Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 791

 

2020.04.30                                   2020/ШЦТ/791

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Мөнхтөр,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа, Э.Намжилцэрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн 2003 00144 0119 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Б.А, 2001 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” хууль зүйн сургуулийн 2 дугаар курсын оюутан, Налайх дүүргийн, 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10-836 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ... тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хонхор” өртөөний хойд замд “Тоёота Приус” маркийн 09-15 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс онхолдож зорчигч О.Түвшинтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед ажлаа тарчихаад Налайх руу гэр рүүгээ явах гээд автобусын буудал дээр явж байхад хохирогч Түвшинтөр гарч ирээд, би одоо харих гэж байна чамайг хүргээд өгье гэсэн. Тэгээд бид 2 хамт Налайх руу хөдөлсөн. Өмнө нь танидаг найзууд байсан. Замдаа явж байгаад би Түвшинтөрд хандан би машиныг чинь барьж үзье гээд “МТ” шатахуун түгээх станцаас эхлээд машиныг нь жолоодсон. Явж байхад Түвшинтөр миний утсыг оролдоод байсан. Би боль гэж хэлээд утас авах гэсэн чинь машин онхолдож байсан. Цааш юу болсоныг би сайн санахгүй байна. Хохирогчийн эмчилгээний болон автомашины төлбөрт 5.800.000 төгрөгийг төлж барагдуулсан цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч Б.А гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлбөр төлөхөөр ажлын 3 хоногийн завсарлага авсны дараа хохирогчийн эмчилгээнд гарсан нийт 1.237.438 төгрөгийг нөхөн төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Жолоодох эрхгүй байж машин барьж явж байгаад осол гаргаж миний хүүд гэмтэл учруулсанд гомдолтой байна. Миний хүү сургуулиасаа жилийн чөлөө авч намайг тэжээж байсан. Одоо миний хүүгийн биеийн байдал сайнгүй байна. Би хүүхдээ урдын адил босгомоор байна. Тэрнээс биш шүүгдэгч Аг ял аваасай гэж хүсэхгүй байна. Хүний охин хүүхдийг би шоронд явуулахыг хүсэхгүй байна. Би өөрийн хүүхдээ л босгож авмаар байна. Өнөөдрийн байдлаа эмчилгээнд гарсан зардал болох 1.238.438 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд нэхэмжилсэн 1.238.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Хохирогч О.Түвшинтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн зам тээврийн ослоос болж миний баруун, зүүн гаранд шил орсон, толгойн зүүн хэсэгт том шил орсон байсан. Одоо энэ шархнууд нь аньж байгаа, толгойн оёогоо одоо авахуулсан байгаа. Хэвтэх үед дагз бас хөндүүрлэж өвдөөд байгаа, зүүн гар хөдөлгөхөөр бас их өвдөж байгаа. Энэ зам тээврийн ослоос болж миний бие одоогийн ийм байдалд хүрсэн учраас эмчилгээний төлбөрийг гаргаж авах хүсэлтэй  байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн орчис хүү Түвшинтөр Налайхаас гэрээсээ машинаа унаад утсаар нэг хүнтэй яриад ганцаараа гараад явсан. Тэгээд ерөөсөө ирээгүй шөнө 03 цагийн орчим над руу “Агийн аав нь байна, танай машин осолд орсон хажуу талын зорчигч нь тархиндаа гэмтэл аваад эмнэлэг явсан” гэж хэлсэн. Маргааш нь шинжилгээний хариу гараад эмч нь бүсэлхийн яс, нуруу хугарсан гэмтэлтэй байна, хэвтэрийн дэглэм сахиж байгаад 45 хоногийн дараа дахин ирж шинжилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт 3 хоноод манай хүүхдийг гаргасан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй, манай ээж надаар асруулдаг болохоор хүү Түвшинтөрийг асрах ямар ч хүн байхгүй болоод Түвшинтөрийг эмнэлгээс гарсан өдөр Дархан-Уул айсаг руу төрсөн аав руу нь 103-ийн машинаар шууд явуулсан. Одоо тэндээ аавтайгаа хамт байгаа бөгөөд биеийн байдал муу хэвтэрт байгаа, босож явж чадахгүй байнгын асаргаатай байгаа. Гомдолтой байна, машины эвдрэлийн үнэлгээ 4.690.000 төгрөг болсон, эмчилгээний зардлыг төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Т.Уугандэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Улаанбаатар хотоос гараад Багануур дүүрэг рүү явж байсан. Намайг явж байхад миний хажуугаар саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд явсан. Тэгтэл миний урд гараад тэгээд километр мэдэхгүй юм байна, жолоочийн эсрэг тал руу нэг гулбигнаал жолоочийн тал руу унасан. Намайг анх очиход жолооч талын цонхоор эмэгтэй хүн “ах аа намайг татаарай” гэсэн. Тэгээд би тухайн эмэгтэйг гаргаад “өөр хүн байгаа юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Тэгээд эмэгтэйг гаргаад харахад нэг эрэгтэй байсан. Уг автомашинд 2 л хүн байсан. Намайг анх очиход автомашины 2 дугуй дээшээ харсан л байсан. Тухайн автомашины осол гараад л би шууд очсон. Би хүүхнийг жолооч талын хаалгаар гаргаж авсан, залууг гаргах гэхэд тухайн автомашин хөмөрсөн болохоор залуу машины яг голд байсан тэгээд жолооч талын хаалгаар татаж гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/,

Гэрч Ч.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай 2 хүүхэдтэй бөгөөд А манай бага охин юм. Одоогоор миний охин А нь Их Засаг их сургуулийн 2 дугаар курсэд сурдаг. Миний охин А нэг хийе гэсэн юмаа хугацаанд нь хийдэг, өөрийнхөө зорилгын төлөө их хичээдэг, өөртөө их хичээнгүй, хүнд туслах болон олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог. Мөн 10 жилийн сургуульд байхдаа л ийм зан чанартай байдаг. Биеийн тамир болон урлаг спортоор хичээллэх дуртай, нийгмийн идэвхитэй хүүхэд юм...” /хх-ийн 98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2249 дугаартай дүгнэлт:

1. О.Түвшинтөрийн биед гавлын дух ясны хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрлээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №162 дугаартай дүгнэлт:

1. Тоёота Приус-11 маркийн 09-15 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батчулуун овогтой А нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно:” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:” б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Одгэрэл овогтой Түвшинтөр нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно:” б/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;” мөн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.1 дэх заалт “Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:” а/ “хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд);” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эврэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 103-104/,

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 30-ны оройны 23 цагийн орчим миний ажил тарсан юм. Тухайн үед би нэг ресторанд бармений ажил хийдэг байсан юм. Тэгээд би ажлаа тараад 23 цагийн орчим Налайх руу гэртээ харих гээд Офицеруудын ордны автобусны буудал дээр очсон юм. Тэгээд би Налайх руу явдаг жижиг машинд суусан байсан. Миний суусан машины хүн нь дүүрээгүй хүлээгээд байж байтал миний танил Налайх дүүрэгт гэр нь байдаг Түвшинтөр өөрийнхөө Тоёота Приус-11 маркийн 09-15 УНБ улсын дугаартай машинтай миний урд зогсож байсан. Тэгээд Түвшинтөр машинаасаа бууж ирээд намайг хараад “Сайн уу, А хаашаа явах гэж байгаа юм, би Налайх руу явах гэж байна чамайг хүргээд өгөх үү гэж асуухаар нь зөвшөөрөөд тэгье гэж хэлээд машинаасаа буугаад Түвшинтөрийн машины урд суудал дээр нь суусан. Тэгээд Түвшинтөр бид 2 шууд хөдлөөд явсан би замдаа би Баянзүрхийн товчооны гүүр өнгөрөөд Түвшинтөрөөс машиныг чинь баръя гэж хэлсэн. Гэтэл Түвшинтөр зөвшөөрөөд Баянзүрхийн хуучин товчооны цаана байдаг “МТ” шатхуун түгээх станцын ойролцоо зогсоод би машиныг барихаар жолоочийн суудал дээр суусан. Харин Түвшинтөр миний хажууд суусан. Тэгээд би хамгаалах бүсээ зүүгээд хөдөлсөн, харин Түвшинтөр намайг хөдөлхөд суудлын бүсээ зүүгээгүй байсан. Тэгээд замдаа би замдаа өөрийнхөө гар утасныхаа дуунууд сонсоод явж байгаад Хонхор өнгөрөөд явж байтал Түвшинтөр миний гар утсыг надаас аваад дууг нь сонсож байсан. Миний гар утас дуу сонсохоор кодгүй болчихдог юм. Би тэр үед Түвшинтөрд хандаад миний гар утсаар битгий оролдоод байгаачээ гэж хэлээд осолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/, зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2249 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-40/, шийтгэлийн хуудас /хх-ийн 118/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ... тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хонхор” өртөөний хойд замд “Тоёота Приус” маркийн 09-15 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс онхолдож зорчигч О.Түвшинтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь

Хохирогч О.Түвшинтөрийн: “...Тухайн зам тээврийн ослоос болж миний баруун, зүүн гаранд шил орсон, толгойн зүүн хэсэгт том шил орсон байсан. Одоо энэ шархнууд нь аньж байгаа, толгойн оёогоо одоо авахуулсан байгаа. Хэвтэх үед дагз бас хөндүүрлэж өвдөөд байгаа, зүүн гар хөдөлгөхөөр бас их өвдөж байгаа. Энэ зам тээврийн ослоос болж миний бие одоогийн ийм байдалд хүрсэн учраас эмчилгээний төлбөрийг гаргаж авах хүсэлтэй  байна.” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаагийн: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим хүү Түвшинтөр Налайхаас гэрээсээ машинаа унаад утсаар нэг хүнтэй яриад ганцаараа гараад явсан. Тэгээд ерөөсөө ирээгүй шөнө 03 цагийн орчим над руу “Агийн аав нь байна, танай машин осолд орсон хажуу талын зорчигч нь тархиндаа гэмтэл аваад эмнэлэг явсан” гэж хэлсэн. Маргааш нь шинжилгээний хариу гараад эмч нь бүсэлхийн яс, нуруу хугарсан гэмтэлтэй байна, хэвтэрийн дэглэм сахиж байгаад 45 хоногийн дараа дахин ирж шинжилгээ хийлгээрэй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Уугандэмбэрэлийн: “...Намайг явж байхад миний хажуугаар саарал өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд явсан. Тэгтэл миний урд гараад тэгээд километр мэдэхгүй юм байна, жолоочийн эсрэг тал руу нэг гулбигнаал жолоочийн тал руу унасан. Намайг анх очиход жолооч талын цонхоор эмэгтэй хүн “ах аа намайг татаарай” гэсэн. Тэгээд би тухайн эмэгтэйг гаргаад “өөр хүн байгаа юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Тэгээд эмэгтэйг гаргаад харахад нэг эрэгтэй байсан. Уг автомашинд 2 л хүн байсан. Намайг анх очиход автомашины 2 дугуй дээшээ харсан л байсан. Тухайн автомашины осол гараад л би шууд очсон. Би хүүхнийг жолооч талын хаалгаар гаргаж авсан, залууг гаргах гэхэд тухайн автомашин хөмөрсөн болохоор залуу машины яг голд байсан тэгээд жолооч талын хаалгаар татаж гаргасан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Аг Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий 5.800.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.237.438 төгрөгийг төлөх төлбөртэй гэж шүүх шийдвэрлэсний дагуу хохирол төлбөр төлөх завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаад 1.238.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа нь гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан гэм хорын хохирол, эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилйн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б. Аг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар Б.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Даариймаа нь гэмт хэргийн улмаас О.Түвшинтөрд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР