| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0190/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 190
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Н-д холбогдох эрүүгийн 1915003310174 дугаартай, 163/2019/0190/э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Г аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, У...-т референт нарийн бичиг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт О аймгийн Б сум С ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Н.
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Б аймгийн О сумын ... дугаар багийн нутагт иргэн Х.О эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос манай аав, ээж, дүү нар ирэхээр нь ойрхон байрлах амралтын газар луу амрахаар очсон. Амралтын газар очоод аав, ээжтэйгээ тоглож байгаа орой 18 цагийн орчимд манай охин, дүү хоёр маань тэр амралтын газрын сагсны талбай дээр тоглож байхаар нь явж очоод хамт тоглосон. Ингээд тоглож байтал бүр цаанаас нэг эрэгтэй хүн орилоод байсан. Тухайн үед согтуу хүн орилоод байгаа юм болов уу? гэж бодсон. Тэгээд тэр эрэгтэй хүн цаанаас хашгираад хүрээд ирсэн. Хүрч ирэхдээ гартаа нэг зүйл барьсан байх шиг байсан. Газар хаяахад тоос бужигнаад байсан. Над дээр ирээд зайлцгаа явцгаа гээд байсан. Энэ үед хажууд тоглож байсан жаахан хүүхдүүд тэр хүнээс айгаад цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би эргэж хараад чи яагаад хүүхдүүд айлгаж ичээгээд байгаа юм бэ? гэж хэлэхэд наадах чинь манай талбай, чин эндээс зайл гээд хөөсөн. Тэгээд байхаар нь би энд танай талбай гэж бичсэн зүйл юу байгаа юм бэ?, би бөмбөгөө авч ирээд л тоглож байна ш дээ гэхэд чи ер нь юу гээд байгаа юм бэ? гэж уурлаад намайг заамдаад авахаар нь рефлексээрээ цааш нь түлхэсэн гэв.
1915003310174 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Х.О-ын өгсөн: “...манай гэр тэр талбайгаас зайтай байдаг болохоор гэрийнхээ гаднаас манай талбайгаас гараарай гэж хэлсэн тоглоод байхаар нь сонсохгүй байгаа юм байна даа гэж бодоод дөхөж очоод “манай талбайгаас гараарай манай амралтын газарт амарч байгаа хүмүүс л тоглодог юм” гэсэн ихэнх хүмүүс нь гараад явчихсан ба тэр залуу аавтайгаа үлдчихээд явахгүй үлдсэн юм. Тэгээд тэр залууд “манай талбайгаас гар” гэхэд “гарахгүй тоглоно, тэгээд чи яадаг юм” гээд миний өөдөөс барьж аваад саваад унагаачихсан. Хөлөөрөө хавсараад л унагаачих шиг болсон. Бетон шалан дээр ар дагзаараа савж унасан. Юм харагдахгүй харанхуй оргиод байсан. Тэгээд хэн ч юм нэг нь намайг босгож авсан. Би тэр хүн рүү довтолсон ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ... Тэгж унаад л тэгээд ахын машинаар шууд нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт очсон. Тэнд очсон надад тариа хийлгээд ар дагзнаас чулуу орчихсон байна гээд түүж авсан гэж ярьсан. Эмнэлэгт дээр 23 цагийн үед л очсон байх. ... Би амралтын газар дээрээ жаахан байсан ба тэндээсээ эмнэлэг рүү явах үедээ машинаар удаан явсан ба би жаахан явахаар нь толгой эргээд бөөлжиж барьж явсаар байгаад удаан явж очсон. Эмнэлэг дээр очоод яаралтай тусламж дээр тариа хийлгэж хэсэг хэвтээд ар дагзнаас чулуу түүлгэж дуусаад тэгээд “Медипасс” эмнэлэг дээр очиж толгойн томографикын зураг авахуулсан. Тэгээд хариу нь гарах гэж 2 цаг болно гээд тэгээд ахынд очиж байж байгаад хариугаа буцаж аваад тэгээд эмнэлэг орж үзүүлээд хэвтэхээр болж өвчний түүх нээлгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Э-ын өгсөн: “... Тухайн үед би амралтын газарт хамт байсан ба Н сагс тоглоно гээд өөрийн дүү, охин хоёроо аваад явсан. Гэтэл сагс тоглож байгаад шовгор дээр охин минь уйлчихсан орж ирээд аав талбай дээр хүнтэй маргалдаад байна гэхээр нь сагсны талбай дээр очиход хоолойнд нь зүүлттэй байсан эрх нь тасарчихсан газраас түүж байсан. Маргалдсан залуу нь намайг очиход нөхрийг минь хэл амаар доромжлоод чи яах гэж манай талбай дээр ирсэн юм зайлцгаа гээд орилоод байсан. Ер нь тэр залуу өөрөө түрүүлж ирээд заамдахаар нь биеэ хамгаалах зорилгоор түлхэсэн. Түүнээс зодож цохьсон асуудал байхгүй. Манай нөхөр эрүүл байсан, харин нөгөө талын хүмүүс бүгд согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ч.Г-ийн өгсөн: “... Миний бие гэр бүлийн хүн болох Б-гийн хамтаар Улаанбаатар хотоос О аймагт 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой ирсэн. Манай хүү Н амралтын өдрүүд гээд дуудаад байхаар нь очсон юм. ... Хүү Н сагс тоглохоор нөгөө талын амралтын газрын эзэмшлийн сагсны талбай дээр тоглосон. Тоглож байхад танихгүй залуу хүрч ирээд “та нар зайлцгаа, манай талбай дээр яах гэж тоглоод байгаа юм” гээх хөөгөөд байсан.
Харин хүү минь “хүнгүй байхад чи яагаад хөөгөөд байгаа юм бэ, хэсэг тоглоё” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу хүрч ирээд хүүг маань заамдсан ба хоолойнд байсан эрх тасарчихсан. Н нөгөө залууг чи яахаараа миний биед халддаг юм гээд түлхэхэд нөгөө залуу газарт унасан. Тэр залуу босч ирээд дахиад хүүтэй минь барьцалдаад авахаар нь дундуур нь орж салгасан. Үүнээс өөр зүйл болоогүй. Удалгүй нөгөө залуугийн төрөл садангийн хүмүүс ирээд хүүхэд зодсон гээд дайрцгаагаад байсан. Миний хүүгийн зүгээс зодож цохьсон зүйл байхгүй, зүгээр түлхэхэд уначихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Г-ийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр амралтын газартаа нөхөр бид хоёр байж байтал орой 19 цагийн үед зэргэлдээх амралтын газарт амарч байсан амрагч нар манай амралтын газрын эзэмшилд байдаг сагс, гар бөмбөгийн талбайд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр сагс тоглож байсан. Манай нөхөр дээрх хүмүүсийг талбай дээрээс яв гэж олон удаа хэлсэн боловч гарахгүй байсан гэсэн. Нэг харахад талбай дээр нөхөр минь сөхөрөөд суучихсан нүдэнд нь нулимас цийлгэнэсэн байдалтай толгой нь хагарчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Насан хүрээгүй гэрч Б.Э-ын өгсөн: “...бид хэдийг тоглож байсан араас манай ах Н ганцаараа ирж бид нартай нийлж сагс тоглосон. Араас нь аав Г ганцаараа ирж бид нарыг хараад сууж байсан. Тэгээд сагс тоглож байгаад нэг харсан нэг ах орилоод гүйж явсан ба амралтын газрын байшингууд руу гүйж байна гэж бодсон. Тэгсэн нөгөө ах бид нарыг чиглээд гүйгээд ирсэн ба “бид нарыг зайлцгаа, яв наадах чинь та нарын тоглох газар биш” гээд байсан. Гараас нь 1 юм унасан ба газар тоос бужигнаад байсан. Тэгсэн хамт тоглож байсан нэг ах тэнд тоглож байсан жаахан хүүхдүүдийг аваад явчихсан ба манай дүү бас амралтын газарлуугаа явчихсан. Тэгээд би аавын хажууд очоод зогссон. Тэгсэн чинь манай ах Н “чи яагаад хүүхдүүд айлгаад байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө ах “чамд ямар хамаатай юм” гээд агаа руу дөхөж ирэхэд нь манай ах “алга дарамхан газар хэн нь ч тоглосон яахав дээ” гэсэн чинь “чи юу гээд байгаа юм бэ” гэснээ агааг заамдаж аваад гараа далайсан тэгэхэд нь манай агаа тэр ахыг хойш нь түлхсэн. Тэгсэн нөгөө ах нь заамдаастай чигээрэй арагшаа унасан ба манай ах заамдуулчихсан учраас дагаад тонгойчихсон. Тэгэхэд нь аав очиж тэр 2-г салгасан. Агаагын подвалка нь урагдчихсан, эрх нь тасарчихсан байсан. Тэгэхээр нь газраас эрхийг нь түүгээд байж байсан цаанаас нь нэг эгч гарч ирээд “яаж байгаан, чи бие муутай хүнийг түлхээд унагаачихлаа, би тэр цаанаас харлаа сая чи түлхээд унагаачихсан байж байсан шүү дээ” гээд агаа руу уурлаад байсан. Бие муутай хүн унагаачихлаа гээд байсан. Тэгсэн манай дүү, ээж, бэр эгч 2-ын дуудаад ирсэн байсан. Тэгээд бид нарыг яасан ийсэн гээд байж байхад нь цаанаас тэр ахын аав эмээ эд нар ирээд агааг бас загнаж уурлаж байсан ба тэр сагс тоглож байсан талбайн амралтын газрын захирал ирсэн. Тэгээд нөгөө нэг унадаг ахын аав ээж эхнэр эд нар нь агааг нэр, утасны дугаараа хэл, машиных нь дугаарыг зураг ав ажлын газраа хэл гээд байхад нь манай агаа нэрээ, утасны дугаар машины номерын зурагаа авахуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
О аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №495 тоот: 1. Х.-ын биед дагз ясны шугаман хугарал, тархины дагзны дэлбэн дэх тархины эдийн няцрал, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №1070 тоот: 1. Х.О-ын биед дагз ясны шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсын доорх цусан хураа, загзны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Х.О-ын биед дээрх гэмтлүүд нь оношлогдон Орхон аймгийн бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд эмчлэгдсэн байна. 6. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 7. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн гэх дүгнэлт /хх-65 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-01-02 дугаар хуудас/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-06 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-76-85 дугаар хуудас/, хэргийн материалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-141-142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Б аймгийн О сумын 2 дугаар багийн нутагт иргэн Х.О-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч Б.Н-ны гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.О, гэрч Ш.Г, Г.Э, Ч.Г нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүгдэгч Б.Н нь хохирогч Х.-ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сааран өнгийн цамц, 126 ширхэг шүртэй хүзүүний зүүлт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сааран өнгийн цамц, 126 ширхэг шүртэй хүзүүний зүүлт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н-д буцаан олгож, хэрэгт хураагдан ирсэн СД-ыг хэрэгт хадгалуулахаар хавсаргасугай.
6. Шүүгдэгчид урьд авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН