Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 53

 

Б.О-ад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2017/0035/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Д.Э,
Ялтны хууль ёсны төлөөлөгч: Б.М,
Ялтан: Б.О- нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.О-ийн эсэргүүцлээр Б.О-ад холбогдох эрүүгийн 1739000830014 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хэсэгт оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б,О /РД: СА96042619/, 
Б.О- нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Б-ны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Хэнтий аймгийн Прокурорын газраас Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.О-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тус хугацаанд зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэжээ.
Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одгэрэл эсэргүүцэлдээ: “... Б.О- нь 2017 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт орших иргэн С.Б-ны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Хэнтий аймгийн прокурорын газраас Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тус хугацаанд зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн, мөн тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг, зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэхдээ 7.2 дугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус баримтлаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн байна.
Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О- нь О.Баасандаваатай хамтран 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Б-ны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Прокурор яллах дүгнэлтдээ Б.О-ыг бусадтай хамтран мал хулгайлсан талаар тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ. 
Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхөөр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Прокурорын эсэргүүцэлд дурдсан хууль хэрэглээний алдааг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар техникийн шинжтэй гэж үзэн залруулсан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2017/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО
          ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ
                                                              Б.ДЭНСМАА