Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00990

 

“ДБИ” ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

“ДБИ” ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“УТТ” ХХК-д холбогдох,

32.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “ДБИ” ХХК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: манай компани 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “УТТ” ХХК-тай №2015-0051 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэг бүр нь 30,000 төгрөгийн үнэтэй 1600 ширхэг усны тоолуурыг нийт 48,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингээд тоолуурыг 2015 оны 03 дугаар сарын 13-нд 500 ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 18-нд 100 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 27-нд 1,000 ширхэг буюу тодорхой хугацааны давтамжтай нийлүүлсэн, “УТТ” ХХК нь  төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлбөр төлөх,  төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй нийт үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн торгууль хүлээхээр харилцан тохиролцсон. “УТТ” ХХК нь гэрээний 2.2-т заасны дагуу төлбөрийг барагдуулах байснаас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өөр 3,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг төлсөн. Мөн нийлүүлсэн усны тоолууруудаас эвдэрсэн гэх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сард нийт 438 ширхэг усны тоолуурыг буцаан авсан ба үлдэх 21,860,000 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 7 дугаар заалтын 7.2-т заасан торгуул анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50-хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу алданги 10,930,000 төгрөг тул хариуцагчаас 32,790,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “УТТ” ХХК-д шүүхэд гаргасан тайлбартаа: “ДБИ” ХХК ХХК нь хамтрагч болохыг баталгаажуулж компанийн 10 хувийн хувьцааг надад шилжүүлж өгч байсан. Компанийн үйл ажиллагаа жигдрээд энэ бизнес өөдлөөд ирэхээр харьцахаа больсон. 21.860.000 төгрөгийн тооцоо байгаа боловч үүнийг компаниас авах ёстой 10 хувийн ногдох ашгаас харилцан тооцож өр авлагыг барагдуулмаар байна. Энэ компанийн бизнес эхэлж хөл дээрээ зогссон байж алданги 10.930.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5-т заасныг баримтлан хариуцагч “УТТ” ХХК-иас 21,860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДБИ” ХХК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,930,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,900 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УТТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 267,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДБИ” ХХК ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “УТТ” ХХК-иас 32.790.000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч “ДБИ” ХХК ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 267.250 төгрөг гэснийг 321.900 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.830 төгрөгийг, шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч 32,790,000 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байсан ба нэхэмжлэгч тал үүнийгээ “торгууль нэхэмжлээгүй, алданги нэхэмжилж байна” гэж тайлбарладаг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуулийн заалттай нийцэхгүй байна. Хариуцагч тал анх гэрээ байгуулагдан өндөр хэмжээний мөнгөн дүнгээр хариуцлага тооцох тухай хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулаагүй тул гэрээ байгуулагдсанаас хойш зөвхөн нэг талын хүсэл зоригийн дагуу торгуулийг алданги болгон өөрчлөх боломжгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." гэж заасан. Гэрээнд “торгууль” гэж бичсэн байх тул талууд үүргээ биелүүлээгүй бол торгууль төлнө гэж тохиролцсон болох нь тодорхой байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2 д заасан “ торгууль“-ийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүйгээс гадна Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасан илэрхий алдаа гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч ““ДБИ” ХХК” ХХК нь хариуцагч “УТТ” ХХК-д холбогдуулан 32.790.000 төгрөг нэхэмжлэхдээ гэрээний үлдэгдэл төлбөр, торгууль гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрчээ.

Зохигчийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ний өдөр байгуулагдсан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан гэрээгээр хариуцагч “УТТ” ХХК нь нэхэмжлэгчээс нэг бүр нь 30.000 төгрөгийн үнэтэй 1600 ш усны тоолуурыг 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирчээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх, анз төлөх үүрэгтэй эсэх талаар талууд маргажээ.

Дээрх гэрээний дагуу “УТТ” ХХК нь 1600 ш тоолуур хүлээн авсан боловч 438 ш тоолуурыг буцаан өгсөн ба 13.000.000 төгрөг төлж, үлдэх 21.860.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч гэрээний үүрэгт 21.860.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхдээ зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах  шатны шүүх залруулж зөвтгөсөн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Хоёр шатны шүүх анзын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Гэрээний 7.2-т “гэрээнд оролцогч талууд гэрээний үүргээ биелүүлээгүй бол буруутай тал нь нийт үнийн дүнгээс хоногт 0.5 хувийн торгуул тооцож, барагдуулна” гэж заасныг анхан шатны шүүх хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж, давж заалдах шатны шүүх алданги гэж тус тус дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.

Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах талаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-т заасан бөгөөд худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд торгууль төлөхөөр талууд харилцан тохирч, гэрээнд тусгажээ.  

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчаас гэрээний үүрэг 21.860.000 төгрөг, торгууль 109.300 төгрөг нийт 21.969.300 төгрөг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1224 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-т заасныг баримтлан хариуцагч “УТТ” ХХК-с 21.969.300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  ““ДБИ” ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10.820.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “267.250” гэснийг “267.797” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 189.830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ