлөн тус газарт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ц.М ын мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Н.Ц , Н.Э  нарын өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ц.М ын зүүн, баруун шилбэнд шарх, зүүн шилбэ ясны цууралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 251 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Ж.О ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ж.О ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Ц.М  нь эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгчээс 2 сая төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Ж.О  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.О ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүгдэгчид буцаан олгож, модон иштэй сүх 1 ширхэгийг устгах, Ж.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч М  овогт Ж.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.О ад оногдуулсан 500000 /таван зуу мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч Ц.М  нь энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутгыг шүүгдэгч Ж.О ад буцаан олгож, модон иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН