Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 13

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

       Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Ш, ГХБХБГ-ын газрын кадастрын мэргэжилтэн Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнө гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаа Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж өөрчилж байна. ”Б” ХХК-д Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/788 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 1000м 2 газрын 15 жилийн хугацаатай олгосон.Уг газар дээрээ хашаа барьж, дотор нь тоног төхөөрөмж, машин техникээ байрлуулж манаач айл буулгасан.

        ”Б” ХХК нь Газрын тухай хууль тогтоомжийн дагуу уг газраа эзэмшиж байсан.

       Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаар захирамжаар манай “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг 2017 оны 12 сард мэдсэн. Аймгийн Засаг даргын А/572 дугаартай захирамж нь “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

       Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо “Б” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх бүхий албан тушаалтан болох тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Т надад урьдчилан мэдэгдээгүй,мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх захирамжийг надад бас өгөөгүй болно.Манай компанийн зүгээс аймгийн ГХБХБГ-т 2017 оны 12 сард албан бичгээр хандаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг авсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаар хуульчилж өгсөн. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу аймгийн ИТХ-д эрх олгосон байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т аймгийн Засаг дарга газрын харилцааны талаарх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж хуулийн заалт байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байтал тус заалтыг зөрчсөн. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/572 дугаар захирамж бол хууль бус захирамж гэж үзэж байна. Б ХХК нь газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсан газрыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байтал Увс аймгийн Засаг дарга А/572 дугаар захирамжаар Б ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу тусгай зарчмуудыг хэрэгжүүлээгүй ба Б ХХК-ийн захирал Ч.Т-т сонсох ажиллагаа явуулаагүй буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа талаар урьдчилж мэдэгдэхгүйгээр захирамжийг шууд гаргасан. Б ХХК-ийн төв оффис нь “Их наяд” цогцолбор дээр байдаг боловч Б ХХК-ийн махны үйлдвэр дээр ажилладаг малын эмч М.Энхзаяад  эзэмшлийн газрыг хүчингүй болгох байгаа талаар мэдэгдсэн. М.Энхзаяа нь гэрчийн мэдүүлэгтээ “Би Б ХХК-д 2014-2016 оны 10 дугаар сарын дуустал малын эмчээр ажиллаж байна. Тухайн үед ямар учиртай бичиг ирснийг би сайн санахгүй байна. Манай компаний захирал түр эзгүй байхад надад өгсөн байх гэж бодож байна. Б ХХК-ийн оффис “Их наяд” цогцолбор дээр байрладаг. Манай захирлын хүүхэд Улаанбаатар хотод сурдаг учраас ихэвчлэн эзгүй байдаг байсан. Би хүлээж авсан бичгүүдээ хадгалж байгаад захиралд өгдөг байсан боловч тухайн бичгийг өгсөн эсэхээ сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг тухайн байгууллагын захиралд биечлэн мэдэгдээгүй, баталгаат шуудангаар явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн.Иргэний эрх ашгийг хөндөхгүйн тулд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Ц.Т-ээс тайлбар авах санал гаргах эрхийг нь хэрэгжүүлээгүй алдаа дутагдал гаргасан. М.Энхзаяа нь тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, ажил үүргийн чиг үүрэг нь өөр ба архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн биш.

     Газрын тухай хуульд тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдсан газрыг бусдад эзэмшүүлнэ гэж заасан ба тухайн жил архивын тасаг,Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт газар эзэмшүүлнэ гэж төлөвлөөгүй. Архивын тасаг нь 2 жилийн хугацаанд тухайн газрыг огт ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү“ гэв.

        Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт 1000м 2 газрыг орон сууцны зориулалтаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3,33.4-т заасныг тус тус зөрчиж аймгийн Засаг даргын 2013 оны 5 сарын 06-ны өдрийн А/286 дугаар захирамжаар төрийн байгууллагад эзэмшүүлсэн газартай давхцуулан эзэмшүүлсэн байна.

      Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж “Б” ХХК-д хууль бусаар эзэмшүүлсэн байх тул Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу аймгийн Засаг даргын 2015 оны А/788 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

      Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Б ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Б ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

     Аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 286 дугаартай захирамжаар Архивын тасаг, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт  газар олгосон ба А/788 захирамжаар 1000 мк газрыг орон сууцны зориулалтаар Б ХХК-д давхардуулан олгосон нь кадастрын зурагт тодорхой харагдаж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 33 дугаар зүйлийн 33.2, 33.4-т заасны дагуу шударга ёс тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа явуулах ёстой байтал явуулаагүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засаг даргын захирамж хууль бус бол уг байгууллага өөрөө буюу дээд шатны байгууллага эсхүл шүүх хууль бус шийдвэрийг таслан зогсоох ёстой. Төрийн архивт тусгай стандарт хангасан байр барих газар хэрэгтэй гэсний дагуу газар олгосон. Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагад олгосон газарт хүүхдийн орон барихаар газар олгосон ба зураг төслийн ажил явагдаж байгаа. Энэхүү хүүхдийн ордон нь нийтийн эрх ашиг болон Увс аймгийн хүүхэд залуучуудад зориулсан ордон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

     Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Б” ХХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах “-аар өөрчилсөн болно.

      Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Хариуцагчийн зүгээс “Нэхэмжлэгчид маргаан бүхий актыг 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 353 дугаартай албан бичгээр хүргүүлсэн“ гэсэн тайлбарыг гаргаж, энэ талаар Д.Сэс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байна.

     Д.С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед 2016 оны 10 сарын 06-ны өдрийн захирамжийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 253 дугаартай албан бичгийн хамт Б ХХК-ийн захирал Ч.Т-ийн утсанд холбогдож захирамж гардуулах тухайгаа хэлэхэд Их наяд цогцолборт очоод байгаа хүнд нь өгчих гэсэн. Энхтөр гэж хүн байсан. Би уг албан бичгийг тэр хүнд гардуулж өгөөд явсан” гэжээ.

     “Б” ХХК нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж 2017 оны 12 сарын 19-ний өдрийн албан бичгээр захирамжийн хувийг хүлээн авсан байна.

      Хэдийгээр нэхэмжлэгчтэй утсаар холбогдож холбогдох хүнд нь захирамжийн хувийг гардуулсан талаар гэрч мэдүүлж, хариуцагч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч 2017 оны 12 сард маргаан бүхий актыг гардан авч танилцсан, шүүхээс нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

      Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь “Б" ХХК нь Газрын тухай хуулийн дагуу уг газраа эзэмшиж, газар дээрээ хашаа барьж, дотор нь тоног төхөөрөмж, машин техникээ байрлуулж манаач айл буулгасан байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, мөн захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “Б" ХХК-д эзэмшүүлсэн газар нь аймгийн Архивын тасаг, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст эзэмшүүлсэн газартай давхцсан, газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн“ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны А/788 тоот захирамжийг хүчингүй болгож, захирамж гарсантай холбогдуулан Улаангом сумын 3-р багийн нутагт “Б” ХХК-д орон сууцны зориулалтаар олгосон 00307598 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байна.

     Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Галдан бошигт хороололд барилга барих зориулалтаар 1 га газрыг эзэмших тухай өргөдлийг гаргажээ.

      Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн А/788 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт “Б” ХХК-д 1000м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

      Уг газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Б” ХХК-тай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, кадастрын зургийг үйлдэж, 2016 оны 03 сарын 17-ны өдөр 000307598 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 8516009188 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг үүсгэсэн байна.

       “Б” ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарахаас өмнө буюу Увс аймгийн Засаг даргын 2013 оны 05 сарын 06-ны өдрийн А/286 дугаартай “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг Дэчинравжаалан хийдийн зүүн талд аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900м2 газрыг, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст 1800м2 газрыг, аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт 1260 м2 газрыг тус тус албан конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

     Тус шийдвэрийг үндэслэн Хүүхэд гэр, бүлийн хөгжлийн хэлтэст 2014 оны 04 сарын 03-ны өдөр 000436159 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 8516000445 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгджээ.

      Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг аймгийн Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газар 2013 оны 5 сарын 21-ний өдөр үйлдсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээгүй байна.

     Хариуцагчийн зүгээс “Б” ХХК-д эзэмшүүлсэн газар нь төрийн байгууллагад олгосон газартай давхцсан гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхээс маргаан бүхий газар нь бусад этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

        Шүүхээс газарт үзлэг хийхэд маргаан бүхий газарт хашаа татсан, түүний эргэн тойрон сул задгай газар байсан ба “Б” ХХК болон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Архивын тасагт эзэмшүүлсэн газрын кадастрын зураг дээрх хэмжээ байршлыг тогтоосон координатын цэгүүдийг үндэслэн хэмжилт хийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан болно.

         Маргаан бүхий газарт хийсэн үзлэгээс үзэхэд “Б” ХХК-д Улаангом сумын 3-р баг, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд газар эзэмшүүлэхдээ  урьд нь Архивын тасаг болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 870м2 газартай давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

       Мөн Архивын тасаг болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаартай захирамж хүчингүй болоогүй байх ба Архивын тасгаас шүүхэд ирүүлсэн албан бичигтээ “уг газарт архивын зориулалтын барилга бариулахаар төлөвлөсөн, төсөв хөрөнгөний асуудал ирэх оноос шийдвэрлэгдэхээр болсон” талаар, Увс аймгийн Гэр бүл, хүүхэдд,залуучуудын газар шүүхэд ирүүлсэн албан бичигтээ “тус газарт аймгийн Хүүхэд, залуучуудын ордон бариулахаар төлөвлөн зураг төслийг нь хийлгэж байгаа” талаар тодорхойлолт ирүүлжээ.

       Увс аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улаангом сумын Галдан бошигт хороололд 200 га газрыг дуудлага худалдаагаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч “Б” ХХК-ийн хувьд газар эзэмшүүлэхдээ хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар олгоогүй байх ба энэ талаар баримтгүй байна.

       Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

       Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

       Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны хувьд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Б” ХХК-д 2016 оны 9 сарын 09-ний өдрийн 267 дугаартай албан бичгийг хүргүүлж, санал тайлбараа ирүүлэхийг мэдэгдсэн байх ба уг мэдэгдлийг 2016 оны 9 сарын 09-ний өдөр М.Энхзаяа гэх ажилтанд хүлээлгэн өгсөн нь Газрын харилцаа,барилга,хот байгуулалтын газрын явуулсан баримт бичгийн бүртгэлийн 267-рт бүртгэгдсэн тэмдэглэл, гарын үсэг, гэрч М.Энхзаяагийн “ Би Б ХХК-д 2014 оноос 2016 оны 10 сарыг хүртэл малын эмчээр ажиллаж байсан. Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын явуулсан бичгийн баримт дээр зурагдсан гарын үсэг минийх мөн байна. Тухайн үед ямар утгатай бичиг ирснийг санахгүй байна. Манай компанийн захирал эзгүй үед надад өгсөн байх гэж бодож байна. Би хүлээж авсан бичгүүдээ хадгалж байгаад захиралд бөөнд нь өгдөг байсан. Надад албан бичгийг нууж дарагдуулсан зүйл байхгүй. Тухайн албан бичгийг хэзээ, хэнд өгснөө сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

    Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “сонсох ажиллагааг хийгээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

       Увс аймгийн 2013,2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төсвийн байгууллагад газар эзэмшүүлэх талаар тусгагдаагүй байх боловч энэхүү үндэслэлээр  хүчин төгөлдөр, ямар нэг маргаангүй байгаа Архивын тасаг,Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаартай захирамжийг буруутгах,хүчингүйд тооцох үндэслэлгүй болно.

         Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг тэмдэглэв.

     Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/572 дугаартай захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.АЛТАНЦЭЦЭГ