Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0439

 

М.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гаргасан давж заалдах гомдлын дагуу М.М-н нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан М.М-н нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/55, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/137, 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/172 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан 5 сар 19 хоногийн цалин 10,690,771 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “... М.М нь Засгийн газрын тогтоолын төслийн тогтоох хэсэгт өөрөө дур мэдэн өөрчлөлт оруулж хүргүүлсэн, ... удирдах албан тушаалтнаас чиглэл өгөөгүй байхад ... төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн асуудлыг тусгаж ноцтой алдаа гаргасан нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүх дээрх заалтуудыг зөрчөөгүй, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл үүсээгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй, ... “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4.3-т заасан сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөлд байдалд хамаарах юм. Гэтэл анхан шатны шүүх үүнийг ... нийтлэг үүрэгт нийцэж байна гэж субъектив байдлаар дүгнэлт хийсэн.

... М.М нь 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг нэгжийн удирдлагадаа хүргүүлж, тайлагнаагүй. ... ажлын гүйцэтгэлээ 3 сар дараалан тайлагнаж, дүгнүүлээгүй тул сахилгын шийтгэл хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзсэн болно. Гэтэл анхан шатны шүүх хийх ажлын төлөвлөгөө батлагдаагүй байхад тайлан гаргах боломжгүй гэх үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

... Засгийн газраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр баталсан журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь албан тушаалын тодорхойлолттой уялдаж боловсруулагдах байсан төдийгүй М.М нь тухайн журамд заасан тавигдах шаардлагад нийцүүлж тайлан, төлөвлөгөөгөө боловсруулаагүйг шүүх зөвтгөсөн.

... Нэхэмжлэгч М.М нь яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/55 дугаар ... тушаалтай маргаагүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... Б/172 дугаар тушаалтай хамтатган 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байтал нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж буруу шийдвэрлэсэн.

... М.М нь 1 өдөр тасалсан, 4 цаг 14 минут хоцорсон, ... яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/26 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.3-т ... заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн.

... Анхан шатны шүүх сургалтад бусад албан хаагчийн хамт оролцсоныг үгүйсгээгүй, ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгээгүй атлаа нэхэмжлэгчийг ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. М.М Төрийн нарийн бичгийн даргаас чөлөө аваагүй, дур мэдэн яамны албан хаагчдыг сургалтад хамруулсан гэж үзэж байна.

... М.Мөнхзаяза Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур орчны шинжилгээний газар, албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2020 оны 03 дугаар улирлын ... тайланг хангалтгүй боловсруулсан, ... тоон мэдээнүүд зөрүүтэй, танилцуулга болон Сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичвэр замбараагүй, дутуу, тоон үзүүлэлтийн хувийг буруу гаргасан учир буцаан ирүүлсэн.

Дээрх М.М-н гаргасан зөрчил нь байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж, мөн төрийн албаны хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул зохих шийдвэр гаргах бүрэн үндэслэлтэй байна.

М.М нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, анхан шатны шүүхэд итгэмжлэлээр оролцохдоо нотлох баримт хангалтгүй бүрдүүлж, удаа дараа эсрэг талд шүүхийн шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах болон дээд шүүхэд гомдол гаргаагүй зэрэг хариуцлагагүй байдал гаргасан гэж яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б/117 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

... М.М нь дээрх үүргийг хэрэгжүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандаж Хуулийн хэлтсийн даргын өгсөн үүрэг даалгаврыг үл ойшоож захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллаж чадахгүй гэж үзэн нэгжийн дарга, удирдлагууд хооронд харилцан тохиролцсоны дагуу “М.М-г сэлгэн ажиллуулах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/181 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу сэлгэн ажиллуулсан байдаг. Мөн М.М нь албан тушаалын тодорхойлолтод заагдсан өөрийн хэрэгжүүлэх ёстой чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэггүйгээс гадна түүний зан байдал нь байгууллага хамт олны уур амьсгалыг эвдэж, албан хаагчидтай гар нийлж хамтарч ажиллаж чаддаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.М-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдууланБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/55, 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/137, 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/172 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

НЭГ. “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий захиргааны актаар “алдаа, зөрчлийн талаар тайлбар ирүүлэх өгөөгүй, 2020 оны 1, 2, 3 дугаар сарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь хянуулаагүй, Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авсан хувилбарт өөрөө дур мэдэн өөрчлөлт оруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн“ гэх үндэслэлүүдээр Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтэн М.М-д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мэргэжилтэн М.М ““Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ байгуулах тухай” Засгийн газрын тогтоол боловсруулахад яамдаас авсан албан бичигт Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12 /Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн/ дахь заалтыг тусгаагүй нь хэрэгт авагдсан М.М-н боловсруулсан Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төсөл[1] болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэргэжилтэн М.М-н гаргасан зөрчилтэй холбогдуулан “Мэдэгдэл өгсөн хурлын тэмдэглэл[2] зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Харин хариуцагч албан тушаалтан тухайн тогтоолын төсөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг дур мэдэн нэмсэн гэх үйлдлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ болгосон ч тухайн үйлдэлд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан байх бөгөөд уг тогтоолын төсөлд тухайн хуулийн заалтыг тусгасан нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” нийтлэг үүрэг болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “тогтоолын төслийн танилцуулга боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах, тогтоолын төсөл боловсруулах” чиг үүргээ тус тус хэрэгжүүлсэн байгаагаас гадна тогтоолын төслийн хуулийн үндэслэлийг эрх бүхий этгээд нь хянаж, алдаатай бол засуулах боломжтой тул нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авахуйц ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Үүнээс гадна Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах гаргах журам”-ын “Хоёр”-ын 2.4-д “Энэ журмын 2.1-д заасан гомдол мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ”, 2.4.2-т “шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах”, 2.4.3-т “шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах” ажиллагааг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл ... шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтоохоор зааснаас үзвэл тайлбар авах нь хариуцагч албан тушаалтны хэрэгжүүлэх үүрэг байх бөгөөд гаргасан алдааны талаар тайлбар ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, энэ нь нэхэмжлэгчид шууд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохооргүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус газрын мэргэжилтэн М.М-н 2020 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталснаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан байгууллагын болон, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-12 дугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлэхээр заасныг, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, журам”-ын 2.3-д “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллага болон нэхэмжлэгчийн хэн аль нь хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг М.М нь боловсруулж батлуулаагүй боловч өөрийн албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэж байсан, мөн уг асуудалд захиргааны байгууллага, түүний нэгжийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд гаргаагүй байдал нөлөөлснөөс үзвэл сахилгын арга хэмжээ авахад хүргэсэн зөрчил гэж үзэхээргүй байх бөгөөд бусад албан хаагч төлөвлөгөөгөө батлуулж байсан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

ХОЁР. НэхэмжлэлийнБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/137 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлагын тухайд:

Хариуцагч албан тушаалтны маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар мэргэжилтэн М.М-д сахилгын шийтгэл ногдуулсан аль ч үндэслэлүүд тогтоогдоогүй, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон гэж үзсэн энэ тохиолдолд тухайн актын үндэслэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох заалтад өөрчлөлт оруулж засварласнаар захиргааны акт бодит нөхцөл байдалд тохирсон гэж үзэх үндэслэл болохгүй тул мөн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

ГУРАВ. “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/172 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч албан тушаалтан дээрх маргаан бүхий тушаалаар мэргэжилтэн М.М-д “ажлын цаг ашиглалт хангалтгүй, өргөдөл, гомдлыг тайлан алдаатай боловсруулж, илгээсэн” зөрчил гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газраас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16:00-16:30 цагт тус яамны албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийн талаарх шалгалтыг хийжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран боловсруулсан 2020 оны сургалтын хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Ковид-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан сургалтад мэргэжилтэн М.М тус яамны харьяа Хан-Уул дүүрэг дахь сургалтын төвд очиж оролцсон нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл”, тус олон улсын байгууллагаас М.М-д олгосон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сертификат, бусад баримтуудаар тогтоогджээ.

Мэргэжилтэн М.М нь эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүй тухайн сургалтад оролцсон нь Хөдөлмөрийн дотоод журам, төрийн байгууллагын соёлд нийцэхгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх боловч нэгэнт өөрийн эрхэлж байгаа ажил, чиг үүрэгтэй холбоотой, сургалт нь 2020.08.27-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл болсныг хариуцагч мэдэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул зөвхөн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сургалтын хаалтын ажиллагаанд оролцсон нь ажлаас халах ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Мэргэжилтэн М.М-н боловсруулсан “2020 оны эхний хагас жилийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг тайлан”-гийн төслийг хариуцагч албан тушаалтан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/6761 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэлгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангаагүй, бичвэр замбараагүй, дутуу, тоон үзүүлэлтийг буруу гаргасан” гэх үндэслэлээр буцаажээ.

Хэдийгээр мэргэжилтэн М.М “дээрх тайлангийн төслийг шууд кромпьютерийн программаас хэвлэж гаргасан” гэх боловч үнэн зөв гарч байгаа эсэхийг хянаж гаргаагүй нь “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэгт хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд “3 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн бол халах”-аар заасан нөхцөл бий болоогүй байна.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг баримталж төрийн албанаас халсан нь буруу болжээ.

Учир нь хуульд заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт тухайн үүргийг огт гүйцэтгээгүй буюу “тайлан гаргах үүргээ биелүүлээгүй” сахилгын зөрчил гаргасныг ойлгохоор байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах гаргах журам”-ын “Зургаа”-гийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж, шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/181 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.М-г тус газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү тушаалтай маргаагүй, харин түүний урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Сайдын зөвлөлийн хурал, байгаль орчны чиглэлийн нөхөрлөл, үйл ажиллагааны тайлан хариуцсан мэргэжилтний ажлаас халсан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/172 дугаар тушаалтай маргаж байгаа тул уг тушаалыг хууль бус болохыг тогтоосонтой холбоогүй “тус газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтны нэхэмжлэгчийг төрийн албан тушаалаас халсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох бөгөөд шүүх өөр албан тушаалд нь тогтоох үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан хариуцагч албан тушаалтны маргаан бүхий шийдвэрүүдийг хууль бус гэж үзэн, холбогдох нэхэмжлэлийг ханган, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх шаардлагагүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 

[1] 1 дэх хавтсын 159 дэх тал.

[2] 1 дэх хавтсын 140 дэх тал.