Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

     2020        05        19                                   2020/ШЦТ/929

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

           улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

           шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн холбогдох эрүүгийн 2006 02055 1135 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          , Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн “Онгон” суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгий 21 дүгээр гудамж, 302в тоотод оршин суух/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Ннь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун” төвийн нийтийн байранд иргэн Т.Хулганаагийн толгойн тус газар цохих, хоолойг нь боож унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ннь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиун” төвийн нийтийн байранд иргэн Т.Хулганаагийн толгойн тус газар цохих, хоолойг нь боож унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Нгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нмэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №4807 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Т.Хулганаагийн биед тархи доргилт, зүүн завьж, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зүүн завьжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Т.Хулганаагийн биед учирсан тархи доргилт, зүүн завьж, хүзүү, баруун шилбэний цус хуралт, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба харин цээж, зүүн бугалганд үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байна” гэх дүгнэлт[2],

           3. Хохирогч Т.Хулганаагийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хадам эгчийн нөхөр Төгсжаргал миний машиныг хоёр удаа зурж ирсэн тул дахин машинаа өгөхгүй гэхэд манай нөхөр уурлаж эгчийгээ өмөөрөөд  надтай хэрэлдэж, зодолдоод гарч явсан. Би 3 хоногийн дараа найзынхаа ажил дээр очтол “танай нөхөр эгчийнхээсээ өглөө гараад явж байсан” гэж хэлсэн. Тэгээд би хадам ахын дүү болох Сараагийн гэрт очиж маргалдсан. Тэнд манай нөхрийн талынхан бүгд ирсэн байсан. Гэтэл гаднаас Б.Нгэх хүн орж ирээд миний толгой руу цохиход би ухаан алдсан. Гэтэл дахин намайг боож унагаасан” гэх мэдүүлэг[3],

           4.  Шүүгдэгч Б.Б.Нийн 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд манай дүү Саранцэцэг 80954044 дугаараас над руу залгаад “манайд хүрээд ир. Бэр Хулганаа гэрт орж ирээд хэл амаар доромжлоод, унтуулж амраахгүй байна” гээд хэд хэдэн удаа залгаад байхаар нь дүүгийнхээ гэрт очсон чинь Саранцэцэг, Хулганаа нар маргалдаж байсан. Би Хулганаад хандан “хүмүүсийг унтуулж амраахгүй айлд яагаад агсам тавиад байгаа юм бэ?” гэхэд Хулганаа намайг майжих гэж дайрахаар нь би баруун гараараа Хулганаагийн цээж рүү түлхэх үед орон дээр унасан. Над руу дайраад байхаар нь Хулганаагийн цээжин дээр нь дарах үед гар хальтираад хоолойг нь дарсан. Гэрт байсан хүмүүс салгаад Пагма эгч нь Хулганааг дагуулаад нийтийн байрны гадна гаргаад тайвшруулан хоорондоо юм яриад байх шиг байсан. Удалгүй цагдаа ирээд Хулганааг аваад явсан” гэх мэдүүлэг[4],

           5. Хохирогч Т.Хулганаа, шүүгдэгч Б.Ннарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд[5], иргэний үнэмлэхний лавлагаа[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б.Нийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 120,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Б.Нямаад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Ннь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчид эмчилгээний зардалд 120,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

            Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямаад 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Нямаад анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Нийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Н анхааруулсугай.

           5. Шүүгдэгч Б.Ннь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 49, 50 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 52 дугаар тал