Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 196

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э ад холбогдох 163/2019/0197/Э индекстэй, эрүүгийн 1915003800229 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Т” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт М.Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хохирогч Х.Б той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, мэдүүлэг өгөхгүй гэв.

1915003800229 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Х.Б ийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төв орж ирчихээд буцаад харихаар явж байгаад Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Х  гэх газарт явж байтал миний хайгаад олдохгүй байсан 1 тооны бор зүсмийн үрээ маань У  гэж айлын урд талд 4-5 адуутай хамт явсан. Тэгэхээр нь би У аас асуухаар гэрийнх нь гадаа очоод дуудсан чинь эхнэр нь гарч ирээд У ыг 200 орчим м зайтай байсан Булганаас Баян-Агт сум руу явдаг замын хажууд байсан машинтай улсууд дээр байна гэхээр нь тэнд нь яваад очсон. Тэнд хар өнгийн Ланд машины хажууд У  танихгүй хүнтэй барилдаад хажууд нь байсан 3 залуу бөөн дуу шуу байхаар нь цаана тэр хүмүүсийн барилдааныг хараад ганцаараа сууж байсан Г  гэх залуу дээр очиж мэнд мэдээд бид 2 хоорондоо өвс хадлан яриад сууж байсан. Тэгтэл гэнэт цагаан өнгийн подвалкатай 30 гаран насны залуу хүрч ирээд яачихаад байгаа новш вэ гээд миний зүүн шанаа руу хөлөөрөө 1 удаа өшиглөөд авсан. Тэгсэн Г  яаж байгаа юм бэ зүгээр сууж байгаа хүнийг гээд тэр залууг салгах гээд байсан ба У тай бөх барилдаад байсан танихгүй 4 залуугийн 1 нь Г тай хамт нөгөө 3 залууг хориглоод би зугтааж яваад чулуунд бүдрээд унасан чинь намайг анх өшиглөсөн залуу дахиад миний баруун шанаа руу өшиглөөд авсан. Намайг зугтааж явахад хамт дайраад байсан 2 залуу нь бас цохисон байх. Тэрийг нь бол би яг тэр нь тэнд ингэж тэгж цохисон гэж бол мэдэхгүй байгаа юм. Тэгээд Г ын эхнэр А  гэх эмэгтэй ирж салгаж болиулсан. Тэр залуучууд машин руугаа яваад суусан ба Г  намайг гэртээ авч очиж цусыг чинь угаая гээд тэднийд очиж нүүрээ угааж цэвэрлэсэн. Тухайн үед миний өмсөж явсан подвалкыг ураад хаячихсан. Үүнийгээ бол би үнэлүүлэх, нэхэмжлэх гэх санал хүсэлт бол байхгүй.Тэр залуучуудыг би хэн юм хаанахын яагаад намайг зодож байгаа тухай асуугаагүй. Асуувал дахиж зодох байх гэж санаад асуугаад ба Г  ярихдаа нэг нь У ын хамаатан юм шиг байна тэгээд машиных нь урд амаржин нь хугарчихаад тэгээд солиод явж байгаа юм байна гэж ярьсан. Яг хэн нь У ын хамаатан садан болохыг нь бол мэдэхгүй байх шиг байсан. Намайг өшиглөдөг нь туранхайвтар бор залуу байсан ба 180 орчим өндөртэй нуруутай залуу байсан. Өөр нэг туранхай бор залуу над руу архины шил далайгаад хөөгөөд явсан ба гэхдээ намайг бол цохиж бариагүй. Цагаан подвалкатайг бодвол арай намхан туранхайвтар 1 шар залуу байсан. Энэ 3 над руу дайраад байсан ба өмсөж явсан хувцас, машиных нь марк улсын дугаарыг нь анзаараагүй. Энэ 3-гаа хориглоод салгаад явсан нь махлагдуу залуу байсан ба 4-лээ ойролцоо насны хүмүүс байх шиг байсан. Тухайн үйлдлийн улмаас миний толгойн 2 талд шанаа, зүүн чихний дээд талуудад шалбарсан, толгой их өвдөж байсан. Мөн зүүн хөлийн шилбэ халцарчихсан байсан. Зүүн гарын тохой унахдаа зулга унасан байна. Аюулхайн дээд яс нь хөндүүрлэж өвдөөд ууц нуруугаар өвдөөд байгаа. Тэгээд эмнэлэгт үзүүлж Орхон аймгийн Медипасс эмнэлэгт Толгойн томографикт харуулсан. Би тэр хүмүүсийг огт танихгүй, харж байгаагүй. Ямар нэгэн зүйл яриагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Г ын өгсөн:... би тухайн өдрийн өглөө адуунд явж байгаад гэртээ харих замдаа замын хажууд зогсож байсан 4 залуу дээр өөрийн баз У ын хамт очиход нэг залуу У тай ах дүү болж таарсан. Тэгээд тэр 4 залуугийн хамт хэсэг юм ярьж суусан ба удалгүй манай эхнэр А  ирээд манай дүү нар манайд ирсэн талаар хэлсэн ба би гэртээ хариад дүү нартайгаа байж байгаад орой дүү нараа явуулчихаад нөгөө 4 залуу дээр буцаж очсон. Тэр үед би бага зэрэг халамцуу байсан. Тэнд байсан нэг залуу надтай барилдах уу гээд барилдсан. Тэгээд байж байхад Булган аймгийн Баян-Агт сумын иргэн Х.Б  бид нар дээр ирсэн бөгөөд тухайн үед Х.Б  халамцуу байсан. Тэгээд бид хэд юм яриад сууж байхад нөгөө 4 залуугийн нэг Ц  гэдэг залуу нь гэнэт ирээд Х.Б ийг гараараа цохих шиг болсон. Тэгээд Ц г барьж аваад боль чи зүгээр явж байгаа юм гэхэд Ц  миний үгэнд орж машиныхаа тэр хавьруу очиж суусан. Тэгээд байж байхад туранхай залуу, нэг нь гэзэгтэй залуу хоёр ирээд Х.Б ийг сууж байхад нэг нь хальт өшиглөх шиг болсон ба тэр хоёр Х.Б ийг энэ тэндээс нь цохьчих гээд байсан ба манай эхнэр А  ирээд салгаж би эхнэртэйгээ хамт Х.Б ийг аваад гэртээ ирж Х.Б ийн хацарнаас нь гарсан байсан цусыг угааж өгөөд машинд суулгаад явуулсан . ....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч П.А ын өгсөн:... яваад очтол Х.Б ийг манай нөхөр хойд талдаа зогсоогоод та нар яах гээд байгаа юм болиоч гээд байж байхаар нь би дундуур нь ороод та нар яаж байгаа хүмүүс вэ боль гээд байж байхад нэг нь архины шил бариад ирэхээр нь яах гэж байгаа юм хая гэж хэлэхэд хаясан. Манай нөхөр бид хоёр 4 залуучуудыг боль гэж хэлээд Х.Б ийг гэртээ авч ирээд цусыг нь угаагаад гэр рүү нь явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Н.У ын өгсөн:... тэр 4 залуугий нэг нь манай холын хамаатан П  гэх хүний хүү Ц  гэх залуу байсан. Тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад Охь нэртэй архи ууж нилээн халамцуу болцгоосон. Тэр үед Х.Б ирсэн ба гэнэт л нэг залуутай нь муудалцаад байсан ба их архи уусан байсан болохоор сайн санахгүй байгаа.., Г ын эхнэр ирээд Х.Б ийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч П.Ц ын өгсөн:... бид 4 дээр манай хамаатны ах У  ах, хөрш айлынх нь хүн Т  гэх ах бид нар хамт уусан..., Т  ах дээр нэг мотоцикльтой хүн ирээд яриад сууж байсан. Тэгсэн нэг харсан Э  тэр ахтай маргалдада байх шиг болохоор нь яагаад байгаан гээд очсон Э  тэр ахыг цохиод авсан..., яг хажууд нь очиход Э  тэр ахыг толгой нүүр орчим руу нь цохиод авсан. Тухайн үед би дахиж машинаас буугаагүй ба Э  тэр ахтай дахиж маргалдад араас нь цохих гээд хамт байсан С  Э ыг салгаж авах гээд байж байхад тэр айлын эхнэр нь бололтой 1 эгч ирээд бид нар машиндаа суугаад л Баян-Агт сум руу яваад өгсөн. Э  тэр ахтай юунаас болж маргалдсаныг тухайн үедээ би өөрөө сайн ойлгоогүй ба замд явж байхдаа яасан юм гээд асуусан мэндэлсэн чинь дуугарахгүй тэгээд яагаад мэндэлдэггүй юм гээд тэрнээс болж маргаддсан л гэж хэлсэн. Түүнээс би болоод манай найзууд тэр ахыг танихгүй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э ын өгсөн:... Э  оччихсон тэр ахтай маргалдаад, наанаас нь Ц  очиж явсан. Тэгээд бид нар наанаас нь очиж явсан Э  тэр ахыг гараараа цохиод авсан..., Э  тэр ахтай маргалдаад байсан..., С  Э ыг салгаж аваад машинд суулгах гээд байж байхад нэг эгч ирээд бид нар машиндаа суугаад л Баян-Агт сум руу яваад өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Б.С ын өгсөн:... нэг харсан бөх барилдаж байхад хажууд зогсож байсан Э  тэр 2 дээр оччихсон сүүлд мотоцикльтой ирсэн ахтай маргалдаад байгаа бололтой наанаас нь Ц  очиж явсан…, очиж явсан Э  тэр ахыг гараараа цохиод авсан…, би Э ыг салгаж аваад машинд суулгах гээд байж байхад нэг эгч ирээд загнаад байсан ба би найзуудыгаа машиндаа суулгаж аваад Баян-Агт сум руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.Э  мэдүүлэгтээ: Би тухайн өдөр өөрийн найз Ц , С , Э  нарын хамт С ын Ланд-200 загварын хар саарал өнгийн машинтай Булган аймгийн Баян-Агт сум орохоор явж байгаад Х  гэх газар арай хүрээгүй явж байхад машины амаржин хугараад явах боломжгүй болоод зогссон. Тэгээд Булганаас солих сэлбэг захичихаад хүлээгээд байж байсан ба машин эвдрээд зогсож байсан газрын ойролцоо байсан айл нь манай найз Ц ын таньдаг айл болж таараад тэр айлд очиж хоол унд хийлгэж идсэн. Тэгээд сэлбэг ирэхээр нь бид нар машинаа янзлаж дуусаад байж байгаад бид нар дээрээс тэр айлын эзэн гэх /Ц ын хамаатан/ ах, хөрш айлын нэг ах бид зургаа 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгсэн зодуулсан гээд байгаа ах ганцаараа мотоцикльтой бид нар дээр ирсэн. Тэгээд би тэр ахтай сайн байна уу гээд мэндэлсэн өөдөөс мэндлэхгүй болохоор нь монгол хүн мэндлэж байхад та мэндэлсэнгүй гээд бид 2 хоорондоо үг сөргөөлцөж маргалдсан. Тэгээд би халамцуу байсан учраас тэр ахыг гараараа ганц нэг цохиж аваад С  машин барьж яваад эрүүл байсан болохоор намайг салгаж авсан ба хамт явсан Ц , Э  нар тэр ахтай намайг өмөөрч хэрэлдэж маргалдсан. Түүнээс тэд нар тэр ахыг зодож бариагүй. Тэгээд л салгаж аваад бид нар цаашаагаа явцгаасан. Тухайн ахын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсанг мэдээгүй юм. Тэгээд л тэрнээс хойш уулзаагүй байж байгаад цагдаа сэргийлэхэд хандсан байна гэхээр нь би хөдөө ажлаасаа ирж уулзаж уучлалт гуйгаад тэгээд нэхэмжлэж байгаа хохирлыг нь барагдуулсан. Тухайн хүнийг надтай хамт явсан хүмүүс цохиж зодоогүй. Би л түүнийг гараараа цохисон. Өшиглөсөн эсэхээ би сайн санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 238 тоот: 1. Х.Б ийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Х.Б  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 41-44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хохирогч Х.Б той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Х.Б ийн мэдүүлгийн эх сурвалж нь тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч Д.Г , П.А , П.Ц , Б.Э , Б.С  нарын  өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Х.Б ийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч М.Э ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгж буюу 500000 төгрөгний торгуулийн ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Э ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч М.Э ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Х.Б  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   М.Э  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Э ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгний торгуулийн  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт М.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Э ад оногдуулсан 500000 /таван зуу мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН