| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0196/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 194
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Ч.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ш т холбогдох эрүүгийн 1915003120225 дугаартай, 163/2019/0196/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ч.Ш.
Шүүгдэгч Ч.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын Цогт хун тайжийн талбай дээрээс иргэн Г.Х гийн охин Э гийн гээсэн “Huawei P smart” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж 839 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ш өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 1915003120225 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.Х гийн өгсөн: "...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд манай охин Э Булган сумын 5 дугаар багт байрлах Цогт хун тайжийн талбай дээр тоглож байгаад талбайн хажууд Ардын намын байрны харалдаа байдаг талбайн сандал дээр “Huawei P smart” загварын хар дээр улаан өнгийн цэцэгтэй хамгаалалтын гэртэй, шар өнгийн утсаа ууж байсан 0,5 граммын цэвэр устай хамт тавиад тоглож байсан. Удаагүй утсаа авах гээд ирэхэд нь байхгүй болсон байсан. Тэгээд найз охиныхоо ээжийн утсаар өөрийн ********* дугаарын гар утсаар залгаж үзэхэд эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больчихсон юм билээ. Өөрийн гар утсаа олж авсан гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-н 13-15/,
1.Гэрч Н.Ц гийн өгсөн: "...Бүгд найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн, алтан шаргал өнгийн гар утсыг манай ээжийн ах Ш олсон гэсэн. Би уг утсыг барьдаггүй, миний сим картаар манай эгч Ц барьж байгаа..." гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Ч.Ш гийн өгсөн: ”2019 оны 06 дугаар сард манай төрсөн ах Ч.Ш “Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Цогт хун тайжийн талбайн сандал дээрээс нэг утас оллоо, танай охин оюутан болж байгаа үүнийг ав” гээд авчирч өгсөн. Тэгээд манай охин сим картаа хийгээд барьж байсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Huawei P Sмart” утас 839 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-20 тал/,
Шүүгдэгч Ч.Ш ын яллагдагчаар өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан санагдаж байна. 15-16 цагийн хооронд би охин Э г гадаа салхилуулаад Цогт хун тайжийн талбай дээр явж байгаад охин талбай дээр тоглоод би Монгол Ардын Намын байрны урд сандал дээр хөлөө амраахаар суусан. Тэгээд удаагүй босоод сандал руу харахад улаан эрээн хамгаалалтын гэртэй, шаргал өнгийн Huawei гэсэн бичигтэй гар утас байсан. Дэргэд нь усны хэд хэдэн хоосон сав харагдсан. Тэгээд би гар утсыг харангуутаа аваад халаасандаа хийсэн. Намайг гар утсыг олоход эргэн тойронд хэн нэгэн байгаагүй. Тэгээд би охиноо аваад гэртээ харьсан. Гэртээ хариад би гар утаснаас нь симийг гаргаж хаясан. Гар утсыг нь өөртөө хадгалж байгаад 2019 оны 08 дугаар сард дүү Ч.Ш гийн охин Ц г хот руу оюутан болох гэж байгаа болохоор нь талбай дээрээс олсон утсаа өгсөн юм. Тэгээд удалгүй Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан” гэх мэдүүлэг /хх-40-42 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3-4 тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-8-9 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-32-33 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-37-38 тал/, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44-46 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг Цогт хун тайжийн талбай дээрээс “Huawei P smart” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан хууль зүйн факт, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.Х , гэрч Н.Ц , Ч.Ш нарын өгсөн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээ гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайрхамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй зүйлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Ш ын бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч ашиглан завшиж байгаа үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Ч.Ш ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Ш нь хохирогчид “Huawei P Smart” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгснөөр хохирогч Г.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ч.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ч.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ш нь 450000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ш т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ш т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД