Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 189

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Ч.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох 163/2019/0184/Э индекстэй, 1915002600186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, М овогт Ч.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт иргэн Б.Н ийн 2 тооны адууг хулгайлж, 32000000 /гучин хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М-ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915002600186 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Н-ийн өгсөн: “... С сумын арын аралд адуугаа ногоолуулсан юм. Тэр үеэр адуун дундаас хээр морь минь Сэ сумын 4 дүгээр багийн Цүүцийн гол гэх газар руу гүйгээд явчихсан. Тухайн газар байхад нь хүнээр үзүүлж харуулж байсан бөгөөд таны 2 адуу байна гэж байсан. Хэд хоногоос адуугаа авъя гэж бодоод 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ганцаараа очсон чинь байгаа гэх газарт нь адуу минь байхгүй байсан. Ингээд ойр орчимын айлуудаас асуухад өчигдөрхөн 2 адуу байсан гэж хэлсэн. Би 2 хоног адуугаа хайгаад олоогүй. Сүүлд хүнээс сонсоход Хустайн даваа гэх газарт 2 морь дагуулсан хүн явж байсан гэж хэлсэн. Сүүлд нь уг залууг М гэдэг болохыг мэдсэн. М нь манай С сумын залуу, намайг сайн танина. Манай 2 адууг сайн мэднэ. С сумаас Атар хүртэл явж манай адууг зарж борлуулсан. Хас тамгатай хээр морь, нөгөөх нь бас хас тамгатай халтар морь байсан. Эдгээр морьд нь хурдан удамын уралддаг байсан. Халтар морь нь даага насандаа Сэлэнгэ суманд айраг 5-д, шүдлэн насандаа Орхон аймагт мөн айраг 5-д орж байсан. Хангал сумын Хялганат тосгоны наадамд 2-уулаа уралдаж айргийн 5 байрыг алдахгүй авдаг байсан. Надад авсан шагнал, медаль, өргөмжлөл нь байгаа. Ер нь манай Сэлэнгэ сумын иргэд бүгд мэднэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Гэрч М.А-ын өгсөн: “... Б аймгийн Х суманд өөрийн гэртээ байж байхад миний утас руу Б залгасан бөгөөд “Ах адуу авч байна уу, дүүд нь 2 тооны морь байна, ирээд авах уу” гэхээр нь ах нь яваад очъё гээд Хялганат тосгоноос С багшийн хамтаар түүний эзэмшлийн тээврийн хэрэгслээр адуу авах газар буюу Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Атар гэх газарт өглөөний 11 цагийн үед очсон. Сэргэлэн бид хоёрыг очиход адуу байгаа гэх хашаандаа байхгүй байсан. Б-ын утас руу залгаж түүнийг хаана байгаа талаар асуухад ууланд хонинд явж байна гэж хэлсэн. Ингээд хонины бэлчээр дээр нь очиход Б, өндөр том биетэй залуугийн хамт байж байсан. Энэ хоёр адууг зарах гэж байгаа юм гээд зааж байсан. Б-тай хамт байсан залуугаас зарах гэж байгаа адуу чинь буруу гарын адуу биш биз гэхэд биш гэж хэлсэн. Би Атараас өөрийнхөө адууг авч явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үнийг нь асуухад нөгөө залуу хэлэхгүй байгаад байсан. Ах нь сайн тарган адууг 1200000 төгрөгөөр, тааруу адууг 700000 төгрөгөөр авч байгаа гэхэд Б 1 адууг нь 700000 төгрөгт бодоод авчих гэж хэлсэн. Ингээд адууг авалгүй хөдлөөд явсан. Араас Б залгасан бөгөөд та энэ 2 адууг авчих, хамт явж байгаа хүний хүүхэд нь өвчин тусчихсан байгаа юм гэхээр нь буцаад очиход Хялганат тосгоны наадмын талбайн хажууд нөгөө залуу 2 морьтойгоо зогсож байсан. Нөгөө залуугаас хулгайн адуу биш биз гэж дахин тодруулахад үгүй ээ, би хүнээс авах ёстой адуугаа авч явж байгаа юм гээд гуйгаад байхаар нь 1 адууг 700000 төгрөгт бодож тэр залууд 1400000 төгрөг тоолж өгчихөөд Хялганат тосгоны төвд 12 цагийн үед ирсэн. Маргааш нь Орхон аймаг руу оруулж Таван эрдэнэ зах руу оруулж өгсөн. Махны ченж нар тэр даруйд нь янзалсан. Нэг адууг нь 880000 төгрөгөөр бодож 1740000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Х.С-ийн өгсөн: “... А-ын эхнэр У над руу залгасан бөгөөд Сэлэнгэ сумын 3 дугаар багийн тасаг руу яваад өгөөч адуу үзэх санаатай гэхээр нь би зөвшөөрсөн. Миний тээврийн хэрэгслээр тасаг дээр 12 цагийн үед ирэхэд А-ын уулзах ёстой хүн байхгүй байхаар нь А нөгөө залуу руу утсаар ярьж хаана байгаа талаар асуухад та арагшаагаа яваад бай гэхээр нь хойшоогоо явч уулын энгэрт нарс модон дотор Б гэх залуутай тааралдсан. Түүнтэй хамт нэг үл таних эрэгтэй байж байсан. А машинаас буугаад зарах гэж байгаа адууны талаар ярилцаад байсан. Би машинаас буугаагүй. Тэд зарах үнэ ханшаа яриад тэндээсээ хөдөлсөн. Бид хоёр Хялганат тосгоны төвд ирээд удаагүй байтал адуу зарах залуу наадмын талбайн дэргэд хүрээд ир гэхээр нь яваад очсон. Нөгөө танихгүй залуу 1 морь уначихсан, хээр, халтар 2 морийг хөтөлчихсөн байдалтай ирсэн бөгөөд уг хөтөлж явсан 2 адууг А-т зарсан. Тухайн адуунуудыг нэг адууг 700000 төгрөгөөр бодож нийт 1400000 төгрөгөөр авсан талаараа надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орчимд өөрийн гэртээ байж байтал үл таних залуу цэнхэр өнгийн мотоцикльтой ирээд хонгор зүсмийн адуу энэ хавиар харагдсан уу, Сэлэнгэ сумаас унаж ирээд айлын хашаанаас гараад сураггүй алга болсон гэхээр нь тухайн өдөр худаг дээр харагдсан болохоор нь өдөр таны сурагласан адуу харагдсан гэдгийг хэлсэн. Орой 19 цагийн үед үхрээ хураачихаад буцаад ирэхэд нөгөө залуугийн сураглаад байсан адуу манай адууны захад буюу сайр гэх газар хонгор зүсмийн морь байж байсан. Маргааш өглөө нь морийг бариад нөгөө залууд өгсөн. Тэр залууг М гэдэг бөгөөд өмнө нь Сэлэнгэ суманд амьдарч байсан. Өглөө нь М ах хойноос хар, хээр морьтой ирээд энэ хавьд ойрхон ченж байна уу гэж асуугаад байхаар нь өөрийн танил ченж ах руугаа залгаад манайд зарах 2 адуу байна, та хүрээд ирэх үү гэж хэлсэн. 1 цагийн дараа утсаар холбогдсон ченж залуу Хялганат тосгоноос ирээд М ах нөгөө ченж залууд зарж борлуулсан. Ченж ах эхнэр болон нэг залуугийн хамтаар ирээд Приус машинаар туугаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Яллагдагчаар Ч.М-ын өгсөн: “... Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн 4 дүгээр баг руу хамаатны ах Х-ээс адуу зээлж авах гээд өөрийн найз Ө-ийн хонгор морийг гуйж унаад явсан. Х ахынд очсон боловч надад адуу зээлээр өгөөгүй. Би харих гээд буцаж явахад Сэлэнгэ сумын 4 дүгээр багт байрлах Зүүн салаа гэх газарт халтар, хээр зүсмийн морьд сул бэлчиж байсан. Тэгэхээр нь уг морьдыг ойролцоох өвөлжөөнд хашиж байгаад өөрийн унаж явсан морины ногтыг тайлж байгаад тэр хоёр морийг ногтлоод хөтлөөд Сэлэнгэ сумын төв рүү явсан. Сэлэнгэ сумын 3 дугаар баг дээр ирээд хонинд явж байсан зүс таних залуутай тааралдаад таньдаг ченж байна уу яриад өгөөч энэ хоёр адууг өгчих гэсэн юм гэж хэлэхэд тэр залуу А гэх ченжийг дуудсан. Уг ченж нь зүс таних залуу бид хоёрыг байсан газарт ирж үзээд миний хөтөлж явсан хоёр адууг 1400000 төгрөгөөр авч явсан. ... Би ганцаараа хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/201 дугаартай: “... Алдагдсан том халтар морь 25000000 төгрөг, хээр халтар морь 15000000 төгрөг, нийт 40000000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-63 дугаар хуудас/,

Далайн ван аудит ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 02/02-140 дугаартай: “... 2019 оны 05 дугаар сарын байдлаар хурдан удмын том хээр морь 25000000 төгрөг, жижиг хээр морь 7000000 төгрөгөөр тус тус үнэлэв, морьны нийт үнэлгээ 32000000 ...” гэх дүгнэлт /хх-ийн 98-103 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 32000000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь 2019 оны 05 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт иргэн Б.Н-ийн 2 тооны адууг хулгайлсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Ч.М-ын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн хохирогч Б.Н-д 32000000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч, гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ч-ийн М-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.М-ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН