Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б од холбогдох эрүүгийн 1915004300222 дугаартай, 163/2019/0191/Э индэкстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг “О” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, М овогт Л.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.О ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915004300222 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч П.О ын: “...шөнө гэртээ ирээд гутал хувцасаа тайлахгүй оронд орохоор нь гутал, хувцасаа тайлаад унтаач гэхэд миний өмсөөд унтаж байсан цамцны захаар боох гэсэн урагдчихсан. Тэгээд миний толгой руу гараараа 3-4 удаа цохиод авахаар нь би ноцолдож байгаад эргээд тоошоо харж хэвтсэн чинь дээрээс дарчихсан хэвээрээ байсан ба босох гээд дээшээ түлхсэн дийлэхгүй байсан. Тэр хоорондоо надад “би чамаас өөр эхнэртэй байсан бол жаргаж байх байсан, чамтай сууж би зовж байна” гэх утгатай зүйл яриад байсан. Би нөхрийгөө явахад нь инээж байгаад “чи архи дарс нэг их уугаад яахав чамд зохидоггүй шүү” гэж хэлээд нэг шил дарс өгөөд явуулсан. Тэгээд тэнд байх хугацаандаа манай нөхөр “ОО-н өөрөөнөөс ярьж байна” гээд их гайгүй ярьсан. Тэрнээс хойш нэг их удалгүй нөхөр лүүгээ залгаад “чи машин барьж яваа шүү хэрэв архи ууж согтохоор бол хүүгээ дуудаарай” гэж хэлсэн “за” гэсэн. ...Манай нөхөр архи уухаараа агсам согтуу тавьж зодож нүддэг байсан. Зугтахад нь зугтаад л баригдаж зодуулахад нь зодуулаад л хүүхэд шуухдаа чирээд л шалдан нүцгэн зугтааж явсан үед зөндөө бий. Тэр болгоныг нь би цагдаад хэлж хандаж байгаагүй. Их эрт Ц  гуайг байхад 1 удаа хэлж байснаас шалгуулж барьж хариуцлага тооцуулж байсан зүйл байхгүй. Архи уучихаараа их өндөр дуутай болж орилж хашгирч л орж ирдэг. Сүүлийн хэдэн жил архинаас гаргах гэж кодлуулж бариад, лам хуврагаар үзүүлж харуулаад, эмнэлэг домнологоор яваад л их л үзсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,   

Гэрч П.Э гийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай ангийн Л а хотоос ирчихсэн байсан. Тэгээд манай ангийнхан цуглаад сумын төвийн урд байдаг “Я” гэх хоолны газар 6-уулаа уулзаад сууцгаасан. Тэр үед надаас гадна Т , Л , Х , Ө бид нар байсан. Тэгээд манайханы нэг нь Б  руу залгасан юм шиг байгаа юм. Б  маань нэг их удалгүй орой 20-н цагийн үед ирсэн. Тэгээд бид нар тэндээ хоол идчихээд эмэгтэйчүүд нь пиво уугаад нөгөө 3 эрэгтэй маань ганц нэг шил архи авч уусан байх. Тэгээд тэндээ сууж байгаад шөнө 00 цаг нилээн өнгөрч байсан. Бид нар нэг их халж согтсон хүн байхгүй байсан. Тэндээсээ бид нар Б ийг гэрт нь дөхүүлж өгсөн. Яг гэр лүү нь оруулж өгөөгүй. Одоо ойрхон юм чмнь гээд. Тэгээд дараа бид нар гэр гэрлүүгээ салцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Яллагдагчаар Л.Б ын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай ангийнхан Хутаг-Өндөр суманд цугларсан юм. Учир нь манай ангийн багш бие муу тэгээд ангийнхан нь цугларч тусламж үзүүлэх, түүнийхээ талаар ярьна гэж Улаанбаатар хот, Орхон аймгаас ангийнхан маань ирсэн байсан. Тэгээд явах гэхэд манай эхнэр уурлаад байхаар нь яваагүй ба тэгсэн манай ангийнхан байнга утасдаад байхаар нь эхнэрээс “оччихоод ирье” гэж гуйж байгаад тэгээд зөвшөөрөл авч очсон. Тэгээд хоол унд идээд ганц нэг шил архи уугаад шөнө 02 цагийн үед харьсан. Тэгээд би ирээд ууж идлээ гэдгээ хэлсэн манай эхнэр удлаа барилаа гээд уурлаад хардаж сэрдээд байхаар нь тэгээд би эхнэрээ барьж аваад ноцолдоод гараараа эхнэрийнхээ баруун гар луу нь гараараа цохисан. Зүүн гар бусад хэсэг нь бол барьж зууралдсанаас болж хөхөрчихсөн юм. Тэгээд л манай хүү шовгорт унтаж байгаад орж ирээд тэгээд л салсан. Тэгсэн маргааш нь эхнэр яваад өгсөн цагдаад хандсан байсан. Би согтуудаа эхнэртээ гар хүрч гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаартай дүгнэлтээр 1. Магадлуулагч П.О ын биед шуу ясны цууралт, баруун чихний дэлбэн, баруун зүүн хөхлөг сэртэн, зүүн дал, цээж, баруун бугалга, шуу, 2 сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллэлээр цохих цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 01-2 дугаар хуудас/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэлийн нэг хэлбэр болох “бие махбодын хүчирхийлэл” гэдэг нь “хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуулчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Л.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж эхнэр П.О ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.      

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч П.О , гэрч П.Э гийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаартай  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.    

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг  тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч  гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий  байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдол гэж үнэлэв.  

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа шүүгдэгч Л.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Л.Б  нь “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Л.Б од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.О ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч М овогт Л.Б ыг “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б од сануулсугай.

4.  Шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН