| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 149/2015/00197/и |
| Дугаар | 151/ШШ2017/00006 |
| Огноо | 2016-12-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2017/00006
| 2016 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2017/00006 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
1.Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Өлөнт гэх газар оршин суух Илжгэн овогт Шагжийн Мядаг /РД:ОА39050607/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Шар хоолой гэх газарт оршин суух Монголмууд овогт Ноосгойн Басанд РД:/ОЖ61072918/-д холбогдох
“4.850.000 төгрөгийн үнэ бүхий хургатай хонь 26, ишигтэй ямаа 1, хуц 1 гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
2.Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р баг, Өлөнт гэх газар оршин суух, Илжгэн овогт Пүрэвийн Даваадорж РД:/ АГ83030311/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Шар хоолой гэх газарт оршин суух Монголмууд овогт Ноосгойн Басан РД:/ОЖ61072918/, Төв аймгийн Батсүмбэр сумын 1-баг, Мандал гэх газар оршин суух Басангийн Энхзул нарт холбогдох
4.600.000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны үхэр гаргуулах тухай” нэхэмжлэлтэй,
3. Хариуцагч:Төв аймгийн Батсүмбэр сумын Төв аймгийн Батсүмбэр сумын 1-баг, Мандал гэх газар оршин суух Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгч П.Даваадоржид холбогдох 26 хонь, 1 ямааг охин Д.Амаржаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Амаржаргалд оногдох хэсгийг гаргуулах тухай, мөн 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлснийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Мядагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэг, нэхэмжлэгч П.Даваадорж, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагч Б.Басангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: - Манай ээж, дүү хоёр Архангай аймгийн Ихтамир сумаас 2014 оны 07 сарын 08-нд ирж Н.Басангын хажууд зусаж байсан. Дүү П.Даваадорж 300 гаруй бог мал тасдаж аваад өвөөлжөндөө амьдарч байсан. Гэтэл эхнэр Б.Энхзул нь янз бүрийн ааш араншин гаргаж хоорондоо таарч тохирохгүй салсан. Тэгээд манай ээжид өвөлжөө байхгүй байсан мөн ээж маань шилжиж ирээгүй дүү П.Даваадорж Батсүмбэр сумын харъяа байсан учир 26 хонь, 1 ямаа, 1 хуцыг Н.Басангийнд түр үлдээгээд нүүгээд явсан. Тэгээд үлдээсэн малаа авах гэтэл өгөхгүй гээд байгаа учир нэхэмжлэл гаргасан. Нийт 26 хонь хургатайгаа, 1 ишигтэй ямаа, 1 хуц нийт 4 850 000 төгрөгийн 55 малаа Н.Басан, Б.Энхзул нараас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч П.Даваадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа: - Би 2014 онд хадам Н.Басангийн гадаа ирж буусан. Тэгээд эхнэртэйгээ таарч тохирохгүй салсан. Эхнэр Б.Энхзул салаад явахдаа өөрийнхөө үхэртэйгээ хамт миний өмчлөлийн 9 үхрийг намайг байхгүй хойгуур туугаад явсан байсан. Н.Басан, Б.Энхзул нарааас 9 тооны үхэрээ нэхэмжилж байна. Хар алаг үнээ тугалтай, хар халзан үнээ тугалтай, шар алаг үхэр тугалтай, хар халзан шүдлэн үхэр, бор бяруу, бор цоохор бяруу. Нийт 4 600 000 төгрөгний малаа нэхэмжилж байна. Б.Энхзулд аав, ээж нь 14 үхэр зааж өгөөгүй. Аав нь өөрийнх нь өмч гэж хар тугалтай улаан үнээ, ягаан тугалтай ягаан үнээ, мөн Анхжаргалд шар цоохор шүдлэн гунж, ийм 5 тооны үхэр өгсөн. Энийгээ тууж явахдаа 2014 оны 3 сарын 25-нд миний өмчлөлийн 9 үхрийг хамт туугаад явсан байсан. Би Б.Энхзулаас өөрийнхөө юмыг авах гэж байгаа. Өөрийнх нь юмыг авна гээгүй. Би хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөөд явж байгаа. Надад миний өөрийн хөдөлмөрөөр бий болгосон өмч хөрөнгө гэж байхгүй эцэг эхийнхээ юмыг дур мэдэн хэрэглэж байгаа. Түрүүчийн шүүх хурал дээр үхсэн үхрийн талаар яриагүй. Энэ үхсэн гээд байгаа үхрүүд онд орсон үхрүүд байсан. 2015 оны намар адуу хайж яваад харахад үхсэн гээд байгаа үхрүүд амьд байж байсан. Миний үхрүүдийг үхсэн гэж байгааг нь үгүйсгэж байна. Хүний мал тууж явсан юм чинь төлөх л ёстой. Би малаа тоо ширхэгээр нь авна. Хар бяруу чононд идүүлсэн гэдэг нь үнэн. Миний бяруу байсан энийг нэхэмжилж байна. бусад үхсэн үнээнүүдийг үхсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна төлүүлнэ. Тэр жил онд орсон байсан. Тууж очсон өдрөө үхдэг мал гэж байхгүй. Малын эмчийн актыг худлаа бичсэн байх гэж бодож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:-26 хонийг хуц уханд тавьсан гэж худлаа яриад байна. Охин Анхжаргалд үлдээе гэж П.Даваадорж бид хоёр ярьсан . Хуцыг хариулж байсан хүнээсээ хөлсөө өгч аваагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 26 хониноос сардаа нэгийг охин Анхжаргалд зарцуулж байсан. Охин маань цэцэрлэгт явж байсан. Одоо сургуульд явж байгаа. 26 хонь одоо байхгүй. Нэг ямаа нь өнгөрсөн өвөл үхсэн. Төллүүлж төл аваагүй. П.Даваадорж нь 15 үхэр гэж байна. 2014 оны 10 сард Хавчигганга руу нүүхдээ 14 тооны үхэрийг би тууж авж явсан. Манай дүүгийн өгч байсан үхэр. Бат-Эрдэнэ гэдэг ах маань ягаан үхэрийг өгч байсан. Бөхцоож гэдэг дүү маань бор халзан тугалтай хар алаг үхэр өгсөн. Аав Н.Басан улаан үхэр хар тугалтай, улаан үхэр, улаан тугалтай, ягаан бяруу гунжин үхэр, шар цоохор бяруу гунж, хар алаг үхэр хар тугалтай, тугалтай улаан үхэр өгч байсан. Малын эмчийн актаар хар алаг үнээ 2015 оны 3 сарын 26-нд үхсэн, хар халзан үхэр нь 2015 оны 3 сарын 29-нд үхсэн, бор бяруу 2015 оны 4 сарын 1-нд үхсэн, хар халзан шүдлэн 2015 оны 3 сарын 25-нд үхсэн. Хар тугалыг чоно идсэн 2016 оны 1 сард. Туранхай эцсэн муу үхэрнүүд ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. П.Даваадоржын үхэр байхгүй. Хадам ээж Ш.Мядаг бүх малаа аваад нүүсэн. Нэг ширхэг өнчин ишиг ч үлдээгээгүй. П.Даваадоржид амьдралаа аваад яв гээд 300 бог тасалж өгч байсан. П.Даваадорж машин тэрэг аваад 100 хонь 100 ямаа аавын нэр дээр тоолуулсан. 220-иод бог, 21 үхэр, 12 адуу авч явж байсан. Алтангэрэл гээд айлын гадаа өвөлжихөөр нүүсэн. 300 богоос 26 хонийг тасалж аавынд үлдээж байсан. 9 үхэр дээр маргаантай байна. Миний үхсэн үхрийг П.Даваадорж минийх гэж яриад 9 үхэр нэхэмжилж байна. Энэ нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 сарын 25-ны өдөр 14 тооны үхэр тууж явсан. Миний өмчлөлийн үхэрнээс 4 үхэр үхсэн. Нэхэмжлэлтйн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сөрөг нэхэмжлэл гаргасан. 26 хонь 1 ямааг охин Анхжаргалд үлдээсэн болохыг тогтоолгох, П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд оногдох хэсгийг гаргуулах, 14 үхрээс 4 үхэр үхэж, 1 нэг үхэр чононд идүүлснийг тогтоолгохыг хүсч байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч П.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: - Сөрөг нэхэмжлэлийн тухайд 26 хонь охиндоо үлдээсэн зүйл байхгүй. Өөрсдөө гүтгэж яриад байна. 100 хонь, 100 ямаа, 28 үхэрийг эднийх дээр тоолуулсан. Хадам аав Н.Басан олон мал тоолуулаад яахав манайх дээр тоолуулчих гэхээр нь эдний нэрэн дээр тоолуулсан. Охиныхоо тэтгэлгийг хуулийн дагуу төлөөд явж байгаа. Цаашид шаардлагатай үед нь би охиндоо өгөх юмаа өгнө. Тэр үлдээсэн гээд байгаа 26 хонь, 1 ямаа бол миний хөрөнгө биш, ээжийын мал байсан. Охинд гэж мал өгөөгүй худлаа ярьж байна гэв.
Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2015 оны 08 сарын 03-ны өдөр хийлгэсэн эд зүйлийн үнэлгээ /хх-22/, гэрч Н.Ноосгойн тодорхойлолт /хх-23/, Б.Ноосгойн мэдүүлэг 12 05 өдөр, Нүрзэдийн мэдүүлэг, нэхэмжлэгч Ш.Мядагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1/, Ш.Мядагын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл /хх-18/, Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-21/, Ш.Мядагын 2014 оны мал тооллогын маягт /хх-27/, П.Даваадоржийн 2015 оны мал тооллогын маягт /хх-34/, Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-62/, Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-63-65/ Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч Д.Золзаяагийн тодорхойлолт /хх-66/, Батсүмбэр сумын засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт /хх-67/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэсийн Төв аймгийн эдийн засгийн цахцөал байдал /хх-68-70/, Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-112/, П.Даваадоржийн мал тооллогын баримт /хх-113-114/, Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-132/, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-134-139/, гэрч Б.Ноосгойн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-157/, гэрч Б.Бөхцоожийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-159/, гэрч Б.Бат-Эрдэнийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-161/, гэрч Б.Гансүхийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-163/, гэрч Р.Нүрзэдийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-166-167/, “Харибол” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-180-187/ зэрэг нотлох баримтууд эдгээр болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Нэхэмжлэгч Ш.Мядагын нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.Нэхэмжлэгч Ш.Мядагийн Н.Басангаас гаргуулахаар шаардсан 26 эм хонь, 1 эм ямааг Н.Басангийн малд үлдээсэн талаар зохигчид маргаагүй харин нэхэмжлэгч Ш.Мядагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэг “...Дүү П.Даваадорж 300 гаруй бог мал тасдаж аваад өвөөлжөндөө амьдарч байсан. Гэтэл эхнэр Б.Энхзул нь янз бүрийн ааш араншин гаргаж хоорондоо таарч тохирохгүй салсан. Тэгээд манай ээжид өвөлжөө байхгүй байсан мөн ээж маань шилжиж ирээгүй дүү П.Даваадорж Батсүмбэр сумын харъяа байсан учир 26 хонь, 1 ямаа, 1 хуцыг Н.Басангийнд түр үлдээгээд нүүгээд явсан. Тэгээд үлдээсэн малаа авах гэтэл өгөхгүй гээд байгаа учир нэхэмжлэл гаргасан. Нийт 26 хонь хургатайгаа, 1 ишигтэй ямаа, 1 хуц нийт 4 850 000 төгрөгийн 55 малаа Н.Басан, Б.Энхзул нараас нэхэмжилж байна” гэж хариуцагч Б.Энхзул “...уг малыг П.Даваадорж охин Анхжаргалдаа үлдээсэн...” гэж, Ш.Мядагийн хүү П.Даваадорж “...охиндоо үлдээгээгүй, ээжийн мал...” гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч Ш.Мядаг нь 2014 оны жилийн эцсийн тооллогоор Архангай аймгийн Их Тамир сумын мал тооллогын баримтаар бод бог нийлсэн 85 мал тоолуулсан /хх-н 27/, П.Даваадорж, Ш.Мядаг нар 2015 оны жилийн эцсийн тооллогоор бод бог нийлсэн 161 тооны мал тоолуулсан /хх-н 112-113/ зэргээс дүгнэхэд Ш.Мядаг нь малтай байсан гэдэг нь нотлогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул маргаж буй 26 тооны эм хонь, 1 эм ямаа, 1 хуцыг Ш.Мядагийн мал биш гэдгийг үгүйсгээгүй, энэ тухайгаа баримтаар нотлоогүй мөн П.Даваадоржийн мал гэдгийг нотлоогүй болно.
Нэг хуцны хувьд хуцыг Н.Басангийнд үлдээсэн гэдэг нь нотлогдсонгүй. Нэхэмжлэгч Ш.Мядаг, түүний хүү П.Даваадорж нар хуцаа хуц малладаг айлд тавьсан, дараа нь Б.Энхзулын ах тэр айлаас аваад аав Н.Басангийндээ аваачиж тавьсан гэж тайлбарлаж, хариуцагч Н.Басангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул хуц нь манайд огт ирээгүй, би хуцыг мэдэхгүй гэж тайлбарладаг бөгөөд хуцыг Н.Басангийнд үлдээсэн гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь баримтаар нотлоогүй болно.
Мөн Ш.Мядагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 55 тооны бог малаас 26 хурга, 1 ишиг нийт 27 төл малыг гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь тухайн үед буюу хариуцагч Н.Басангийнд уг малыг үлдээх үед дээрхи 26 эм хонь, 1 ямаа хээл аваагүй байсан, хуцанд гаргах гэж үлдээсэн гэдгийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа хэдий ч Н.Басангийнд тавьснаас хойш хээл авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй, мөн тухайн үед хуцанд авахуулах гэж Н.Басангийнд тавьсан гэдэгч хуц нь өөр хуц малладаг айлд байсан болох нь нэхмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогддог тул дээрхи хээлтэгч мал хээл авсан эсэх нь тодорхойгүй, хээл авсан талаар хэн аль нь нотлоогүй болно.
Иймд Ш.Мядаг нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 26 тооны эм хонь, 1 эм ямааг хариуцагч Н.Басангаас гаргуулж, үлдэх 26 хурга, 1 ишиг, 1 хуц нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч П.Даваадоржийн хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас нэхэмжилж байгаа 9 үхрийн талаар:
Нэхэмжлэгч П.Давадорж нь “...Эхнэр Б.Энхзул салаад явахдаа өрийнхөө үхэртэйгээ хамт миний өмчлөлийн 9 үхрийг туугаад явсан байсан. Намайг байхгүй хойгуур аавтайгаа ирээд туугаад явсан байсан. Н.Басан, Б.Энхзул нарааас 9 тооны үхэрээ нэхэмжилж байна. Хар алаг үнээ тугалтай, хар халзан үнээ тугалтай, шар алаг үхэр тугалтай, хар халзан шүдлэн үхэр, бор бяруу, бор цоохор бяруу. Нийт 4 600 000 төгрөгний малаа нэхэмжилж байна.” гэж хариуцгч Б.Энхзул нь “...Би П.Даваадоржийн үхрийг тууж яваагүй, өөрийнхөө 14 үхрийг тууж явсан. Энэ үхрүүд манай аав, ээж, ах, дүү нараас надад бэлэглэсэн үхрүүд байсан. ...” гэж тус тус маргажээ.
Хариуцагч Н.Басан, Б.Энхзул нар нь 2015 оны 3-р сарын 20-дын үед 15 тооны малыг Ш.Мядагийн гаднаас тууж явсан гэдэг нь хөндлөнгийн гэрч Б.Ноосгойн “...2015 оны 3-р сарын 25-нд 2 тугалтай нийт 15 үхэр тууж авч явсан, Нэг тугалтай үхэр нь хар халзан үнээ байсан. Бусад малын зүсийг сайн санахгүй байна. ...Анх Ш.Мядаг нүүж ирэхдээ хонь, ямаа, үхэр, адуутай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 157/, хариуцагч Б.Энхзулын “...9 үхэр дээр маргаантай байна. Миний үхсэн үхрийг П.Даваадорж минийх гэж яриад 9 үхэр нэхэмжилж байна. Энэ нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 03 сарын 25-ны өдөр 14 тооны үхэр тууж явсан. Миний өмчлөлийн үхэрнээс 4 үхэр үхсэн. ...” гэх, Ш.Мядагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунцэцэгийн “...П.Даваадоржийн хотод байх хооронд Б.Энхзул, аавтайгаа хамт очоод ээжийн гаднаас 15 тооны үхрийг туугаад явсан байсан. ...” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Б.Энхзулын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох бор бяруу, хар халзан эр шүдлэн үхэр, хар халзан үнээ, хар алаг үнээ үхсэн тухай акт /хх-н 128-131/, гэрч С.Батбаатарын “Эр шүдлэн үхэр тамирдаж үхсэн. Н.Басангийн гэрээс дуудлага өгсөн гэв...Айл хувийнхаа мал дээр акт бичүүлдэггүй. Хүний мал байгаа юм үхсэн нь үнэн гээд тодорхойлолт бичээд өг гэхээр нь би оношилсон...Тэр үхэр
Шар хоолой гэдэг газар өвөлжөөнийхөө хажууд үхсэн байсан Пенамоны өвчин буюу уушигний хатгаагаар үхсэн. Б.Энхзул тэр дор нь бичээд өгөөч гэж гуйсан болохоор акт бичиж өгсөн. Хүний мал байгаа юм аа акт бичээд өг гэсэн. Тэр үхрийг булуулсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, үхсэн малын нас, зүс зэргээс дүгнэхэд 2015 оны 3-р сарын 25-нд мал тууж явсан өдрөөс хойш 4 үхэр үхэж, 1 бяруу чононд идүүлсэн гэх цаг хугацаа, үхсэн малын зүс, нас зэрэг нь П.Даваадоржийн нэхэмжилж байгаа 9 тооны үхрийн нас, зүстэй болон П.Даваадоржийн гаднаас тууж явсан цаг хугацаатай тохирч байна.
Мөн хариуцагч, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзул Ш.Мядаг, П,Даваадорж нарын гэрийн гаднаас тууж явсан гэх 15 тооны үхрийг өөрийн аав Н.Басан, ах Б.Бат-Эрдэнэ, дүү Б.Бөхцоож нар өөрт нь бэлэглэсэн мал гэж, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Бөхцоож нар дүүдээ бэлэглэсэн гэж мэдүүлдэг боловч энэ тухайгаа баримтаар нотлогдоогүй болно.
П.Даваадоржын нэхэмжлэлийн шаардлага болох үхрээс 3 үнээ буюу хар алаг үнээ, эрээн нүүртэй үнээнүүд нь тухайн үед хээлтэй байсан, Н.Басан, Б.Энхзул нарыг уг үхрүүдийг тууж авч явснаас хойш төллөх байсан, мөн хар халзан үнээ нь нялх тугалтай байсан нь зохигчдын тайлбар болон малын эмчийн тавьсан актуудаар нотлогдсон тул дээрхи зүсний 3 үнээг төлтэй нь нэхэмжилсэн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн болно.
Мөн эдгээр мал нь Б.Энхзулын мал гэдэг нь нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч П.Даваадорж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хсгт зааснаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагч Н.Басан, Б.Энхзул нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
1-р шаардлага: Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 26 тооны эм хонь, 1 эм ямааг Н.Басангийн малд үлдээсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд харин охин Д.Анхжаргалд үлдээсэн эсэх талаар маргаж байна.
Энэхүү шаардлагын хувьд дээрхи мал нь П.Даваадоржийн өмчлөлийн мал гэдэг нь баримтаар нотлогдоогүй. /мал тооллогын баримтаас үзэхэд бод, бог малын хэд нь П.Даваадоржийнх хэд нь Ш.Мядагийнх гэдэг нь тодорхойлох боломжгүй, хариуцагч энэ талаар баттай баримт гаргаагүй/ /хх-н 112-117/. Мөн сөрөг нэхэмжлэгч Б.Энхзул 26 хонь, 1 ямааг П.Даваадоржийн өмч мөн гэж , гэрч Р.Нүрзэд “Ээж нь П.Даваадоржид 300 орчим бог, 20 үхэр үлдээсэн. ...” /хх-н 166-167/ гэж тус тус мэдүүлж тайлбарлаж байгаа боловч энэ нь П.Даваадоржид ээж Ш.Мядаг нь гэр бүлийн хэрэгцээнд нь эсхүл өөрт нь хуваарьт өмч болгон өгсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй болно. Иймд Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.
2-р шаардлага: П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагын хувьд Батсүмбэр сумын 4-р багийн засаг дарга Б.Цэцэнтунсагийн 2015.10.09-ний өдрийн 09/77 дугаартай тодорхойлолтод “...П.Даваадорж нь 2014 оны малын тоогоор Н.Басангийн малд 100 хонь, 100 ямаа нэмж тоолуулсан нь үнэн болно” /хх-н 63/ гэж тодорхойлсон байх боловч эх сурвалж нь тодорхойгүй, Н.Басангийн мал тооллогын баримт хэрэгт авагдаагүй бөгөөд баримтаар нотлогдсонгүй.
Иймд П.Даваадорж нь 100 хонь, 100 ямаа, 28 үхэртэй гэдэг нь нотлогдоогүй тул П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
3-р шаардлага: Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу зэрэг 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болох нь зохигчдын тайлбараар, болон малын эмч гэрч С.Батбаатарын “...Би эднийхнийг хариуцсан малын эмч. Би энэ актыг бичих эрхтэй. Бор бяруу уушигны хатгай өвчнөөр үхсэн, хар халзан үнээ тамирдаж үхсэн, 7 настай хар халзан үнээ төрж чадахгүй үхсэн, халзан зүстэй 6 настай үнээ хээл хаяаад тамирдаж үхсэн. Цаг хугацааны хувьд эдгээр ойрхон үхсэн байж болно. Би сумын төвд амьдардаг. Дуудлага өгөөд намайг ирж аваад малаа үзүүлдэг. Хүний мал байгаа юм аа та акт бичиж өг гэхээр нь акт бичиж өгсөн. Туугдаж ирсэн муу малнууд байсан. Айл хувийнхаа мал дээр акт бичүүлдэггүй. Хүний мал байгаа юм үхсэн нь үнэн гээд тодорхойлолт бичээд өг гэхээр нь би оношилсон... 2015 оны 3 дугаар сарын 26-нд хар алаг үхэр Шар хоолой гэдэг газар өвөлжөөнийхөө хажууд үхсэн байсан. 2015 оны 3 сарын 29-нд 7 настай хар халзан үхэр тугалж чадахгүй мөн Шар хоолой гэдэг газар үхсэн гэв. Пенамоны өвчин буюу уушигний хатгаагаар нэг үхэр үхсэн. Б.Энхзул тэр дор нь бичээд өгөөч гэж гуйсан болохоор акт бичиж өгсөн. Хүний мал байгаа юм аа акт бичээд өг гэсэн. Үхсэн малныг жалганд нь хаяуулаад булуулдаг. Тухайн үед 2-ыг нь булуулсан шиг санагдаж байна. Бусдыг хаячихаад яваад өгсөн...” гэх тайлбар, мэдүүлэг, мал үхсэн тухай акт /хх-н 128-131/ зэргээр нотлогдож байх тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Мядагийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг буюу 26 эм хонийг /26х100,013=2.600.338 төгрөг /“Харибол” ХХК-аас гаргаж ирүүлсэн /хх- ..../ үнэлгээгээр, 1 ямааг /1х70.000=70.000 төгрөг Төв аймгийн Статистикийн хэлтэсээс гаргасан Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын үнэлгээгээр үнэлж нийт 2.670.338 төгрөгийн үнэ бүхий мал/, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн нэхэмжилсэн 9 үхрийг /3 үнээ х 750.000=2.250.000 төгрөг, 2 бяруу х 500.000 = 1.000.000 төгрөг, 1 шүдлэн үхэр х 500.000=500.000 төгрөг, 3 тугал х 150.000 = 450.000 төгрөг нийт 4.200.000 төгрөг / “Харибол” ХХК-аас гаргаж ирүүлсэн /хх-180-187/ үнэлгээгээр тус тус үнэлж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Басангаас 26 эм хонь, 1 эм ямаа гаргуулж Ш.Мядагт, хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 9 тооны үхэр /үнээ-3, шүдлэн үхэр-1,бяруу-2, тугал-3/-ийг гаргуулж нэхэмжлэгч П.Даваадоржид тус тус олгож, Ш.Мядагийн нэхэмжлэлийн шаардлагаас 26 хурга, 1 ишиг, 1 хуц нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хариуцагч Б.Энхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас /Хар халзан шүдлэн үхэр, хар алаг үнээ 6 настай, хар халзан 7 настай үнээ, бор бяруу/ 4 тооны мал өвчнөөр болон өлдөж үхсэн, хар бяруу чононд идүүлж үхсэн болохыг тогтоож, 26 хонь, 1 ямааг охин Д.Анхжаргалд эцэг П.Даваадорж нь үлдээсэн гэх, мөн П.Даваадоржийн өмчлөлийн 100 хонь, 100 ямаа, 28 үхрээс охин Д.Анхжаргалд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мядагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Н.Басангаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд төлвөл зохих 57 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мядагт, мөн нэхэмжлэгч П.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 350 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагч Н.Басан, Б.Энхзул нараас 82 150 төгрөгийг хувь тэнцуүүлэн гаргуулж П.Давадоржид олгох, мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Б.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ