| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0195/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 195
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б д холбогдох 163/2019/0195/Э индекстэй, эрүүгийн 1915004340221 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ц.Г ийнд туслах малчнаар ажиллаж байгаа гэх/ урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Н.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Х багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
Эрүүгийн 1915004340221 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Э ын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сард танилцаад тэгээд хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр Орхон аймагт нэг гэртээ амьдарч байхдаа урд Хапитатын 127 тоот байшинд амьдарч байсан. Энэ нь манай хүүхдийнх юм. Тэгээд удалгүй 6 сард тэр айлын мал маллахаар хөдөө явсан. ...Б бид хоёр мойл жимсээр дарж эсгэсэн дармал хийж уусан юм. Уг нь нэг их тэгж уудаггүй. Тэгээд нөгөө дарсан дармалаа уугаад нэг мэдсэн чинь би согтсон байсан. Тэгээд нэг мэдсэн чинь шөнө 23 цагийн үед намайг голын усанд дүрчихсэн зодож байсан. Тэр үед би юу болоод байгааг мэдэлгүй чи болиоч ээ гэж хэлээд нэг мэдсэн ухаан алдсан байсан. Тэгсэн шөнө 00 цагийн үед манай хүүхдүүд Орхон аймгаас ээжийгээ эргэж байна гээд ирсэн чинь би гэрт байхгүй хажуугийн жалганд хэвтэж байсан гэсэн. Миний дээрээс нэг хөнжил нөмрөгсөн байсан гэсэн. Тэгээд манай хүүхдүүд намайг аваад шууд Булган аймгийн Ингэт сумын эмнэлэг дээр нэг үзүүлээд тэнд тариа хийлгэж аваад шууд Орхон аймгийн "Нэгдсэн эмнэлэг" дээр ирж эмнэлгийн хяналтад орсон. Тэгээд одоог хүртэл тус эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байна. ...Тухайн үед миний бие маш хүнд байсан. Бүх бие эрээн алаг болсон байсан. Мөн зүүн гуяны дотор тал, баруун хөлний өвдөгний доор хөндлөн зүссэн шарх гээд хамаг бие хөхөрсөн байсан. ...Уг нь энэ хүн их хартай юм байна лээ. Урд нь нэг хардаад зодож байсан. Тэр үед нь би зугтаагаад явчихсан. Тэгээд л юм бодсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-9-11, 15-16 тал/,
Гэрч Б.Н ын өгсөн: ...Бид нар ээжийн байгаа газар болох Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Х" багийн нутаг дэвсгэрт /айлын малыг маллахаар очсон байсан/ 2019 оны 08 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед очиход ээж маань гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт нь орсон чинь гэр орон нь эмх замбараагүй, гэр дотор нь малын баас, шээс болсон байсан. Гадуур хартал байхгүй байсан ба үнээ тугал нь мөөрөөд байхаар нь тугалыг нь тавьж өгчихөөд байж байсан чинь нөгөө Б ирээд намайг дуудаад “ээж чинь голын эрэг дээр байна. Би үхлээ гээд байна” гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгсэн нөгөө газар нь очсон чинь ээж маань нэг жалганд дээрээс нэг хөнжил хаячихсан, нүүр ам нь зодуулсан байдалтай байсан. Тэгэхээр нь би уурлаад “та хоёр ууж идсэн ч гэсэн та хүнийг ингэж зодоод байхдаа яахав” гэж хэлээд ээжийгээ очоод авсан чинь цээж нүцгэн хамаг бие нь эрээн болсон байсан. ...Мөн 2019 оны 07 дугаар сард наадмын үеэр мөн зодсон гээд ээж Орхон аймагт байдаг гэртээ ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,
Гэрч Б.Н гийн өгсөн: ...Б надтай утсаар яриад “би баларсан, Э г согтуу үедээ зодоод аймаар болгосон байна” гэж хэлсэн. ...Э г энд Орхон аймагт нэгдсэн эмнэлэгт ирсэн байна гэж дуулаад очиж уулзсан. Арай дэндүү зодсон байсныг нь харсан гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 611 дугаартай:
1. Магадлуулагч Б.Э ын биед тархи доргилт, их бие, мөчдөд, зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гоо сайхан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-19-20 тал/,
Шүүгдэгч Н.Б ын яллагдагчаар өгсөн: Бид хоёр мойл жимс түүгээд түүнийгээ исгэж уусан. Тэгээд түүнийгээ уугаад хоёулаа согтоод би эхнэрээ зодчихсон байсан. Тухайн үедээ их согтуу байсан учраас юу болсоноо мэдээгүй ба маргааш нь эрүүл болсон хойноо л эхнэрээ зодсон байна гэдгийг өөрийг нь харж байж мэдсэн. Тухайн үед манайд эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй ба ойр орчимд ч гэсэн айл саахалт айл байхгүй тийм газарт байсан. Эхнэрээ бургасаар л ороолгочихсон юм болов уу гэж бодсон. Эхнэрээ зодож гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс хойш би айгаад эхнэрээ эргэж тойрч чадахгүй байгаа. Ямар шатгаанаар яагаад муудалцаж тийм байдалд хүрсэнээ мэдэхгүй. Бид хоёр гэртээ хөзөр тоглоод л тэр жимсний дармалаа уугаад л сууж байсан. Тэгээд л маргааш нь тийм юм болсоноо мэдсэн. Эхнэрийг маань надаас өөр хэн нэгэн хүн зодож цохиогүй гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-26-27 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-29-52 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57-65 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-67 тал/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Х багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Э ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Э ын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Н , Б.Н нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 611 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, хохирогч Б.Э гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Б ын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Э ыг бусадтай хардаж нэг бус удаа зодож байсан гэм буруутай үйлдэл нь гэр бүлийн гишүүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Н.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД